Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 2023/ШЦТ/152

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цогзолмаа,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Одгэрэл,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Д, түүний өмгөөлөгч Н.Даваасүрэн,

Шүүгдэгч М.Э, түүний өмгөөлөгч Р.Оюунбадам нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч М.Эхолбогдох эрүүгийн 2234005910522 дугаартай, 1 хавтаст хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 24-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1983 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ам бүл 2, хүүхдийн хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 29 дүгээр хороо Москва хороолол 131/5 дугаар байрны 43 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, ЧБ:83062415 дугаарын регистртэй, М.Э. 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Э нь 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Төв аймгийн Дэлгэрхаан сумын Тарган 1 дүгээр багийн нутаг дэвсгэр "Урд зараа" гэх газарт нутаглаж байсан Мөнхдалайн гэрийн гаднаас "Тоёота приус-20" маркийн 05-97 УБА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон хөдлөх үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 "Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино" мөн дүрмийн 10.1 "Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана" гэсэн заалтуудыг зөрчин 10 настай Б.Ундрамыг тээврийн хэрэгслээрээ дайрч эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, хөнгөрүүлэх болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Эын өгсөн: Хэрэг гарсан өдөр Төв аймгийн хамаатнуудтайгаа танилцах зорилгоор явж байсан тэгээд Мөнхдалай гэдэг айлд очсон тэднийд хоол идэж сууж байгаад бие засмаар болоод гараад бие засах газар асуусан тэгэхэд урагшаа холхон яваад бие засчиж болно гэж хэлсэн тэгээд алхаж байтал хамаатны хүүхдүүд цус явж бие засна гээд байхаар нь тухайн үед яаж хүүхдүүдьэй цуг суугаад яахавдээ гээд буцаж машинруугаа яваад хөдлөхдөө Ундрамыг дайрч гэмтээсэн байгаа гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Дийн өгсөн: Одоо хүүхэд эхний хагалгаандаа ороод хагалдаандаа ороод хадаасаа хийлгэсэн байгаа. Эмч бол эдгэрэлт явагдаж байна гэж хэлсэн. 3 сарын дараа хагалгаанд орж хадаасаа авхуулна тэр үед гарах эмчилгээний зардал гаргуулах асуудалд анхаараад өгнө үү. Хөлөө хадуулаад дунд чөмгөө гипсдүүлсэн болохоор доголох өсөлт нь зогсох гээд асуудал байна. Энийг гэмтлийн эмч нар 1 жил гараны дараа зүгээр болно гэж хэлж байгаа боловч манай хүүхэд эрүүл мэнд сэтгэл санаагаараа хохироод байна. Хичээлдээ явахдаа машинаас айгаад надаас зүүгдээд байдаг болсон. Сэтгэл санааны асуудал байна. Одоо чиний хөл зүгээр болж  байна гэж хэлж байгаа боловч гүйхээсээ хүртэл айгаад байгаа. Эрүүл мэндийн шалтгааны  улмаас биеийн тамирын хичээлд оролгүй 1 жил гаран болж байна, хичээлдээ мөн маш их хоцорсон, 12 сард хичээлдээ орсон. Би хичээлийн хоцрогдол арилгахын тулд сургалтад суулгаж байгаа ийм асуудлууд байна цаашид ямар асуудал үүсхийг би өөрөө эмч ч гэсэн мэдэхгүй байна. Ер нь бол гомдолтой байна гэсэн үг гэв.

