| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Юндэнгийн Энхмаа |
| Хэргийн индекс | 176/2023/0174/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/190 |
| Огноо | 2023-05-02 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | А.Ариунтуяа |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 2023/ШЦТ/190
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж
-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэ-Оюун,
-улсын яллагчаар А.Ариунтуяа,
-хохирогч О.Д, Б.Г, Б.Б,
-насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Нэ,
-иргэний нэхэмжлэгч М.Д,
-иргэний нэхэмжлэгч, хариуцагч С.П,
-иргэний хариуцагч Б.З, Е.Б,
-шинжээч И.Базаррагчаа,
-шүүгдэгч А.Н, түүний өмгөөлөгч С.Чулуунбаатар нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж үйлдэж ирүүлсэн шүүгдэгч А.Нд холбогдох эрүүгийн 2234007680090 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1998 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Говь-Алтай аймгийн Баян-Уул суманд төрсөн, 25 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нийгмийн ажилтан мэргэжилтэй, Ж Х-д худалдааны төлөөлөгч ажилтай, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамтаар тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, А.Н
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.Н нь Төв аймгийн Эрдэнэ сумын Хшинга 4 дүгээр багийн нутаг “Дөтлүүр даваа” гэх газарт 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 09 цаг 39 минутын орчимд Налайх дүүргээс Багануур дүүрэг явах чиглэлийн зам дээр “Тоёота камри” маркийн “49-88 УНЦ” улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 дахь “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх болон саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэх заалтыг зөрчсөний улмаас эсрэг урсгалд явж байсан “Тоёота приус-30” маркийн “00-99 БРА” улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, зорчигч О.Дын эрүүл мэндэд хүндэвтэр, Б.Бий эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч А.Н нь мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй” гэв.
-хохирогч О.Д нь: “Бид хоёр 2023 оны 11 сарын 03-ны өглөө 8 цаг өнгөрөөд Багануур дүүргээс гарсан. Манай энэ охин 4 сараас хойш цусны хорт хавдар гээд хотод 1 дүгээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Энэ охины бага охин н.Эгшиглэнг харах хүнгүй бид хоёр авч явдаг. Аавыг нь 2 өдөр амарсан өдөр тэр жаахан охиныг нь аваад хотод очиж хоолыг нь зөөдөг. Химийн 4 дэх эмчилгээ нь явагдаж байсан. 1 дүгээр эмнэлэгт хэвтэж байсан. Хоол цай зөөх гээд явж байсан. Охин маань 11 сарын 29-ний өдөр цас ороод явж чадахгүй Багануур дүүргээс 103 тусгай машинаар авч явж хэвтүүлсэн. Бид хоёр араас нь явж байгаад ийм аюулд учирсан. Миний бие их хэцүү байсан. Одоо ч гэсэн шөнө унтаж чадахгүй өвчин намдаах хэрэглэдэг. Мөргөлтөөс болсон уу, булчин чангаралт одоо болтол гайгүй болоогүй байгаа. 2 хавирга хугарсан, дэлүү гэмтсэн. Сая хохирол өгөх гэсэн дансаа өгөхгүй байна гэж ярьж байна. 21-ны шүүх хурал зүарлагдсанаас хойш 2 хоногийн өмнө манай хүнийг өглөө ажлаасаа бууж байхад нь залгаад байсан гэсэн. Тэгээд гэртээ ирээд ярихад дансаа өгөөч ээ эмчилгээний зардал гээд 1.000.000 төгрөг хийнэ гэж ярьсан. Бид хоёр 11 сарын 3-нд аваарт ороод тэрнээс хойш нэг ч удаа бид хоёрын биеийн байдал асууж яриагүй. Пүрэвсан гээд нөхөр нь манай дүүгийн хүүхэд Налайхад Тамгын газар ажилдаг тэр хүн дээр ороод танайх тэгсэн байна. Тийм зардал гарсан байна. Танайх цаашдаа тийм мөнгө төгрөг нэхэмжлэх юм шиг байна гээд манай бэр дээр ороод тэгж яриад байна. Бид хоёр цалин мөнгөгүй үнэхээр хэцүү эмчилгээний зардал хэрэг болоод охин маань эмнэлэгт хорт хавдартай хүнд байдалд байхад нэг ч удаа ярьж байгаагүй. Бид хоёрыг асуудаггүй юмаа гэхэд жаахан хүүхэд явж байсан. Нэг удаа ярих болов уу гэж хүлээж байсан. Тэрэнд маш их гомдолтой байгаа. Одоо 8,743,000 баримт цуглуулаад байж байна. 2 шүүх хуралд ирсэн зардал оруулаагүй байгаа. Цаашдаа эмнэлгээр явж байгаа. Цаашдаа гарах үр дагаврыг мэдэхгүй байна. Би бас хүнд хагалгаанд орж саваа авхуулсан. Ослын дараагаар 2,3 өдөр доошоо өнгөтэй юм гараад хувийн эмнэлэгт үзүүлэхэд аваарын юм байж магадгүй үзүүлж харуул гэж хэлсэн. Машины эвдрэл гэмтэл эд ангийн үнэлгээ 8,743,000 төгрөг байна. Цаашдаа машинтай болохгүй бол энэ охин маань дахиад хот уу явна. Чөмөг шилжүүлэн суулгах хүнд хагалгаанд орно. Өчнөөн төгрөг орно. Бага насны 3 охинтой нөхөр нь уухайд ажилдаг” гэв.
