Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/36

 

 

                                        

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

нарийн бичгийн дарга Г.Галхүү,

улсын яллагч Д.Дэлгэрсүрэн,

шүүгдэгч А.Н, түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн шүүгдэгч А.Н  холбогдох эрүүгийн А.Н дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.         

         

                             Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Төв аймгийн Жаргалант суманд 1984 оны 03 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, эмээгийн хамт А.Н,

 

                                    Холбогдсон хэргийн талаар

                                   /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ШүүгдэгчА.Н нь 2022 оны 08 дугаар сард Төв аймгийн Жаргалант сумын Буурал 1 дүгээр багийн нутаг дэвсгэрээс иргэн Э.Энхбатын 3 тооны адууг хулгайлж, бусдад 2.350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                

 

Шүүхийн хэлэлцүүлэгт 

Шүүгдэгч А.Н: Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв’’ гэж мэдүүлжээ.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн А.Н дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

 

 

ШүүгдэгчА.Н нь 2022 оны 08 дугаар сард Төв аймгийн Жаргалант сумын Буурал 1 дүгээр багийн нутаг дэвсгэрээс иргэн Э.Энхбатын 3 тооны адууг хулгайлж, бусдад 2.350.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь дараах

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 1 тал/,

Хохирогч Э.Энхбатын өгсөн: Төв аймгийн Жаргалант сумын төвөөс хойно байх голоос 2022 оны 08 дугаар сарын эхээр хүрэн зүсмийн гүү, эр толин сормой хүрэн унага /тамгагүй/ зүүн талын гуяндаа 915 тоот тамгатай хүрэн байдал нийлсэн 3 тооны адуугаа алдсан. Алдсан цагаас хойш хайгаад сураг гарахгүй байсан. 2022 оны 08 сарын сүүлээр Төв аймгийн Цээл сумын нутаг элсэн ам гэх газарт хайж яваад зөв талын гуяндаа Нар саран тамгатай’’ хээр азаргатай адуунд миний алдсан 3 тооны адуу байсан. Тухайн адуу нь айлын гадаа зэлхэд байсан. Миний алдсан адууны унагыг ногтлоод зэлэнд уясан, 2 гүү нь хамт байсан. Би айлын эзэнтэй Энхбаяр гэх хүнтэй уулзаж, миний хулгайд алдсан 3 тооны адууг яагаад энд байгаа талаар тодруулж асуухад би Жаргалант сумын Наранбат гэх хүнээс өрөндөө авсан гэж хэлсэн. Би тийм юм байхгүй. Миний хулгайд алдсан адуу байна гэж хэлээд би адуугаа аваад явсан. Сумын төвд ирээд Наранбаттай уулзаж манай адуунаас ямар учиртай хулгай хийсэн талаар асуухад миний нас барсан ахын  нэрийг барьж авлагатай байсан болохоор авсан юм. Уучлаарай гэж хэлсэн. Миний талийгаач ах Наранбатад ямар ч өглөг байхгүй. Хэрэв тийм байсан бол би тэр талаар мэдэх ёстой. Наранбат худал хэлж миний адуунаас хулгай хийж бусдад зарсан. Би хулгайд алдсан гэх 3 тооны адуугаа 9 сая төгрөгөөр үнэлнэ. Төв аймгийн Жаргалант сумын Буурал 2 дугаар багт хадам ээж Тунгалагмаа гэх хүний нэр дээр тоологддог. Би гомдолтой байна. Миний нас барсан ахын нэрийг барьж миний адуунаас хулгай хийсэнд. Би араас нь 20 гаран хоног хайсан зардлаа төлүүлнэ. Өөр нэмж ярих зүйл байхгүй’’ гэх мэдүүлэг/ хх-ийн 7 тал/,