            Хохирогч М.Б "...Тухайн үед охиныг дайрахад би хажууд нь байгаагүй. Манай хоёр хүүхэд өвөө, эмээгийндээ Төв аймгийн Дэлгэрхаан суманд хөдөө зуны амралтаараа очсон байсан. Би араас нь 2022 оны 07 дугаар сарын 26- ний өдөр очсон. Тэгээд 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр аавын гэрт ээжийн хамаатны хүмүүс ирсэн юм. Тэд нар хоол цай идээд байж байгаад хүүхэд дайрсан 116 гэх залуу Эрдэнэбаяр нь би бие заслаа гээд гэрээс гарсан гэсэн тээврийн хэрэгсэлдээ сууж хөдлөөд манай хүүхэд ундрамыг урд дугуйгаараа дайраад хойд дугуй гарахын өмнө зогссон байсан талаар мэдсэн. Би тухайн үед гэрийн хойно малд явж байсан. Манай ээж хүүхдийг гэр лүү өргөж ороод надад утсаар мэдэгдээд би сумын төв дээр хүүхдийг тосож уулзаад Бүрэн сумын эмнэлэгт үзүүлээд өвчин намдаах тариа хийлгээд танил найзыгаа гуйгаад Улаанбаатар хот руу эмнэлэгт үзүүлэхээр явсан. Гэмтлийн эмнэлэг дээр 2022 оны 07 дугаар сарын 29-ний орой 23 цаг өнгөрч байхад ирсэн. Ирээд үзүүлэхэд эмч зүүн хөлийн дунд чөмөг хугарсан байна эмнэлэгт хэвтүүлээд хагалгаанд орно гэсэн. 2022 оны 08 дугаар сарын 02-нд хагалгаанд ороод эмнэлгээс мөн оны 08 дугаар сарын 04-нд гараад одоо хэвтрийн дэглэм сахиж байгаа..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 14, 15, 16 хуудас/

           Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 111 дугаартай "...Б.Ундрамын биед зүүн дунд чөмөг ясны хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй..." гэсэн шинжээч эмчийн дүгнэлт /хх-ийн 28 хуудас/,

Гэрч М.Ёндонжамцын "...2022 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотоос манай ээжийн талын хамаатнууд гэх хүмүүс ирсэн. Ирээд манайд хоол цай идэж уугаад байж байсан чинь нэг ах явлаа гээд гэрээс гарсан Тэгтэл удалгүй гадаа хүүхэд дайрчихлаа гэхээр нь гэрт байсан хүмүүс гараад очсон. Манай ахын охин Ундрам цагаан өнгийн приус-20 маркийн тээврийн хэрэгсэлд дайруулсан байдалтай тээврийн хэрэгслийн гол хэсгийн доод талд байж байсан. Тэгээд Ундрамыг манай ээж Цэцэг татаж гаргасан. Ундрамыг тэврээд гэр луу ороод орон дээг хэвтүүлээд эмнэлэг явъя гэж ярилцаад аваад эмнэлэг явсан. Бүрэн сумын төв рүү Ундрамыг манай ээж Цэцэг, ээжийн эгч Дулам нар аваад явсан. Дайрсан гэх ах тээврийн хэрэгслээрээ дагаад явсан..." гэсэн мэдүүлэг /хх- ийн 18 хуудас/,

Сэжигтэн М.Эын "...2022 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хамаатны хүмүүстэй уул тахих зорилгоор Төв аймгийн Бүрэн суманд байдаг эмээгийн хамаатан Мөнхдалай гэх айлд очсон. Очоод хоол идчихээд бие засах гээд Цэцэг эгчээс нойл хаана байдаг вэ гэж асуухад хаана ч хамаагүй бие засаж болно гэсэн. Тэгээд бие засах гээд гэрийнх зүүн тал руу гараад алхтал араас цуг очсон хүүхдүүд дагаад байсан. Та нар яах гээд байгаа юм бэ гэхэд бид нар бие засна гээд байсан. Тэгэхээр нь жаахан хүүхдүүдтэй яаж бие засах вэ гэж бодоод тээврийн хэрэгсэл рүүгээ буцаж очоод ороод суутал миний тээврийн хэрэгслийн урд талын хаалгыг онгойлгоод манай ахын бага хүүхэд Билгээ ороод ирсэн. Тэгэхээр нь би бууж бай ах нь явах болоогүй нойл орчхоод ирье гэж хэлээд буулгасан. Тэр хооронд Ундрам тээврийн хэрэгсэл доороос хагархай аяга авах гээд тонгойгоод хөлөө оруулсан байсныг мэдэхгүй дөнгөж хөдлөөд хөлийг нь дайрсан. Урд талын дугуйгаар дайраад ард талын дугуй хүрээгүй мэдээд зогссон. Бууж ирээд хартал охин уйлаад байж байсан би охиныг татаж гаргаж ирээд гэрээс хүмүүс дуудаад эмнэлэг явъя гэж хэлсэн. Хүүхэд би зүгээрээ эмнэлэг явахгүй гэхээр нь гэрт оруулаад хэвтүүлсэн. Хэсэг хугацааны дараа хөл нь хавдаад эхлэхээр нь яаралтай сумын эмнэлэг явсан. Эмнэлэг дээр очиход аав М.Б нь тосоод ирсэн. Эмч үзээд өвчин намдаах тариа хийгээд Улаанбаатар хот руу гэмтлийн эмнэлэг рүү яв гэж хэлсэн. Тэгээд аав нь аваад гэмтлийн эмнэлэг явсан..." гэсэн мэдүүлэг /24, 25 хуудас/,

