Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2025/0401

 

 

 

 

 

 

 

 

 

“Шан” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Энхмаа

Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, Н.С, Ц.Х, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А

Нэхэмжлэлийн шаардлага “Зам, тээврийн яамны 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 03/2212, 03/2213 дугаар мэдэгдлүүдийг болон Баруун босоо тэнхлэгийн авто замаас Ховд аймгийн Мөнххайрхан сум чиглэлийн хатуу хучилттай авто замын тендерт шалгарсан “Inner” Co.,Ltd-тай байгуулсан гэрээг тус тус хүчингүй болгож, Баруун босоо тэнхлэгийн авто замаас Ховд аймгийн Мөнххайрхан сум чиглэлийн хатуу хучилттай авто замын тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг хариуцагч Зам, тээврийн яам болон Зам, тээврийн яамны тендерийн Үнэлгээний хороонд даалгуулах тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 306 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.З, хариуцагч Зам, тээврийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, хариуцагч Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Г.Б

Хэргийн индекс: 128/2025/0099/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Шан” ХХК нь “Зам, тээврийн яамны 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 03/2212, 03/2213 дугаар мэдэгдлүүдийг болон Баруун босоо тэнхлэгийн авто замаас Ховд аймгийн Мөнххайрхан сум чиглэлийн хатуу хучилттай авто замын тендерт шалгарсан “Inner” Co.,Ltd-тай байгуулсан гэрээг тус тус хүчингүй болгож, Баруун босоо тэнхлэгийн авто замаас Ховд аймгийн Мөнххайрхан сум чиглэлийн хатуу хучилттай авто замын тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг хариуцагч Зам, тээврийн яам болон Зам, тээврийн яамны тендерийн Үнэлгээний хороонд даалгуулах”-аар маргасан байна.         

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 306 дугаар шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.3, 55 дугаар зүйлийн 55.1.5-д заасныг баримтлан “Шан” ХХК-иас Монгол Улсын Зам, тээврийн яам болон түүний Үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 03/2212, 03/2213 дугаар мэдэгдлүүдийг болон Баруун босоо тэнхлэгийн авто замаас Ховд аймгийн Мөнххайрхан сум чиглэлийн хатуу хучилттай авто замын тендерт шалгарсан Inner Co.,Ltd-тай байгуулсан гэрээг тус тус хүчингүй болгож, Баруун босоо тэнхлэгийн авто замаас Ховд аймгийн Мөнххайрхан сум чиглэлийн хатуу хучилттай авто замын тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг хариуцагч Зам, тээврийн яам болон Зам, тээврийн яамны тендерийн Үнэлгээний хороонд даалгаж шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

3.1 Шийдвэрийн Үндэслэх хэсгийн 3-т “Захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг шийдвэрлэсэн Сангийн яамны 2024 оны 03/10583 дугаар албан бичигт “Шан” ХХК хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан ерөнхий шаардлага хангах эсэхийг холбогдох эх сурвалжаас нягтлах нь зүйтэй байна” гэж үндэслэсэн байна.

3.2 Гэвч Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2024 оны “Гомдол хянасан тухай” 03/10583 дугаар албан бичигт “БНХАУ-ын Үндэсний аж ахуй нэгжийн зээлийн мэдээллийн нийтийн систем болох www.gsxt.gov.cn-ээс шалгахад “Inner” компани үйл ажиллагаа эрхэлж явуулж байгаа” гэж тэмдэглэсэн байх бөгөөд тус компаниас ирүүлсэн Шүүхийн шийдвэрийн цахим сангийн мэдээлэл, Татварын албаны тодорхойлолтод үндэслэн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дахь заалтад заасан нөхцөл үүсээгүй гэж хянан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй” гэж заасныг шүүгч харгалзан үзэлгүй хэт нэг талыг баримтлан шийдвэрлэсэн бөгөөд тус албан бичгээр Үнэлгээний хорооны шийдвэрийг үндэслэлтэй байгааг нотолсон гэж үзнэ.

3.3 Шийдвэрийн Үндэслэх хэсгийн 6-д “Хариуцагч Үнэлгээний хороо нь 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хуралдаж зөвлөмж гаргахдаа Сангийн яамны гомдол хянан шийдвэрлэсэн албан бичигт дурдсан нэхэмжлэгч “Шан” ХХК болон гуравдагч этгээд “Inner” компанийг Төрийн болон орон нутгийн емчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан ерөнхий шаардлага хангах эсэхийг БНХАУ-ын эрх бүхий байгууллагаас хөтөлдөг мэдээллийн санг нягталж шалгалгүйгээр өмнөх зөвлөмжийг хэвээр үлдээсэн нь хуульд нийцээгүй гэж үзлээ” гэж дурджээ.

