Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 117

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, нарийн бичгийн дарга Ч.*******, нэхэмжлэгч М.Мө-, хариуцагч Д.*******- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийж, М.Мө-гийн нэхэмжлэлтэй Д.*******-т холбогдох хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Мө- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.Мө- миний бие 2004 онд Д.*******-тай танилцаж хамтран амьдрах болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2005 оны 11 сарын 15-ний өдөр охин маань төрсөн. Зан харьцааны хувьд тааламжгүй байдлын улмаас цаашид амьдрах боломжгүй болж 2015 оны 7 сараас хойш салж тус тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хойш охин маань миний асрамжид амьдарч өсч торнисон. Одоо бид тус тусын амьдралтай болсон тул *******- овогтой Мя-ын эцэг нь мөн болохыг тогтоож хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.*******- шүүхэд гаргасан тайлбартаа: Би М.Мө-тай 2004 онд танилцаж охин М.Мя- 2005.11.15-нд төрсөн. Бид 3 хамтран 10 жил гаруй амьдарсан. Танилцах үед би Нийгмийн даатгалын байцаагчийн ажилтай унах унаатай хувийн байшинд амьдарч байсан. Бид 2 хоёулаа ажилгүй удаж машинаа зарж хувийн орон сууцаа урт хугацаатай зээлийн барьцаанд тавьж Хас банкнаас зээл авч байсан. Мө- ажил олж хийхээр 2015 онд Улаанбаатар хотруу охинтойгоо бид явсан. Улмаар Мө- И-март сүлжээний дэлгүүрт ажилд орсон. Би Улаанбаатар хотод очоод 2 жил шахам хугацаанд хамт амьдраад таксинд явах хамгаалалтын албанд ажил хийх охиноо сургуульд нь хүргэж өгөх авах зэрэг ажлыг хийж байсан. Хамтран амьдрах хугацаанд би ажилгүй ч гэсэн банкнаас авсан зээлээ ах дүү нараасаа мөнгө төгрөг хувиараа зээлээд барагдуулж дуусгасан юм. Салж сарниж охин үрээ өнчрүүлмээргүй байна. Би хүүхдийн тэтгэлэг гаргуулах Мө-гийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Би охиноо эцэг хүний хувьд байнга л харж хандаж асарч хамгаалж явах нь миний үүрэг юм гэжээ.

Нэхэмжлэгч М.Мө- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******- бид хоёр 2015 оноос хойш бараг 4 жил тусдаа амьдарч байна. Одоо *******- бид хоёр эргэж нийлэх боломжгүй. Тийм учраас хүүхдийнхээ тэтгэлэгийг тогтоолгох хүсэлтэй байна. *******- бид хоёр хамт амьдрах 10 жилийн хугацаандаа гэр бүлийн таарамжгүй харилцаатай байсан. Би хүүхдээ хараад гэртээ суудаг байсан. Миний хувьд эмэгтэй хүн учраас ажил хийхийг хүсдэг байсан. Тийм учраас ажил хийхээр Улаанбаатар хот явсан. Эцэг тогтоолгох гэсэн шаардлагаасаа татгалзаж байна. Эцэг тогтоолгох шаардлагагүй. Миний охин угаасаа *******-ын хүүхэд мөн. Аавынхаа нэрээр бүртгэлтэй байдаг гэв.

Хариуцагч Т.*******- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Өөр нэмж ярих зүйлгүй. Нэхэмжлэгч өөрөө надтай хамт амьдрах боломжгүй гэж шийдсэн учраас хамт амьдрах боломжгүй гэж бодож байна гэв.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Мө- нь 2005 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр охин *******-ын Мя-ыг төрүүлсэн болох нь түүний төрсний гэрчилгээгээр нотлогджээ.

М.Мө- нь охин М.Мя-т эцэг Д.*******-аас тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Д.*******- нь Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлд зааснаар охин М.*******ыг тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгт заасан хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг Д.*******-аас гаргуулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн төлөх хүүхдийн тэтгэлэгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгийн хэмжээнээс тооцож улсын тэмдэгтийн хураамж гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй гэж үзээд

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115-Р ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.1, 116, 118 ДУГААР ЗҮЙЛД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2005 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн охин М.Мя-ыг эх М.Мө-гийн асрамжинд үлдээсүгэй.

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.1, 41.2.1 дэхь хэсгүүдэд заасныг баримтлан 2005 оны 11-р сарын 15-ны өдөр төрсөн охин М.Мя-ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар сар бүр, 11-16-н нас суралцаж байгаа бол 18 насанд хүртэл амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Д.*******-аас тэтгэлэг гаргуулсугай.

3. Гэр бүлийн хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх М.Мө-д даалгаж, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар тэтгэлэг хүүхдийн хэрэгцээнд зарцуулагдаагүй нь нотлогдвол тэтгэлэг төлөгч түүнийг зориулалтаар нь зарцуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж болохыг дурдсугай.

4. Шийдвэрийг биелүүлэхдээ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээний өөрчлөлтийг харгалзахыг Шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагад даалгасугай.

5. Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 26.2 дахь хэсэгт зааснаар эцэг, эхийн хүүхдийн өмнө хүлээсэн үүрэг хэвээр үлдэхийг дурдаж, мөн зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар тэдний хэн нэг нь нөгөөдөө үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахыг хориглосугай.

6. Монгол улсын Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5-р зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хүүхэд эцэг эхтэйгээ байнгын харилцаатай байх эрхтэй болохыг дурдсугай.

7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн 53081 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.*******-аас 53081 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

8. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

9. Нэхэмжлэгч, хариуцагч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