| Шүүх | Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Нямбаяр |
| Хэргийн индекс | 153/2017/00536/И |
| Дугаар | 18 |
| Огноо | 2018-04-05 |
| Маргааны төрөл | Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулиар , |
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 18
Ц.*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Д.Көбеш, шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,
******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 153/ШШ2017/00567 дугаар шийдвэртэй, *******ийн ******* дүүргийн ******* хороо, *******ын ******* тоотод оршин суух Ц.*******ийн нэхэмжлэлтэй, ******* аймгийн ******* сумын ******* айлын орон сууцны тоотод оршин суух Х.ид холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, хариуцагч Х., нарийн бичгийн даргаар Ц.Энхтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулах тухай.
Нэхэмжлэлийн агуулга: “Нэхэмжлэгч Ц.******* нь ******* аймгийн ******* сумын Жаргалан багийн ******* айлын орон сууцны 5 дугаар давхар тоот 2 өрөө байрыг 2003 оны 07 дугаар сарын 22-ны өдөр иргэн Д.оос орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулан 1,0,000 төгрөгөөр худалдаж авсан. 2003 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Улсын бүртгэлийн газраас дугаартай гэрчилгээ олгож, уг байрны хууль ёсны өмчлөгчөөр Ц.*******, Ж., Б., Б. нарыг бүртгэсэн. Гэрчилгээ өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа. 2005 оны 5, 6 дугаар сарын үед Ц.******* гэр бүлийн хамт хотын дугаар анги руу шилжин ажиллахаар болж Орхон аймаг руу явсан. Ц.******* 2003 оны 08 дугаар сарын 04-ний өдөр уг байрыг барьцаалж банкнаас 2,000,000 төгрөгийн зээл авч, уг мөнгийг найз Мягмарт өгсөн. Мягмар зээлийг 2006 онд төлж дуусгасан. Гэтэл банкны эдийн засагч Долгормаа гэдэг хүн уг байрны гэрчилгээг Зэвсэгт хүчний дугаар ангийн орон сууцны албаны дарга байсан н.Эрдэнэсүрэнд хүлээлгэж өгсөн байна. н.Эрдэнэсүрэн бидний байрны гэрчилгээг одоо амьдарч байгаа Х.ид шилжүүлж өгсөн байна. Бид Х.той уулзаж байрыг чөлөөлж өгөхийг шаардсан боловч бидний шаардлагыг хүлээж аваагүй. Иймд Х.ийг ******* аймгийн ******* сумын Жаргалан багийн ******* айлын орон сууцны тоот 2 өрөө 30 мкв байрнаас албадан гаргаж, уг байрны үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн дугаартай гэрчилгээг Х.ийн хууль бус эзэмшлээс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн хариу тайлбар: Тус орон сууцыг 1999 онд Зэвсэгт хүчний -р ангийн штабын дарга, хурандаа Д.Жаргалсайхан нь албан хэрэгцээндээ зориулж иргэн Д.оос 4,000,000 төгрөгөөр худалдан авч байсан. Тэгээд энэ байранд Зэвсэгт хүчний -р ангийн штабын дарга Д.Жаргалсайхан амьдарч байсан бөгөөд 2002 онд шилжин явахдаа Зэвсэгт хүчний -р ангид шилжүүлсэн. Уг байр нь албан тушаалын буюу албан хэрэгцээний байр байсан тул дараагийн албан хаагчид энэ байранд амьдарч ирсэн. Д.Жаргалсайханыг шилжин явсны дараа Зэвсэгт хүчний -р ангийн байрны зөвлөл хуралдаж, дэд хурандаа Ц.*******, дэд хурандаа О.Эрдэнэбаатар, дэд хурандаа А.Уламбаяр, дэслэгч Б.Тэгшбаатар нар амьдарсан. Би Зэвсэгт хүчний -р ангийн Орон байрны комиссын хурлын 02 дугаартай шийдвэрийн дагуу 2010 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл амьдарч байна.Энэ орон сууц нь Зэвсэгт хүчний -р ангийн албаны байр бөгөөд дэд хурандаа Ц.******* нь 2003 онд ангийн штабын дарга байхдаа өөрийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргаж авсан нь хууль бус гэрчилгээ юм. Тэрээр шилжин явахдаа ******* айлын орон сууцыг Зэвсэгт хүчний -р ангид хүлээлгэн өгсөн. Тэрээр ангийн дансанд оруулахгүйгээр өөртөө улсын бүртгэлийн гэрчилгээ гаргаж авсан байдаг.