3.4 Гэтэл Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлд заасан ажиллагаа болон Сангийн сайдын 2023 оны А/253 дугаар тушаалаар баталсан “Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журам”-ыг үндэслэн Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2024 оны “Гомдол хянасан тухай” 03/10583 дугаар албан бичигт дурдсан асуудлыг 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр дахин хуралдаж, хурлаар оролцогчдын мэдээллийг дахин нягтлан шалгасан болно.

3.5 Ингэхдээ БНХАУ-ын Үндэсний аж ахуйн нэгжийн зээлийн нийтийн мэдээллийн систем болох www.gsxt.gov.cn-ээс цахим сайтаар оролцогчдыг хамтад нь дахин шалгахад нэхэмжлэгч “Шан” ХХК нь “Хэвийн бус” ангилалд, гуравдагч этгээд болох “Шан” ХХК нь “Хэвийн ангилалд орсон хэвээр байсан бөгөөд энэ нь хуулийн 7.1 дэх хэсэг болон Тендерийн баримт бичгийн ТШЗ-ны 16.1.2-т “төлбөрийн чадваргүй болсон, татан буулгах шийдвэр гарсан, бизнесийн үйл ажиллагааг зогсоосон, эсхүл үүсгэн байгуулагдсан улсын хуулийн дагуу эдгээртэй адилтгах нөхцөлд байгаа” нь оролцогчийн ерөнхий шаардлага хангаагүй гэж үзэх үндэслэлтэй байна, гэж

4. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

4.1. ... 1 Тендэрт оролцогч “Шан” ХХК нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3.1-т “энэ хуулийн 7.1-д заасан нөхцлийг магадлахтай холбогдох баримт бичиг ирүулэхийг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан бол оролцогч Монгол Улсын эсхул уусгэн байгуулагдсан улсын эрх бүхий байгууллагаас гаргуулан ирүүлнэ”, Мөн Сангийн сайдын 2023 оны А/259 дүгээр тушаалын хавсралтаар баталлсан “Ажил гүйцэтгүүлэх тендер шалгаруулалтын баримт бичиг”-ийн тендер шалгаруулалтын зааварчилгааны 16.2, 16.2.3-т “Тендер шалгаруулалт зарласнаас хойших өдрийн байдлаар тухайн улсын хуулиар татварын хугацаа хэтэрсэн өргүй болохыг нотлох баримт бичгииг тус тус ирүүлнэ” гэж заасныг “Шан” ХХК зөрчиж, хууль болон зааварчилгааны дагуу дээрх баримт бичгийг тендерт хүргүүлээгүй байдаг.

4.2 Энэ үйл баримт нь захиргааны хэрэгт авагдсан Баруун босоо тэнхлэгийн авто замаас Ховд аймгийн Мөнххайрхан сум чиглэлийн 63.5 км хатуу хучилттай авто зам /Ховд аймгийн Мөнххайрхан сум/-ын барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хорооны 2024 оны 12 дугаар сарын 12, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрүүдийн хурлын тэмдэглэлээр нотлогдож байна.

4.3 Зам тээврийн яамны Үнэлгээний хороо нь 2024 оны 12 дугаар сарын 2.5-ны өдрийн хуралдааны явцад “Шан” ХХК-ийн 91610112МА6Х1ТНЗЗН кодыг БНХАУын Үндэсний аж ахуйн нэгжийн зээлийн мэдээллийн нийтийн систем болох www.gsxt.gov.cn цахим системд оруулан хайж шалгаж үзсэн байх ба “Шан” ХХК нь уг мэдээллийн системд “хэвийн бус” ангилалд орсон нь хайлтын илэрцээр гарч ирсэн байна.

4.4 “Шан” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн ангилалууд дотор авто зам, замын байгууламж барих ангилал буюу тендерийн бичиг баримтанд буюу ТШЗ дээр шаардсан үйл ажиллагааны ангилал байхгүй байна. Энэ нь хэргийн материалд авагдсан Mongolia Road And Bridge Group Co.,Ltd-аас нотариатаар батлуулан гаргаж өгсөн “Үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл”, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хурлын тэмдэглэл зэрэг баримтуудаар нотлогдож байна.

