Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 139

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.*******, нэхэмжлэгч Л.Мя-, хариуцагч Х.Ба- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийж, Л.Мя-гийн нэхэмжлэлтэй Х.Ба-д холбогдох хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Мя- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь нөхөр Х.Ба-тай 2015 оны 10 сарын 15-нд гэр бүл болсон. Энэ хугацаанд нөхөртэйгөө таарч тохирхоо больсон. Ингээд бидний хамтын амьдралын хугацаанд 2016 оны 10 сарын 04-нд охин ******* төрсөн. Төрсөн цагаасаа хойш хүүхдээ өөрийн аав, ээжтэйгээ хамт амьдарч өсгөсөн. Аав нь өсгөлцөөгүй, тоодоггүй. Одоо охин маань 2 нас 4 сар хүрч байна. Ийм учир цаашид бид хамт амьдрах боломжгүй болсон тул хүүхдийнхээ тэтгэлэгийг тогтоолгохыг хүсч байна гэжээ.

Хариуцагч Х.Ба- шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Х.Ба- 1982 онд төрсөн. Одоо 67 настай ээжийн хамт хөдөө мал маллаж амьдарч байна. Ээж 2 удаа даралт харваж байнгын хүний асаргаанд орсон тул би ээжийгээ орхиод эхнэр хүүхдээ гээд тусдаа явж чаддаггүй. Өөрийн охинтойгоо уулзах гээд аймаг орж ирэхэд ээж Мя- нь хөдөө аваад явчихсан байдаг тул уулзаж чаддаггүй. Төрсөн охиноо тоохгүй, хаясан явдал надад байхгүй. Эхнэр Мя- ямар шалтгаанаар салах гэж байгааг би ойлгохгүй байгаа. Миний ар гэрийн байдлыг хүлээн зөвшөөрөхгүй, ээжийг асран халамжлах дургүйдээ гэр орноо орхиж явсан. Би энэ хүнийг гэр бүлийн ямар нэгэн дарамтанд байлгаагүй болно гэжээ.

Нэхэмжлэгч Л.Мя- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Ба-тай 2015 онд гэр бүл болсон. 2016 онд охин ******* маань төрсөн. Төрсөн цагаасаа хойш надтай хамт амьдарч байгаа. Миний охин аавыгаа мэддэггүй. Энэ хүн охинтойгоо ирж уулздаггүй юм. Би энэ хүнтэй эвлэрэх хүсэлгүй байна. Иймээс хүүхдээ өөрийн асрамжид авч, Ба-аас хүүхдийнхээ тэтгэлэгийг авахыг хүсэж байна гэв.

Хариуцагч Х.Ба- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Надад энэ хүнээс салах шалтаг байхгүй. Хүүхдээ өнчрүүлэхгүй эргээд нийлье гэсэн бодолтой байна. Энэ хүн ямар шалтаг шалтгаанаас болоод салъё гээд байгааг би мэдэхгүй байна. Миний буруу бас байгаа байх эхнэр хүүхэддээ анхаарал тавих нь сул байсан байх. Одоо энэ буруугаа хүлээгээд эргээд хамт амьдрах хүсэлтэй байна. Би энэ хүнийг хөөгөөд туугаад дарамтлаад байсан юм байхгүй. Би хоёр удаа даралтаар унасан ээжийгээ асарч байгаа тэгээд хажуугаар нь малаа маллаж байна. Би тэгж архи дарс ууж иймээ тиймээ зан гаргаад байдаггүй. Хүүхэддээ тэтгэлэг төлнө гэв.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.Мя- нь 2016 оны 10 дугаар сарын 04-ны өдөр охин Х.*******ыг төрүүлсэн болох нь түүний төрсний гэрчилгээгээр нотлогджээ.

Л.Мя- нь охин Б.*******ыг өөрийн асрамждаа авч, эцэг Х.Ба-аас тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Хариуцагч Х.Ба- эхнэр хүүхдээсээ тусдаа амьдрах хугацаанд охиноо асарч халамжлах, өсгөж хүмүүжүүлэх талаар ямар ч санаачлага гаргаагүй нь тогтоогдож байгааг болон энэ хугацаанд охин Б.*******ыг эхийн асрамжид байсныг харгалзан түүнийг эх Л.Мя-гийн асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Х.Ба- нь Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлд зааснаар охин Б.*******ыг тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгт заасан хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг Х.Ба-аас гаргуулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн төлөх хүүхдийн тэтгэлэгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгийн хэмжээнээс тооцож улсын тэмдэгтийн хураамж гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй гэж үзээд

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115-Р ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.1, 116, 118 ДУГААР ЗҮЙЛД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр төрсөн охин Б.*******ыг эх Л.Мя-гийн асрамжинд үлдээсүгэй.

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.1, 41.2.1 дэхь хэсгүүдэд заасныг баримтлан 2016 оны 10-р сарын 04-ны өдөр төрсөн охин Б.*******ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар сар бүр, 11-16-н нас суралцаж байгаа бол 18 насанд хүртэл амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Х.Ба-аас тэтгэлэг гаргуулсугай.

3. Гэр бүлийн хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Л.Мя-д даалгаж, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар тэтгэлэг хүүхдийн хэрэгцээнд зарцуулагдаагүй нь нотлогдвол тэтгэлэг төлөгч түүнийг зориулалтаар нь зарцуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж болохыг дурдсугай.

4. Шийдвэрийг биелүүлэхдээ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээний өөрчлөлтийг харгалзахыг Шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагад даалгасугай.

5. Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 26.2 дахь хэсэгт зааснаар эцэг, эхийн хүүхдийн өмнө хүлээсэн үүрэг хэвээр үлдэхийг дурдаж, мөн зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар тэдний хэн нэг нь нөгөөдөө үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахыг хориглосугай.

6. Монгол улсын Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5-р зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хүүхэд эцэг эхтэйгээ байнгын харилцаатай байх эрхтэй болохыг дурдсугай.

7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 07 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30182 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Ба-аас

8. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

9. Нэхэмжлэгч, хариуцагч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