| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 176/2023/0121/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/122 |
| Огноо | 2023-03-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Мөнхсаруул |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 2023/ШЦТ/122
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг,
улсын яллагч Э.Мөнхсаруул,
шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Н-н Б д холбогдох эрүүгийн 2234007210059 дугаартай, 1 хавтаст хэргийг 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
.......... гэв.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд тусгагдснаар/
Шүүгдэгч Н.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 06 дугаар сард Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Хүмүүн цогцолбор дунд сургууль”-ийн орчимд үл ялих зүйлээр шалтаглан иргэн С.Г ын нүүрэн тус газарт нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Н.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 06 дугаар сард Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Хүмүүн цогцолбор дунд сургууль”-ийн орчимд үл ялих зүйлээр шалтаглан иргэн С.Г ын нүүрэн тус газарт нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон байна.
Энэ нь эрүүгийн 2234007210059 дугаартай хэрэгт авагдсан
Хохирогч С.Г ын өгсөн: “Би 2022 оны 06 дугаар сард хэдний өдрийг сайн санахгүй байна. 21 цагийн үед гол дээр 3 найзын хамт 2 шил 0,75 литрийн морьтон нэртэй архийг хувааж ууж дуусгачхаад төв рүү орох гээд дунд сургуулийн ертөнцийн зүгээр баруун талд байх нэг давхар цагаан өнгийн хүнсний үйлдвэрийн байрнуудын хамгийн урд талын байрны хойд талд явж байсан. Тэгэхэд өөдөөс хоёр согтуу хоорондоо муудалцаад явж байсан. Тэгээд хажуугаар нь гарахдаа тэр хоёрыг маргалдахаа больцгоо гэж хэлэхэд эрэгтэй нь миний нүүр лүү нэг удаа цохихоор би газар унаад ахин нүүр лүү яг хэдэн удаа өшиглөсөнг сайн мэдэхгүй ахыгаа больчих гэж хэлсэн. Удалгүй тэр хоёр яваад өгөхөөр нь араас нь дагаж явж байгаад гэрийг нь мэдэж авсан. Маргааш өглөө нь тухайн залуугийн гэрт нь очиход ахаа уучлаарай миний буруу гэхээр нь та хоёр ахынхаа шүдийг янзлаад өгчих гэж хэлсэн. Удахгүй янзлаад өгнө гэж хэлснээс хойш одоог хүртэл янзалж өгөлгүй сүүлдээ утас нь холбогдохгүй болсон. Миний нүүр лүү нэг удаа гараараа цохисон. Тэгээд намайг газар унахад яг хэдэн удааг нь мэдэхгүй нүүр хэсэг рүү өшиглөсөн. Бид хоёр хоёулаа архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Миний биед учирсан гэмтэл болох хугарсан болон цуурсан шүдээ янзлуулмаар байна.” гэх мэдүүлэг /хх 12/,
Шүүгдэгч Н.Б ы өгсөн: “Би 2022 оны 6 дугаар сард хамтран амьдрагчтайгаа Төв аймгийн Зуунмод сумын 1-р баг дунд сургуулийн хойно байдаг нэг давхар цагаан байрны урд муудалцаад явж байтал үл таних согтуу эрэгтэй хүн тамхи асуухаар нь би байхгүй гэж хэлсэн чинь ганц тамхи өгчихгүй бацаан чинь гээд үгээр идээд байхаар нь би нөгөө эрэгтэй хүнтэй муудалцаад өшиглөөд газар унгасан тэгээд цааш нь явж байтал нөгөө газар унасан эрэгтэй хүн бид хоёрын араас чулуу бариад гүйгээд ирэхээр нь барьж аваад татаж унгаж байгаад баруун хөлөөрөө нүүрэн тус газар нь 1 удаа өшиглөсөн. Тухайн үедээ тэр эрэгтэй хүн бид хоёрын араас чулуу бариад ирсэн болохоор нь сандраад өшиглөчихсөн. Би тэр үед нэлээн согтуу байсан. Бас харанхуй байсан болохоор хөгшин хүн гэж мэдээгүй тэр эрэгтэй хүний амнаас цус гарч байсан. Тэр ах ахыгаа уучлаарай одоо ингээд больё гэж хэлэхээр нь би хамтран амьдрагчтайгаа тухайн үед байрлаж байсан Төв аймгийн Зуунмод сумын 1-р багт Дунд сургуулийн хойно байрлах нэг давхар цагаан байрандаа очсон. Нөгөө эрэгтэй хүн тэгээд яваад өгсөн. Маргааш нь миний амьдардаг байранд ирээд шүд хугарсан чи намайг зодсон миний шүдийг янзалж өг гэж хэлэхээр нь би за гээд тухайн үед 200,000 мянган төгрөгийг бага багаар цувуулж өгсөн. Тэр үед Хөвсгөлд ажил явдал гараад дахиж уулзаж чадаагүй дараа нь хотод нэг удаа таарахдаа би надад эсэнт 5 гэх газан машин байсан юм тэр машинаа өгөөд дээр нь 1,000,000 нэг сая төгрөг өгөөд хоёулаа тохиръё гэсэн чинь үгүй гэж хэлсэн тэрнээс хойш дахиж уулзаагүй. Би тухайн үед гэмт хэрэг үйлдэхдээ хамтран амьдрагчтай явж байсан. Нарантунгалаг гэдэг нэрээс өөр юу ч мэдэхгүй тухайн үед танилцаад 2 сар гарна л болж байсан. Гэрийнхэн хаягийг мэдэхгүй, Фейсбүүк хаягийг нь ч мэдэхгүй Сэлэнгэ аймгийнх гэж ярьж байсан. Тухайн үед барьж байсан. 