4.5 Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Дараах нөхцөлийн аль нэг үүссэн бол оролцогчийг ерөнхий шаардлага хангаагүй гэж үзнэ”, 7.1.1-д “төлбөрийн чадваргүй болсон, татан буулгах шийдвэр гарсан, төлбөрийн чадваргүйдлийн ажиллага эхэлсэн, бизнесийн үйл ажиллагаа зогссон, эсхүл үүсгэн байгуулагдсан улсын хуулийн дагуу эдгээртэй адилтгах нөхцөлд байгаа” гэж хуульчилсан.

4.6 Иймд Inner Co.,Ltd нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, Сангийн сайдын 2023 оны А/259 дүгээр тушаалын хавсралтаар баталсан “Ажил гүйцэтгүүлэх тендер шалгаруулалтын баримт бичиг” зэрэг хууль болон актанд заасан дээрх заалтуудыг хангаагүй байх тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зуйлийн 7.1-д зааснаар “Шан” ХХК-ийг “оролцогчийн еренхий шаардлага хангаагүй” гэж үзэх бүрэн үндэслэл тогтоогдсон байдаг

4.7 Мөн анхан шатны шүүх хуралдаан дээр гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн телөөлөгч С.Алимаа би “Шан” ХХК-ийн 91610112МА6Х1ТNЗЗН кодыг “БНХАУ-ын Үндэсний аж ахуйн нэгжийн зээлийн мэдээллийн нийтийн систем болох www.gsxt.gov.cn цахим системд оруулан хайж, түүний илэрцээр “Шаньши Баихуашэн констракшн” ХХК санхүүгийн найдваргүй талаар олон илэрц гарч ирсэн ба хамгийн ноцтой нь 2023 оны 8 дугаар сард “ямар ч тендерт оролцох эрхийг нь 3 жилээр хассан” хэмээх илэрц баримт байсан болно. Эдгээрииг эрх бүхий орчуулгын товчоогоор орчуулгуулж, анхан шатны шүүхэд гарган өгч, тус шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн байхад энэхүү нотлох баримтыг үнэлэхгүйгээр, дүгнэлт өгөөгүй, түүнийг үндэслэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн.

4.8 Гэтэл "Шан” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ цахим сайтаас авсан ноглох баримтад хариу тайлбар хийж чадаагүйгээс гадна 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр нэхэмжлэгч талын захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлтийг хянан хэлэлцэх шүүх хуралдаан дээр маргалдагч 2 талын компанийн кодыг www.gsxt.gov.cn цахим системд оруулан хайлт хийлгэх хүсэлт мөн гаргаж, шүүх тэрхүү хүсэлтийг нь хүлээж аваагүй байхад 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хуралдсан захиргааны хэргийн анхан шатны шүүх хурал дээр гуравдагч эдгээдийн төлөөлөгч миний бие дээрх баримт гаргаж ирээд хэлэлцүүлж байхад өмнө гаргаж байсан маргалдагч 2 талын компанийн кодыг www.gsxt.gov.cn цахим системд оруулан хайлт хийлгэх” хүсэлтээсээ татгалзсан байдаг.

4.9 Энэ нь ”Шан” ХХК санхүүгийн найдваргүй талаар олон илэрц гарч ирэх ба БНХАУ-аас 2023 оны 8 дугаар сард “ямар ч тендерт оролцох эрхийг нь жилээр хассан” хэмээх энэхүү баримт нь гарч ирэх учраас хүсэлтээсээ татгалзсан гэж үзэхээр нөхцөл байдал тогтоогдсон болно.

4.10 Мөн хэргийн оролцогч нь буюу нэхэмжлэгч тал нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3-д “нотлох баримт гаргаж өгөх, гэрчээс мэдүүлэг авхуулах, шинжээч томилуулах, бусад нотлох баримт цуглуулах, хүсэлт гаргах” гэх мэт хуулиар олгогдсон эрхээ эдлэж, Зам, тээврийн яамны тендерийн Үнэлгээний хорооны гишүүдээс гэрчийн мэдүүлэг авахуулах, санхүүгийн талаар чадавхитай талаараа шүүхэд хүсэлт гаргаж нотлуулах, нотлох баримтаа цуглуулах эрх, үүргээ яагаад хэрэгжүүлээгүй.

