Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 2023/ШЦТ/198

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг,

улсын яллагч Л.Наранхүү,

хохирогч Г.С, түүний өмгөөлөгч Ш.Амарбаяр,

шүүгдэгч Э.О, түүний өмгөөлөгч Ч.Баднайнямбуу нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар, Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.От холбогдох эрүүгийн 2334000000105 дугаартай хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2003 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эмээ, ахын хамт Төв аймгийн Зуунмод сумын Нацагдорж 5 дугаар багийн 5 дугаар гудамжны 2 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Э.О /РД:НЭ03282610/.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.О нь 2023 оны 02 дугаар сарын 14-ээс 15-нд шилжих шөнө Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах тамхины бөөний дэлгүүрийн гадна иргэн Г.Сүхлхагвыг үл ялих зүйлээр шалтаглан зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Э.О нь: “Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн, зөв. Нэмж хэлэх зүйлгүй” гэв.

Хохирогч Г.С нь: “Одоогоор биеийн байдал минь арай гайгүй болж байгаа. Ирэх жил дахиж хагалгаанд орно гэсэн, түүнийхээ зардлыг л нэхэмжилмээр байна. Анх уучлалт гуйгаад ирэхэд нь эмнэлэгт хэвтүүлээд хагалгаанд оруулаад өг гэхэд заа гээд л явсан. Би өдөржингөө эмнэлгийн гадаа хүлээсэн, сүүлдээ утсаа ч аваагүй” гэв.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн 2334000000105 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

 

Шүүгдэгч Э.О нь 2023 оны 02 дугаар сарын 14-ээс 15-нд шилжих шөнө Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах тамхины бөөний дэлгүүрийн гадна иргэн Г.Сүхлхагвыг үл ялих зүйлээр шалтаглан зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

-Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 4-5 тал/,

-Хохирогч Г.Сүхлхагвын “...Би 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хот ороод найз болох н.Сэр-Одтой уулзаад Төв аймгийн Зуунмод суманд ирсэн. Ирээд гэрийн гадаа машинаа тавьчхаад найз н.Сэр-Одын хамт Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багт барлах Хүрд нэртэй бааранд пиво уугаад суусан. Сууж байгаад би хэсэг унтаад сэртэл манай найз н.Сэр-Од байхгүй болсон байхаар нь гайхаад гараад хартал н.Сэр-Од баарны гадаа үл таних 2 эрэгтэй, 2 эмэгтэй хүнтэй зогсож байсан. Тэгэхээр нь би н.Сэр-Одод хандан чи хайччихваа гэтэл н.Сэр-Од энэ хүүхэн нүд рүү гараа хийчихлээ гээд хоорондоо юм яриад байж байсан. Тэгээд бид нар бүгдээрээ буцаж ороод хэсэг сууж байгаад баар хаах болоод тухайн хажуу талын ширээн дээр сууж байсан хүмүүсийн эхнэр нөхөр хоёр гараад явсан. Н.Сэр-Од бид хоёр тооцоогоо хийгээд хажуу ширээний хүүхэд залуу хоёртой гараад танилцаад юм яриад явж байтал нөгөө хүүхэн залуу хоёр бид хоёр Дархан-Уул аймгаас найз дээрээ ирсэн 2 найз маань явчихлаа бид хоёр хонох газар байхгүй аймгаас гарах гэсэн юм хаашаа явах вэ гээд асууж байсан. н.Сэр-Од бид хоёр тухайн хүүхэн, залуу хоёрт хандан та хоёр машинаа барьж болохгүй хоноод яваа гэж хэлээд машин дээрээ очоод би урд талын жолоочийн суудал дээр манай найз н.Сэр-Од жолоочийн хажуу талын суудал дээр нөгөө хүүхэн залуу хоёр хойд суудал дээр суусан. Машинд суугаад юм яриад сууж байтал баарнаас түрүүлж гарсан хүүхэн залуу хоёр ирээд машины хойд талын суудал дээр сууснаа гарч ирээд н.Сэр-Од бид хоёр руу дайраад уурлаад байсан. Тэгээд бид нар машинаас буугаад хоорондоо маргалдаад юм яриад байж байгаад сүүлд ирсэн хүүхэн залуу хоёрын залуутай нь би барилцаж аваад бид хоёр Хүрд баарны баруун талаас урагшаа тамхины бөөний дэлгүүр тал руу яваад дэлгүүрийн урд талд очоод хоорондоо муудалцаад байж байтал зүүн талаас гэнэт танихгүй хоёр залуу гүйж гарч ирээд нэг залуу учир зүггүй намайг нүүр рүү цохиж унагаагаад унасан байхад нүүр хэсэг рүү өшиглөсөн. Мөн нуруу руу өшиглөсөн. Тэгээд би газар хэвтээд байж байтал нөгөө залуучууд бүгдээрээ зугтаагаад явцгаасан. Над дээр манай найз н.Сэр-Од ирээд би боссон. Бостол миний хамар болон завж хэсгээс цус гараад нүүр хавдсан байхаар нь н.Сэр-Од бид хоёр хамт эмнэлэгт очиж үзүүлээд анхны тусламж аваад гэртээ харьж унтсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 тал/,