-хохирогч Б.Г нь: “Би хотод эмнэлэгт үзүүлэхэд уушгины зөөлөн эдийн гэмтэл гэж гарсан. 10 хоногийн дараа өвдөөд байхаар нь үзүүлсэн хавирга хугаралттай гэж гарсан. 2 дахь бүдүүн хавирга хугарсан байсан гэж гарсан. Ажлаа хийж чаддаггүй. 2 удаа эмнэлэгт хэвтсэн. Эхлээд уушигаар хэвтсэн. Дараа нь хавирга хугараад хэвтсэн. 11 сарын 8-аас 11 сарын 12-ны хооронд хэвтсэн. Би машин барьж явсан хүний хувьд А.Нгийн буруу үйлдлээс болж тээврийн осол гарсан. Миний машин их эвдрэлтэй. Лонжроом гэдэг зүйл нь цааш нь чихэгдээд орсон. Тэрийг нь татна гэхээр өртөг өндөртэй. Цаашдаа машин явахад хэцүү болдог гэсэн. Намайг энэ машинаа сэлбэгэнд явуул гэсэн” гэв.
-насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Нэ нь: “н.Эгшиглэнгий ээж асран хамгаалагч нь байна. 11 сарын 3-ний өдөр арын суудал дээр өвөө нь куртикэндээ өлгийдөөд арын суудал дээр унтуулаад явж байсан. Унтаж явсан болохоор миний охин гэмтэл бага. Сэтгэл санааны хувьд миний охин машинд суухаар уйлаад, заавал ааваараа тэврүүлж байж машинд суудаг. Эхний саруудад 7 хоногт 1-2 удаа бариулсан. Одоогийн байдлаар машинд сууж зүгээр явж байгаа. Цаашид гарах эмчилгээний зардлыг А.Нгоос нэхэмжилж байна” гэв.
-иргэний нэхэмжлэгч М.Д нь: “Үнэлгээгээр 6.805.000 төгрөг энэ нь эвдэрсэн эд ангийн үнэлгээ юм. Зарим нь дутуу үнэлсэн зүйл байгаа. Машинаа янзлуулна гэхээр энэ эд ангиудыг авч байгаа, гадуур үзүүлэхэд 3.500.000 сая өгчих янзлаад өгье гэж байна. Тэгж засуулна гэхээр энэ техникийг дахиж хэрэглэхэд осолтой болчхоод байна. Миний хувьд хүсэж байгаа зүйл нь энэ машиныг буцааж өөрсдөд нь өгөөд адилхан машинаар хохирлоо барагдуулах хүсэлтэй байна” гэв.
-иргэний нэхэмжлэгч, хариуцагч С.П нь: “11 сарын 3-ний өдөр манай ажилтан А.Н нь Б.Гтай мөргөлдсөн. Тухайн замын осол нь юунаас шалтгаалсан бэ? гэхээр Багануур АЗЗА ХХК тухайн үед зам арчилгааны ажлыг бүрэн гүйцэт хийсэн бол тухайн осол гарахгүй байх байсан. Ганцхан энэ хүний осол биш Налайхаас гарахад нэлээн олон машинууд замын хажуу руу унасан, халтиргаа гулгаанаас болж зөндөө машин мөргөлдсөн байсан. Би Багануур АЗЗА ХХК-ыг төрийн байгууллагын зүгээс ажлаа бүрэн гүйцэт хийгээгүй гэж үзэж байна” гэв.
-иргэний хариуцагч Б.З нь: “Манай компани олон улсын, улсын чанартай 0501 дугаартай Улаанбаатар, Өндөрхаан чиглэлийн 44 км шонгоос 177км шонг хүртэл 143 км замыг хариуцдаг. 2022 оны 10 сарын 29-30-ний өдрүүдэд цас орж цасан шуурга шуурч онцгой нөхцөл үүссэн. 2022 оны 10 сарын 29-ний өдрөөс 2022 оны 11 сарын 10 хүртэл нийтдээ замын засвар арчилтыг хийж явсан. Цасан бүрхүүл 143км бүхэлд нь бүрхсэн. Зам дээр тогтсон цас нь 20-30 см зузаантай, хунгарласан хэсгээр 60 см зузаантай байсан. Эрдэнэ сумын шуурхай ажлын хэсэгтэй 2 авто арчигч, 1 авто грийдертэй, 1 цасны машин, 2 үйлчилгээний машинтай нийт 6 техниктэй 12 хүний бүрэлдэхүүнтэй ажлаа хийж гүйцэтгэж байсан” гэв.
