Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 40

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Т.Бямбажав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд

          Прокурор В.Төгсбаяр,

          Шүүгдэгч Д.Н,

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Алтанчимэг

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Х.Даваахүү,

          Нарийн бичгийн дарга Ц.Даваасүрэн нарыг оролцуулан,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2019/ШЦТ/113 дугаар шийтгэх тогтоолтой, Д.Н холбогдох 1929001800099 дугаартай, 3 хавтас эрүүгийн хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Алтанчимэг, түүний өмгөөлөгч Х.Даваахүү нарын давж заалдах гомдлоор  2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Насанжаргалын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 41 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Хероесвин” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Д.Н

Шүүгдэгч Д.Н нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг,  Цагаан хад гэх газарт 2019 оны 06 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө 72-10 ГЧ улсын дугаартай чиргүүлтэй, 81-72 ӨМА улсын дугаартай Фотон маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож, ухрах үйлдэл хийх үедээ Монгол Улсын  Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөний улмаас иргэн Д.Г дайрч амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр  нь  Д.Н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар  зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх: Шүүгдэгч Д.Н авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3  жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар тэнсэж, хохирогч Д.Алтанчимэг нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй, иргэний хариуцагч “Хероесвин” ХХК нь хохирол төлбөрт нийт 14 000 000 сая төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч Д.Алтанчимэг нь хохирлын талаар нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу хохирлоо нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгч Д.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй болохыг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Д.Н В, С, Е ангиллын N2580837 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, эд мөрийн баримтаар хураагдсан 4 ширхэг дугуйг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц “Хероесвин” ХХК-д буцаан олгож, Д.Н авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Алтанчимэг давж заалдах гомдолдоо: “Би шүүх хуралдаан дээр тэнсэн харгалзах ял оноож өгөөч гэж хэлээгүй. Мөн нэхэмжлэх зүйлгүй гомдолгүй гэж хэлээгүй. Иргэний хариуцагчаар татагдсан Хероесвин ХХК-ий төлөөлөгч Амарсанаа нь бид шүүхийн шийдвэрийг даган биелүүлнэ гэсээр байхад шүүгч үнэн бодитойгоор хуульд нийцүүлэн шийдвэрлээгүй.

Түүнчлэн Д.Н нь өөрийн санамсар болгоомжгүйгээс болж хүний амь нас хохироосондоо энэ 5 сарын хугацаанд нэг удаа ч ар гэрээс нь уучлалт гуйгаагүй бөгөөд шүүх хурал болохоос 10 минутын өмнө 300,000 төгрөгийг гэр бүлийн хүнд Маанийн ерөөл уншуулаарай гэж өмгөөлөгчөөрөө дамжуулан өгсөн.

Өөрөөр нэг ч төгрөгийн хохирол барагдуулаагүй байхад шүүх хохирол бүрэн барагдуулсан гэж байгаа нь хуульд нийцэхгүй байна.

Нямдаваа нь хүний амь нас хохироосон хэрэгтээ огт гэмшсэн байдал харагдахгүй байна гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Х.Даваахүү давж заалдах гомдолдоо: “...Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2-т Д.Н эрхийг 3 жил хассан атлаа Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэдийд эхлэхийг тодорхой заагаагүй.      

Тэжээн тэтгэхтэй холбоотой нэхэмжлэлийг шийдэхгүй орхисон нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Шүүгдэгч Д.Н оногдуулсан  2 жилийн хугацаагаар тэнссэн ял шийтгэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн саналтай санал нэг байна” гэв.                                                                                                                                                Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг давж заалдах шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Монгол Улсын Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 1-д ... зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй... гэж заасан байдаг.

“Херосвин” ХХК нь Д.Н төлбөр төлөх чадваргүй байдал, олон бага насны хүүхдүүдтэй, ар гэрийн ахуй амьдрал зэргийг харгалзан үзээд, хуулийн хүрээнд хохирогч талаас хохирол төлбөрт нэхэмжилсэн 13.806.607 төгрөгийг 14.000.000 төгрөгөөр төлсөн болох нь баримтаар тогтоогдож байдаг.