-Гэрч Н.Сэр-Одын “...2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр найз болох Г.Стай Улаанбаатар хотод уулзаад Төв аймгийн Зуунмод суманд ирээд Г.Сүхлхагвын гэрийн гадаа машиныг нь хучиж тавиад 20 цаг өнгөрөөгөөд Төв аймгийн Зуунмод сумын 1-р багт байрлах Хүрд нэртэй бааранд ороод Г.С найзын хамт суугаад тус бүр 3 ширхэг лаазтай пиво уусан. Анх ороход тухайн Хүрд нэртэй бааранд хүн байгаагүй Г.С бид хоёр нэлээн суугаад байж байтал гаднаас үл таних 2 залуу, 2 эмэгтэй нийт 4 хүн орж ирээд архи аваад сууж байгаа харагдсан. Хэсэг хугацааны дараа нөгөө орж ирсэн 2 залуу, 2 эмэгтэй хоорондоо маргалдаад байх шиг байсан. Тэгээд машинаа барьж явна гээд байхаар нь манай найз Г.С манай Төв аймаг цагдаа ихтэй та нар согтуу машин жолоодож болохгүй та нар буудалд хонохгүй юу гэтэл машины эзэн болох нэг залуу нь ахаа эхнэр бид хоёр мөнгө байдаггүй өнөөдөр Дархан-Уул аймгаас эхнэртэйгээ хоёр найз дээрээ ирсэн юм. Тэгтэл манай хоёр найз муухай зан гаргаад байна гэж байсан. Тэгтэл манай найз Г.С нөгөө хоёр найзад нь хандан та хоёр хүнийг хаа байсан Дархнаас авчирчхаад ингэж муухай зан гаргаж болохгүй гээд бүгдээрээ хамт гараад дархнаас ирсэн гэх залуугийн цагаан өнгийн приус-20 маркийн тээврийн хэрэгсэлд манай найз Г.С болон дархнаас ирсэн гэх залуугийн эхнэр бид 4 суусан. Машинд суугаад байж байтал нөгөө эрэгтэй эмэгтэй хоёр найз нь ирээд Дархнаас ирсэн хоёр найзтайгаа маргаад байсан. Мөн манай найз Г.Стай юм яриад машинаас буугаад явсан. Тэгтэл цаад талаас буюу тамхины бөөний төвийн зүгээс гэнэт хоёр залуу гарч ирээд манай найз Г.Сүхлхагвыг унагаагаад зодсон. Тэгэхээр нь би гүйж очоод зууралдахад намайг бас унагаагаад, тэгээд зугтаагаад машиндаа суугаад бүгдээрээ явцгаасан. Тэгээд би найз Г.С дээр очиход манай найз зам дээр унасан, цус нь гоожсон байсан. Би өргө босгоод бид хоёр алхаад эмнэлэгт очиж үзүүлсэн. Эмнэлэг дээр очиж үзүүлчхээд би Г.Сүхлхагвыг гэрт нь хүргэж өгөөд явсан. Эмнэлэгт үзүүлэхэд одоо зураг авхуулах боломжгүй байна, маргааш өглөө ирж зургаа авхуул, мөн цагдаад ханд гэж хэлсэн. Тэгээд 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр манай найз Г.С эмнэлэгт үзүүлээд толгойдоо гэмтэл авсан байна гээд эмнэлэгт хэвтсэн. МӨн цагдаад өргөдөл гаргаж хандсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 тал/,

