Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 20

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож,

Улсын яллагчаар Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батбямба,

Хохирогч Ж.Рэнцэнбаатар,

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ганбаатар,

Шүүгдэгч Д.Чинзориг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Даваацэрэнгийн Чинзоригт холбогдох эрүүгийн 201619000701 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч 2017 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр шүүн хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт

            Монгол улсын иргэн, 1984 оны 07 сарын 03-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ суманд төрсөн, яс үндэс халх, эрэгтэй, 32 настай, дээд боловсролтой, аялал жуучлалын менежер мэргэжилтэй, ам бүл 2 , ээжийн хамт Төв аймгийн Баянцагаан сумын Баян айраг 2 дугаар баг Гашууны бууц гэх газар түр оршин суух, Иргэний үнэмлэхний хаяг Улаанбаатар хот Баянгол дүүрэг 6 дугаар хороо 10-р хороолол амины орон сууцны 35-01 тоот, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, Урианхайхан овогт  Даваацэрэнгийн Чинзориг /РДЧЕ84070319/ гэв.

 

            Холбогдсон хэргийн талаар /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд дурдагдсанаар/

Шүүгдэгч Д.Чинзориг нь Төв аймгийн Баянцагаан сумын Баян-Айраг 2 дугаар багийн нутаг дэвсгэр Гашууны бууц гэх газар намаржиж байгаа малчин Батбаярын гэрт 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 18-19 цагийн үед Д.Чинзориг нь хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Ж.Рэнцэнбаатарын баруун шанаа толгой тус газар нь айрагтай шаазан аягаар цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.Үүнд

Шүүгдэгч Д.Чинзориг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ Би Ж.Рэнцэнбаатар ахтай ямар нэгэн хувийн таарамжгүй харилцаа байгаагүй. Тухайн үед манай ээжийн нутагладаг газар хонины цэцэг, шүлхий өвчин гарсан. Ж.Рэнцэнбаатар ах хавар манай малд вакцин хийх гэж ирээд манайхыг хашаа хороогүй гэх шалтгаанаар малд вакцин хийгээгүй. Танай малд вакцин хийхгүй, малдаа хэнээр вакцин хийлгэхээ өөрсдөө мэдээрэй, дараа нь новшроод араас битгий олон юм яриад байгаарай, араа даагаарай гэсэн үгийг хэд хэдэн удаа хэлсэн. Тэгэхээр нь би тэр вакцинаа хийхгүй бол тэр л биз. Манайхаас мал өвчин тусаад үхлээ гэвэл би чамаас ганц хонины мөнгө нэхэхгүй гэж маргалдаад би ууж байсан аягатай айргаа гараасаа алдаад түүний нүүр рүү цохисон. Би тухайн үед сандарч балмагдаад гэрээс гараад явчихсан юм. Би шүүгдэгчээс уучлалт гуйж бид 2 хоорондоо эвлэрсэн гэв.

 

Хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ Би Төв аймгийн мал эмнэлгийн газраас ажлын хэсэгт томилогдон зарим сумдуудад цэцэг, шүлхийн вакцин тарьж байсан. Манай аав Жамсран хувийн мал эмнэлэгтэй тэр хавар би аавтай хамт малд урьдчилсан вакцин тарьж яваад Чинзоригийн ээжийн малд вакцин хийх гэсэн боловч малдаа хийлгээгүй. Тэгээд би тэр талаар Чинзоригт хавар танай ээж малын хашаа хороо жижигхэн гээд малдаа вакцин хийлгээгүй, малдаа вакцин хийлгээрэй, малын өвчин гарвал хорио цээр тавих зардал гарна шүү дээ гэхэд Чинзориг тэр мөнгийг чинь төлчихнө гээд уурласан. Тухайн үед хамт байсан Нэргүй энэ хүн манайд өглөөнөөс хойш хонь хариулж айраг уусан, уусан айргандаа согтчихсон юм уу гэсэн. Миний санаанд ч ороогүй Чинзориг гэрийн баганы хажуугаар аягатай айргаа бариад далайхаар нь би цацах гэж байна гэж бодтол аягаараа миний нүүр рүү цохичхоод гэрээс гараад явчихсан. Тэгээд би толгойгоо даавуугаар боогоод эмнэлэгт үзүүлж, цагдаа дуудсан. Тухайн үед Чинзориг согтуу байгаагүй, одоо надад Чинзоригоос нэхэмжлэх зүйл байхгүй, цаашид гарах эмчилгээний зардлаа жич нэхэмжилнэ. Би шүүгдэгч Д.Чинзоригтой сайн дураараа эвлэрсэн гэв.