4.11 Өөрөөр хэлбэл, шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн атлаа шийдвэр гаргасан гэж үзэж байна. Харин “Шан” ХХК нь холбогдох хууль болон хуульчилсан актын шаардлагад нийцүүлэн Худалдан авах ажиллагааны цахим систем болох tender.gov.mn-ээр тендер илгээх 1 дүгээр маягтын 2.1-д “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан нөхцөл үүсээгүй гэдгээ мөн хуулийн 7.2-т заасаар бичгээр хууль ёсны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тоон гарын үсгээр баталгаажуулан илгээсэн байна.

4.12 Мөн БНХАУ-ын шүүхийн баримт сүлжээ /https://wenshu.court.gov.cn/-д эрүү, иргэн, захиргаа, нөхөн төлбөр болон бусад хэргийн өгөгдөл байхгүй байгаа нь хайлтаар гарч ирж байгаа ба 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар татварын өрийн үлдэгдэлгүй талаар Хөх хотын Шинчэн улсын татварын албаны дүүргийн татварын товчооны 1 дүгээр татварын салбарын 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2024/760 дугаар тодорхойлолт, түүний орчуулга мөн уг баримт бичгийг нотариатаар гэрчлүүлэн хургүулсэн зэрэг нь “Шан” ХХК ХХК нь холбогдох хууль болон хуульчилсан актын шаардлагад ниицүүлэн тендерт оролцсон нотлох баримт захиргааны хэрэгт цугларсан байдаг

4.13 Анхан шатны шүүх захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сснирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдоогүй байхад буюу шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн атлаа захиргааны актыг хүчингүй болгож шийдвэрлэсэн бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтанд дүгнэлт хийхгүйгээр шийдвэр гаргасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор хянав.

2.   Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул давж заалдах шатны шүүх дараах үндэслэлээр гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2.1. Нэхэмжлэгч “Шан” ХХК нь Зам, тээврийн яам болон Зам, тээврийн яамны тендэрийн Үнэлгээний хороонд холбогдуулан Зам, тээврийн яамны 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 03/2212, 03/2213 дугаар мэдэгдлүүдийг болон Баруун босоо тэнхлэгийн авто замаас Ховд аймгийн Мөнххайрхан сум чиглэлийн хатуу хучилттай авто замын тендерт шалгарсан “Inner” Co.,Ltd-тай байгуулсан гэрээг тус тус хүчингүй болгож, Баруун босоо тэнхлэгийн авто замаас Ховд аймгийн Мөнххайрхан сум чиглэлийн хатуу хучилттай авто замын тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг хариуцагч Зам, тээврийн яам болон Зам, тээврийн яамны тендерийн Үнэлгээний хороонд даалгуулах”-аар маргасан байна.  

2.2. Анхан шатны шүүх ... хариуцагч Үнэлгээний хороо 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хуралдаж зөвлөмж гаргахдаа Сангийн яамны гомдол хянан шийдвэрлэсэн албан бичигт дурдсан нэхэмжлэгч “Шан” ХХК болон гуравдагч этгээд “Өвөр Монголын зам, гүүр групп” компанийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан ерөнхий шаардлага хангах эсэхийг БНХАУ-ын эрх бүхий байгууллагаас хөтөлдөг мэдээллийн сан нягталж шалгалгүйгээр өмнөх зөвлөмжийг хэвээр үлдээсэн нь хуульд нийцээгүй гэж дүгнэж, нэхэмжлэгч “Шан” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.

2.3. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/167 дугаар тушаалаар Баруун босоо тэнхлэгийн авто замаас Ховд аймгийн Мөнххайрхан сум чиглэлийн 63.5 км хатуу хучилттай автозамын барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахаар Үнэлгээний хороо байгуулагдсан бөгөөд уг тендерийн сонгон шалгаруулалтын дагуу хоёр компаниас тендерийн материал ирүүлснийг хянан үзэж 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Үнэлгээний хорооны хуралдаанаар “Өвөр Монголын зам, гүүр групп” компанийг шаардлага хангасан гэж үзэж гэрээ байгуулах эрх олгох тухай зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэжээ.

2.4 Өөрөөр хэлбэл, тендерийн Үнэлгээний хорооноос анх 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хуралдаж, БНХАУ-д үйл ажиллагаа явуулдаг компаниудыг бүртгэдэг www.gsxt.gov.cn сайтаас “Шан” ХХК-ийг хуулийн этгээдийн нэр болон 91610112МА6X1TN33H гэсэн кодоор хайхад мэдээлэл гарч ирэхгүй байгааг дурдан, түүнийг “Оролцогчийн ерөнхий шаардлагыг магадлах” шалгуурыг хангахгүй байна гэж үзэн “Өвөр Монголын зам, гүүрийн групп” компанийг эрх бүхий бөгөөд шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн тул гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдэл хүргүүлэхийг захиалагчид зөвлөсөн.

