Шүүх | Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Шоовдорын Одонзул |
Хэргийн индекс | 140/2019/00071/И |
Дугаар | 150 |
Огноо | 2019-04-10 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 150
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж нарийн бичгийн дарга Г.*******, нэхэмжлэгч Н.Пэ-, хариуцагч В.Жа- нарыг оролцуулан хийж Н.Пэ-н нэхэмжлэлтэй В.Жа-ид холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч: Завхан аймгийн ******* сумын ******* багийн иргэн ******* овгийн *******гийн Пэ-н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие ******* овогтой Пэ- нь нөхөр В.Жа-той 2008 онд танилцаж, 2008 оны 10 сарын 24-нд батлуулсан. 2009 оны 06 сарын 26-нд албан ёсоор гэр бүл болж байсан. Бид хамт амьдрах хугацаандаа 1 охинтой болсон. Жа- нь айл болоод 7 хоногийн дараа архи ууж гэртээ агсам согтуу тавьж байсан.Бид хамт 3-н жил амьдарсан. Амьдарч байх хугацаандаа Жа- архи ууж агсам согтуу тавьж сүүлдээ зоддог болсон. Эрүүл үедээ хүртэл цохиж авдаг байсан. Бид 2012 оны 7 сараас эхлэн өдий хүртэл тусдаа амьдарч байгаа. Иймд бид хоёрын гэрлэлтийг цуцалж, охинд минь тэтгэлэг тогтоолгож өгнө үү гэжээ.
Хариуцагч: Завхан аймгийн ******* сумын ******* багийн иргэн ******* овгийн *******ийн Жа- шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Пэ-н гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Уг нэхэмжлэлд архи ууж агсам согтуу тавьж зоддог талаар дурьджээ. Ийм үйл явдал болж байгаагүй тул гэр бүл цуцлах, хүүхдийн тэтгэлэгийн талаар гаргасан нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Цаашид хүүхдээ өнчрүүлэх хүсэл сонирхол байхгүй гэжээ.
Нэхэмжлэгч: Н.Пэ- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2008 онд сургуулиа төгсөж ирээд Жа- гэдэг хүнтэй танилцаад гэрлэсэн. Тэгээд нэг гэрт орсоны дараа В.Жа- хувиараа барилга дээр ажилладаг байсан. В.Жа- ажлаа тарч ирээд над руу уурлана. Би шаардлага тавихаар дургүйцэж уурладаг. Энэ нь явсаар байгаад намайг цохиж авдаг болсон. Тэгээд өөрт нь чи ингээд байна гэж хэлэхээр надтай ярилцахгүй өөрийнхөө аав, ээж, эгч, дүү нартайгаа нийлэж гэр бүлийнхээ дотор асуудлаа ярилцдаг. Тэгээд дандаа цаашаа толгойлж явснаас болоод эцэст нь тэвчихээ байгаад салъя гэж шийдсэн. Одоо бид гурав тусдаа амьдраад 7 жил болж байна. Тэр үед охин маань 2 ой гарантай байсан. Одоо миний охин 10 настай хүрч байна. Би одоогоор үерхэж, нөхөрлөж байгаа хүнтэй. Гэхдээ сүүлийн нэг жилээс эхэлсэн. Би В.Жа-ийг 6 жил хүлээсэн. Одоо гэрлэлтээ цуцлуулж, хүүхэддээ тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна гэв.
Хариуцагч: В.Жа- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Н.Пэ-тэй гэрлэлтээ цуцлуулах саналтай байна. Н.Пэ- нөхөртэй болсон учраас эргээд эвлэрэх хүсэлгүй байна. Гэрлэлтээ цуцлуулаад хүүхдийн тэтгэлэг төлье гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Пэ- нь хариуцагч В.Жа-оос гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгохыг хүсч нэхэмжилжээ.
Хариуцагч В.Жа- нь гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг төлөхөө хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан бөгөөд тэрээр шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлахдаа ...Одоо энэ хүн өөр нөхөртэй болчихсон юм байна. Тэгэхээр эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйлгээр гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Миний бие хүүхдийн тэтгэлгийг хуульд зааснаар төлнө гэжээ.
Гэрлэгсэд удаан хугацаагаар буюу 2012 оны 07-р сараас эхэлж тусдаа амьдарч байгаа ба тусдаа амьдрах хугацаанд хэн хэнээс нь эвлэрэх санаачлага гаргаагүй, гэрлэгсэд өмнө нь хамт амьдарч байх хугацаандаа хоорондоо таарамж муутай байсан болох нь тэдний өөрсдийнх нь тайлбараар тогтоогдож байна.
Иймд гэрлэгсдийг эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр гэрлэлтийг цуцлаж, 2009 оны 02-р сарын 27-ны өдөр төрсөн охин Ж.ийг түүний эх Н.Пэ-н асрамжид үлдээж, эцэг В.Жа-оос тэтгэлэг гаргуулж охин Ж.ийг тэжээн тэтгүүлэх үндэстэй байна.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118-р зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар ******* овгийн *******ийн Жа-, ******* овгийн *******гийн Пэ- нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2009 оны 02-р сарын 27-ны өдөр төрсөн охин Ж.Номин-эрдэнийг түүний эх Н.Пэ-н асрамжид үлдээсүгэй.
3. Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2009 оны 02-р сарын 27-ны өдөр төрсөн охин Ж.ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн тал хувиар, 16 нас / суралцаж байгаа бол 18 нас / хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг гаргуулж эцэг В.Жа-оор сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
4. Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 26.2 дахь хэсэгт зааснаар эцэг, эхийн хүүхдийн өмнө хүлээсэн үүрэг хэвээр үлдэхийг дурдаж, мөн зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар тэдний хэн нэг нь нөгөөдөө үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахыг хориглосугай.
5. Монгол улсын Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5-р зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хүүхдүүд эцэг эхтэйгээ байнгын харилцаатай байх эрхтэй болохыг дурдсугай.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч В.Жа-оос 51.814 төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулаагүй нь нотлогдвол тэтгэлэг төлөгч түүнийг зориулалтаар нь зарцуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж болохыг дурдсугай.
8. Шийдвэрийг биелүүлэхдээ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээний өөрчлөлтийг харгалзахыг Шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагад даалгасугай.
9. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлсүгэй.
10. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
11. Нэхэмжлэгч хариуцагч болон тэдгээрийн өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Ш.ОДОНЗУЛ