Үүнээс харахад хохирогч талаас оршуулгын зардалд гарсан хохирол төлбөр бүрэн төлөгдсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл тухайн мөнгийг Д.Н нь төлөөгүй ч гэсэн, тээврийн хэрэгслийн эзэмшигч компани төлсөн явдал нь хохирол төлбөр бүрэн төлөгдсөн гэж үзэх үндэслэлтэй юм.

Миний үйлчлүүлэгч Д.Н нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд, түүний хувийн байдал нь бага насны олон хүүхдүүдтэй, эхнэр нь саяхан төрсөн нярай хүүхдээ хараад ажилгүй гэртээ байдаг, банкны өр зээлтэй, Д.Н нь нүүрс тээвэрт явж ар гэр, үр, хүүхдүүдээ тэжээн тэтгэж байсан юм.

Д.Н хувьд хэрэг хийсэндээ маш ихээр гэмшдэг, хохирогч талтай ярих гэхээр айгаад байна гэдэг байсан бөгөөд, хэрэгт шалгагдаж байхдаа Ханбогд суманд барилгын туслахаар ажиллаад олсон хэдэн төгрөгөөсөө маанийн ерөөл уншуулаарай гэж хохирогч талд 300.000 төгрөгийг өгсөн нь үнэн билээ.

Иймд шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд Д.Н нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирол төлбөр төлөгдсөн байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд шийдвэрлэсэн.

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гэж үзэж, гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв

Прокуророос давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Хэрэгт хийгдэх ажиллагаанууд хуулийн дагуу бүрэн хийгдсэн. Анхан шатны шүүх нь өөрийн эрх хэмжээний хүрээнд шүүгдэгчийг тэнсэн харгалзаж шийдвэрлэсэн.  Анхан шатын шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг буруу хэрэглэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

Шүүгдэгч Д.Н давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэм буруутайд маргахгүй байгаа, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчтэй уулзах боломж олдоогүй, учраа олоогүй. Анх удаа уулзаж байна.  Хэргээ үнэн зөвөөр мэдүүлсэн. Би 5 хүүхэдтэй, амьдралын боломжгүй учир хохирол төлбөрийг төлөхөд хэцүү байна. Давж  шатны шүүхийн шийдвэрийг харна гэв.         Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Миний үйлчлүүлэгч үйлдсэн гэмт хэрэгтээ маргадаггүй, хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр мэдүүлж, хэргээ хүлээн зөвшөөрдөг. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан гэж үзэж байна. Учир нь Хероесвин ХХК-аас хохирол төлбөр 14 сая төгрөгийг төлснөөр бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй. Компани нь Д.Н хохирлын мөнгө төлбөр гаргуулахаар нэхэмжлэхгүй гэсэн Гансүх нь 5 хүүхэдтэй амьдралын боломж муутай. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.                                   

Хохирогчийн өмгөөлөгч Х.Даваахүү давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй, шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэлтэй гарах ёстой. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  шүүх хуралдаанд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн үндэслэлээр дүгнэж бичсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ хүн хохирол төлбөрөө төлж чадахгүй гэж хэлж байгаа нь хохирол төлбөр төлөгдсөн гэж үзэхгүй. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.                                                                                                          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Алтанчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би маш их гомдолтой байна. Энэ хүн гэмшсэн шинжгүй. Шүүх хуралдаан болох хүртэл холбоо бариагүй. Хүүхдийн тэжээн тэтгэхтэй холбоотой асуудлыг шийдвэрлээгүйд гомдолтой байна. Насанд хүрээгүй хүүхэд, нэг оюутан, би өөрөө өрх толгойлсон эмэгтэй. Цаашид 2 хүүхдээ ганцаараа тэжээн тэтгэх болсон. Би  тэнсэн харгалзах ялаар шийтгэж өгнө үү гэж хэлээгүй. Тэжээн тэтгэхтэй холбоотой нотлох баримт гаргаж өгсөн боловч анхан шатны шүүх энэ асуудлыг шийдвэрлэж өгөөгүй орхисонд гомдолтой байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Алтанчимэг, түүний өмгөөлөгч Х.Даваахүү нарын гомдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, шүүгдэгч Д.Н холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад гомдол үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3-т заасан үндэслэлээр хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ. Үүнд:

Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Н 2019 оны 06 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн Цагаан хад гэх газарт Хероесвин” ХХК-ийн эзэмшлийн  72-10 ГЧ улсын дугаартай чиргүүлтэй, 81-72 ӨМА улсын улсын дугаартай Фотон маркийн хүнд даацын тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд орж ухрах үйлдэл хийх үедээ Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль /шинэчилсэн найруулга/ түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 “ Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, иргэн Д.Гансүхийн амь насыг хохироосон үйлдэлд гэм буруутайд тооцон,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна гэж үзлээ.

1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “.Энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж, нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.

Шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгтээ “...гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлэн ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй.” гэж дүгнэсэн боловч ямар төрлийн ялаас, ямар хэмжээгээр, хэрхэн хөнгөрүүлж байгаа, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хувийн байдалд ямар нөхцөл байдлыг хамааруулж үзсэнээ тус тус тодорхойлж заагаагүй байна.

Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн хүнд зөвхөн хорих ял оногдуулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлан оногдуулсан хорих ялаас чөлөөлөх, хорих ялыг тодорхой хувиар багасгаж хөнгөрүүлэх, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх ба энэ шалгуур хангасан тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан “тэнсэх” хэм хэмжээний агуулгад нийцүүлэн хэрэглэх нь шударга ёсны зарчимд нийцэх байтал шүүх шүүгдэгч Д.Н албадлагын арга хэмжээ хэрэглээгүй, тэнсэх хугацааг заагаагүй байна.

2.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэндэд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг гэм хор учруулсан этгээд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар арилгах үүрэгтэй.

Хүний амь нас хохирсон гэмт хэргийн хувьд хүний амь насыг  буюу эдийн бус хохирлыг үнэлэх талаар Иргэний хуулиар зохицуулаагүй боловч шүүх хохирол төлөгдсөн эсэх талаар дүгнэлт хийхдээ амь хохирогчийн гэр бүлийн гишүүд, хууль ёсны төлөөлөгчийн хүсэлт, шаардлагыг хэрхэн харгалзсан талаар, гэмт хэргийн хохирол, хор уршиг арилсан гэж үзэх үндэслэлээ тодорхой заах нь хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтот нийцэх байтал шүүх шүүгдэгч Д.Нг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж үзэхдээ энэ үндэслэлийн талаар  заагаагүй байна.

Тухайлбал, Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Алтанчимэгийн “...Бүтэн өдөржин Ханбогд сумын төвд байхад уулзаагүй, ...Монгол хүн байж ганц удаа ирээд уучлалт гуйгаагүй,...2 хүүхдийнх нь тэжээн тэтгүүлэх асуудлыг шийдэж өгөөч, ...гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлнэ гэдэг нь уг нь бичгээр илэрхийлдэг,... шүүгдэгчээс цаашид гарсан хохирол төлбөрийг төлөх юм уу гэхэд шүүхээс гарсан шийдвэр байвал төлнө гээд байгаа., сайн дураараа төлнө гэж дуугараагүй...” гэж гэм хорын талаар  мэдүүлсэн мэдүүлэг шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагджээ. /хэргийн 2 дугаар хавтас, 223 дугаар хуудас/ Шүүх энэ мэдүүлгийн үндэслэлд хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна.