2.5 Улмаар зөвлөмжийн дагуу Зам, тээврийн яамны 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 03/2212 дугаар албан бичгээр “Шан” ХХК-ийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт заасан “Оролцогчийн ерөнхий шаардлагыг магадлах” шалгуурыг хангахгүй байна гэж үзэж, тендерээс татгалзсан болохыг, мөн өдрийн 03/2213 дугаар албан бичгээр “Inner” компанийн тендерийг “Шаардлагад нийцсэн” гэж дүгнэн тус тус тендерт оролцогч нарт хариу хүргүүлжээ.

2.6 Дээрх шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч “Шан” ХХК-аас Сангийн яаманд гомдол гаргасан бөгөөд Сангийн яамны 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн “Гомдол хянасан тухай” 03/10583 дугаар албан бичгээр “…БНХАУ-ын Үндэсний аж ахуй нэгжийн зээлийн мэдээллийн нийтийн систем буюу www.gsxt.gov.cn сайтаас шалгахад “Шан” ХХК-ийг хэвийн бус үйл ажиллагааны жагсаалтад оруулсан гэж тэмдэглэгдсэн байна … “Шан” ХХК нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан ерөнхий шаардлагыг хангасан эсэхийг холбогдох эх сурвалжаас нь нягтлах нь зүйтэй … түүнчлэн БНХАУ-ын Үндэсний аж ахуй нэгжийн зээлийн мэдээллийн нийтийн системээс шалгахад “Inner” компани нь үйл ажиллагаа явуулж байгаа гэж тэмдэглэгдсэн байх бөгөөд тус компаниас ирүүлсэн шүүхийн шийдвэрийн цахим сангийн мэдээлэл, татварын албаны тодорхойлолтод үндэслэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасан нөхцөл үүсээгүй гэж дүгнэсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна” гэж хариу өгчээ.

2.7 Ийнхүү Сангийн яамны албан бичгийн дагуу Үнэлгээний хороо дахин хуралдаж, тус албан бичигт дурдсан үндэслэл буюу “Шан” ХХК-ийг Үндэсний аж ахуй нэгжийн зээлийн мэдээллийн нийтийн систем буюу www.gsxt.gov.cn цахим сайтаас дахин хайхад “хэвийн бус үйл ажиллагаатай” компанийн жагсаалтад орсон талаарх үйл баримт тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгчээс уг үйл баримтыг үгүйсгэсэн тайлбар, нотлох баримтыг ирүүлээгүй байна.

2.8 Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Дараах нөхцөлийн аль нэг үүссэн бол оролцогчийг ерөнхий шаардлага хангаагүй гэж үзнэ:”, 7.2-т “Оролцогч энэ хуулийн 7.1-д заасан нөхцөл үүссэн эсэх мэдэгдлийг бичгээр гаргана”, 7.3-т “Энэ хуулийн 7.1-д заасан нөхцөлийг магадлахтай холбогдох баримт бичиг ирүүлэхийг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан бол оролцогч Монгол Улсын, эсхүл үүсгэн байгуулагдсан улсын эрх бүхий байгууллагаас гаргуулан ирүүлнэ”, Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/259 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Ажил гүйцэтгүүлэх тендер шалгаруулалтын баримт бичиг”-ийн тендер шалгаруулалтын зааварчилгааны 16.2-т “Гадаадын этгээд нь үүсгэн байгуулагдсан, эсхүл оршин суугаа улсын төрийн эрх бүхий байгууллагаас гаргасан дараах баримт бичиг, эсхүл түүнтэй адилтгах баримт бичгийг ирүүлнэ:”, 16.2.3-т “тендер шалгаруулалт зарласнаас хойших өдрийн байдлаар тухайн улсын хуулиар татварын хугацаа хэтэрсэн өргүй болохыг нотлох баримт бичиг” гэж заасан.

2.9  Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл тендер шалгаруулалтад оролцогч “Шан” ХХК нь үүсгэн байгуулагдсан улсын төрийн эрх бүхий байгууллагаас тендерийн шалгаруулалт зарласнаас хойших өдрийн байдлаар татварын хугацаа хэтэрсэн өргүй болохыг нотолсон баримт буюу ерөнхий шаардлага хангаагүй гэх нөхцөл үүсээгүй талаарх баримтыг бичгээр ирүүлэх хуулийн зохицуулалттай.