Гэрч Н.Энхбаярын өгсөн: Би Төв аймгийн Жаргалант сумын Наранбат гэх хүнийг таньж мэднэ. 2019 онд анх танилцаж байсан. Наранбат нь 2022 оны 07 дугаар сарын сүүлээр гар утсаар холбогдож миний Англи цустай халтар азарганд гүү хураалгаж байна гэж гуйсан. Тэгээд би зөвшөөрч гүү хураалгахаар болсон. Ингээд хэд хоногийн дараа он сарыг нь сайн санахгүй байна. 08 дугаар сар гарчихсан байсан. Наранбат нь  хээр морь унаад хүрэн гүү, сартай хүрэн унага, хүрэн байдас нийт 3 тооны адууг хөтлөөд ирсэн. Би тухайн авч ирсэн адуунуудыг нь өөрийн эзэмшлийн Англи цустай азарганд хураагаад авч үлдсэн. Тухайн Наранбатын авчирсан адууны унагыг нь зэлэнд уяж эхийн сааж байхад 08 дугаар сарын сүүлээр Жаргалант сумын Энхбат гэх залуу ирээд Наранбатын авч ирсэн 3 тооны адууг миний хулгайд алдсан адуу байна гээд надтай хэл ам  хийсэн. Би хэн гэдэг хүн авч ирж өгсөн ямар учиртай адуу болохыг хэлээд Энхбат гэх хүнд өгөөд явуулсан. Наранбат тухайн үед айлын адууг хулгай хийж ирж манай адуунд тавьсан юм шиг байна лээ. Наранбатын авчирч манай азарганд хураалгасан 3 тооны адуу нь тамгагүй, хүрэн гүү, тамгагүй охин хүрэн унагатай зөв талын гуяндаа 915 тоот тамгатай хүрэн байдал нийлсэн 3 тооны адуу байсан. Тухайн адууг Наранбат надад хэлэхдээ миний өөрийн адуу гэж  хэлж байсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй байна’’ гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 тал/,

Дамно хөрөнгийн үнэлгээний компанийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн №Т22-201 дугаартай шинжээч Ц.Түвшинцэнгэлийн: Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2022 оны 08 дугаар сарын зах зээлийн үнэлгээгээр нийт 2.350.000₮ /Хоёр сая гурван зуун тавин мянган төгрөг/-өөр үнэлэгдэв гэх дүгнэлт /хх-ийн 13-14 тал/,

Эй Жэй Жэй Эм ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 07/360 дугаартай шинжээч Г.Амбасэлмаагийн: Зах зээлийн хандлагаарх нийтэд арилжаалагддаг жиших гүйлгээний аргаар тооцсон зах зээлийн үнэ цэнэ үнэлгээний өдрөөр 902.500 /есөн зуун хоёр мянга таван зуу/ төгрөг гарч үйлчлүүлэгчид хүргүүлж байна.’’ гэх мэдүүлэг /хх-ийн 25 тал/,