-Гэрч Э.Алтангэрэлийн “...н.Доржсүрэн бид хоёр ширээн дээр сууж байхад хажуу талын ширээн дээр сууж байсан хоёр ах гараад явсан. Тэгтэл манай эхнэр орж ирээд түрүүний хоёр залуу мөнгө байна, буудалд оръё, явах уу гээд байна гэхээр нь манай эхнэр н.Мөнхсувд нүүрийг нь маажчихаад ороод ирлээ гэж хэлсэн. Тэгээд нөгөө хоёр ах гаднаас орж ирэхээр нь эхнэр бид хоёр зөрөөд н.Доржсүрэн, н.Туул нарыг үлдээгээд явлаа гээд гараад явсан. Эхнэр бид хоёр баарнаас гараад Андууд захын урд талын засмал руу алхаж байтал унаа олдохгүй байхаар нь буцаад найз н.Доржсүрэнгийн машин дээр очиход н.Доржсүрэн, н.Туул нар машиныхаа ард талын суудал дээр суусан, харин нөгөө хоёр ах урд талын суудал дээр нь суучихсан байхаар нь эхнэрийн хамт ард талын суудал дээр суусан. Тэгэхээр нь би согтуу машины жолоон дээр сууж болохгүй цагдаа дууд гэж хэлээд машинаас гараад цагдаа гээд орилсон. Тэгтэл хар өнгийн хувцастай ах гарч ирээд чи цагдаа дууддаг хэн бэ, яасан овоо бацаан бэ гээд намайг заамдаад хоёулаа ийшлэе гээд бид урагшаа тамхины бөөний дэлгүүрийн тийшээ яваад хоорондоо барилцаад байж байтал нөгөө ах араас хүрээд ирсэн. Тэгээд бид гурав байж байтал гэнэт тамхины бөөний дэлгүүр талаас танихгүй хоёр залуу гарч ирээд нөгөө хоёр ахыг зодсон.- Нэгийг нь газар унагаагаад зодсон. Би тухайн улаан хувцастай ахыг манай эхнэрийг явах уу гэсэн болохоор нь уур хүрээд цохисон. Тэгээд би цаашаа яваад эхнэрийн хамт найз н.Доржсүрэнгийн машинд суугаад явсан. Нөгөө хоёр залуу хайчсан эсэхийг нь мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 тал/,

-Гэрч П.Мөнхсувдын “...дотор сууж байсан хоёр залуугийн нэг нь араас гарч ирээд хамт тамхи татсан. Тэгээд юм ярьж байгаад гурвуулаа гарах уу, надад мөнгө байгаа гээд байхаар нь уурлаад барилцаж аваад хүзүүг нь хумсаараа маажсан. Тэгтэл дотроос манай нөхөр гарч ирээд намайг салгаж авсан. Тэгээд манай хоёр найз түрүүлээд гараад явсан. Мөн нөгөө хоёр залуу хамт гарсан. Нөхөр бид хоёр тооцоо хийгээд үлдээд тооцоогүй хийж чадахгүй интернет банк болохгүй болохоор нь утсаа үлдээгээд гараад явсан. Нөхөр бид хоёр гарч яваад унаа олдохгүй байхаар нь буцаад явж байтал манай найзын цагаан өнгийн приус-20 маркийн машин зогсож байхаар нь нөхөр бид хоёр очиход манай хоёр найз машиныхаа ар талын суудал дээр нөгөө хоёр ах урд талын суудал дээр сууж байсан. Тэгэхээр нь би урд талын хаалгыг онгойлгоод та хоёр юу хийж байгаа юм хүний машинаас буугаач гэж хэлээд буулгасан. Нэг ах нь буухдаа найзын машины түлхүүр аваад буусан байхаар нь манай найз н.Туул түлхүүрээ авах гээд гарыг нь татсан чинь улаан хувцастай ахын халааснаас хутга гараад ирлээ гэж байсан. Тэгээд нөгөө хоёр ахын нэг хар хувцастай ах нь манай нөхрийг нааш ир хоёулаа ийшлэе гээд дуудаад манай нөхөртэй хамт урагшаа яваад ноцолдоод байсан. Тэр хоёрын араас нөгөө нэг ах нь явж очоод маргалдаад ноцолдоод байсан. Би тэр үед машины хажууд зогсож байтал манай нөхөр зугтаагаад өөр танихгүй хоёр залуутай гарч ирээд нөхөр бид хоёр найз н.Туулын нөхрийн машинд суугаад бид дөрөв хөдлөөд явсан. Нөгөө хоёр танихгүй зулаа тэндээсээ салаад явсан. Мөн бааран дотор байсан хоёр залуу тамхины бөөний дэлгүүрийн урд талд үлдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 тал/,

