Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 17

 

 

М.Сүхбаатарын хүсэлттэй

иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, шүүгч Д.Көбеш, Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

            Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 153/ШШ2018/00101 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн Манхан сумын Баянгол багт оршин суух, Сартуул овогт Мангалын Сүхбаатарын хүсэлттэй, ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хүсэлт гаргагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч М.Сүхбаатар түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, нарийн бичгийн даргаар Ц.Энхтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай.

 

            Хүсэлтийн агуулга: “Би 1978 онд цэрэгт татагдаж, 1981 онд цэргээс халагдаж ирсэн. Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архиваар ажилласан жилээ шүүлгэсэн боловч байхгүй байсан. Ажилласан жилээ тогтоолгох гэж шүүхэд хүсэлт гаргаж, хөдөлмөрийн дэвтрээ өгсөн....Намайг 1981 оны 80 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 153/ШШ2018/00101 дугаар шийдвэрээр: “1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Сартуул овогт Мангалын Сүхбаатарын Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд 1981 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч М.Сүхбаатарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэддавж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай гэж шийдвэрлэжээ.

 

            Хүсэлт гаргагчийн давж заалдсан гомдлын агуулга: “Миний бие хар бага наснаасаа мал маллаж өнөөдрийг хүртэл малын зах бараадан амьдарч байна. Социализмын үед ажилгүй хүн гэж байгаагүй, хүн бүр хөдөлмөр эрхэлж цалин, өдрийн хөлс авдаг байсан.   1990 онд төр засаг зах зээлийн нийгэмд шилжиж, 1994 оны сүүлчээр өмч хувьчлал явагдаж нэгдэл тархад өмч хувьчлалын хэдэн мал авч одоог хүртэл мал маллан амьдарч байна. Шүүх миний хүсэлтийг хянан шийдвэрлэхдээ миний гаргаж өгсөн, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой эргэлзээгүй талаас нь хуульд нийцүүлэн үнэлэлгүй иргэн намайг хохироосонд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлж өгнө үү” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

             Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

            Хүсэлт гаргагч М.Сүхбаатар нь 1981 оны 01 дүгээр сарын 01-нээс 1989 он 12 дугаар сарын 31-нийг дуустал хугацаанд Ховд аймгийн Манхан сумын “Баясгалант амьдрал” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох  тухай хүсэлтийг  шүүхэд гаргажээ.

            Хүсэлт гаргагчийн хүсэлтийг шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо “Социализмын үед ажилгүй хүн гэж байгаагүй, хүн бүр хөдөлмөр эрхэлж цалин, өдрийн хөлс авдаг байсан. 1990 онд төр засаг зах зээлийн нийгэмд шилжиж, 1994 оны сүүлчээр өмч хувьчлал явагдаж нэгдэл тарахад өмч хувьчлалын хэдэн мал авч одоог хүртэл мал маллан амьдарч байна.” гэжээ.

            Хүсэлт гаргагч ажиллаж байсан байдлаа нотлохоор тухайн үед нээлгэж, бичилт хийгдсэн хөдөлмөрийн дэвтрийн эх хувь болон нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Манхан сумын “Баясгалант амьдрал” нэгдлийн Зэрэг гол бригадын 1977 оны 70 дугаар дансны хуулбар, хамт ажиллаж байсан 2 хүний тодорхойлолт зэргийг шүүхэд гаргаж өгч улмаар тодорхойлолт ирүүлсэн 2 хүнийг  гэрчээр асуулгажээ.

            Шүүх М.Сүхбаатар Ховд аймгийн Манхан сумын “Баясгалант амьдрал” нэгдэлд ажиллаж байсныг тодорхойлох гол нотлох баримт болох хөдөлмөрийн дэвтэр болон бусад нотлох баримтуудыг үнэн зөв биш, эргэлзээтэй болох талаар дараах дүгнэлтийг хийжээ. 

