Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 2023/ШЦТ/137

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэ-Оюун,

улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.Наранхүү,

хохирогч П.Д ,

шүүгдэгч Х.О , түүний өмгөөлөгч Ж.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ялын төрөл хэмжээний талаар санал бичиж ирүүлсэн М овогт Х О холбогдох эрүүгийн 2334000000113 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ....... гэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.О  нь 2023 оны 02 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Хөрөө рам гэх газарт байрлах гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу нөхөр П.Д той хувийн таарамжгүй харилцаанаас маргалдаж, улмаас баруун гарны бугалга, цээж, нуруу тус газарт тус бүр 1 удаа хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   

 

Шүүгдэгч Х.О  нь 2023 оны 02 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Хөрөө рам гэх газарт байрлах гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу нөхөр П.Д той хувийн таарамжгүй харилцаанаас маргалдаж, улмаас баруун гарны бугалга, цээж, нуруу тус газарт тус бүр 1 удаа хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон байна.

 

  Энэ нь эрүүгийн  2334000000113 хэрэгт авагдсан:

Хохирогч П.Д ийн өгсөн: ...Би 2023 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 22 цагийн үед би Уртаа гэх хамаатны айлдаа очихоор ганцаараа явсан. Тэгээд тэр айлд 0.75 литрийн Хараа гэсэн бичигтэй архинаас 3 удаа татаж уусан. Тэгээд буцаад 23 цагт гэртээ ирээд байж байтал эхнэр О  нь хөдөө хадам ээж дээр очмоор байна гэхээр нь би одоо унаа олдохгүй байхад яах гээд байгаа юм бэ гээд бид хоёр маргалдсан юм. Тэгээд би эхнэр О ийг түлхээд ор луу унагаасан. Тэгээд эхнэр О  нь шургуулгаас хутга авсан байх. Гэнэт миний баруун гарны булчин хэсэгт 1 удаа, зүүн талын ар нуруу руу 1 удаа хутгалсан юм. Тэгээд би унтаад өгсөн. Дараа нь 2023 оны 02 дугаар сарын 22-ны өглөө 09 цагийн үед Лхагваа гэх залуу манай гэрт орж ирээд намайг сэрээгээд цагдаад дуудлага өгсөн юм. О  нь манай эхнэр юм. Бид хоёр дундаасаа 2 хүүхэдтэй. Гэхдээ гэрлэлтийн баталгаа байхгүй юм. Манай эхнэр О  нь өөрийн ээж дээрээ очно гээд байхаар нь орой болсон унаа тэрэг олдохгүй гэх шалтгаанаар маргалдсан. Би О  гэх хүнийг цохиж , зодсон зүйл байхгүй. Би маргалдаж байгаад ор луу түлхсэн. Өөр зүйл байхгүй. Миний баруун гарын булчин хэсэгт 1 удаа, зүүн хөхөн талд 1 удаа, ар нуруу руу 1 удаа тус тус хутгалсан. Миний бага охин Аминзул гэрт байсан учраас харсан байх гэж бодож байна. Надад ямар нэг гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 тал/,

Гэрч Л.Лхагвадоржийн өгсөн: ...2023 оны 02 дугаар сарын 22-ны өглөө 08 цаг өнгөрч байхад Хөрөө рамын хашаанд очиж сүү авахаар малчин Д ийнд орсон. Эхнэр О  нь үхэртээ гарчихсан Д  зүүн орон дээрээ хувцастайгаа унтаж байхаар нь ахаа сүүгээ өгөөрэй гэж хэлчихээд гарах гэтэл зүүн орных нь хөлд нэлээн цус болчихсон өмд тайлаад тавьчихсан Д  ах дуугарахгүй болохоор нь энэ яагаад цустай өмд байдаг билээ. Янз бүрийн юм болсон юм биш биз дээ гээд Д  ахаас асуусан чинь 3 настай Аминзул охин нь хойд орон дээрээсээ босч ирээд шөнө ээж аавыг хутгаар хутгалсан гэж хэлсэн. Тэгээд Д  ахыг угзарч сэрээгээд таны бие зүгээр үү гэсэн чинь зүгээр зүгээр гээд орон дээрээ буруу харж хэвтээд байхаар нь ер нь зохих албан тушаалтанд нь мэдэгдэх ёстой гэж бодоод гэрээс нь гараад сумын цагдаад дуудлага өгсөн. Намайг ороход Д  ах орон дээрээ унтаж байсан 3 настай Аминзул охин нь хойд орон дээрээ унтаж байсан. Эхнэр О  нь үхрээ саахаар гадаа фермерт байсан. Би өглөө болгон очиж сүүгээ авч, сүүний машинд өгдөг юм. Өөр гаднаас хүн байгаагүй. Манай хадмын хэдэн үхрийг нь сааж хөрөө рамынх нь хашаанд 4 дэх жилдээ болж байгаа. Ямар нэгэн хамаарал байхгүй. Ер нь Д , О  ах, эгч хоёр архины хамааралтай байнга архи уусан. Үхэр малаа саагаагүй гэсэн  хэл амтай байдаг. Өчигдөр өглөө намайг ороход Д  ах шөнө нь уусан шинжтэй архи үнэртэж байсан. Эхнэрийг нь уусан эсэхийг нь би сайн мэдэхгүй байна. Хааяадаа хоёулаа хамт уучихдаг юм... гэх мэдүүлэг /хх-ийн 19 тал/,