 

ХЭРЭГ БҮРТГЭЛТЭНД

            Гэрч М.Отгонбаяр хэрэг бүртгэлийн шатанд мэдүүлэхдээ Энэ намар манайх гүү барьсан бөгөөд дээрх өдөр гүүндээ гараад 18 цагт гэртээ ож ирсэн. Тухайн үед манай гэрт Чинзориг, Л.Батцэнгэл, түүний эхнэр Б.Шүрэнцэцэг, О.Оюунбилэг, хадам ээж Нэргүй, нөхөр бид 2 байсан. Гэрт байсан хүмүүс бүгд айраг ууж хууч хөөрөөд сууж байхад гадаа машины дуу гарч гэрт малын их эмч Рэнцэнбаатар гэдэг ах ганцаараа орж ирж бид нартай мэндлээд энэ хавар малын гоц халдварт цэцэг өвчин дийлдэхгүй байна. Малаа битгий урагшаа бэлчээрт гарга. Энэ хавиар Отгон, Огоо буюу Отгонбаатар нарынх малаа вакцин хийлгээгүй та нар өвчин туссан   малын зураг хар гээд өөрийн гар утас нь дээр авсан өвчин туссан хонины зургийг хүн болгонд үзүүлээд дахин Ганзоригийн ээж Отгон вакцин хийлгээгүй гэж 3 удаа яриандаа оруулж хэлэн зүүн орны хөл доор суухдаа өвчин тусвал та нар өөрсдөө хариуцлагаа хүлээнэ шүү. Вакцин хийлгэх юм бол хашаа хороогоо бэлд гэж хэлж байсан. Чинзориг баруун орны урд талд 1 литр ордог бөөрөн дээрээ ягаан цэцэгтэй шаазан аяганд айраг ууж сууж байхдаа вакцин хийлгэх байхаа өөрсдөө мэднэ дараа нь новшрохгүй гэж босож ирээд зүүн орны доод талд сууж байсан Рэнцэнбаатар ах луу чиглүүлээд айрагтай аягаа шидэхэд аяга нь дотор байсан айраг нь миний үс рүү цацагдаж, аяга нь тас няс дуграад хагарч шаланд унахаар нь юу болов гээд харахад Баатар ахын баруун шанаа болон чихнээс нь цус гарч. Чинзориг юу ч хэлэлгүй гэрээс гараад явчихсан. Гэрт өөр ямар ч маргаан зодоон цохион гараагүй. Баатар ахын цусыг хадам ээж бид 2 цэвэрлэж даавуугаар боосон.Бид нар бүгд эрүүл байсан учир нь өөрсдийн хэлж ярьж байгаа зүйлүүдээ ухамсарлан ойлгох чадвартай байцгаасан. Зан байдлын хувьд хоёулаа дажгүй ааштай энэ байдлыг нь харахад аль аль нь огцом түргэн зантай юм болов уу гэж бодсон. Бусад зүйлийг нь хэлж мэдэхгүй, өөр байдлаар хэн хэнийгээ цохиж зодсон зүйлгүй.  гэсэн мэдүүлэг /хх-20-21 тал/,

           

            Гэрч Л.Батцэнгэл хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэхдээ Тухайн өдөр би эхнэр Ширэнцэцэгийн хамт Батбаярынд айраг уухаар мотоциклтой ирэхэд тэднийд Ц.Батбаяр, эхнэр Отгонбаяртайгаа мөн Д.Чинзориг нар хууч хөөрөөд сууж байсан. 30 гаруй минут болоод байж байхад гадаа машины дуу гарч ирж зогсоод гэрт малын их эмч бид нар Баатар ах гэж авгайлан дуудаг бөгөөд албан ёсны нэр нь Рэнцэнбаатар ганцаараа орж ирээд бид нартай мэндлээд малын гоц халдварт өвчин шүлхий цэцэг өвчин энэ хавиар, 3-р багаар их дэлгэрээд байна. Хавар вакцин хийлгээгүй 2 айл үлдсэн. Нэг айл нь Чинзориг, танайх гэсэн түүний ээжийг Ж.Отгон гэдэг. Нөгөө айл Огоо буюу Отгонбаатарынх гэж нэрс цохож хэлээд өвчтэй мал ийм байна хар та нар гээд өөрийн гар утасан дээр дарж авсан өвчтэй хонины зургийг гэрт байсан бүх хүнд үзүүлээд дахин Чинзоригоо танайх малдаа тариа хийлгэх юм бол хашаа хороогоо бэлтгэ өвчин гарвал та нар араа өөрсдөө даагаарай зардал чирэгдлийг нь өөрсдөө гаргаарай гэж хэлж байсан. Гэрт хүмүүс урд өмнө нь маргалдаагүй байсан.      гэсэн мэдүүлэг /хх-20 тал/,