-иргэний хариуцагч Е.Б нь: “Жавхлант түвшин” компанийн хуулийн зөвлөх, төлөөлөгч байна. Манай компани нь хүнсний бүрэн хэрэглээний бүтээгдэхүүн дундын зуучлалын компани. Манай компани бараагаа орон нутгийн 5 салбар хотын бүх дүүрэг, бүх дэлгүүрт түгээдэг. А.Н нь тухайн өдөр худалдааны төлөөлөгч албан тушаалаар ажиллаж байсан. А.Нгийн хувьд Багануур, Налайх дүүргийг хариуцсан худалдааны төлөөлөгчөөр ажилладаг. А.Н нь ажлаа гүйцэтгэж явахад компанийн зүгээс 7 хоногт 90.000 төгрөгийн шатахууны мөнгө өгдөг. Хувийн унаагаар яв гэдэг талаас яриагүй. Унааны мөнгө олгодог. Тэр унааны мөнгийг өөрөө шатахууны зардал гэж ойлгоод байж магадгүй заруулаад хэлье. А.Н ажлаа гүйцэтгээд явдаг байсан. Өмнөх өдрүүдэд нь замын нөхцөл байдал адилхан байсан. тэрийг бүгд мэдэж байгаа. А.Нгийн хувьд тухайн өдөр түлхүүрийн даваа гэх өгсүүр газраар гарч ирсэн нь урдаас нь хохирогчийн үзэгдэх орчин багатай явж байсан. А.Нгийн хувьд замын барааныг бараадаж яваад өөдөөс машин гарч ирэхэд тухайн үеийн самбаачлах хугацаандаа машиныхаа рулийг буруу дарснаас болж ийм нөхцөл байдал үүссэн байх гэж бодож байна” гэв.
Шинжээч И.Базаррагчаа нь: “ ...Нөлөөлсөн гэдэг нь цасан бүрхүүлтэй байгаа. цасан бүрхүүлтэй байгаа учраас замын нөхцөл байдал өөр болно. Өөрөөр хэлбэл, жирийн явж байгаа тохиолдолд авто машины жингийн 70% нь хөтлөх болон тооромслох хүч болж явдаг. Цасан бүрхүүл мөсөн бүрхүүл тогтохоор дөнгөж 10-20% нь тооромслох хүч болно. Энэ нь жолоодох болон тооромслох, зогсох, бүх л зүйлд нөлөөлнө. Үүнд хэн хариуцлага хүлээх үү гэхээр жолооч ийм аюултай нөхцөл байдал үүссэн үед тохиромжтой хурд болон бүхий л арга хэмжээг авч болгоомжтой явна. Энгийнээр хэлбэл мөсөн дээр хүн яаж явдаг вэ, яг үүнтэй адилхан арга хэмжээ авч явна. Нөлөө нь үүнээс харагдаж байгаа юм. Байнгын явах гэх зүйл байгаа. Энэ нь тухайн цасан бүрхүүлтэй болчихоор зам хаана байгааг сайн мэдэхгүй. Замын хатуу хучилттай хэсэг нь хаана байгаа, хөвөө нь хаана байгаа нь мэдэгдэхгүй. Энэ нь аюултай байдал үүсэж байна. Тухайн нүдэн баримжаагаар зорчих хэсгийг баримталж, тал хэсгийг нь эсрэг урсгал гэж үзэж нөгөө талыг шахаж явдаг дүрэмтэй. Энэ дүрмийг баримтлахгүйгээр 11.3 буюу эсрэг урсгал сөрөхийг зөрчлийг гаргаж байна. Урсгал сөрсөн байна. Шүүгдэгч нь тухайн байдалд замын эвтэйхэн талыг өөрөө барьж явсан байж таарна. Эсрэг урсгалаас машин орж ирэхэд өөрийнхөө эгнээ рүү ордогч юм уу, тийм арга хэмжээ авч явах ёстой. Гэхдээ замын хөдөлгөөний дүрмээр зам ямар ч муухай байсан зөвхөн өөрийнхөө урсгалаар явна гэж заасан байдаг. Манайханд машин байхгүй бол урсгал сөрж болно гэх буруу зуршил байдаг. энэ буруу зуршил нь хүмүүст маш их гэмтэл учруулда... Энэ нь авто машины тулгуур араг яс гэсэн үг. Энэ тулгуур араг яс дээр бусад эд ангийг нь боодог. Энэ нь гэмтэж болно, үүнийг засаж болно. Дараа нь оношилгоонд орж явж болно. Огт явж болохгүй зүйл биш” гэв.