-Гэрч С.Доржсамбуугийн “...Хэсэг сууж байгаад би найз болох н.Алтангэрэлтэй тамхи татах гээд гараад тамхи татаж байхад хажуу ширээнд сууж байсан улаан өнгийн куртиктэй ах мөн тамхи татаж байхаар нь бид танилцаад ойр зуурын юм яриад зогсож байтал н.Алтангэрэлийн эхнэр н.Мөнхсувд гарч ирээд шууд миний нөхрийг яагаад байгаа юм гээд улаан куртиктэй ах руу дайраад нүд рүү нь гараа хийчих шиг болсон. Тэгээд би салгаад цаашаа оруулаад улаан куртиктэй ахаас уучлалт гуйгаад нөгөө ах тийм юм байхгүй өөрөөр нь уучлалт гуйлга гээд бид нар дотогш ороод сууцгаасан н.Мөнхсувд ойлгохгүй агсраад байсан. Тэгээд нөхөртэйгээ муудалцаад агсраад гараад явтал нөхөр нь араас нь гараад явсан. Тэгээд баар хаах болоод хажуу талын ширээнд сууж байсан хоёр ахтай манай эхнэр бид хоёр хамт гараад машин дээр очоод би эхнэртэйгээ хойд талын суудал дээр нөгөөх хоёр ах урд талын суудал дээр суугаад юм яриад байж байтал н.Алтангэрэл, н.Мөнхсувд хоёр хүрээд ирсэн. Ирээд н.Мөнхсувд нөгөө ахыг та хоёр хүний машинд суучихсан яасан даварсан юм гэтэл урд сууж байсан хар өнгийн куртиктэй ах чамд ямар хамаатай юм гээд машинаас буугаад н.Мөнхсувдтай муудалцсан. Тэгээд бид нар бүгдээрээ машинаас буутал хар өнгийн куртиктэй ах н.Мөнхсувдыг цохитол нөхөр нь өмөөрөөд дундуур нь ороод н.Алтангэрэл тухайн хар куртиктэй ахтай муудалцаад урагшаа зам дагаад яваад өгсөн. Бид нар үлдээд юм яриад байж байтал нөгөө улаан өнгийн куртиктэй ах н.Алтангэрэл болон хар өнгийн куртиктэй ах хоёрын араас явсан. Би үлдээд зохицуулаадхая гээд араас нь очих гээд явж байтал цаанаас танихгүй хоёр хүүхэд гарч ирээд хар хувцастай ахыг зодоод газар унагаагаад бужигнаад зодолдоод байсан. Тэгээд миний урдаас гүйж ирээд над руу дайрахаар нь би ямар ч хамаагүй шүү гэтэл хажууд зогсож байсан улаан өнгийн куртиктэй ахыг цохиод газар унагаагаар нь би салгасан. Гэтэл нөгөө хоёр хүүхэд цаашаа гүйгээд алга болсон. н.Алтангэрэл тухайн үед мөн улаан өнгийн куртиктэй ах руу дайраад байхаар нь би салгаад цаашаа машин руу яваад машиндаа суулгаад эхнэр бид дөрөв яваад өгсөн. Нөгөө улаан куртиктэй ах газар хэвтэж байсан найз руугаа явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 тал/,

