Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2021/01396

 

 

  “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Х.Сонинбаяр, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2019/03588 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 356 дугаар магадлалтай,

 

“Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Л.О, Б.О- нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 9,738,277 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нэмэхбаярын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

 

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Т” ХХК нь Л.О, Б.О- нартай 2015.10.29-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 8,000,000 төгрөгийг сарын 2.7 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлдүүлсэн. Зээлдэгч Л.О, Б.О- нь зээлийн гэрээний хавсралтаар тогтоосон графикийн дагуу зээлийн эргэн төлөлт хийгээгүй. Бидний зүгээс зээлдэгч нарыг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан. Л.О, Б.О- нар нь 2019.06.03-ны өдрийн байдлаар үндсэн зээл 5,301,852 төгрөг, зээлийн хүү 3,693,271 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 738,654 төгрөг, гэрээний үүрэг зөрчсөний улмаас гарсан нотариатын зардал 4,500 төгрөг, нийт 9,738,277 төгрөгийн өр төлбөртэй. Иймд Л.О, Б.О- нараас зээлийн гэрээний үүрэгт 9,738,277 төгрөг гаргуулж өгнө үү. Хариуцагч нартай лизингийн зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 12,000,000 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгсэл худалдан авахад зориулж 8,000,000 төгрөг зээлдүүлсэн бөгөөд барьцаанд Nissan Skyline маркийн, 9294 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалуулсан. Одоо тухайн тээврийн хэрэгслээ хариуцагч нар өөрсдөө эзэмшиж, ашиглаж байгаа. Харин Авто тээврийн үндэсний төв буюу тээврийн хэрэгслийн бүртгэл хийдэг эрх бүхий байгууллага нь барьцааны бүртгэлийг зөвхөн тээврийн хэрэгслийн гэрчилгээг барьцаалагчийн нэр дээр шилжүүлэх замаар хийдэг тул тухайн тээврийн хэрэгсэл нь нэхэмжлэгч байгууллагын нэр дээр бүртгэлтэй байгаа болно. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагадаа барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлага гаргахгүй. Иймээс тухайн тээврийн хэрэгслээ хариуцагч нар нь барьцаанаас чөлөөлүүлэн өөрсдийн нэр дээр хэдийд ч шилжүүлэн авах эрхтэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нэмэхбаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Л.О, Б.О- нь 2015.10.29-ний өдөр “Т” ХХК-иас 8,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай сарын 2.7 хувийн хүүтэй зээлж авсан. Зээлийн гэрээний үүрэгт 6,064,800 төгрөг төлсөн. 2017.04.20-ны өдрөөс хойш зээлийн төлөлтийг зогсоосон. Учир нь зээлийн гэрээ байгуулах зорилго нь 18,000,000 төгрөгийн үнэ бүхий Nissan Skyline маркийн авто машин худалдан авахад 8,000,000 төгрөг дутсан тул нэхэмжлэгч компанитай зээлийн гэрээ байгуулж тус компанийн өмчлөл дээр худалдаж авсан авто машины өмчлөлөө шилжүүлж Б.О- нь эзэмшиж байхаар тохиролцсон. Гэвч “Т” ХХК-иас зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасан мөнгөн дүн бүрэн гүйцэд төлөгдөөгүй хэмээн гэрээний харилцааг зогсоож зах зээлийн үнэлгээ 18,000,000 төгрөгийн үнэ бүхий авто машиныг 2017 оны 3 сард хураан авсан. Миний хувьд машиныг хураан авч зээлийн гэрээний үүрэгт тооцохыг зөвшөөрч илүү мөнгийг буцаан өгөхийг зөвшөөрсөн. Гэвч сарын дараа “Т” ХХК-иас Б.О- руу ярьж авто машиныг чинь бусдад унуулж байгаад эвдэлчихсэн чи засаад ав, 2017 оны 4 сард төлөөгүй үлдсэн мөнгө 5,325,203 төгрөг нэмэгдүүлсэн хүү 23,251 нийт 5,325,203 төгрөгийг төлөөрэй гэсэн. Авто машин эвдэлсэн засвар сэлбэгийг Б.О- нь хувиасаа гаргасан. Иймд нэхэмжлэгчийн гаргасан үнийн дүнгээс 4,413,074 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. 5,325,203 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. ...Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс хангахыг хариуцагч нар хүлээн зөвшөөрч байна. Л.О, Б.О- нар нь нэхэмжлэлийн үнийн дүнгийн 5,301,852 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Мөн “Т” ХХК нь Л.О, Б.О-тай байгуулсан гэрээг дуусгавар болгож 2017 оны 4 сард авто машиныг хурааж авахдаа эзэмшигчид мэдэгдэлгүй ачиж ачилтын алдаа гаргаж 4 дугуйг нь өргөж ачих зориулалттай авто машиныг чирсний улмаас тоормосны системд гэмтэл учруулснаа үгүйсгээгүй. Иймд шүүх хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2019/03588 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Л.О, Б.О- нараас үндсэн зээл 5,301,852 төгрөг, хүү 3,693,271 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 738,654 төгрөг, нийт 9,733,777 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Т” ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлээс 4500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 170,800 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 170,690 /нэг зуун далан мянга зургаан зуун ерэн/ төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 356 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2019/03588 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч тал давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25,300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нэмэхбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 2019.12.16-ны өдөр Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээр “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй Л.О, Б.О- нарт холбогдох иргэний хэрэг маргаан шийдвэрлэгдсэн. 2019.12.16-ны өдрийн 101/ШШ2019/03588 дугаар шийдвэрээр хариуцагч Л.О, Б.О- нараас зээлийн төлбөрт 5,301,852 төгрөг, хүү 3,693,271 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 738,654 төгрөг нийт 9,733,777 төгрөгийг гаргуулан “Т” ХХК-д олгуулахаар шийдвэрлэсэнд, мөн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.02.14-ний өдрийн магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэнд гомдолтой байна. Учир нь Л.О, Б.О- нар нь 2015.10.29-ний өдөр “Т” ХХК-иас 8,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай сарын 2.7 хувийн хүүтэйгээр 2017.10.29-ний өдөр хүртэл зээлж авсан. Нийт зээлсэн 8,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт хугацаанд нь 6,064,800 төгрөгийг төлсөн. 2017.04.20-ны өдрөөс хойш зээлийн төлөлтийг Л.О, Б.О- нар нь зээлээ төлөхөө зогсоосон. Учир нь зээлийн гэрээ байгуулах зорлиго нь 18,000,000 төгрөгийн үнэ бүхий ниссан скайлайн маркийн 92-94 УБТ дугаартай авто машин худалдан авхад 8,000,000 төгрөг дутсан тул “Т” ХХК-тай зээлийн гэрээ байгуулж тус компанийн өмчлөл дээр худалдаж авсан тээврийн хэрэгслийн гэрчилгээний нэрийг шилжүүлж эзэмшил нь зээлдэгч нарт байхаар харилцан тохиролцсон. Гэвч “Т” ХХК нь зээлийн эргэн төлөлтийг хугацаа хожимдууллаа гэх үндэслэлээр 2015.10.29-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний харилцааг зогсоож гэрээг дуусгавар болгож 2017 оны 3 сард зээлдэгч нарын эзэмшилд байсан авто машиныг барьцаа хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийг хангахаар хурааж авсан болно. Үлдэх төлбөрийг ниссан скайлайн маркийн 92-94 УБТ дугаартай авто машинаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахыг Л.О, Б.О- нар нь хүлээн зөвшөөрсөн болно. 92-94 УБТ дугаартай авто машиныг хурааж авсан талаарх тайлбараа шүүх хуралдааны үед нэхэмжлэгч “Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрч мөн тухайн авто машиныг хураах явцдаа гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрсөн болно. Тухайн тээврийн хэрэгслийг хурааж авахдаа “Т” ХХК нь гэмтэл учруулж тормозны системийг эвдэлчихсэн бөгөөд үлдэгдэл төлбөрөө өгчих энэ машинаа засаад ав гээд өгсөн боловч тус авто машины бичиг баримтыг өгөөгүй болно. Тухайн авто машиныг засварлах боломжгүй, тээврийн хэрэгслийн гэрчилгээг өгөөгүй учир өнөөдрийг хүртэл ашиглаж чадаагүй болно. Иймд Л.О, Б.О- нарын “Т” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний харилцаа 2017 оны 3 сард дуусгавар болсон учир Л.О, Б.О- нар нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д заасан нэмэгдүүлсэн хүү 738,654 төгрөг төлөх хууль зүйн үндэслэл байхгүй. Иймд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны магадлалд тус тус өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч “Т” ХХК нь Л.О, Б.О- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9,738,277 төгрөгийг гаргуулахаар шаарджээ. 

