| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 140/2018/00399/И |
| Дугаар | 142 |
| Огноо | 2019-04-03 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 142
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.*******, нэхэмжлэгч Н.Ба-, хариуцагч Ц.Тө- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийж, Н.Ба-гийн нэхэмжлэлтэй Ц.Тө-т холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгө хуваалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух ******* овогт На-ийн Ба- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2012 оны 05 сарын 30-нд *******ийн Тө-тай гэр бүл болоход хүү Жа-(5настай) намайг дагаж ирснээс хойш гэр бүлийн дунд зөрчилдөөн үүсч, даймжирч Ц.Тө- салах нууц бодол тээж байгаа шалтгаан нь 2016 он хүртэл амьдарсан амьдрал цэглэж, өөр шинэ амьдрал зохион хамт амьдарч байгаа хүнийг нь тодруулж гэр бүлийн баталгаа салгуулж өгнө үү.
Гэр бүлийн дундын хөрөнгө, гэр, 4 тал хашаа, ******* ЗАА дугаартай Бонго пронтер авто машин зэргийг Тө- ээж Бя-ын нэр дээр шилжүүлж залилан хуурсан учир гэр бүлийн тоогоор 4 хувааж өгнө үү.
Хамт амьдарч байх хугацааны 2013.12.26 хүү Тө-ын Мө- төрсөн учир 18 нас хүртэл нь хүүхдийн тэтгэмж төлүүлж амьдралд минь гүн туслалцаа үзүүлнэ үү.
Гэр бүлийн хүчирхийлэл, дарамт, зодуур, хүчиндэлт, доромжлол хэрүүлд тэсэхээ больж *******ийн арын ******* нарын контенарын хашааны ******* хийж байхад зориуд гэр буулгаж ачаад явахад миний бие Ба- хүүхэд Мө-тай буурин дээрээ хаягдаж, харуулын ажлаа хийж байхад Ц.Тө- шөнө ирж хаалга нүдэж, хүүхэд аваад ирлээ хаалгаа, ******* ах нь байна аяга авах гэсийн, хаалгаа миний дүү гэх зэргээр хуурч удаа дараа, олон удаа, хүчиндэж хохироогоод байхаар нь харуулын(*******) ажлаа хүлээлгэж өгч(амбаарт байрлаж байсан) хүргэн ахын хашаанд нүүж, ээжийн гэрийг барьж амьдарснаас хойш энэ дарамт, доромжлол, хүчирхийлэлээс ангижирсан юм. Миний мие Н.Ба- нь амьдрахын эрхээр Улаанбаатар хот орж том хүү Жа- 2-р сургуульд 5-р ангид суралцуулж байгаа. Бага хүү цэцэрлэгт хүмүүжүүлж байгаа. Миний бие Н.Ба- СӨХ-д үйлчилгээний ажил эрхэлж байгаад түр 14 хоногийн чөлөөтэй ирсэн тул богино хугацаанд шүүхийн шийдвэр гаргаж өгч ажил амьдрал хүүхдүүдийн сургууль, соёлд нь гүн туслалцаа үзүүлж өгнө үү.
Иймд гэр бүлийн баталгаа салгуулах, гэр бүлийн дундын хөрөнгө болох 6 ханатай гэр, 4 тал хашаа, ЗАА бонго пронтер авто машин зэргийг 4 хүний тоогоор хуваалгах, хоёр хүүхэддээ тэтгэлэг тогтоолгохоор танай шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
Хариуцагч Завхан аймгийн ******* сумын багт оршин суух овогт *******ийн Тө- шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Танай шүүхэд Н.Ба-гийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.