              Шүүгдэгч М.Эын яллагдагчаар өгсөн"... Би 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой танилцлаа. Тухайн зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би хохирогчийн эмчилгээний зардалд ойролцоогоор 1,000,000 /нэг сая/ төгрөг зарцуулсан байгаа..." гэсэн мэдүүлэг зэрэг болно.

Дээрх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн

нотлох баримтыг харьцуулан шинжлэн судалж үзэхэд, М.Э нь 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдөр ах дүүсийн хамт Төв аймгийн Дэлгэрхаан сум руу уул тахих зорилгоор "Тоёота приус-20" маркийн 05-97 УБА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон хамаатныхаа Мөнхдалай гэх айлд очсон байна.

 

           М.Э нь иргэн Мөнхдалайгийн гэрийн гаднаас тээврийн хэрэгслээ жолоодон хөдлөхдөө өөрийн болгоомжгүй үйлдлийн улмаас Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 10.1 дэх заалтуудыг зөрчиж бага насны хүүхэд Б.Ундрамыг дайрч эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж, осол гаргасан уйл баримт нь гэрч, хохирогч нарын мэдүүлэг болон шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн дүгнэлт болон техникийн шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдож байна.

 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд, М.Эын үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих" гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж прокурорын яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлэх үндэслэлтэй байна

 

            Эрүүгийн хариуцлагатай холбоотой:

Улсын яллагчаас шүүгдэгч М.Эыг 1 сар 10 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг оршин суух газрын нутаг дэвсгэрээс тогтоох тухай дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгч М.Э нь гэм буруу дээрээ маргахгүй, учруулсан хохирлыг төлсөн цаашид төлөхөө илэрхийж байгаа тул ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж ял оногдуулахдаа хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь хянан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, оногдуулсан ялыг шүүгдэгчийн оршин суугаа газрын нутаг дэвсгэрийн харьяалалаар тогтоох нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Хохирол төлбөр, бусад асуудлын талаар:

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөлөөгч мөрдөн шалгах ажиллгаа болон шүүхийн шатанд хохирогчийн эмчилгээний зардалд 3.569.000 төгрөгний нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх бөгөөд шүүгдэгч М.Э төлсөн хэн аль нь маргаагүй болно.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч энэ хэрэгтэй холбоотой гаргасан эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэв.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар болон бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч М.Э нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллгааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

           

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч М.Эыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Эыг 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дах хэсэгт зааснаар шүүгдэгч М.Эт оногдуулсан 1 /нэг/ сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож, түүнд хяналт тавихыг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, шүүгдэгч зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг сануулсугай.

 

4.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар болон бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч М.Э нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллгааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хохирогч энэ хэрэгтэй холбоотой гаргасан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

5.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Эт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.

 

7.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

8.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч М.Эт урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ж.ДЭЛГЭРМӨРӨН