 

            Гэрч Б.Шүрэнцэцэг хэрэг бүртгэлийн шатанд мэдүүлэхдээ Тухайн өдөр 17-18 цагийн орчимд Батцэнгэл бид хоёр Хонхор бууцнаас Гашуунд гүү барьж байгаа Ц.Батбаярынд айраг уухаар мотоцилтой ирцгээсэн. Гэрт Батбаяр, түүний эхнэр Отгонбаяр, хадам ээж Нэргүй, Д.Чинзориг нар байсан. Бид нарыг айраг ууж хууч хөөрөөд сууж байхад гадаа машин дуугарч гэрт бид нар Баатар гэж авгайлж дуудаг Рэнцэнбаатар орж ирээд бид нартай мэндлээд урдуур малын өвчин их байна. Малаа урагшаа битгий бэлчээ Хавар танай энэ хавьд 2 айл малдаа вакцин хйилгээгүй, нэг нь Чинзоригийн ээж Отгон, нөгөө нь Огоо буюу Отгонбаатарынх гэсэн айлууд хийлгээгүй санаа зовоод байна. Өвчин туссан мал ийм болдог юм та нар хар гээд өөрийн гар утас нь дээрээ дарж авсан өвчтэй малын зураг хүн бүрт үзүүлээд гэрийн зүүн орны хөлд сууж дахин Чинзоригт чиглүүлж эдний ээжийнх вакцин хийлгээгүй өвчин гарвал зардал чирэгдэлтэй, өөрсдөө арыг нь даах юм уу гэж хэлж байсан. Тухайн үед Чинзориг 1 литр ордог бөөрөн дээрээ ягаан цэцэгтэй шаазан аяганд айраг уугаад баруун орны өмнө сандал дээр сууж байсан. Би зүүн орны эхэнд сууж байсан. миний хажууд Отгонбаяр, доод хөлд нь Баатар ах суусан байрлалтай, тухайн үед би орны толгой дэрлэчихсэн хажуу талаараа хэвтэж байхад гэнт тас няс болоод аяга хагарсан дуу гарахаар нь өндийгөөд хартал Баатар ах баруун чихээ гараараа дарчихсан гарын салаагаар нь цус гоожиж харагдсан. Цусыг нь Нэргүй эгч бэр Отгонбаатартайгаа галын үнс хийж юмаар боож тогтоосон гэх мэдүүлэг /хх-29 тал/,

 

            Гэрч Ж.Отгон хэрэг бүртгэлийн шатанд мэдүүлэхдээ Жамсрангийн Рэнцэнбаатар бид хоёрын дунд төрөл садангийн холбоо өш хонзон өр авлагийн зүйл байхгүй. Бид Төв аймгийн 10-н жилийн сургуулийн нэг ангийг 1975-1977 онд цуг суралцан төгссөн. Тэрнээс хойш уулзаагүй 40 жил болсон байна. Рэнцэнбаатар дунд сургуульд байхдаа дуу цөөнтэй томоотой хүүхэд байсан. Ажил мэргэжил эзэмшиж нас нь явахаар зан характер нь өөрчлөгдөөд хүн хар загнаад жаахан тийм болчихсон хүн шиг санагдсан. Би Улаанбаатар хотод төрийн алан насаараа ажиллаж байгаад өндөр настны тэтгэвэрт гарч 3 жилийн өмнөөс нутаг ус төрөл саданаа бараадан хэдэн мал харах санаатай Баянцагаан сумын  Баян айраг 2 дугаар багийн нутаг дэвсгэр гашуун нэртэй газар хүү Д.Чинзоригийн хамт 4-н улиралд мал маллаж байна. 2016 оны 03 дугаар сарын дундуур манайх хуц, ухнаа эрт тавьсан учир мал эрт төллөөд нялх хургатай байхад Ж.Рэнцэнбаатар өөрийн  аав малын эмч Жамсрантайгаа өглөө эрт 08-09 цагийн хооронд машинтай хоёулаа ирээд малын вакцин хийж явна хашаа хороогоо бэлд гэхээр нь би Жасран ахаас нялх хургатай, төллөж байгаа малнуудад вакцин хийж болдог юм уу гэж асуухад тэр миний номонд болдоггүй гэж үзсэн, одоо болдог бодогүй гэдгийг нь тэр хүнээс асуу гээд хүү Рэнцэнбааатар луу зааж инээхэд Рэнцэнбаатар хийлгэвэл хийлгэ, байвал бай гэж хэлээд царай нь хувиас хийгээд гэрээс гарахдаа та нар дараа нь битгий олон юм яриад байгаарай гэсэн. Түүний араас гарч очоод нялх хургатай хонь туугаад хол явахгүй, хашаа хороо алга одоо яах вэ вэ хө гэхэд тэр машиндаа суучихсан. Аргаа бараад гэртээ орж ирэхэд Жамсран ах гэрээс гарч машинд суухад машин асаж хөдлөөд явсан. Үүнээс хойш манай маланд Баянцагаан сумын Засаг даргын тамгын газар болон бусад газраас малын эмч нар ирж вакцин хийгээгүй өдий хүрч байна. Миний хувьд Ж.Рэнцэнбаатартай ямар ч хэрүүл маргаан хийгээгүй. Түүнтэй маргах ямар ч шалтгаан надад байхгүй гэх /хх-21 тал/,