Шүүгдэгч Х.О ийн сэжигтнээр өгсөн: ...Өчигдөр буюу 2023 оны 02-р сарын 21ны өдөр шинийн нэгний 10 цагт нехер Д  охин Аминзул нарын хамт сумын төвд байх төрсөн ах Туяатай золгохоор 10 цагийн үед очсон. Тэгээд 12 цагийн үед гараад Цогоо ахынхаас том охиноо аваад ахын хүүхдүүдэд хөдөө эмээ рүү нь өгөөд явуулаад гэртээ харьсан. Гэрээ цэвэрлээд бууз жигнээд тэгээд үхрээ гаргаад байж байтал доод хашааны нүүрс зардаг нэг залуу нэг шил архитай орж ирээд түүнийг 3-уулаа хувааж уугаад 14 цаг болж байхад нөгөө залуу явсан би хэсэг унтчихаад 19 цаг өнгөрч байхад үхэр малаа янзалчихаад нөхөр Д  хоёулаа Баяраа ахынд очоод ирье гээд тэгээд тэднийд очоод золгоод нэг шил архи гаргаж ирэхээр нь түүнийг нь нөхөр Баяраа ах бид 3 хувааж уугаад тэгээд 23 цаг болж байхад харьсан.Тэгсэн Батбаяр ахынх руу очно гээд байхаар хамт очоод би гадаа нь үлдээд тэгээд охин нөхөр хоер тэднийд орсон. Би хэсэг зогсож байгаад гэр лүүгээ явсан. Гэртээ ороод унтсан. Шөнө 03 цаг болж байхад нөхөр гаднаас согтуу орж орон дээр унтаж байхад намайг үснээс зулгааж газар унгаад өшиглөж зодсон. Над руу хутга барьж дайраад алчихъя гээд байхаар нь уур хүрч хутгыг нь булааж аваад хутгалсан. Нөхөр Д  гадаа гарч орилоод хашигчаад хашаан дотор яваад байсан. Би галаа түлчихээд буцаад унтсан. Тэгсэн 04 цагт болж байхад нөхөр Д  орж ирээд орон дээрээ унтаад өгсөн. Өглөө 07 цагт босоод үхрээ саачхаад өвсийг нь тавьж өгөөд гэртээ орж ирээд байж байтал цагдаа нар ирсэн. Энэ үед үхрийн эзэн Цогоо ахын хүргэн сүү авахаар ирсэн байсан. Тэгээд нөхөр Д ийг орон дээр хэвтээд байхаар нь харсан чинь хувцас нь цус болчихсон байхаар цагдаад мэдэгдсэн гэсэн. Нөхөр Д той 5 жил орчим хамт амьдарч байна. Албан ёсоор гэр бүлээ батлуулаагүй, дундаасаа 4-6 насны хүү охин хоёртой. Бид хоёр архи согтууруулах ундаа хэрэглэдэг. Шөнө уусан архи гарчихсан байсан. Нөхөр Д  согтуу орж ирсэн. Би Д ийг 3 удаа хутгалсан, урдаас нь нэг удаа гар руу нь нэг удаа ар нуруу руу нь нэг удаа хутгалсан. Гэрт хэрэглэдэг хутга бэхлээд, нөхөр Д  бариад чамайг алчихъя гээд байхаар нь булааж аваад хутгалсан. Манайд өөр хүн гаднаас байгаагүй. 3 настай Аминзул охин маань хараад байж байсан. Миний үснээс зулгааж, гар, тохой, гуя руу унагаж байгаад өшиглөсөн нөхөр Д . Би Д ийн биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Шүүх эмнэлэгт үзүүлэхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 22 тал/,

