Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/272

 

    2023            04           20                                         2023/ШЦТ/272                         

                                                                                                                     

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Э-ын Э-д холбогдох эрүүгийн 22100 1702 0176 дугаартай хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Н.Нямдорж, хохирогч Ч.М, хохирогчийн өмгөөлөгч Г.Г, шүүгдэгч Э.Э нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Д.Баасандорж шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19** оны ** дугаар сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, ** настай, дээд боловсролтой, * мэргэжилтэй, * дүүргийн * зохицуулагч ажилтай байсан, одоо эрхэлсэн ажилгүй гэх,  ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, *дүүргийн * дугаар хороо, * тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, Б овогт Э-ын Э /РД:**********/.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Э нь үргэлжилсэн үйлдлээр иргэн Ч.М-н эд хөрөнгийг өөртөө хууль бусаар олж авахын тулд түүнийг Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо “*” ХХК-ийн хажуу талын Эрчим хүчний яамны ойролцоо байхад нь “3 айлын газар авч өгнө” гэж итгэл төрүүлэн хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Хаан банкны ************ тоот дансанд 5.000.000 төгрөгийг, Хаан банкны ******* тоот дансанд 100.000 төгрөгийг, 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 7.000.000 төгрөгийг тус тус дансаар буюу бэлнээр, нийт 12.000.000 төгрөгийг үлэмж хэмжээний хохирол учруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч Э.Э нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                                                      

 

 ТОГТООХ нь:

 

1. Б овогт Э-ын Э-ыг “хуурч, ...урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, ... эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Э.Э-д 2.000 /хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Э.Э нь оногдуулсан торгох ялыг 05 /тав/ сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохиролд Э.Э нь 12.100.000 /арван хоёр сая нэг зуун мянга/ төгрөгийг хохирогч Ч.М-д нөхөн төлснийг тэмдэглэсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг СD-г хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэгт Э.Э-ы иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 

 

8. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Э.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         С.БАЗАРХАНД