Миний хувьд Ба-г зодож нүдсэн асуудал байхгүй. Харин өөрөө хот шилжин явсан. Миний хувьд гэр бүл салах шалтгаан байхгүй учир зөвшөөрөхгүй. Би хүүхдүүдээ өнчрүүлэх сонирхолгүй байна. Би цаашид эвлэрч хамтран амьдрах хүсэлтэй байна. Энэ хүсэлтийг минь хангаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Н.Ба- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2012 онд Ц.Тө-тай гэр бүл болж бага хүүгээ 2013 онд төрүүлсэн. Би нөхөртэйгээ суухдаа дагавар хүүхэдтэй байсан. Ц.Тө- намайг хайрлана, хоёулаа болно, бүтнэ, амьдарна гээд суусан. Суусан цагаасаа хойш Ц.Тө- нь миний дагавар хүүг болон намайг хэлэх хэлэхгүй үгээр доромжилж, зодож дарамталдаг болсон. Ц.Тө- өөрийнхөө хүүг хүртэл бүдүүлэг үг хэллэгээр хэлж доромжилдог байсан. Ер нь нөхөр хүнийхээ, эцэг хүнийхээ үүргийг биелүүлдэггүй, ажил хийж амьдарлаа залгуулдаггүй юм. Би энэ хүний дарамтаас болж удаа дараа шүүхэд хандаж, эвлэрүүлэн зуучлал дээр эвлэрч байсан боловч энэ хүний удаа дараагийн ааш занг тэвчихгүй учир гэр бүлээ цуцлуулж, бага хүүхдээ өөрийн асрамждаа авч, хүүхэддээ тэтгэлэг тогтоолгох, эд хөрөнгөө хуваалгах хүсэлтэй байна гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Н.Ба- нь гэрлэлтээ цуцлуулах, хүүхдүүдээ өөрийн асрамжиндаа авах, дундын эд хөрөнгө хуваалгах тухай нэхэмжлэл гаргасан. Н.Ба-гийн хувьд эвлэрэх боломжгүй гэж үзэж байгаа яагаад гэхээр 2016 он болон 2018 онд эвлэрүүлэн зуучлалаар яваад эвлэрээгүй. Энэ хугацаанд хоёр тал эвлэрээгүй учраас эвлэрэх боломжгүй гэж үзэж байна. Хариуцагч Н.Ба-г зодож дарамтладаг, эдийн засгийн эрх чөлөөг нь хязгаарлаж, авсан цалингаа өөртөө зарцуулахыг нь хаадаг, хүүхдүүдтэйгээ ширүүн харьцдаг, ажил хийж амьжиргаагаа дэмждэггүй, эцэг хүний үүргийн ухамсарладаггүй зэрэг шалтгаанаас үүдээд гэрлэлтээ цуцлуулах болсон. Том хүү нь эмээ дээрээ байдаг. Ц.Тө-, Н.Ба- хоёрын дундаас гарсан бага хүү Мө- нь төрсөн цагаасаа эхлээд эх Н.Ба- дээр байгаа. Ц.Тө-ын хувьд ажил хийдэггүй хааяа портер машинаараа гадуур хар ажил хийдэг. Н.Ба-гийн хувьд холбооны газар болон нийтийн байранд үйлчлэгч хийдэг. Энэ ажил нь өглөө эрт эхлээд дуусчихдаг учраас үдээс хойш нь гэрийнхээ гадаа түргэн үйлчилгээний цэг ажиллуулж орлого олдог. Тийм учраас Н.Ба- нь хүүхдүүдээ өөрийнхөө асрамжинд тэжээгээд аваад явах бүрэн боломжтой. Эд хөрөнгийн хувьд бол Ба- гэр болон 4 тал хашаагаа авах, гэр доторх эд хөрөнгийн өгнө гэвэл авна, өгөхгүй гэвэл авахгүй. Портер авто машиныг Ц.Тө-т үлдээнэ. Гэрлэлтээ цуцлуулж, бага хүү өөрийн асрамжид авч, хүүхэддээ тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардалаа бүрэн дэмжиж байна гэв.
Хариуцагч Ц.Тө- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Ба-тай 2012 онд айл орон болсон. Айл орон болсон жилээ хадам ээжийнхээ хашаанд өвөлжиж байсан. 2014 онд манайх хашаа худалдан авч хойшоо хашаандаа нүүж очсон. 2013 онд хүү Мө- маань төрж байсан. 2014 онд гэр бүлийн маргаан гарсан, яагаад гэр бүлийн маргаан гарсан юм бэ гэвэл манай хүн ажил хийж байна гээд шөнийн 4, 5 цаг хүртэл яваад ирдэггүй байсан. Гэтэл өөр хүнтэй явалддаг байсан юм шиг байгаа юм. Надаас өмнө тийм байсан байх би тэрийг нь сайн мэдэхгүй. Энэ хүн миний анхны хань маань л байгаа юм. Тэгээд гэр бүлийн таагүй харилцаанаас болоод цагдаа дээр очиж байсан. Манайх 2015 оны намар 10-р сарын 15-нд баруун бүсийн захын манаачаар бууж байсан. Н.