Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 289

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.*******, нэхэмжлэгч А.Лх-, хариуцагч Д.Ба- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийж, А.Лх-гийн нэхэмжлэлтэй Д.Ба-ад холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Лх- шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Ба- бид хоёр 2004 онд танилцаж дотносон 2005 оны 9 дүгээр сарын 27-нд хурим найраа хийж гэр бүл болсон. Гэрлэлтээ 2008 оны 1 дүгээр сарын 7-нд бүртгүүлсэн. Би Ба-тай суухдаа нэг хүүтэй байсан. Бидний хүү ******* 2006 оны 1 дүгээр сарын 18-нд төрсөн. Бид 2009 он хүртэл хамт амьдарсан. Ба- нь хамт амьдарч байхдаа эрүүл ч, согтуу ч намайг байнга дарамталж элдэв үгээр доромжилж тэр ч байтугай зоддог байсан. Би эхэн үедээ эцэг, эх, ах, дүү, эгчээсээ болон өөрийнх нь ээж, ах, дүү нараас нь нуудаг байсан. Ба- ажил төрөл хийдэггүй атлаа өглөө гараад орой нь согтуу орж ирж хэрүүл маргаан үүсгэдэг байсан. Ийм байдлаас болж бид 2009 оны 5 дугаар сараас хойш салж тус тусдаа амьдрах болсон Ба- салснаасаа хойш хүү *******ид маань ганцхан удаа л гутал хүрэм /куртик/ хоёр авч өгснөөс өөрөөр хүүхдээ харж хандаагүй. Иймд Д.Ба-аас гэрлэлтээ цуцлуулж, хүүхдээ өөр дээрээ авч, хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Ба- шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие ******* овогтой Ба- нь ******* овогтой Лх-тэй 2005 онд гэр бүл болсон. 2008 онд гэр бүлээ батлуулсан. Бид хоёр цуг амьдарч байх хугацаандаа хөдөө мал маллаж амьдарч байсан. Цуг байх хугацаандаа би Лх-г зодож нүдэж, хэрүүл хийж байгаагүй. 2009 оны 5 дугаар сараас хойш одоог хүртэл бид тусдаа амьдарч байгаа. Би хоёр хүүхэддээ ажил хийхээрээ олсон мөнгөөрөө хувцас хунар, хичээлийн хэрэгсэл ойр зуурын мөнгө төгрөг хоёуланд нь өгдөг өө. Болж бүтэж амьдарья гээд очихоор Лх- урдаас хөөж туугаад болдоггүй. Иймд гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эхнэр хоёр хүүхдийнхээ хамт сайн сайхан амьдармаар байна гэжээ.

Нэхэмжлэгч А.Лх- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай нөхөр намайг зоддог байсан учраас бид тусдаа амьдраад 10 гаруй жил болж байна. Иймд би гэрлэлтээ цуцлуулж, хүүхдээ өөр дээр авч, хүүхэддээ тэтгэлэг тогтоолгохыг хүсч байна. Өөр ярих зүйл байхгүй гэв.

Хариуцагч Д.Ба- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Би одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй байгаа учраас хүүхдийн тэтгэлэг төлөх боломжгүй байна. Хүүхдээ ээж дээрээ байвал зүгээр байх. Өөр нэмж ярих зүйл байхгүй гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

А.Лх- нь Д.Ба-ад холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд ирүүлжээ.

Нэхэмжлэгч А.Лх-, хариуцагч Д.Ба- нар нь 2007 оны 09-р сарын 19-ний өдөр гэрлэж 2008 оны 01-р сарын 07-ны өдөр гэрлэлтээ эрх бүхий байгууллагад бүртгүүлж, гэр бүл болсон болох нь хэрэгт авагдсан 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 09 дугаартай гэрлэлтийн гэрчилгээгээр нотлогдож байна.

Гэрлэгчид нь 2006 оны 01-р сарын 18-ны өдөр хүү Б.******* нарыг төрүүлсэн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээгээр тогтоогджээ.