-Гэрч С.Туулын “...Дараа нь 0.5 литрийн архи авсан. Сууж байгаад нөхөр бид хоёр гадаа гараад тамхи татаад сууж байтал хажуу ширээний улаан өнгийн куртиктэй ах мөн тамхи татаж байж байтал манай найз н.Мөнхсувд гарч ирээд улаан куртиктэй ах руу дайраад муудалцаад нүүрийг маажсан. Тэгээд бид нар дотогшоо ороод байж байгаад н.Мөнхсувд уурлаад түрүүлээд гараад явсан. Нөхөр нь араас нь гараад явсан. Манай нөхөр н.Доржсамбуу бид хоёр нөгөө ахтай юм яриад үлдсэн. Тэгээд баар хаах болоод нөгөө хоёр ахтай нөхөр бид хоёр хамт гараад манай машин дээр очоод нөхөр бид хоёр хойд талын суудал дээр суугаад, нөгөө хоёр ах урд талын суудал дээр суугаад бид нар танилцаад юм яриад сууж байтал н.Алтангэрэл, н.Мөнхсувд хоёр хүрээд ирсэн. Ирээд н.Алтангэрэл, н.Мөнхсувд хоёр нөгөө хоёр ахад хандан та хоёр хүний машины урд суудаг хэн бэ гээд уурлаад машинаас буу гэсэн. Гэтэл нөгөө хоёр ах та хоёртой үзье гээд машинаас буусан. Нөхөр бид хоёр ман машинаас буусан. Хар өнгийн куртиктэй ах н.Мөнхсувд хоёр муудалцаад барилцаж аваад мөн Алтангэрэл болон улаан куртиктэй ах хоёр хоорондоо муудалцаад байхаар нь нөхөр бид хоёр салгах хооронд хар өнгийн куртиктэй ах нэг мэдэхэд н.Алтангэрэлтэй муудалцаад барилцаж аваад цаашаа явж байсан. Тэр хоёрын араас улаан куртиктэй ах яваад түүний араас манай нөхөр бид хоёр болон н.Мөнхсувд бид очих гээд явж байтал нөгөө талаас нь танихгүй хоёр залуу гүйж ирээд н.Анхаа ахыг зоддог хэн бэ та нар гээд хар өнгийг куртиктэй ахыг нүүр нүдгүй зодоод газар унагаасан. Тэгээд улаан куртиктэй ах руу дайраад газар унагаатал манай нөхөр салгаад улаан куртиктэй ахыг босгож ирсэн. Гэтэл нөгөө хоёр залуу зугтаагаад гүйгээд алга болсон. Тэгээд бид дөрөв машиндаа суугаад хөдлөөд явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 тал/,

-Гэрч Ц.Баяржавхлангийн “...2023 оны 02 дугаар сарын 14-с 15-нд шилжих шөнө найз Э.Оын хамт Төв аймгийн Зуунмод сумын төвд явж байтал тамхины бөөний дэлгүүрийн урд талд хэдэн залуучууд муудалцаад авраарай, туслаарай гээд хашгираад байхаар нь Э.О бид хоёр гүйж очиход Э.Оын танил болох ах нь байсан. Тэгээд тухайн хүмүүсийг салгах гэтэл манай Э.Оыг хальт мөргөх гэхээр нь Э.О хойшоо толгойгоо татаад Э.О зөрүүлээд хар өнгийн куртиктэй ахыг цохиж унагаасан. Би тэр үед нөгөө улаан куртиктэй ах болон Э.Оын танил ах хоёр дээр ирээд барилцаж аваад салсан. Тэгээд Э.О бид хоёр зугтаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 тал/,

-Шүүгдэгч Э.Оын гэрчээр өгсөн “...2023 оны 02 дугаар сарын 14-с 15-нд шилжих шөнө 01 цагийн үед найзуудтайгаа уулзаад Төв аймгийн Зуунмод сумын төвд Андууд захын урд талд явж байгаад танил болох н.Анхаа ах эхнэртэйгээ явж байсан. Тэгээд хальт уулзаад салаад явсан. Андууд захаас урагшаа зам дагаж явж байгаад нэг найз маань салаад түрүүлээд явсан. Харин н.Баяржавхлан бид хоёр урагшаа зам дагаад явж байтал баруун гар талд буюу тамхины бөөний дэлгүүрийн хажуу талд хүмүүс зодолдоод хашгираад байхаар нь н.Баяржавхлан бид хоёр салгах гэж гүйж очиход өмнө нь таарсан танил болох н.Анхаа  ах байсан. Тэгээд ахыг нь зодоод байна гэхээр нь н.Баяржавхлан бид хоёр н.Анхаа ахыг өмөөрөөд хар өнгийн куртиктэй ахыг би цохиж унагаагаад дээрээс нь хэд хэд өшиглөсөн юм. Тэгээд нөгөө улаан өнгийн куртиктэй ахыг араас нь хөөж байгаад болиод н.Баяржавхлан бид хоёр зугтаагаад гүйгээд явсан. Тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 тал/,