Эрүүгийн 2234007680090 дугаартай хэрэгт тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судлахад
Шүүгдэгч А.Н нь Төв аймгийн Эрдэнэ сумын Хушинга 4 дүгээр багийн нутаг “Дөтлүүр даваа” гэх газарт 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 09 цаг 39 минутын орчимд Налайх дүүргээс Багануур дүүрэг явах чиглэлийн зам дээр “Тоёота камри” маркийн “49-88 УНЦ” улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 дахь “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх болон саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэх заалтыг зөрчсөний улмаас эсрэг урсгалд явж байсан “Тоёота приус-30” маркийн “00-99 БРА” улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, зорчигч О.Дын эрүүл мэндэд хүндэвтэр, Б.Бий эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан үйл баримт нь дараах:
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 тал/,
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6-7 тал/,
-Осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-16 тал/,
-Хохирогч О.Дын “...Би 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өглөө 08 цаг өнгөрч байхад нөхөр н.Ганхуяг, зээ охин н.Эгшиглэн нарын хамтаар нөхөр н.Ганхуягийн эзэмшлийн приус-30 маркийн 00-99 БРА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Багануур дүүргээс Улаанбаатар хот руу хувийн ажлаар гарсан юм. Тэгээд 09 цагийн үед Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг "Дөтлүүр даваа” руу өгсөж явахад манай тээврийн хэрэгслийн урдаас камри маркийн саарал өнгийн тээврийн хэрэгсэл нь зам дээр цасан дээр гулгаж эргэлдэж байснаа манай тээврийн хэрэгслийн урдаас хүчтэй мөргөж, манай тээврийн хэрэгсэл нь замын хойд тал руу шидэгдэж цасан дотор ороод зогссон ба би юу болсныг хэсэг ойлгохгүй байж байгаад нэг ухаан ороод сэрээд харсан манай тээврийн хэрэгслийн уод талын аваарын дэр нь задарсан, жолоон дээр манай нөхөр н.Ганхуяг нь ухаан балартсан царай нь хөхөрсөн байдалтай дуу нь гарахгүй байсан. Арын суудалд сууж явсан зээ охин н.Эгшиглэн нь уйлаад сууж байсан. Тэгээд ухаан ороод машинаас гараад зээ охиноо аваад байж байхад удалгүй Багануур дүүргийн эмнэлэг, Онцгой байдлын алба, цагдаа зэрэг нь ирсэн. Би зээ охин н.Эгшиглэнгийн хамтаар Багануур дүүргийн яаралтай тусламжийн тээврийн хэрэгсэлтэй эмнэлэг рүү хүргэгдэн ирсэн...” гэх мэдүүлэг...” /хх-ийн 21-22 тал/,
-Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Нэ нь: “Тухайн үед би Улаанбаатар хотод эмнэлэгт хэвтэж байсан учир Багануур дүүргээс Улаанбаатар хот руу надад хоол ундны зүйлс аваачиж өгөх гээд өвөө, эмээгийн хамтаар явж байгаад замын тээврийн осолд орсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 29 тал/,
-Иргэний нэхэмжлэгч С.П нь: “...Миний өөрийн эзэмшлийн 49-88 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг үнэлгээний байгууллагад үнэлгээ гаргуулахаар өгсөн. Одоогоор үнэлгээнээс дүгнэлт нь гараагүй байгаа. Миний машин 2008 онд япон улсад үйлдвэрлэгдсэн 2013 онд Монгол улсад орж ирсэн машин байсан. Би гэм буруутай этгээдээр 2008 оны тоёота камри маркийн тээврийн хэрэгсэлд учирсан гэмтлийн үнэлгээг мэргэжлийн байгууллагаар тогтоосон үнийн дүнгээр нэхэмжлэх болно. Би тухайн өөрийн тээврийн хэрэгслийг зөрж борлуулан өөрийн амьдралдаа хэрэглэх шаардлагатай байгаа тул зарж борлуулах талаар яаралтай хариу мэдэгдэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 33 тал/,
-Хохирогч Б.Гийн “...Би 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өглөө 8 цаг өнгөрч байхад эхнэр н.Долгор, зээ охин н.Эгшиглэн нарын хамтаар өөрийн эзэмшлийн приус-30 маркийн 00-99 БРА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Багануур дүүргээс Улаанбаатар хотын чиглэлд ажлаар гарсан юм. Тэгээд 9 цагийн үед Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг “Дөтлүүр даваа” руу өгсөж замдаа явж байхад миний тээврийн хэрэгслийн өөдөөс камри маркийн 49-88 УНЦ улсын дугаартай саарал өнгийн тээврийн хэрэгсэл нь зам дээр цасан дээр гулгаж нэг бүтэн эргэлдсэнээ чанх урдаас гулгаад байхаар нь би тээврийн хэрэгслээ зогсоох үйлдэл хийж замын хажуу хөвөө рүү шахаж зогсоосон. Тэгтэл миний тээврийн хэрэгслийн урдаас нөгөөх тээврийн хэрэгсэл нь хүчтэй мөргөж миний тээврийн хэрэгсэл нь замын хойд тал руу шидэгдэж цасан дотор ороод зогссон. Тухайн үед би жолоон дээрээ ухаан алдсан байсан би хэсэг дуугарч чадахгүй байсан. Арын суудал дээр зээ охин сандлын завсраар орчихсон уйлж байсан. Би ахмгаалах бүсээ тайлаад түлхүүрээ хариулж тээврийн хэрэгслийг унтраагаад зээ охиноо аваад эхнэрт өгөөд зогсож байхад удалгүй Багануур дүүргийн эмнэлэг, Онцгой байдлын алба, цагдаа зэрэг нь ирсэн. Эхнэр н.Долгор, зээ охин н.Эгшиглэн хоёрыг Багануур дүүргийн яаралтай тусламжийн тээврийн хэрэгсэлтэй ирээд, эмнэлэг рүү явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 тал/,