Ба-гийн дүү Н. тэр жил манайд өвөлжсөн. Н. ингэж өвөлжихдөө гэр бүл үймүүлдэг байсан. Хүүхэд айлгадаг байсан, намайг шинийн гурванд цохиж авсан тэгээд би ээжийндээ хонож байсан. Би 2016 оны хавар ямаа самнахаар ийшээ тийшээ явж байгаад ирсэн. Тэгсэн гэдэг хүн манай хашаанд мод хагалаад зогсож байсан. Тэгэхэд тэр хүнтэй анх таарсан. Энэ юун хүн бэ? гэсэн чинь намайг зорьж яваа хүн чамд хамаа байхгүй гэж Ба- хэлсэн. Дараа нь баруун бүсийн тэнд Ба-, тайгаа явж байхад 2, 3-н удаа таарч байсан. Н.Ба- хажуугаар нь хүнтэй уулзаад дарамтлаад байсан болохоор би харддаг байсан нь үнэн. Хүнийх ч бай өөрийнх ч би хоёр хүүхдээ гадуурхаж үзээгүй. Дагавар хүүхэдтэйгээ бид 4-лээ гэр бүл болоод сайхан амьдарч байсан. Миний тухайд би гэрлэлтээ цуцлуулах шаардлага байхгүй, Н.Ба- болон хоёр хүүхэдтэйгээ цаашдаа хамт амьдрах саналтай байна. Би хүн юу хийж ажиллаж, амьдардаг тэр бүхнийг л хийж амьдарч байсан. Дагавар хүүхдээ гадуурхаж, өөрийнхөө хүүхдийг зодож дарамтлаад байсан зүйл байхгүй. Би хүнийх ч бай, өөрийнх ч бай ялгаагүй л хайрлана гэж боддог. Би энэ хүнийг чи эвлэрлээ гэж дарамтлаж байгаагүй. Энэ хүн гүтгэж байна. Би хүний гүтгэлгэнд ормооргүй байна. Манайх 2016 онд хойшоо нүүж байсан тэр үед би хүүхдээ хараад гэртээ байдаг байсан. Манай хүн ээжтэйгээ байдаг байсан. Тэгээд би нэг удаа чи хүрээд ирээч гэхээр би очихгүй чамтай амьдрахгүй гэдэг байсан. Тэгэхээр нь би тоглож байгаа байлгүй гэж боддог байсан. Тэгээд би хүүхдээ цэцэрлэгт өгөх гээд явсан хойгуур Ба- гэртээ ирээд хамаг юмаа аваад явсан байсан. Бас нэг удаа манайх нүүх өглөө Н. нь Н.Ба- бид хоёрыг цохиж авч байсан. 2014 онд би Н.Ба-г түлхсэн юм тэгээд цагдаа дээр очиж байсан. Тэгээд тухайн үед цагдаад арван таван мянган төгрөгөөр торгоод гарч байсан. Миний бодлоор хоёр хүүхдээ өнчрүүлэхгүй дөрөвүүлээ хамтдаа амьдаръя гэж бодож байсан одоо энэ хүн салъя гээд байгаа бол салъя л гэж бодож байна. Машины хувьд ээжийн нэр дээр авч байсан. Надад байгаа хөрөнгө гэвэл 4-н тал хашаа, 5-н ханатай гэр л байна өөр юм байхгүй. Би хүүхдээ өөр дээрээ аваад өсгөх хүсэлтэй байна. Хоёр хүүхдээ нэг нэгээр нь авъя гэж хэлмээр байна. Би ханийгаа хүрээд ирэх болов уу гэж зөндөө харсан. 2017 онд шүүх хурал болоод манай хүн эвлэрье гээд ирж байсан тэгж ирээд маргааш нь би ээж дээрээ оччихоод ирье гэж хэлээд явсан. Тэрнээс хойш өдий болтол буцаж ирээгүй. Би энэ хүнийг ирэх байх гээд хараад байж байдаг. Нэгэнт энэ хүн ирэхгүй юм чинь гэрлэлтээ цуцлуулъя гэж бодож байна гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Ба- нь Ц.Тө-т холбогдуулан гэрлэлт цуцлуулж, 2 хүүхдээ өөрийн асрамждаа авч, 2 хүүхдийн тэгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгөө 4 хүний тоогоор хуваалгах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Улмаар шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч Н.Ба- нэхэмжлэлийн шаардлагаа гэрлэлт цуцлуулж, бага хүү өөрийн асрамждаа авах, бага хүүхэддээ тэтгэлэг тогтоолгох, 5-н ханатай гэр, 4 тал хашаагаа авах, пронтер бонго маркийн авто машиныг хариуцагчид өгөх гэсэн шаардлагыг гаргаж байна.
Н.Ба-, Ц.Тө- нар нь 2012 оны 05-р сарын 30-ны өдөр гэр бүл болж, 2013 оны 11-р сарын 01-ний өдөр гэрлэлтээ эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн болох нь хэрэгт авагдсан 81 дугаарын гэрлэлтийн гэрчилгээгээр нотлогдож байна.
Гэрлэгчид нь 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүү Т. төрүүлсэн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээгээр тогтоогджээ.