-Төв аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 112 дугаартай “...Г.Сүхлхагвын биед гайморын хана, зүүн эрүү, зүүн хацар, зүүн ухархайн хананы хугарал, дух, баруун ташаа, цээжинд зулгаралт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, зүүн ташаа, баруун шуунд цус хуралт, баруун, зүүн нүдний зовхи, хамар, зүүн хацарт зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар алдагдуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 34-36 тал/,

-Шүүгдэгч Э.Оын яллагдагчаар өгсөн “...Би уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Ямар хэрэгт яллагдагчаар татагдсанаа ойлгож мэдсэн..., ...Би одоогоор Г.Сд эмчилгээний зардал 2.000.000 төгрөг өгсөн байгаа. Бусад төлбөрийг барагдуулах болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 48 тал/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч Э.О нь хохирогч Г.Стай үл ялих зүйлээр шалтаглан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон гэж үзсэн.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн шүүгдэгч Э.Оыг гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч маргадаггүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаараа илэрхийлдэг.

Учир нь шүүгдэгч Э.О нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлтүүд, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг гэм буруутай гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.

 

Өөрөөр хэлбэл гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч Э.О нь дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ илэрхийлдэг.

           

Прокуророос шүүгдэгч Э.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан...” гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.

 

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,

мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.

 

Шүүгдэгч Э.Оын холбогдсон тухайн гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд шүүгдэгч Э.О нь хохирогч Г.Сүхлхагвыг зодох сэдэлт, санаа зорилго төрж, улмаар хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодсон байна.

 

Эрүүгийн хуульд хуульчлагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэг нь гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь заавал учирсан байхыг шаардсан материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

 

Гэхдээ хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй болгон гэмт хэрэгт тооцогдохгүй.

Учир нь нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь учраагүй бол Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж, зодсон бол” гэсэн зөрчлийн хэрэг болно.

 

Энэ хэргийн тухайд шүүгдэгч Э.О нь хохирогч Г.Сүхлхагвыг зодсоны улмаас хүндэвтэр гэмтэл буюу хүндэвтэр хохирол учирснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан, материаллаг бүрэлдэхүүнтэй, төгссөн гэмт хэрэг болж байна.

 

Тэрээр хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодож, цохиж буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, хохирогчийн биед гайморын хана, зүүн эрүү, зүүн хацар, зүүн ухархайн хананы хугарал, дух, баруун ташаа, цээжинд зулгаралт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, зүүн ташаа, баруун шуунд цус хуралт, баруун, зүүн нүдний зовхи, хамар, зүүн хацарт зөөлөн эдийн няцралт бүхий хүндэвтэр гэмтэл учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учирсан хүндэвтэр гэмтэл нь шүүгдэгчийн санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Э.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:  

            Улсын яллагч Л.Наранхүүгээс: “Шүүгдэгч Э.О нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.200.000 төгрөгөөр торгох ялын саналыг гаргаж байна” гэх ялын дүгнэлтийг,

           

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Баднайнямбуугаас: “Эрүүгийн хариуцлагын хувьд хөнгөрүүлэх нөхцөл байдлыг шүүхээс харгалзаж үзнэ үү гэж хүсэж байна. Миний үйлчлүүлэгч өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрийг тодорхой хэмжээгээр төлсөн. Үлдсэн хохирол төлбөрийг ажил хөдөлмөр эрхлээд төлөхөө илэрхийлж байгаа. Мөн таньдаг хүнийг нь цохиж, зодож байсан үйлдлийн харж өмөөрөх байдлаар буюу хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлууд байгаа. Мөн гэм буруу дээрээ маргахгүй, өнөөдрийг хүртэл хүлээн зөвшөөрөөд явж байгаа. Ажил хөдөлмөрийн хувьд Улаанбаатар, Төв аймаг хоёрын хооронд зорчиж барилга эрхэлдэг. Барилгын ажил нь улирлын чанартай тул 5 сараас эхэлж байгаа. Иймд ажил хөдөлмөр эрхлэх боломжоор хангаж өгнө үү. Энэ ч нь бас хохирогчийн хохирол төлбөрийг төлөхөд ач холбогдолтой юм. Улсын яллагчийн санал болгосноор торгох ял оногдуулж өгнө үү. Энэ гэмт хэрэгт оногдуулах ял нь 3 төрлийн санкцтай. Торгохоос бусад төрлийн ял оногдуулсан тохиолдолд хөдөлмөр эрхлэх, орлого олох боломж нь хязгаарлагдах эрсдэл үүсэх тул дээрх нөхцөл байдлуудыг харгалзан торгох ялаар шийтгэж өгнө үү” гэх дүгнэлтийг,