Нэхэмжлэгч А.Лх-, хариуцагч Д.Ба- нар нь 2009 оны 05-р сараас хойш тусдаа амьдарч байгаа бөгөөд энэ хугацаанд хэн аль нь хамтын амьдралаа үргэлжлүүлэх санаачлага гаргаагүй, улмаар шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 2019 оны 02-р сарын 18-ны өдөр 3 сарын хугацаагаар түдгэлзүүлэн гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээ авахаар тогтоосон байна.

Гэтэл нэхэмжлэгч А.Лх-, хариуцагч Д.Ба- нарын аль нэг нь энэ хугацаанд хамтын амьдралаа үргэлжлүүлэх санаачлага гаргаагүй, шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагааны үр дүнд эвлэрээгүй байх тул тэдний гэрлэлтийг цуцлахаас өөр боломжгүй гэж үзлээ.

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь хүүхдийн асрамжийн талаар маргахгүй байх бөгөөд хүү Б.******* нь гэрлэгчдийг тусдаа амьдарч байх хугацаанд эхийн асрамжид байсан зэргийг харгалзан түүнийг эх А.Лх-гийн асрамжинд үлдээж, эцэг Д.Ба-аас сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэх нь үндэстэй байна.

Гэрлэгчид нь эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурдах нь зүйтэй.

Түүнчлэн гэрлэгчид нь гэрлэлтээ цуцлуулсан ч гэсэн хүүхдүүдээ хамтран асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэг нь Гэр бүлийн тухай хуулийн 26-р зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээсэн хэвээр үлдэнэ.

Нэхэмжлэгч А.Лх- нь нэхэмжлэл гаргахдаа урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзээд

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115-Р ЗҮЙЛИЙН 115.2.1, 116, 118, 132 ДУГААР ЗҮЙЛИЙН 132.4-Д ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4 дэх хэсэгт зааснаар ******* овогт Аю-ын Лх-, ******* овогт Дү-ийн Ба- нарын гэрлэлтийг цуцалсугай

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2006 оны 01-р сарын 18-ны өдөр төрсөн хүү Б.*******ийг эх А.Лх-гийн асрамжид үлдээсүгэй.

3. Гэрлэгчид эд хөрөнгийн болон хүүхдийн асрамжийн талаар маргаангүй болохыг дурдсугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.1, 41.2.1 дэхь хэсгүүдэд заасныг баримтлан 2006 оны 01-р сарын 18-ны өдөр төрсөн хүү Б.*******ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар сар бүр, 11-16-н нас суралцаж байгаа бол 18 насанд хүртэл амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Д.Ба-аас тэтгэлэг гаргуулсугай.

5. Гэр бүлийн хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх А.Лх-д даалгасугай.

6. Гэр бүлийн хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар тэтгэлэг хүүхдийн хэрэгцээнд зарцуулагдаагүй нь нотлогдвол тэтгэлэг төлөгч түүнийг зориулалтаар нь зарцуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж болохыг дурдсугай.

7. Шийдвэрийг биелүүлэхдээ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээний өөрчлөлтийг харгалзахыг Шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагад даалгасугай.

8. Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 26.2 дахь хэсэгт зааснаар эцэг, эхийн хүүхдийн өмнө хүлээсэн үүрэг хэвээр үлдэхийг дурдаж, мөн зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар тэдний хэн нэг нь нөгөөдөө үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахыг хориглосугай.

9. Монгол улсын Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5-р зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хүүхэд эцэг эхтэйгээ байнгын харилцаатай байх эрхтэй болохыг дурдсугай.

10. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Ба-аас тэмдэгтийн хураамжид 101692 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Лх-д 70200 төгрөгийг олгож, 31492 төгрөгийг улсын орлого болгосугай.

11. Шийдвэрийн хувийг гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлсүгэй.

12. Нэхэмжлэгч, хариуцагч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