  Шүүгдэгч Х.О ийн өгсөн: ...2023 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 13 цагийн үед доод хашааны нүүрс зардаг залуу 0.75 литрийн Хараа гэх нэртэй архи барьж орж ирсэн. Тэгээд тэр архийг манай нөхөр Д  бид 3 хувааж уусан. Тэгээд хажуу айлын залуу 14 цагийн үед яваад бид хоёр үхэр малаа янзалчихаад хэсэг унтаад 19 цагийн үед Баяраа гэх ахын гэр рүү нөхөр Д  болон охин Аминзулыг дагуулаад явсанБаяраа ахынд очоод нөхөр бид 30.75 литрийн хараа гэх нэртэй архи хувааж уугаад 23 цаг болж байхад харьсан. Тэгээд гэртээ байж байтал нөхөр Д  Батбаяр ахынх руу очоод ирье гээд байхаар нь хамт очсон. Тэгээд Батбаяр ахын гадаа очоод би орохгүй гадаа үлдээд манай нөхөр охин Аминзулыг аваад орсон. Би тэгээд хэсэг гадаа хүлээж байгаад нөхөр, охин хоёр гарч ирэхгүй болохоор нь гэртээ харьсанГэртээ хариад унтаж байтал шөнийн 03 цагт манай нөхөр гаднаас согтуу орж ирээд үснээс зулгааж газар унгаад өшиглөсөн, над руу хутга бариад чамайг алчихья гээд дайраад байхаар хутгыг нь булааж аваад нөхөр рүүгээ хутгалсан. Тэгээд манай нехер орилоод гүйгээд гараад явсан. Тэгээд 04 цагт гэртээ орж ирээд шууд унтаад өгсөн. Тэгээд өглөө нь Тагваа гэх залуу ирээд цагдаа дуудсан. Хөдөө очиж ээжтэй золгох талаар ярилцаж байгаад маргалдаж эхэлсэн. Би Д ийн баруун гарын хэсэгт 1 удаа, баруун талын хөхний дээд хэсэгт 1 удаа, ар нуруунд далны ойролцоо 1 удаа хутгалж гэмтэл учруулсан. Би нэг их уугаагүй бага зэрэг уусан. Манай нөхөр шөнө орж ирэхдээ нэлээн согтуу орж ирсэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Надад өөр нэмж ярих зүйл алга... гэх мэдүүлэг /хх-ийн 50 тал/,

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын харьяа Төв аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Д.Чулуунбаатарын 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 20 дугаартай: ...1. Өгөгдсөн материалаар П.Д ийн биед цээжний урд болон ар хана, баруун бугалганы зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 2. Дээрх гэмтэл нь ГССҮТ-ийн 2649 дугаартай өвчний түүхээс үзэхэд 2023 оны 02 дугаар сарын 22-ны өдөр оношлогдон эмчлэгдсэн байна. 3. Дээрх учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ХӨНГӨН зэрэгт хамаарна. 4. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй... гэх дүгнэлт /хх-ийн 25-26 тал/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Шүүгдэгч Х.О  нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Энэ хэргийн улмаас хохирогч П.Д ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэгт баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлт /хх 65/ гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Прокурорын яллагдагчтай тохиролцсон ял, албадлагын арга хэмжээний төрөп, хэмжээг бичнэ/ ял, албадлагын арга хэмжээ нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17,4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Х.О т Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 хоёр сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

  Эрүүгийн 2334000000113 дугаартай хэрэгт бичгийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Төв аймгийн Шүүхийн тамгын газарт даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч Х.О  нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10-т  тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч М овогт Х Оийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Шүүгдэгч М овогт Х Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй. 

 

   3.Шүүгдэгч Х.О т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавихыг Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрээр явахыг тогтоож, хязгаарлалтын бүсээс гарахыг хориглосугай.

 

   4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.О  нь оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг, хүлээлгэх, албадлагын арга хэмжээ авсугай.

 

   5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.О  нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6.Эрүүгийн 2334000000113 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Төв аймгийн Шүүхийн тамгын газарт даалгасугай.

 

7.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч Х.О  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

 

8.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч

Х.О т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.  

 

9.Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

10.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

           

11.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Х.О т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Ц.ОТГОНЖАРГАЛ