-Хохирогч Б.Б нь: “...Миний бие Жавхлант нэртэй хүнс, барааны борлуулалтын компанид худалдааны төлөөлөгчөөр ажилладаг. А.Н мөн адил худалдааны төлөөлөгчөөр ажилладаг. Бид хоёр 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Багануур дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг хүнсний болон барааны дэлгүүрүүдээс хүнс, барааны захиалга авахаар 08 цаг өнгөрч байхад Эрдэнэговь хүнсний дэлгүүрийн урдаас А.Н намайг өөрийнхөө 49-88 УНЦ улсын дугаартай тоёота камри маркийн тээврийн хэрэгсэлтэй ирж аваад Налайх дүүргээс гараад шууд Багануур дүүрэг рүү явсан. 09 цаг өнгөрч байхад Эрдэнэ сум өнгөрөөд нэг даваагаар даваад уруудаж явсан ба би зүүрмэглэж байтал гэнэт А.Н орилохоор нь сэрээд хартал шууд л тас хийгээд л мөргөлдсөн. Ингээд хэсэг ухаан балартаад юу болсныг мэдэхгүй байгаа нэг мэдэхэд намайг хүн татаад байх шиг байхаар нь хартал А.Н буугаад ирсэн миний хаалгыг онгойлгоод суудлын бүхийг тайлаад татаад гаргасан. Ингээд би машинаа хартал манай машин миний сууж явсан талаар тэр чигтээ чихэгдээд орсон. Нөгөө машин хаана байгаа нь харагдаагүй би өндийгөөд босох гэтэл биеэ даахгүй болохоор нь жоохон хэвтэж байтал хэвлий хэсгээр маш хүчтэй өвдөлт өгөөд ёолоод хэвтэж байтал замын машин зогсоод 2 хүн ирээд миний дээгүүр юм нөмрүүлээд эмнэлэг болон цагдаа дуудсан. Удалгүй нөгөө машины жолооч бололтой юу болов оо яаваа наад залуу чинь гайгүй юу гээд яриад байсан. Тэгээд л эмнэлэг ирээд намайг аваад явсан..., ...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 тал/,
-Иргэний нэхэмжлэгч М.Дын “...00-99 БРА улсын дугаартай тээврийн хэрэгсэл бол миний нэр дээр бүртгэлтэй байдаг ч 2021 оны 12 дугаар сард хадам аав болох Б.Гт зарсан юм. Тэгээд тухайн тээрийн хэрэгслийн эзэмшигчийн нэрийг шилжүүлж олгоогүй байгаа. Тээврийн хэрэгслийн үнэлгээнд гарсан мөнгөн дүнг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 49 тал/,
-Иргэний хариуцагч Б.Жанчив-Одын “...Өдөр бүр замын үзлэг хийж арчлалт үйлчилгээ явуулдаг. Тухайн осол болдог өдөр буюу 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр тухайн замын зорчих хэсгийн цасыг авто гридерээр хусаж, гулгаанаас сэргийлсэн цас хайлуулах давсыг цацсан. Арчлалт үйлчилгээ хийсэн холбогдох баримт бичгүүд байгаа. Гаргаж өгч болно..., ...Манай байгууллагын хувьд засвар үйлчилгээг зохих журмын дагуу хийж гүйцэтгэсэн гэж үзэж байгаа. Байгалийн гамшигт үзэгдлүүдийн дараагаас манай байгууллага хүн хүч, техник технологийн хүчин чадлаасаа хамаарч тухайн цаг үед хамгийн тохиромжтой аргыг сонгож замын арчилгаа үйлчилгээг явуулдаг. Ийм учраас манай байгууллагыг иргэний хариуцагчаар татаж ямар нэгэн хариуцлага тооцох гэж байгаатай санал нийлэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 57 тал/,
--Иргэний хариуцагч Б.Жанчив-Одын дахин өгсөн “...Нийслэлийн Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алан бичиг болон Багануур дүүргийн цаг уурын өртөө нараас холбогдох мэдээллийг авч хариуцсан замын чиглэлийн дагуу зам арчлалтыг тухайн бүрт урьдчилан хийж гүйцэтгэдэг байсан. Манай Багануур АЗЗА ТӨХК-с 2022.10.29-ний өдрөөс 2022.11.10-ны өдрийн хооронд гүйцэтгэсэн ажлын тайлан болон гэрэл зургийн үзүүлэлтийг гарган өгч байна..., ...Тухайн газрын зам арчлалтыг миний бие Б.Жанчив-Одоор ахлуулсан 10 хүний бүрэлдэхүүнтэй Автогридер-1, авто ачигч-2, зориулалтын цасны машин-1, үйлчилгээний зориулалттай автомашин-2 гэсэн 6 техниктэй 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн хооронд замын арчлалтыг гүйцэтгэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 62 тал/,
-Иргэний хариуцагч Е.Бы “...А.Н нь манай байгууллага 2022 оны 08 дугаар сарын 31-ний гүйцэтгэх захирлын Б22-258 дугаартай тушаалаар борлуулалтын албаны худалдааны төлөөлөгч албан тушаалд томилогдон ажиллаж байна. Ажилтан А.Н нь Налай дүүрэгт оршин суудаг ба ажил гүйцэтгэх цэгийг Налай болон Багануур дүүргүүдэд хуваарилан өгсөн. А.Н нь 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр ажил хуваарийн дагуу Багануур дүүрэг дээр ажиллах хувааритай өдөр байсан. Ажилтан А.Н тухайн өдөр Налай дүүргээс Багануур дүүргийн чиглэлд ажил үүргээ гүйцэтгэхээр явсан болно..., ...А.Н нь осолд орсон гэх өдрөөс хойш өвчтэй байх хугацаанд үндсэн цалингаар нь цалинжуулаад эмчилгээний зардлыг манай компаниас бүрэн төлж барагдуулж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 73 тал/,