80670236 дугаарын утас нь одоо холбогдохгүй байна лээ. Тухайн үед хамтран амьдрагч Нарантунгалаг бид хоёр хоёулаа согтуу байсан. Би нэлээн согтуу явж байсан. Замд дээр тааралдсан үл таних эрэгтэй хүн ч гэсэн согтуу байсан. Би С.Г ын нүүрэн тус газар нь 1 удаа пүүзтэй хөлөөрөө өшиглөсөн.
Би Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолтой танилцлаа. Тогтоолыг ойлгосон. Би хүлээн зөвшөөрч байна. Би С.Г ын хохирлын Г ын ээжийн Хаан банкин дахь 5034829012 дугаарын данс руу 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 16 цаг 54 минутанд 1.500.000 төгрөгийг хийж хохирлыг барагдуулсан.” /хх 14-15, 27/,
Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шүүх эмнэлгийн 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн №526 дугаартай шинжээчийн: “1.С.Г ын биед баруун дээд 1-р шүд хугарсан, дээд зүүн 1-р шүд цуурсан, 12, 21-р шүдний буйл зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3.Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.11.52.1-т зааснаар хөдөлмөрийн чадвар тогтонги 5%-иар алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх 17-18/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.\
Шүүгдэгч Н.Б нь гэм буруу дээрээ маргаагүй, гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрсөн болно.
Шүүгдэгч Н.Б нь үл ялих зүйлээр шалтаглан хохирогч С.Г ын нүүрэн хэсэгт өшиглөж эрүүл мэндэд нь баруун дээд 1-р шүд хугарсан, дээд зүүн 1-р шүд цуурсан, 12, 21-р шүдний буйл зөөлөн эдийн няцралт бүхий гэмтэл учруулж Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.11.52.1-т заасан хөдөлмөрийн чадвар тогтонги 5%-иар алдагдуулсан нь дээрх бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон.
Шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэмт хэрэг гэм буруугийн санаатай хэлбэртэй, өөрийн үйлдэл, эс үйдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох тул шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас хохирогч С.Г ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч С.Г од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг,
Шүүгдэгч тусгайлан гаргах саналгүй гэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:
Шүүгдэгч Н.Б нь Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баян-Өндөр 1 дүгээр багт оршин суудаг, урьд ял шийтгэлгүй /хх 30/ талаарх баримт сэлт хэрэгт тус тус авагджээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж,
Шүүгдэгчийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялтай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэг байна.
Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэгт анх удаагаа холбогдсон, түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Н.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2.“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч С.Г ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг авсан гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаарх хүсэлт /хх 44/, мөн шүүхэд мэдэгдсэн, хэрэгт хохирлын баримт авагдаагүй байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын асуудал байхгүй байна гэж үзлээ.
Эрүүгийн 2234007210059 дугаартай хэрэгт бичгийн баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овогт Н-н Б ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Боржигон овогт Чанчигийн Батболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Шүүгдэгч Н.Б д шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Эрүүгийн 2234007210059 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар болон бичгийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч С.Г од 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг төлсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОТГОНЖАРГАЛ