Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 107

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Одонзул даргалж, нарийн бичгийн дарга Ч.*******, нэхэмжлэгч Н.Эр- нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хаалттай хийж, Н.Эр-ийн нэхэмжлэлтэй Б.Ба-аас хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Завхан аймгийн ******* сумын ******* багийн иргэн ******* гэгээн овогт *******ийн Эр- шүүхэд нэхэмжлэлдээ: Би 2014 онд Б.Ба-тай танилцаж улмаар 20115 онд охин Б.Ан-, 2016 онд охин Б.Гэ- нарыг төрүүлсэн. Бид 2018 оны 7 сард хуримаа хийж тусдаа амьдрах болсон. Нөхөр маань намайг байнга л загнаж би байнгын айдас түгшүүртэй байдаг, гэр орноосоо зайл гэж үргэлж хөөдөг бөгөөд сүүлдээ надад гар хүрч эхэлсэн. Хүүхдүүдээ мөн байнга л загнадаг. Бид албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй учир эцэг Б.Ба-аас нь 2 охиндоо тэтгэлэг тогтоолгохыг хүсэж байна гэжээ.

Нэхэмжлэгч Н.Эр- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ба- бид хоёр 2014 оны 1 сард танилцаж байсан. Тэгээд 2018 оны 07 сард хуримаа хийсэн. Хуримаа хийхээсээ өмнө бид хоёр талын аав ээжийнхээ гэрт амьдардаг байсан. Одоогоос 3 жилийн өмнөөс эхлэн Ба- сонин зан араншинтай болж надад болон 2 хүүхэддээ гар хүрдэг болсон. Надад гар хүрэх нь яахав. Би 2 хүүхдээ Ба-аар зодуулж чадахгүй. Ба-тай цаашдаа хамт амьдарч чадахгүй. Тийм учраас хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ба- бид хоёр 2018 оны 7 сард хуримаа хийснээс хойш 5 сар хамт амьдарсан. Энэ хамт амьдарсан 5 сарын хугацаанд намайг болон 2 хүүхдээ зоддог, гадуурхдаг байсан. Яагаад ингээд зодоод байдаг юм бэ? гэхээр ...та нар миний гарын шүүс болж байхаар явсан нь дээр гэж Ба- хэлдэг байсан. Ба- бид хоёр хамт амьдрах 5 сарын хугацаанд ийм байдалтай л амьдарч байсан гэв.

Хариуцагч Завхан аймгийн ******* сумын иргэн Бат-ын Ба- шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Бид хамтын амьдралын хугацаанд 2 охинтой болсон. Би хүүхдүүддээ хүүхдийн тэтгэлэг тогтоолгохор нэхэмжилсэн Эр-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Цаашид 2 охиноо орхихгүй харж хандаж байх болно. Миний бие Улаанбаатар хотод хувийн ажлаар явж байгаа тул шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох боломжгүй байгааг харгалзан намйаг байхгүйгээр шүх хуралдааныг хийж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Эр- нь хариуцагч Б.Ба-аас хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Б.Ба- нь миний бие Улаанбаатар хотод хувийн ажлаар байгаа тул шүүх хуралдаанд оролцох боломжгүй.байгааг харгалзан шүүх хурлыг надгүйгээр явуулж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасны дагуу Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100-р зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд ирүүлсэн Би хүүхдүүддээ хүүхдийн тэтгэлэг тогтоолгохор нэхэмжилсэн Эр-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Цаашид 2 охиноо орхихгүй харж хандаж байх болногэсэн тайлбараар тогтоогдож байна.

Иймд хариуцагч Б.Ба-аас тэтгэлэг гаргуулж охин Б.Ан-, Б.Гэ- нарыг тэжээн тэтгүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзээд

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118-р зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2015 оны 05-р сарын 05-ны өдөр төрсөн охин Б.Ан-, 2016 оны 11 сарын 15-нд төрсөн охин Б.Гэ- нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн тал хувиар, 16 нас / суралцаж байгаа бол 18 нас / хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг гаргуулж эцэг Б.Ба-аар сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.1, 60-р зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч Б.Ба-аас 51814 төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулаагүй нь нотлогдвол тэтгэлэг төлөгч түүнийг зориулалтаар нь зарцуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж болохыг дурдсугай.

4. Шийдвэрийг биелүүлэхдээ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээний өөрчлөлтийг харгалзаж байхыг Шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагад даалгасугай.

5. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

6. Нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ Ш.ОДОНЗУЛ