3. Гэм буруугийн талаар маргах эрх шүүгдэгч өөрт нь байхад  улсын яллагч нь шүүх хуралдаанд “хэрэг хянагдаад прокурорын шатанд байх хугацаанд шүүгдэгч гэм буруугийн тал дээр маргахгүй байсан, мөн хохирол төлбөрийн хувьд хэргийн хүрээнд авагдсан 14,000,000 төгрөгийг төлж барагдуулсан тул дүгнэлтийн үе шатыг 1 үе шаттай явуулах саналтай” гэж санал гаргасан ба шүүх энэ талаар ямар нэгэн шийдвэр гаргаагүй атлаа шүүгдэгч Д.Н гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоох, эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг давхар нэг хуралдаанаар шийдвэрлэжээ.                                   Энэ ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоосны дараа гэм буруутай бол Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх .... асуудлыг хянан шийдвэрлэнэ.”,  мөн хуулийн 36.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн “Шүүх шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон шийдвэрийг ...танилцуулж, тэмдэглэлд тусгуулсны дараа түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдааныг ...явуулна” гэсэнтэй нийцээгүй. Прокурор нь мөн хуулийн 34.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож, нотлох баримтыг шинжлэн судлах, шүүх хуралдааны явцад гарсан асуудлын талаар санал гаргах эрхээ эдэлж, шүүгдэгчийн гэм бурууг шүүхэд нотлох үүргээ биелүүлээгүй нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “Гэм буруутай нь хуулийн  дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно” гэсэн зарчмын хэрэгжих баталгаа болох “гэм буруутай эсэхийг урьдчилан тогтоохыг хориглох” Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд заасан шүүгдэгчийн эрхийг шүүх, прокуророос хязгаарласан, талуудын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох  зарчим хэрэгжих нөхцөл бүрдүүлээгүй, гэм буруугийн зарчим зөрчсөн гэх үндэслэл болно.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлд зааснаар шүүх шийтгэх тогтоол гаргахдаа иргэний нэхэмжлэл гаргасан этгээдийн нэхэмжлэлийг гэмт хэргийн улмаас хохирол учирсан, хохирлын хэмжээ тогтоогдсон эсэхээс хамаарч хэрэгсэхгүй болгож, эсхүл бүрэн болон хэсэгчлэн хангаж,  эсхүл тодорхой тооцоо гаргах бололцоогүй тохиолдолд түүний хэмжээний тухай асуудлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шилжүүлж шийдвэрлэх үүрэгтэй.

Харин нэхэмжлэл гараагүй боловч хохирогчид гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл шийтгэх тогтоолд цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргах эрхтэй болохыг заах үүрэгтэй байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Алтанчимэг нь гэм хор учруулсны төлбөрийг нас барсан хохирогчийн насанд хүрээгүй хүүхдэд нөхөн төлүүлэх шаардлага  гаргаж, нотлох баримт ирүүлсэн байхад шүүх уг шаардлагын үндэслэл, хэмжээ, тодорхой тооцоо гаргах боломжгүй эсэхэд дүгнэлт хийгээгүй атлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хохирлоо нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн нь хуулийн дээрх зохицуулалтад нийцээгүй байна.

Иймд дээр дурдсан үндэслэл нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлд хамаарч байх тул шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Мөн шүүх шийтгэх тогтоолдоо иргэний хариуцагчийн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхийг, эрх хасах нэмэгдэл ял оногдуулахдаа уг ялыг тоолох хугацааг заагаагүй нь шийтгэх тогтоолд тавигдах шаардлагад нийцээгүйг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 18-ний өдрийн 2019/ШЗ/113 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Д.Н холбогдох 1929001800099 дугаартай эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаасугай.  

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол Д.Н урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Н.НАСАНЖАРГАЛ

                              ШҮҮГЧ                                            Т.БЯМБАЖАВ

                                                                                        Х.ГЭРЭЛМАА