2.10 Тодруулбал, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Захиалагч тендерийн тодорхойгүй, эсхүл зөрчилдөөнтэй асуудлаар тодруулга авах нь бусад оролцогчийн өрсөлдөөнд сөргөөр нөлөөлөхгүй бол оролцогчоос бичгээр тодруулга авах хүсэлт хүргүүлэх ба хүсэлтэд хариу ирүүлэх хугацааг заана” гэж заасны дагуу тендер захиалагч нь “Шан” ХХК-иас оролцогчийн ерөнхий шаардлага хангасан эсэх мэдээллийг 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дотор ирүүлэхийг шаардсан боловч нэхэмжлэгчээс үүсгэн байгуулагдсан төрийн эрх бүхий байгууллагаас гаргасан тендерийн нөхцөлийг магадлахтай холбогдох баримт бичгийг ирүүлээгүй байна.

2.11 Тухайлбал, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар үүсгэн байгуулагдсан улсын хуулийн дагуу өр төлбөр төлүүлэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа, эсхүл татварын өргүй эсэх лавлагааг ирүүлээгүй, зөвхөн нэхэмжлэгчийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийн лавлагаа, хуулийн этгээдийн оноосон нэрний зөрүүтэй байдлын талаарх тайлбар  болон үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн талаарх баримтуудыг ирүүлсэн атлаа “Тендерийн Үнэлгээний хорооноос манай байгууллага tender.gov.mn цахим системээр Тендерийн баримт бичгийн зааврын 16.1-д “Оролцогчийн ерөнхий шаардлага буюу тус хэсгийн 16.2.1-т заасан мэдээллийг тодруулгаар хүссэний дагуу хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдийн мэдээлэл болон татварын өр төлбөргүй талаарх баримт бичгүүдийг шаардсаныг хүргүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан оролцогчоос тодруулга авч болох байсан боловч энэ ажиллагааг хийлгүй цахим системээс хайлт хийж үзсэн гэх байдлаар татгалзаж шийдвэрлэсэн манай тендер сонгон шалгаруулалтад оролцох эрхийг хууль бусаар хязгаарласан үйлдэл болсон” гэж тайлбарлан маргаж буй нь үндэслэлгүй бөгөөд маргаан бүхий акт нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

2.12 Мөн хариуцагч нь “Inner” компанийг шаардлага хангасан гэж үзэж гэрээ байгуулах эрх олгож, албан бичгийн дагуу гэрээ байгуулсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28.1-д “Захиалагч тендер тус бүрд дараах шийдвэрээс аль тохирохыг гаргана:”, 28.1.1-д “хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгох;”, 30 дугаар зүйлийн 30.1-д “Шалгарсан оролцогч гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын зургаагаас доошгүй өдрийн дараа, захиалагчаас тогтоосон хугацаанд багтаан гэрээг баталгаажуулж, эх хувиар, эсхүл цахим системээр захиалагчид хүргүүлнэ” гэж заасны дагуу хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэн гаргасан шийдвэр байх тул хууль бус гэж үзэхгүй.

 

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 306 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2, 7.3, 25 дугаар зүйлийн 25.1, 28 дугаар зүйлийн 28.1, 30 дугаар зүйлийн 30.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Шан” ХХК-ийн Зам, тээврийн яам болон Зам, тээврийн яамны тендерийн Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан гаргасан Зам, тээврийн яамны 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 03/2212, 03/2213 дугаар мэдэгдлүүдийг болон Баруун босоо тэнхлэгийн авто замаас Ховд аймгийн Мөнххайрхан сум чиглэлийн хатуу хучилттай авто замын тендерт шалгарсан “Inner” Co.,Ltd-тай байгуулсан гэрээг тус тус хүчингүй болгож, Баруун босоо тэнхлэгийн авто замаас Ховд аймгийн Мөнххайрхан сум чиглэлийн хатуу хучилттай авто замын тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг хариуцагч Зам, тээврийн яам болон Зам, тээврийн яамны тендерийн Үнэлгээний хороонд даалгуулахшаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангасугай.   

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч төсвийн байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг үндэслэн гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.    

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                          Т.ЭНХМАА

ШҮҮГЧ                                                           О.ОЮУНГЭРЭЛ