           

             

БУСАД БАРИМТ СЭЛТ

            -гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэлийг хүлээн авсан тэмдэглэл /хх-02 тал/,  

-хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-4-5 тал/,

-Төв аймгийн Баянцагаан сумын Баян-Айраг 2 дугаар багийн нутаг Гашууны ширээ нэртэй газарт намаржиж байгаа малчин Ц.Батбаярын гэрт 2016 оны 09 сарын 20-ны 18-19 цагийн үед Ж.Рэнцэнбаатар нь зодуулсан гэх хэргийн материалд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хх-06-09 тал/,

-эд  мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-10/,

-эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол /хх-130 тал/,

-эд зүйлийн үнэлгээ /хх135 тал/,

 

-Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №479 тоот актад

1.Ж.Рэнцэнбаатарын баруун чихний дэлбээний урд, ард шарх, баруун чихний дэлбээнд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, баруун хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Уг гэмтэл нь ир ирмэг бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ /хх-55 тал/,

-Д.Чинбатын ял шийтгэлийн талаарх лавлагаа /хх-72 тал/,

 

            -Д.Чинбатын 2016 оны 09 сарын 30-ны өдөр сэжигтнээр /хх-63 тал/, 2016 оны 10 сарын 25-ны өдөр яллагдагчаар /хх-69 тал/ тус тус байцаасан тэмдэглэлүүд,

 

           

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай бөгөөд дараах үндэслэл тогтоогдож байна.

Үүнд

Шүүгдэгч Д.Чинзориг нь Төв аймгийн Баянцагаан сумын Баян-Айраг 2 дугаар багийн нутаг дэвсгэр Гашууны бууц гэх газар намаржиж байгаа малчин Батбаярын гэрт 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 18-19 цагийн үед Д.Чинзориг нь хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Ж.Рэнцэнбаатарын баруун шанаа толгой тус газар нь айрагтай шаазан аягаар цохиж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Ж.Рэнцбаатар, гэрч Л.Батцэнгэл, М.Отгонбаяр нарын мэдүүлэг, 2016 оны 09 сарын 20-ны өдөр Ж.Рэнцэнбаатар нь зодуулсан гэх хэргийн материалд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хх-06-09 тал/, Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №479 дугаартай акт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Д.Чинзоригийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ гэж заасан нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт энэ хуулийн тусгай ангид нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл нэгээс гурван сар  хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэхээр заасан гэмт  хэргийг  хөнгөн гэмт хэрэг гэнэ гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

 

Хохирогч нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт  яллагдагч, шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно. гэж зааснаар эвлэрч байх тул хэргийг хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй эвлэрсэн гэх үндэслэлээр шүүгдэгч Д.Чинзоригт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Хохирлын талаар

Хохирогч Ж.Рэнцэнбаатар нь шүүгдэгч Д.Чинзоригтой сайн дураараа эвлэрсэн, гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх гэм хорын асуудал байхгүй байна.

            

             Шүүгдэгч Д.Чинзориг нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.       

 

Монгол улсын эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3, 283, 284, 285, 286, 290, 294, 295, 296, 297.1.1-1.4, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

 

                                               ТОГТООХ нь

 

           1. Шүүгдэгч Урианхайхан овогт  Даваацэрэнгийн Чинзоригийг бусдын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Чинзоригт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Д.Чинзоригт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

4.Д.Чинзориг нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн хураагдан ирсэн аяганы хагархайг устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах коммист даалгасугай,

 

6. Хохирогч Ж.Рэнцэнбаатар нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар хэрэгт битүүмжилсэн Д.Чинзоригийн эзэмшлийн КА-2 маркийн 42 инчийн зурагт болон 2 хаалгатай хөргөгч зэргийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

 

8. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд­ гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 9. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.Чинзоригт бусдын батлан даалтанд авах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ц.ОТГОНЖАРГАЛ