Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 298

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж нарийн бичгийн дарга Г.*******, нэхэмжлэгч Ц.Ам-, хариуцагч Н.Да- нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хаалттайгаар хийж Ц.Ам-гийн нэхэмжлэлтэй Н.Да-аас гэрлэлтээ цуцлуулж хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч: Завхан аймгийн ******* сумын ******* багийн иргэн ******* овогт Цэ-ийн Ам- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нөхөр Да-тай 2012 онд танилцаж 2013 онд гэр бүл болж хүү Д.*******ийг 2014 онд төрүүлсэн. Хамтын амьдрал зохиож 5 жил амьдрах хугацаанд нөхөр Да- нь байнга архи ууж, архи уусан үедээ агсам согтуу тавьж хэл амаар доромжилж хүү бид хоёрт хүч гарган дарамталдаг. 2017-2019 оны хооронд тусдаа амьдарч байгаа учир гэрлэлтээ цуцлуулахыг хүсч байна. Мөн хүүдээ тэтгэлэг тогтоолгохыг хүсч байна гэжээ.

Хариуцагч: Завхан аймгийн ******* сумын ******* багийн иргэн ******* овгийн *******гийн Да- шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Би 2013 онд гэрлэсэн. Хамт амьдарч байгаад 2016 онд салж ирээд түүнээс хойш 2-3 хүнтэй хамт очоод нийлье болно, бүтнэ гээд очиход хадам ээж болох *******цэцэг гэгч хүн гэрээ аваад яв гэсэн. Түүнээс хойш 2 тийшээ болсон. Утсаар ярьдаггүй. Одоо хамт амьдармаар байна.Иймд Ам-гийн гаргасан нэхэмжлэлийг шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Нэхэмжлэгч: Ц.Ам- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай хүүхэд Н.Да-ийн хүүхэд мөн гэдгийг би баттай хэлж чадна. Гэхдээ би эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэхгүй. Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Гэрлэлтээ цуцлуулж, хүүхдээ өөрийнхөө асрамжинд авахыг хүсч байна гэв.

Хариуцагч: Н.Да- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Ам- надтай миний хүүхдийг уулзуулахгүй авч зугатаад чиний хүүхэд биш гэж хэлж байсан учраас би эцэг тогтоолгох шинжилгээ хийлгье гэж бодож байна. Би өдөр шөнөгүй согтуу байна гэж юу байхав дээ. Ц.Ам- худлаа хэлж байна. Манайх сүлжээтэй газар байж байгаад одоо сүлжээгүй газар нүүсэн учраас утсаар ярьж чадахгүй байгаа. Ц.Ам- гэрлэлтээ цуцлуулах хүсэлттэй байгаа юм чинь би бас гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Би уул нь гэрлэлтээ цуцлуулахгүй гэж нилээн их л явлаа. Ц.Ам- гэрлэлтээ цуцлуулна гэж байгаа бол одоо цуцлуулъя гэж бодож байна гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Ам- нь хариуцагч Н.Да-аас гэрлэлтээ цуцлуулж хүүхдийн асрамж тогтоолгож тэтгэлэг гаргуулахыг хүсч нэхэмжилжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тэрээр хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагаасаа татгалзсан болох нь түүний Манай хүүхэд Н.Да-ийн хүүхэд мөн гэдгийг би баттай хэлж чадна. Гэхдээ би эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэхгүй. Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэсэн тайлбараар тогтоогдож байна.

Хариуцагч Н.Да- нь гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд ирүүлсэн Би уул нь гэрлэлтээ цуцлуулахгүй гэж нилээн их л явлаа. Ц.Ам- гэрлэлтээ цуцлуулна гэж байгаа бол одоо цуцлуулъя гэж бодож байна гэсэн тайлбараар тогтоогдож байна.

Шүүхээс гэрлэгсдийг эвлэрүүлэх 3 сарын хугацаа өгсөн ба энэ хугацаанд гэрлэгсэд эвлэрүүлэн зуучлагчийн тусламжтайгаар 3 удаа, хариуцагч дангаараа эхнэр хүүхэдтэйгээ уулзахаар ******* суманд 1 удаа очсон боловч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон байна.

Гэрлэгсэд 2017 оны 11-р сараас хойш тус тусдаа амьдарч байгаа бөгөөд энэ хугацаанд хэн алинаас нь эвлэрэх санал санаачлага оролдлого гаргаж байгаагүй, гэрлэгсэд хамт амьдарч байх хугацаандаа бие биенээ хардах зэргээр таарамжгүй харьцаатай байсан болох нь дээрх тайлбаруудаар тогтоогдож байна гэж үзэв.

Нэхэмжлэгч Ц.Ам- хүүгээ өөрийн асрамжид авахаар нэхэмжилснийг хариуцагч хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан учир 2014 оны 0******* сарын 20-ны өдөр төрсөн хүү Д.Цэнд-аюушийг түүний эх Ц.Ам-гийн асрамжид үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзээд

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зүйлийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118-р зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1дэхь хэсэгт зааснаар ******* овгийн *******гийн Да-, ******* овгийн Цэ-ын Ам- нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2014 оны 0******* сарын 20-ны өдөр төрсөн хүү Д.*******ийг түүний эх Ц.Ам-гийн асрамжид үлдээсүгэй.

3. Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 26.2 дахь хэсэгт зааснаар эцэг, эхийн хүүхдийн өмнө хүлээсэн үүрэг хэвээр үлдэхийг дурдаж, мөн зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар тэдний хэн нэг нь нөгөөдөө үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахыг хориглосугай.

4. Монгол улсын Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5-р зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хүүхдүүд эцэг эхтэйгээ байнгын харилцаатай байх эрхтэй болохыг дурдсугай.

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлсүгэй.

7. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

8. Нэхэмжлэгч хариуцагч болон тэдгээрийн өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ Ш.ОДОНЗУЛ