-Иргэний хариуцагч С.Пгийн “...А.Н нь манай эхнэр байгаа юм. Тухайн зам тээврийн осолд миний эзэмшлийн тээврийн хэрэгслийг унаж ажилдаа явж байгаад зам тээврийн осол болсон..., 49-88 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэл бол миний өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. 2022 оны 10 дугаар сард 7.000.000 төгрөгөөр худалдан авч байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 76 тал/,
-Шүүгдэгч А.Нгийн сэжигтнээр өгсөн “...Би долоо хоногийн 1 дэх өдөр, мөн 4 дэх өдөр Улаанбаатар хот Налай дүүргээс Улаанбаатар хот Багануур дүүрэг рүү худалдааны ажлаа явдаг юм. Тэгээд би 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өглөө Улаанбаатар хот Налайх дүүргээс өөрийн хамт ажилладаг ажилтан н.Билгүүнийн хамтаар нөхөр С.Пгийн тээврийн хэрэгслийг жолоодон Төв аймгийн Эрдэнэ сум өнгөрөөд “Дөтлүүрийн даваа” гэх газар Тоёота камри маркийн 49-88 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явж байгаад асфалтан замын 242/92 километрт өглөө 9 цаг 39 минутад өөдөөс явж байсан гэхдээ замын голоор явж байсан тээврийн хэрэгслийг хараад тоормос гишгэж үрүүлээ баруун гар тал руу жолоогоо дарахад тэрхүү приус-30 маркийн саарал өнгийн улсын дугаар мэдэгдэхгүй тээврийн хэрэгсэлтэй мөргөлдчихсөн. Тэгээд би мөргөсний улмаас ухаан алдсан. Гэнэт сэрсэн тээврийн хэрэгслийн дэр задарчихсан, жолоочийн хажууд сууж явсан ажилтан Б.Б ухаангүй тээврийн хэрэгсэл урд суудалд сууж байхаар нь би хаалга гажчихаад онгойхгүй болохоор нь түлхэж байгаад жаахан зай гарахаар нь тээврийн хэрэгслээс гарч тээврийн хэрэгсэл дотор байсан Б.Бийг гадагшаа татаад гаргасан. Тэгтэл зогсож байхад нөгөө тээврийн хэрэгслийн жолооч гарч ирээд над руу яаж яваад байгаа юм бэ гээд уурлаад байсан. Хажуугаар зөрч өнгөрч байсан тээврийн хэрэгслийн жолооч цагдаа, эмнэлгийн дугаарыг өгч би цагдаад дуудлага өгсөн. Удалгүй Төв аймгийн Эрдэнэ сумын эмнэлэг ирээд манай ажилтан Б.Бийг ирээд аваад явсан. Иймэрхүү зүйл болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 78-79 тал/,
-Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 614 дугаартай “...О.Дын биед зүүн 3, 4-р хавирганы хугарал, зүүн гарын чигчий хуруу, хэлэнд шарх, хэл, цээж, хэвлий, баруун, зүүн цавь, зүүн шуу, зүүн гарын дунд, ядам, чигчий хуруу, сарвууны ард цус хуралт, зүүн гарын дунд, ядам, чигчий хуруу, сарвууны ард зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй...” гэж шинжээчийн дүгнэлт /хх-ийн 84-85 тал/,
-Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 615 дугаартай “...Б.Гийн биед цээжинд цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 88-89 тал/,
-Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 650 дугаартай “...А.Нгийн биед гэмтэл тогтоогдоогүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 92-93 тал/,
- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 628 дугаартай “...Б.Бийн биед элэгний зүүн дэлбэнгийн 3, 4-р сегментийн урагдал, ходоод, 12 хуруу гэдэс, нойр булчирхайн толгой хэсгийн няцрал, хэвлийн хөндийд шингэн хурагдалт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 97-98 тал/,
-“Сүлд Үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 24-нй өдрийн 1/1-571 дугаартай Атомашин техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 104-112 тал/,
-2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 01/05 дугаартай “...Тоёота камри маркийн 49-88 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч А.Н нь МУ-ын ЗХД-ийн 11.3-р заалт буюу “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрч гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг зөрчсөн байна. Тоёота приус-30 маркийн 00-99 БРА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Г нь МУ-ын ЗХД-ийн ямар нэгэн заалт зөрчөөгүй байна. Тоёота камри маркийн 49-88 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч А.Н нь МУ-ын ЗХД-ийн 11.3-р аазлтыг зөрчсөн нь зам тээврийн ослын шалтгаан болсон байна. Осол болоход замын нөхцөл байдал нөлөөлсөн байна. Хэрэгт ач холбогдол бүхий нэмэлт зүйл илэрсэнгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 121-122 тал/,
-Шүүгдэгч А.Нгийн яллагдагчаар өгсөн “...Би уг тогтоолтой танилцлаа, тогтоолыг би ойлгосон, би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна..., ...Би өмнө нь 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр сэжигтнээр өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй. Миний ярьсан зүйл үнэн болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 144 тал/ зэрэг болон шүүгдэгч А.Нгийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэрэг болно.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой,
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд зааснаар шүүх хуралдааны дараалал болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, эсхүл шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал хүсэлт гаргаагүй байна.