Шүүгдэгч А.Нын сэжигтнээр өгсөн: “Би Төв аймгийн Жаргалант суманд адуу маллаж амьдардаг. Би 2022 оны 3 сарын дундуур би Төв аймгийн Жаргалант сумын иргэн Дооёоо гэх залуутай адууны наймаа хийж би Дооёоогоос хавар унагалах зээрд зүсмийн тамгагүй гүү, хүрэн зүсмийн сартай хүрэн байдас 995 дугаартай тамгатай хоёр гүүний наймаа хийж би тухайн үед наймаа хийсний дараа авч чадаагүй байж байтал миний адууны наймаа хийсэн Дооёо гэх залуу хавар 2022 оны 5 сард бурхан болсон юм. Би Дооёоог амьд байхад нь наймаа хийсэн байсан адуугаа авч чадаагүй байж байгаад 2022 оны намар 8 сарын дундуур талийгаач Дооёоогоос худалдаж авсан байсан гэх хоёр хүрэн гүү нэг зээрд зүсмийн сартай зээрд унагатай гурван тооны адууг талийгаач Дооёоогийн адуунаас барьж аваад Төв аймгийн Цээл суманд Энхбаяр ба Энхээлэй гэх айлын адуунд цэвэр азарганд хийж хээлтүүлж төл авах санаатай тавьсан байсан чинь талийгаач Дооёоогийн хүргэн дүү Батаа гэх залуу хоёр гүүгээ хулгайд алдсан гэх байдлаар цагдаагийн байгууллагад тэмдэглүүлж тухайн үедээ эрж хайсаар байгаад Төв аймгийн Цээл сумын Энхбаяр гэх айлаас миний талийгаач Дооёоо гэх хүнээс худалдан авсан байсан. Хоёр гүүг унагатай нь хамт Цээл сумын Энхбаяр гэх айлаас аваад явсан байсан. Тэгээд надтай Батаа тухайн үед над дээр ирж намайг чи манай адуун дотроос хоёр хүрэн гүүг унагатай хамт хулгай хийж авч Цээл суманд хүргэж айлын адуунд тавьсан байна гэж надруу уурлаж дайраад байхаар нь би тухайн үед Батаад танай талийгаач ах Дооёоо бид хоёр наймаа хийсэн байсан юм гэж хэлсэн чинь Батаа намайг чи нас барсан хүний нэрийг барьж манай адуунаас адуу хулгай хийсэн байна гээд надад уурлаад байхаар би Батаагаас уучлалт гуйж ийм зүйл болно гэж бодсонгүй. Миний буруу гэж хэлтэл Батаа надад чи дахиж ийм асуудал гаргахгүй шүү миний адуу хайхад гаргасан зардал мөнгийг төлж өгөөрэй гэхээр нь би тухайн үед Батаагийн эрэлд гаргасан зардал мөнгөний оронд нь өөрийн унаж байсан нэг хээр зүсмийн их насны чандмань гурван нүдэн тамгатай морио би өгөөд бид хоёр эв зүйгээ олсон юм. Би Батаагийн адуун дотроос дээрх адуунуудыг авч явах үедээ Батаатай уулзаж хэлж яриагүй шууд адуунаас нь бугуйлдаж бариад морьтой хөтлөөд шууд аваад явсан юм. Би Батаагийн адууг 2022 оны 08 дугаар сарын дундуур сумын төвийн арын гол эрэг дээр бэлчиж байхад нь очиж барьж авсан юм. Би тухайн адуунуудыг  нь барьж авах үедээ ганцаараа Батаад өгсөн хээр зүсмийн морьтой очиж барьж авсан юм. Би тухайн адуунуудыг хээр морьтой хөтлөөд аваад явсан тус адуунуудыг цэвэр цусны азарганд тавьж төл авах санаатай авч явсан юм. Миний Дооёоотой наймаа хийсэн талаар хэн ч мэдэхгүй байгаа. Бид хоёр л хоорондоо наймаагаа хийсэн юм. Би хавар унагалах хүрэн гүүг нь 1.800.000 төгрөгөөр бодож авч байсан. Нөгөө байдасыг нь би орны морь өгнө  гэж бид хоёр наймаа хийсэн байсан юм. Би тухайн үед 1.800.000 төгрөгийг 3 хувааж бэлнээр өгсөн байгаа юм. Миний Батаагийн адуунаас Батаад хэлээгүй авсан гэх 3 тооны адууг Цээл сумаас Батаа өөрөө очиж Энхээлэй гэх айлаас авч ирээд адуун дотроо тавьсан байгаа одоо дээрх адуунууд бүгд зүсээрээ Батаагийн адуун дотор байгаа. Энхээлэй гэх хүн Төв аймгийн Цээл сумын баруун талаар байдаг хүн байгаа юм. Энхээгийн утас нь 89137033 гэсэн дугаартай хүн байдаг юм. Би тухайн орой гаргасан өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 тал/,

Хохирогч Э.Энхбатын дахин өгсөн: Би Төв аймгийн Жаргалант сумын Буурал 1 дүгээр багийн 2 дугаар нутаг дэвсгэрээс 2022 оны 08 дугаар сарын дундуур манай адуунаас Тамгагүй хүрэн гүү, сартай эр хүрэн унагатай, зөв талын гуяан дээрээ 915 тоо тамгатай шүдлэн байдас нарын адуун сүргээсээ алдсан юм. Уг адуунуудыг хайгаад 20 хоног явсан ойр орчмын сумаар, тэгтэл Төв аймгийн Цээл сумын баруун талд байрлах элстэй Мойл гэх газраас унагатай хүрэн гүү, хүрэн байдас нараа Энхээлэй буюу Энхбат гэх хүний адуунаас олсон. Тэгээд учир байдлыг асуувал Жаргалант сумын иргэн А.Наас авлагадаа авсан гэж хэлэхээр нь би тийм юм байхгүй адуугаа авъя гээд аваад сум руугаа явсан. Жаргалант суманд ирээд Наранбаттай уулзаж хэлтэл тийм ээ би Энхээлэйд өртэй байсан юм. Өрөндөө өгсөн буруутай үйлдэл гаргасан байна гэж хулгай хийснээ хүлээсэн. Тэгээд Наранбат миний буруу би гарсан төлбөрийг барагдуулна гээд надад 8 настай хээр морь, 1.400.000 мянган төгрөг бэлнээр өгөөд миний хохирлыг барагдуулсан юм. Адуугаа тоогоор нь бүрэн авсан. Адуу хайхад гарсан зардал төлбөрт Наранбаатар 1 тооны адуун дээр 1.400.000 төгрөг өгсөн. Миний хувьд өөр гаргаж өгөх баримт алга байна. Сүүлд нь сонсоход надад өгсөн хээр морь нь хулгай хийхдээ унаж явсан адуу гэж ярьж байсан. Гэхдээ би тэрийг нь мэдэхгүй тул авсныхаа дараа манай нутгаар явж байсан Булганы танихгүй залуу идэшний адуу асуухаар нь шүдлэн гунжаар солиод өгсөн. Нөгөө залууг одоо бол мэдэхгүй. Надад хэлэлгүйгээр хулгайлан авч явсан юм. Намайг сум орон нутгийнхан Батаа гэж дууддаг юм. Уг А.Над холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү. Миний ярьсан зүйл үнэн’’ гэх мэдүүлэг /хх-ийн 38 тал/,