            Хүсэлт гаргагчийн 1981 онд нээсэн гэх хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 3-4 дүгээр тал/ уг дэвтрийг эх хувиар /хх-ийн 26-32 дугаар тал/ ирүүлсэн бөгөөд уг дэвтэрт байгууллагын тамга дарагдаагүй байх ба нотлох баримтын шаардлага хангаагүй, хэргийн 6 дугаар тал дахь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 13 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Манхан сумын “Баясгалант амьдрал” нэгдлийн Зэрэг гол бригадын 1977 оны 70 дугаар дансны хуулбар байх боловч хүсэлт гаргагчийн шаардлагад хамааралгүй, түүнчлэн түүнд хүсэлт гаргагчийн нэр байхгүй, олгогдсон цалин хөлс нь баримтад дурдагдсан хоёр хүний цалин хөлстэй тохирсон, хэргийн 8,10 дугаар хуудсанд авагдсан иргэн Л.Даянжав, Н.Баасанжав нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн, мөн хэргийн 21-22, 24-25 дугаар хуудсанд буй гэрч Н.Баасанжав, Л.Даянжав нарын мэдүүлэг нь  хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдохгүй байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болно гэж дүгнэжээ.

             Хүсэлт гаргагч нь 1981-1989 онуудад ажиллаж байсан байдлаа нотлохоор хэрэгт авагдсан дээрх нотлох баримтаас өөр нотлох баримтуудыг шүүхэд ирүүлээгүй байх боловч хэрэгт авагдсан гэрч Н.Баасанжав, Л.Даянжав нарын мэдүүлгээр  М.Сүхбаатарыг 1981-1989 онуудад Ховд  аймгийн Манхан сумын “Баясгалант амьдрал” нэгдлийн 3 дугаар бригад буюу Зэрэг гол бригадад малчнаар ажиллаж байсан талаар гэрчилжээ.

 

            Шүүх дээрх гэрчүүдийн мэдүүлгүүдийг хүсэлт гаргагчийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн 1981-1989 онуудад хамааралтай эсэх, шаардлагатай бол дээрх хүмүүсийн хөдөлмөрийн дэвтрүүд болон бусад нотлох баримтуудыг харьцуулан судлах замаар бичгийн нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх боломжтойг анхаараагүй байна.

            Түүнчлэн хүсэлт гаргагч шүүхэд гаргасан хүсэлтэндээ тухайн үеийн Зэрэг гол бригадын 70 дугаар данс тус архивд шилжиж ирээгүй байгаа учраас шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон зорилгоо тодорхойлж бичсэн байхад дээрх байдлыг нь түүний хүсэлтийг шийдвэрлэхдээ үгүйсгэсэн баримт болгож дүгнэлт хийсэн байна.

             Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг нөхөн сэргээж тогтоох онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэгдэж байгаа хэргүүдэд иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн үндсэн зарчим болох мэтгэлцэх зарчим хамааралгүй байдаг.

            Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтэд дурдсан үйл баримтыг тогтоох асуудалд шүүх санаачлга гаргах, хүсэлт гаргагчид юуг хэрхэн нотлох талаар санал болгох боломжтой гэж үздэг.Тухайн хэрэгт хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх хангалттай бичгийн баримт хэрэгт авагдаагүй хэдий ч цаашид хүсэлт гаргагч энэ талаар баримтаа бүрдүүлж ажиллаж байсан байдлаа тогтоолгох эрхтэй.

            Анхан шатны шүүх хэрэгт хийгдвэл зохих ажиллагааг хийгээгүй, хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэлтэй, зөв дүгнэлт хийж чадаагүйгээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий бөгөөд хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ. Энэ талаар гаргасан М.Сүхбаатарын гомдол үндэстэй байна. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хүсэлт гаргагчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж түүнд буцааж олгох нь зүйтэй гэж шийдвэрлэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 153/ШШ2018/00101 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангасугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т заасныг баримтлан хүсэлт гаргагч  М.Сүхбаатарын  давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргаж, түүнд буцаан олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

           

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.НЯМБАЯР

 

                  ШҮҮГЧИД                                     Д.КӨБЕШ

 

                                                                                    Н.ТУЯА