Шүүгдэгч А.Н нь Төв аймгийн Эрдэнэ сумын Хшинга 4 дүгээр багийн нутаг “Дөтлүүр даваа” гэх газарт 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 09 цаг 39 минутын орчимд Налайх дүүргээс Багануур дүүрэг явах чиглэлийн зам дээр “Тоёота камри” маркийн “49-88 УНЦ” улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 дахь “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх болон саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэх заалтыг зөрчсөний улмаас эсрэг урсгалд явж байсан “Тоёота приус-30” маркийн “00-99 БРА” улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, зорчигч О.Дын эрүүл мэндэд хүндэвтэр, Б.Бий эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан үйл баримт тогтоогдсон.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.
Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,
мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.
Энэ хэргийн тухайд Эрүүгийн хуулийн хорин долдугаар бүлэг “Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч А.Н нь тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтыг зөрчиж, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл хийсний улмаас “Тоёота приус-30” маркийн “00-99 БРА” улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, зорчигч О.Дын эрүүл мэндэд хүндэвтэр, шүүгдэгч А.Нгийн жолоодон явсан “Тоёота камри” маркийн “49-88 УНЦ” улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчин явсан Б.Бийн биед хүнд хохирол тус тус учруулсан байна.
Өөрөөр хэлбэл замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчиж нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл хийсний улмаас 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл, 1 хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл тус тус учирсан байна.
Шүүгдэгч А.Нгийн Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчиж буй энэхүү өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол хор уршигт хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэр бөгөөд хүний амь нас хохирсон хохирол, хор уршиг нь шүүгдэгчийн болгоомжгүй үйлдэлтэй шалтгаант холбоотой байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан шинжийг хангасан, түүнд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэлээ.
Мөн болгоомжгүй гэм буруу нь гэм буруутай этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн эцэст гарч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэж байсан хэдий ч түүнийг гаргахгүй байж чадна гэж хөнгөмсгөөр найдсан эсхүл үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдээгүй боловч тэрхүү хор уршгийг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой, боломжтой байсан гэж хайхрамжгүй хандсан гэх хоёр хэлбэрээр илэрдэг болно.
Хамгийн гол хохирол, хор уршигт зориуд хүргээгүй байдгаараа санаатай гэмт хэргээс ялгагдах шинжтэй.
Иймд шүүгдэгч А.Нг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хариуцлага болох ял шийтгэлийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагчаас: “Шүүгдэгчийн хувийн байдал гэм буруугийн тал дээр маргахгүй байгаа зэргийг харгалзан үзэж шүүгдэгч А.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын саналыг гаргаж байна. Зорчих эрхийг хязгаарлах ялыг оршин суух газрын хаягаар хүрээг тогтоох саналтай байна. Эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй. Шүүгдэгч А.Нд 2023 оны 03 сарын 13-ний өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргилэх арга хэмжээг авагдсан, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй” гэх ялын дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “Хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Хүний сайхан сэтгэл, хүнлэг сэтгэл гаргасан хохирогч нарт баярлалаа. Хүнээ ажилтнаа бодсон байгууллагад баярлалаа гэж хэлмээр байна. Анх удаагаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн этгээд түүнчлэн гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч нар эмнэлэгийн болон бусад тусламж үзүүлсэн бол хөнгөрүүлэх нөхцөл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-т зааснаар 3 жил хугацаагаар хорих ялтай түүнээс бага санкци тогтоосон энэ зүйлчлэлд тэнсэн харгалзах боломж байгаа. Үүнийг миний үйлчлүүлэгчид өгнө үү. Ажил хийлгэх нөхцөлөөр хангаж өгнө үү. Цаашид гарах хохирлоо төлж барагдуулна ” гэх дүгнэлтийг тус тус гаргасан байна.
Шүүгдэгч А.Нгийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг нь “...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял” оногдуулах сонгомол санкцтай гэмт хэрэг байна.