Шүүгдэгч А.Нын яллагдагчаар өгсөн: Би прокурорын яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Дээрх зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би Төв аймгийн Жаргалант суманд мал маллан амьдардаг юм. Би 2022 оны 03 дугаар сарын дундуур би Төв аймгийн Жаргалант сумын иргэн Доржсүрэн гэх залуутай адуу хийж би Доржсүрэнтэй  хавар унагалах зээрд зүсмийн тамгагүй гүү, хүрэн зүсмийн, сартай хүрэн байдас 995 тамгатай хоёр гүүний наймаа хийсэн байсан. Би Доржсүрэнтэй наймаа хийснээс хойш 2 гүүгээ авч чадаагүй байж байтал Доржсүрэн нь хавар 2022 оны 05 дугаар сар гаргаад нас барсан юм. Тэгээд наймаа хийсэн хоёр гүүгээ авч чадахгүй байж байгаад 2022 оны 08 дугаар сарын дундуур Энхбатын адуу сумын төвийн хойно голын эрэг дээр байхаар нь би ганцаараа морь унаж очоод бугуйлаар бугуйлдан барьж хөтлөн авч явж Цээл суманд Энхбаяр гэдэг дүүгийн азарганд нь хураалгасан юм. Би ганцаараа байсан. Уг 3 тооны адууг бугуйлаар бугуйлдан барьсан юм. Би хохирлыг барагдуулсан. Надад өөр нэмж ярих зүйл алга’’ гэх мэдүүлэг /хх-ийн 49 тал/,

Шүүгдэгч А.Нын яллагдагчаар дахин өгсөн: Би хохирогч Э.Энхбатад хохирол барагдуулах зорилгоор 2022 оны 09 дүгээр сарын дундуур өгсөн. Харин Энхбат цааш  нь идшэнд зарсан юм. Одоо уг хээр морь байхгүй, айлын идшэнд зарсан юм. Надад өөр нэмж ярих зүйл алга гэх мэдүүлэг /хх-ийн 51 тал/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт: 

ШүүгдэгчА.Н нь 2022 оны 08 дугаар сард Төв аймгийн Жаргалант сумын Буурал 1 дүгээр багийн нутаг дэвсгэрээс иргэн Э.Энхбатын 3 тооны адууг хулгайлж, бусдад 2.350.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон гэж үзсэн.

 

            Гэм буруугийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:

            Улсын яллагч Д.Дэлгэрсүрэн: Шүүгдэгч А.Ныг бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд   

тооцуулах саналтай байна гэсэн дүгнэлтийг,

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн:

            Шүүгдэгч А.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар Э.Энхбат гэдэг хүний олон тооны 3 адууг хулгайлж 2.350.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай дээр маргахгүй байгаа учир өөр хэлэх зүйл байхгүй гэсэн дүгнэлтийг,

           

            Шүүгдэгч А.Н: Миний буруу гэсэн мэдүүлгийг тус тус гаргаж мэтгэлцдэг.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”... гэж тус тус хуульчилсан.

 

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг, мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.

 

Шүүгдэгч А.Над холбогдсон тухайн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн арван долдугаар бүлэг “Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг”-т хамааруулсан байдаг.

 

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг гэмт этгээд хэрхэн хохирогчоос шилжүүлэн өөрт олж авч байгаагаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах бусад гэмт хэргүүд болж ялгагддаг.

