Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/149

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг,

-улсын яллагчаар М.Хэрлэнчимэг,

-шүүгдэгч П.Д нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч П.Дхолбогдох эрүүгийн 2334000440114 дугаартай хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1976 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Говь-Алтай аймгийн Алтай суманд төрсөн, 47 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, замчин мэргэжилтэй мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг ажилтай, ам бүл 7, нөхөр 5-н хүүхдийн хамт ____________________, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай П.Д  /РД:/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч П.Д нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Төв аймгийн Батсүмбэр сумын Цогт-Өндөр багийн нутаг дэвсгэрт 2022 оны 12 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Д.Батхуягийн жолоодож явсан тээврийн хэрэгсэл дотор Н.Гтэй маргалдан түүний нүүрэн тус газар нь гараараа цохих, үснээс нь зулгаах зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч П.Д нь мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж хэлэх зүйлгүй гэв.

            Шүүгдэгч П.Д нь хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.

Шүүгдэгч П.Д нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Төв аймгийн Батсүмбэр сумын Цогт-Өндөр багийн нутаг дэвсгэрт 2022 оны 12 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Д.Батхуягийн жолоодож явсан тээврийн хэрэгсэл дотор Н.Гтэй маргалдан түүний нүүрэн тус газар нь гараараа цохих, үснээс нь зулгаах зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

  • Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 тал/,
  • Хохирогч Н.Г мэдүүлэг /хх-ийн 9 тал/,
  • Гэрч П.Сүхбаатарын мэдүүлэг /хх-ийн 16 тал/,
  • Гэрч Д.Батхуягийн мэдүүлэг /хх-ийн 18тал/,
  • Гэрч М.Оюунбаярын /хх-ийн 20 тал/,
  • Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 09 дугаартай дүгнэлт /хх-ийн 34-35 тал/,
  • Шүүгдэгч А.Анхбаярын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 52 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

  Мөрдөн шалгах ажиллагааны явцад П.Д нь 2022 оны 12 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ гаргажээ. /хх-ийн 77 тал/,

 

Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Хэрлэнчимэг нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагчийн хүсэлтийг хүлээн авч 2023 оны 03 дугаар сарын 24-ны өдөр 48 дугаартай “хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол гаргаж, хуульд заасан хугацаанд мөрдөн байцаалт явуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн зүйчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний тухай прокурорын саналыг /хх-80-81 тал/ 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр яллагдагчид танилцуулж, яллагдагч П.Д нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажсанаар, мөн өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүгдэгч П.Дд холбогдох хэргийг хүлээн авч танилцаад хэргийг хянан шийдвэрлэхэд боломжтой гэж шүүх үзэж, шүүх хуралдааныг зарлан явуулахад Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тусгай журам зөрчөөгүй, хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Прокурорын тогтоол үндэслэлтэй байна.

Шүүгдэгч П.Дгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх” гэж , 4.2-д “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх” гэж, 4.3-д “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” гэж, 4.4-д “хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн эсэх” гэж 4.5-д “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх” гэж тус тус заасан шаардлагад нийцсэн байна.

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч П.Д нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг шүүгдэгч нь ойлгосон байх тул шүүгдэгч П.Дг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

прокурорын саналыг хүлээн авч, прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

            Хохирол хор уршиг, бусад асуудлаар:

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч П.Д нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч П.Д нь хохирогч Н.Гд 1.000.000 төгрөг өгсөн талаарх хүсэлтийг хэрэгт хавсаргасан байх бөгөөд /хх-ийн 44 тал/ шүүх хуралдааны товыг хохирогчид мэдэгдэхэд хохирогч Б.Золбоо нь 1.000.000 төгрөг өгвөл гомдолгүй гэсэн хэдий боловч хэрэгт мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд хохирлын баримт гаргаж өгөөгүй байх тул шүүгдэгч П.Дд гаргуулах хохирол төлбөр байхгүй болохыг,

            Шүүгдэгч П.Дд тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

           

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч П.Д хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Шүүгдэгч П.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Тайж овогт Батбаярын Ганзоригт оногдуулсан 500 /таван зуу/ нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч П.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор  шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ж.ДЭЛГЭРМӨРӨН