Шүүгдэгч А.Нд Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, анхнаасаа буюу мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд гэм буруу дээрээ маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж бусдын эрүүл мэндэд шууд учирсан үр дагавар хохирол болон эмчилгээний зардлыг төлсөн байдал зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж тус тус заасан хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцүүлж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч А.Нгийн ял шийтгэл шалгах хуудсаар анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, анхнаасаа буюу мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд гэм буруу дээрээ маргаагүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж хүний эрүүл мэнд болон эд хөрөнгөд учирсан хохирол болон эмчилгээний зардлыг төлсөн байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг нь эрх хасах нэмэгдэл ял хүлээлгэхээр заасан тул мөн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж заасны дагуу А.Нгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилээр хасах нэмэгдэл ял оногдуулж, мөн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар уг нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хугацааг тоолохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д“энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2.“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан байна.
Шүүгдэгч А.Нгийн болгоомжгүй гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч О.Дын эрүүл мэндэд учирсан 1.938.000 төгрөгөөс шүүгдэгч А.Нгоос 884.628 төгрөгийг, иргэний хариуцагч “Жавхлант дистрибюшн” ХХК-с 589.752 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч О.Дт, иргэний нэхэмжлэгч М.Дт учирсан эд хөрөнгийн хохирол болох 7.273.000 төгрөгөөс шүүгдэгч А.Нгоос 4.363.800 төгрөгийг, иргэний хариуцагч “Жавхлант дистрибюшн” ХХК-с 2.909.200 төгрөгийг тус тус гаргуулж иргэний нэхэмжлэгч М.Дт олгож, хохирогч О.Д цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой, иргэний нэхэмжлэгч М.Д нь “Тоёота приус-30” маркийн “00-99 БРА” улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч А.Н, иргэний хариуцагч “Жавхлант дистрибюшн” ХХК нараас иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нь тус тус нээлттэй үлдээж,
Харин насанд хүрээгүй хохирогч Д.Эгшиглэн, хохирогч Б.Г нарт гэмтлийн зэрэг тогтоогдоогүй байх тул шүүгдэгч А.Нгоос насанд хүрээгүй хохирогч Д.Эгшиглэн болон түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч Б.Г нарт гаргуулах хохирол төлбөргүй гэж шийдвэрлсэнг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар” шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар хүсэлт гаргаж шүүх хуралдааныг завсарлуулах тухай” хүсэлт гаргаж мөн хуулийн 34.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан хугацаанд завсарлуулсан.
Шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаа дуусмагц шүүх хуралдааныг тогтоосон цагт эхлүүлэхэд шүүгдэгч А.Н нь хохирогч О.Дт 884.628 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч М.Дт 4.363.800 төгрөгийг тус тус барагдуулж, хохирлыг бүрэн төлсөн байх тул энэ тогтоолоор шүүгдэгч А.Нгоос гаргуулах хохирлын асуудал байхгүй байна.
Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны явцад “Багануур АЗЗА” ХХК-ийг иргэний хариуцагчаар татсан байх бөгөөд хэрэгт авагдсан материалаас үзэхэд иргэний хариуцагч болох “Багануур АЗЗА” ХХК нь 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр “Олон улс, улсын чанартай А0501 дугаартай Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн 34 км-ээс 177 км-ийн хооронд 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд” цас цэвэрлэх үйл ажиллагаа явуулж байсан болох нь мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн Б.Жанчив-Одын мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн Б.З нарын мэдүүлэг болон хавтаст хэргийн 57-60, 63-69 дүгээр хуудаст авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогддог ба иргэний хариуцагч “Багануур АЗЗА” ХХКомпани нь засвар үйлчилгээг зохих журмын дагуу хийж гүйцэтгэж байсан үзсэн болно.
Шүүх хуралдааны товыг хохирогч Б.Бд шүүх хуралдааныг товыг мэдэгдэхэд “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн учраас шүүгдэгч А.Нгоос хохирогч Б.Бд гаргуулах хохирол төлбөргүй байна.
Харин шүүх хуралдаанд оролцсон иргэний хариуцагч Е.Б нь шүүхээс хохирогч О.Дт олгохоор шийдвэрлэсэн 589.752 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч М.Дт олгохоор шийдвэрлэсэн 2.909.200 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн тул “Жавхлант дистрибюшн” ХХК-аас гаргуулж хохирогч О.Д болон иргэний нэхэмжлэгч М.Д нарт олгохыг,
Эрүүгийн 2234007680090 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч А.Н нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцож гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Номин нь хохирогч О.Дт 884.628 төгрөг, иргэний нэхэмжлэгч М.Дт 4.363.800 төгрөгийг тус тус төлсөнг дурдаж, иргэний хариуцагч “Жавхлант дистрибюшн” ХХК-аас 589.752 төгрөгийг гаргуулж хохирогч О.Дт, 2.909.200 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч М.Дт тус тус олгож, иргэний нэхэмжлэгч М.Д нь “Тоёота приус-30” маркийн “00-99 БРА” улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагаа, хохирогч О.Д нь цаашид гарах эмчилгээний зардалтай нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч А.Н, иргэний хариуцагч “Жавхлант дистрибюшн” ХХК нараас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ю.ЭНХМАА