 

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүдээс “Мал хулгайлах” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас олон тооны мал /8 бог, 2 бод түүнээс дээш/ хулгайлж хохирол, хор уршиг учирсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Мал хулгайлах” гэсэн шинжийг хангасан гэж,

харин энэ гэмт хэргийг “бусдын олон тооны малыг” хулгайлж үйлдсэн тохиолдолд шинжээр нь хүндрүүлэн зүйлчлэхээр тус тус хуульчилсан.

 

Өөрөөр хэлбэл бусдын олон тооны малыг хулгайлсан бөгөөд зөвхөн эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр авахаас бусад тохиолдолд авсан бол хууль бус гэж үзэн хүндрүүлэн зүйлчлэхээр заасан.

 

Тухайлбал шүүгдэгч А.Нын хувьд хохирогч Э.Энхбатын олон тооны малыг түүний зөвшөөрөлгүйгээр хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авсан байна.

 

Дээрхтэй нөхцөл байдалтай холбоотойгоор шүүгдэгч А.Ныг бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэргийг хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамаарч хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, төгссөн гэмт хэрэг гэж үзэж, прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэлээ. 

 

Тэрээр шүүгдэгч А.Н нь бусдын олон тооны малыг хулгайлж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд тухайн хууль бус үйлдэл, эс үйлдэхүй нь хохирогч Э.Энхбатад учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байна.

 

Мөн шүүгдэгч А.Н болон түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах үндэслэл болж байна гэж  үзлээ.

 

Учир нь гэм буруу гэдэг нь тухайн гэм буруутай этгээд үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгох бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлдэг ба түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй талаараа мөн илэрхийлсэн.

 

Иймд шүүгдэгч А.Ныг бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч А.Ныг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Э.Энхбатад 2.350.000 /хоёр сая гурван зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учирсан байна.

 

Шүүгдэгч А.Н нь гэмт хэрэг үйлдсэний дараа мөрдөн байцаалтын шатанд хохирогч Э.Энхбатад 3 тооны адууны үнэ болох 2.350.000 /хоёр сая гурван зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учирсан ч хохирогч Э.Энхбатад 2.350.000 төгрөгийг төлж барагдуулсан, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болох нь шүүгчийн туслахын шүүх хуралдааны тов мэдэгдэж утсаар ярьсан тэмдэглэл болон шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

 

Иймд шүүгдэгч А.Н нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:  

Эрүүгийн хариуцлага болох ял шийтгэлийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:

            Улсын яллагч Д.Дэлгэрсүрэн:

            Шүүгдэгч А.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг оруулж байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл болон  битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, өнөөдрийг хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авч ирсэн байна... гэсэн дүгнэлтийг,

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн:

            ...Шүүгдэгч А.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар гэм буруутайд тооцсон учраас улсын яллагчаас хорих ял оногдуулж байгаа энэ санкци нь 2-8 жилийн хорих  ялтай А.Нын хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрөө төлсөн, хувийн байдлын талаар хүүхэд нь өөрийнх нь асрамжид байдаг. Эдгээр байдлыг нь харгалзан үзээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан ялыг 1 жил болгож багасгаж өгнө үү гэх саналыг оруулж байна...’’ гэсэн дүгнэлтийг,

 

            Шүүгдэгч А.Н:

            ...Оногдуулсан ялыг маань багасгаж өгнө үү...’’ гэсэн мэдүүлгийг тус тус гаргасан болно.

 

            Шүүх шүүгдэгч А.Над хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдлыг харгалзан үзэхээс гадна үйлдсэн гэмт хэрэгт чин санаанаас гэмшиж, анхнаасаа гэм буруугийн талаар маргахгүй хүлээн зөвшөөрч хохирлоо төлж барагдуулсан зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэн эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнээд хорих ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тогтоож шийдвэрлэх нь тохирно гэж үзлээ.

 

Шүүгдэгч А.Над оногдуулсан хорих ялыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдлыг харгалзан мөн хуульд заасны дагуу нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Бусад асуудлын талаар

Эрүүгийн А.Н дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч А.Н энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.    

 

    Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан

шийдвэрлэх тухай хуулийн 17.4., 36.1., 36.2., 36.4 дүгээр зүйлийн 2.,

       36.6., 36.7., 36.8., 36.10, 36.13., 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2

          дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага

                                                болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч А.Ныг бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан шүүгдэгч А.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн А.Н дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч А.Н нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

5. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А.Н урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорьж, түүний хорих ял эдлэх хугацааг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

6. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

           

8. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч А.Н авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Ю.ЭНХМАА