 

Анхан шатны шүүх хариуцагчаас 9,733,777 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, үлдэх 4,500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...зээлийн гэрээ 2017 оны 3 дугаар сард дуусгавар болсон тул ...нэмэгдүүлсэн хүү 738,654 төгрөгийг төлөх үндэслэлгүй. ...шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү” гэсэн хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

 

Л.О, Б.О- нар нь “Т” ХХК-тай 2015.10.29-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, автомашин худалдан авахад зориулж 8,000,000 төгрөгийг сарын 2.7 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж, баталсан хуваарийг зөрчсөн өдрөөс эхлэн нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцсон ба үүргийн гүйцэтгэлд “Nissan Skyline” маркийн 9294 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалжээ.

 

Талуудын хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан гэж шүүх үзсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт нийцсэн байна.  

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээхээр заасан.

 

Хариуцагч нар “...нэхэмжлэгч нь “зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн, зээлээ бүрэн гүйцэд төлөөгүй” гэсэн шалтгаанаар 2017 оны 4 дүгээр сараас зээл төлөлтийг зогсоож, автомашиныг хураан авсан боловч бусдад унуулж эвдсэн...” гэж марган, нэхэмжилсэн төлбөрөөс үндсэн зээлийн 5,301,852 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бусад шаардлагаас татгалзсан байна.

 

Зээлдэгч Л.О, Б.О- нар нь зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 8,000,000 төгрөг, хүү 3,223,027 төгрөг, нийт 11,223,027 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн байх боловч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, зээл буцан төлөх хуваарийг зөрчиж зээлийн төлбөрт 6,064,800 төгрөгийг төлсөн нь тогтоогджээ.

 

Хоёр шатны шүүх нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 5,301,852 төгрөг, зээлийн хүү 3,693,271 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 738,654 төгрөг, нийт 9,733,777 төгрөгийг шаардах эрхтэй гэж дүгнэн, хариуцагч нараас үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүд 9,733,777 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, үлдэх 4,500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасантай нийцсэн байна.

 

Шүүхүүд барьцааны зүйлийн тухайд, хариуцагч нь автомашины эзэмшигчийн нэрийг өөртөө шилжүүлэн авах, барьцааны зүйл болох автомашинд гэмтэл, хохирол учруулсантай холбогдуулан зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүй гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, тухайн маргаанд Иргэний хуулийн холбогдох  зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2019/03588 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 356 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагч нараас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22,278 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.БАНЗРАГЧ

ШҮҮГЧИД                                                       П.ЗОЛЗАЯА

                                                            Б.МӨНХТУЯА

                                                            Х.СОНИНБАЯР

Х.ЭРДЭНЭСУВД