Н.Ба- нь Ц.Тө-ыг бие махбодийн хүчирхийлэл үзүүлж, дарамталдаг учраас хамт амьдрах боломжгүй болж тусдаа амьдарч байгаа гэсэн шалтгаанаар гэрлэлтээ цуцлуулах шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Ц.Тө- нь хамтран амьдарч байх хугацаандаа Н.Ба-г зодож дарамталдаг байсан болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар, фото зураг, шинжээчийн дүгнэлт зэрэг байдлаар тогтоогдож байгаа бөгөөд хариуцагч нэхэмжлэгчийн энэхүү тайлбарыг үгүйсгэхгүй байна. Н.Ба- нь Ц.Тө-тай таарч тохирохгүйн улмаас 2016 оноос хойш тус тусдаа амьдарч байсан бөгөөд 2016 оны 8 сард дахин хамтран амьдарсан боловч таарч тохирохгүйн улмаас 2016 оны 8 сарас хойш тусдаа амьдарсан нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Гэрлэгчид нь тусдаа 3 жилийн хугацааа өнгөрсөн тусдаа амьдарч байгаа бөгөөд энэ хугацаанд хэн аль нь хамтын амьдралаа үргэлжлүүлэх санаачлага гаргаагүй, улмаар нэхэмжлэгч, хариуцагч нарыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 2018 оны 07-р сарын 25-ны өдөр 3 сарын хугацаагаар түдгэлзүүлэн гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээ авахаар тогтоосон байна.
Гэтэл нэхэмжлэгч Н.Ба-, хариуцагч Ц.Тө- нарын аль нэг нь энэ хугацаанд хамтын амьдралаа үргэлжлүүлэх санаачлага гаргаагүй, шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагааны үр дүнд эвлэрээгүй байх тул тэдний гэрлэлтийг цуцлахаас өөр боломжгүй гэж үзлээ.
Хариуцагч бага хүүхдээ өөрийн асрамждаа авах, нэхэмжлэгч хүүхдээ өгөхгүй гэж маргаж байх бөгөөд хүүхдийн насны байдал болон хүү Т.Мө- нь гэрлэгчдийг тусдаа амьдарч байх хугацаанд эхийн асрамжид байсан зэргийг харгалзан түүнийг эх Н.Ба-гийн асрамжинд үлдээж, эцэг Ц.Тө-аас сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэх нь үндэстэй байна.
Гэрлэгчид нь гэрлэлтээ цуцлуулсан ч гэсэн хүүхдүүдээ хамтран асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэг нь Гэр бүлийн тухай хуулийн 26-р зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээсэн хэвээр үлдэнэ.
Гэрлэгчид нь эд хөрөнгийн талаар харилцан тохиролцож, 5-н ханатай гэр 1 ширхэг, 4 тал хашааны хамт Н.Ба-д өгөхөөр эвлэрсэн болохыг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгч Н.Ба- нь нэхэмжлэл гаргахдаа урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзээд
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115-Р ЗҮЙЛИЙН 115.2.1, 116, 118, 132 ДУГААР ЗҮЙЛИЙН 132.4-Д ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН
ТОГТООХ НЬ:
1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4 дэх хэсэгт зааснаар ******* овогт На-ийн Ба-, овогт *******ийн Тө- нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр төрсөн хүү Т. эх Н.Ба-гийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.1, 41.2.1 дэхь хэсгүүдэд заасныг баримтлан 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр төрсөн хүү Т. 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар сар бүр, 11-16-н нас суралцаж байгаа бол 18 насанд хүртэл амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Ц.Тө-аас тэтгэлэг гаргуулсугай.
4. Нэхэмжлэгч Н.Ба-, хариуцагч Ц.Тө- нар эд хөрөнгийн талаар харилцан тохиролцож хариуцагч Ц.Тө- нэхэмжлэгч Н.Ба-д иж бүрэн 5-н ханатай гэр 1 ширхэгийг, 4 тал хашааг өгөхөөр эвлэрсэн болохыг дурдсугай.
5. Гэр бүлийн хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Ц.Тө-т даалгаж, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар тэтгэлэг хүүхдийн хэрэгцээнд зарцуулагдаагүй нь нотлогдвол тэтгэлэг төлөгч түүнийг зориулалтаар нь зарцуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж болохыг дурдсугай.
6. Шийдвэрийг биелүүлэхдээ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээний өөрчлөлтийг харгалзахыг Шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагад даалгасугай.
7. Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 26.2 дахь хэсэгт зааснаар эцэг, эхийн хүүхдийн өмнө хүлээсэн үүрэг хэвээр үлдэхийг дурдаж, мөн зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар тэдний хэн нэг нь нөгөөдөө үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахыг хориглосугай.
8. Монгол улсын Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5-р зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хүүхэд эцэг эхтэйгээ байнгын харилцаатай байх эрхтэй болохыг дурдсугай.
9. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Тө-аас тэмдэгтийн хураамжид 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Ба-д олгосугай.
10. Шийдвэрийн хувийг гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлсүгэй.
11. Нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