            Хохирогчийн өмгөөлөгч Ш.Амарбаяраас: “Миний үйлчлүүлэгч хагалгаанд орохдоо хүнээс хүүтэй мөнгө зээлж орсон. Энэ мөнгөний хүү өнөөдрийг хүртэл бодогдоод явж байгаа. Ийм байхад би нөхөн төлнө өө гэж байна. Дараа нь шийдвэр гүйцэтгэлийн ажил бас яаж явах юм бүрхэг. Миний үйлчлүүлэгчийн хохирсон нөхцөл байдал бол арилахгүй өнөөдрийг хүртэл явж байна. Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс хохирол төлбөртэй асуудал дээр гомдолтой байна. Ял шийтгэлийн хувьд хэлэх саналгүй” гэх дүгнэлтийг тус тус гаргасан байна.

 

Шүүгдэгч Э.Оын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “...дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял” оногдуулах сонгомол санкцтай гэмт хэрэг байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасан байх ба шүүгдэгч Э.О нь тохиолдлын шинжтэй хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мөрдөн байцаалтын, прокурорын, шүүхийн шатанд гэм буруу дээрээ маргаж мэтгэлцдэггүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн байдал, хохирол төлсөн байдал, нөхөн төлөхөө илэрхийлсэн, хувийн байдал зэргийг харгалзсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж тус тус заасан хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.200 /нэг мянга зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Э.От торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж зэргийг харгалзан хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзэж,  

 

Шүүгдэгч Э.От оногдуулсан 1.200 /нэг мянга зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд буюу шүүхээс тогтоосон дээрх 90 /ер/ хоног буюу 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэх зүйтэй байна

 

Шүүх шүүгдэгч Э.От эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, анхнаасаа буюу мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд гэм буруу дээрээ маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж хүний эрүүл мэндэд шууд учирсан үр дагавар болох эмчилгээний зардлыг төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хохирол хор уршиг, бусад асуудлын талаар:

            Шүүгдэгч Э.Оын гэм буруугийн санаатай үйлдлийн улмаас хохирогч Г.Сүхлхагвын эрүүл мэндэд “гайморын хана, зүүн эрүү, зүүн хацар, зүүн ухархайн хананы хугарал, дух, баруун ташаа, цээжинд зулгаралт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, зүүн ташаа, баруун шуунд цус хуралт, баруун, зүүн нүдний зовхи, хамар, зүүн хацарт зөөлөн эдийн няцралт” бүхий хүндэвтэр хохирол учирчээ.

            Шүүгдэгч Э.Оаас хохирогч Г.С нь мөрдөн байцаалтын шатан болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нийт 7.584.413 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас шүүгдэгч Э.О нь мөрдөн байцаалтын шатанд 1.800.000 төгрөгийг нөхөн төлсөнг, хохирогч Г.С нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,

            Шүүгдэгч Э.О нь хохирогчид учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт “ гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах” гэж зааснаар шүүгдэгч Э.О хохирогч Г.Сд гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн хохирлын үлдэх 5.784.412 төгрөгийг 2023 оны 07 дугаар сарын 01-ний дотор арилгах үүрэг хүлээлгэх нь зүйтэй.

 

            Эрүүгийн 2334000000105 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг “CD”-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэргийн хамт хадгалж, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.О нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Э.Оыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Шүүгдэгч Э.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.200 /нэг мянга хоёр зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.От оногдуулсан 1.200 /нэг мянга хоёр зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1,2,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.О нь хохирогч Г.Сд 1.800.000 төгрөгийг төлсөнг, шүүгдэгч Э.Оаас 5.784.412 гаргуулж, хохирогч Г.Сд олгож, хохирогч Г.С нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Э.От хохирогч Г.Сд гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн үлдэх хохирол болох 5.784.412 төгрөгийг 2023 оны 07 дугаар сарын 01-ний дотор арилгах үүрэг болгосугай.

 

6. Эрүүгийн 2334000000105 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2334000000105 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг “CD-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэргийн хамт хадгалж, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Э.О нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

8.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор  шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

10.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ю.ЭНХМАА