Учир нь Ц.******* нь уг орон сууцыг хувь хүнээс худалдан авсны дараагаар ангийн үл хөдлөх эд хөрөнгийн дансанд оруулахгүйгээр өөрийн гэр бүлийн гишүүдийн нэр дээр бүртгүүлж, арилжааны банканд тус орон сууцыг барьцаалан зээл авсан байдаг. Хэрэв энэ байр Ц.*******ийн өөрийн өмч байсан бол яагаад Зэвсэгт хүчний -р ангид хүлээлгэн өгдөг юм бэ. Түүний уг орон сууцыг бусдын эзэмшлээс шаардах эрх нь Ц.*******ийг шилжин явсан үеэс буюу 2004 оноос үүсэх байсан. Гэтэл 2016 оноос эхлэн уг байрыг миний өмчлөлийн байр гэж маргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ байрыг чөлөөлж өгөх талаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа надад холбогдуулан гаргах биш, Зэвсэгт хүчний -р ангид холбогдуулан гаргах ёстой байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 153/ШШ2017/00567 дугаар шийдвэрээр 1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-д зааснаар ******* аймгийн ******* сумын ******* айлын орон сууцны тоот, 2 өрөө 30 мкв байрны улсын бүртгэлийн 1617000146 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Х.ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, түүнийг албадан гаргаж, тус орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн дугаартай гэрчилгээг хариуцагч Х.оос гаргуулж нэхэмжлэгч Ц.*******өд олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Батсайханы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.оос улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Батсайханд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай гэж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн давж заалдсан гомдлын агуулга: Миний бие Зэвсэгт хүчний дугаар ангид ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан. Тус орон сууцыг 1999 онд Зэвсэгт хүчний дугаар ангийн штабын дарга хурандаа Д.Жаргалсайхан албан хэрэгцээнд зориулж иргэн Д.оос худалдан авч 2002 онд шилжиж явахдаа Зэвсэгт хүчний дугаар ангийн орон сууцны албанд хүлээлгэн өгсөн. Уг орон сууц нь албан тушаалын буюу албан хэрэгцээний байр тул ангийн албан хаагчид энэ байранд амьдарсаар ирсэн. Зэвсэгт хүчний дугаар ангийн орон байрны зөвлөл хуралдаж дэд хурандаа Ц.*******, хурандаа О.Эрдэнэбаатар, хурандаа А.Уламбаяр, хурандаа Л., дэслэгч Тэгшбаатар нар амьдарч байгаад Зэвсэгт хүчний дугаар ангийн орон байрны зөвлөлийн 02 шийдвэрийн дагуу 2010 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс өнөөдрийг хүртэл миний гэр бүл түр амьдарч байна. Би Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т заасан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл би энэ хэргийн хариуцагч биш уг байр нь Зэвсэгт хүчний дугаар анийн өмч учраас тус ангитай маргах ёстой гэж үзэж байна. Иймд уг байрыг Зэвсэгт хүчний дугаар ангийн мэдэлд шилжүүлж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.
Ц.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Батсайхан нь хариуцагч Х.ид холбогдуулан ******* аймгийн ******* сумын 2 дугаар айлын орон сууцны тоот, 2 өрөө 30м2 талбай бүхий байрнаас албадан гаргуулах, тус орон сууцны дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Х. нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ “энэ байрыг 1999 онд хурандаа Д.Жаргалсайхан гэдэг хүн албан хэрэгцээнд зориулж авсан байр, тэр үеэс хойш уг байранд үе үеийн албан хаагч нар амьдарч байсан, би 2010 оны 7 дугаар сарын 20-ны өдөр орон байрны комиссын 02 дугаар шийдвэрийн дагуу 85 хувийн санал авч уг байранд амьдарч байгаа, энэ байр нь Зэвсэгт хүчний дугаар ангийн байр юм. Ц.******* нь тухайн үед ангийн байрыг банкнаас зээл авах гэж уг байрыг өөрийнхөө нэр дээрээ шилжүүлсэн” гэж тайлбарлажээ.
Нэхэмжлэгч талаас өөрийн шаардлагаа нотлохоор “үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, 2003 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээний хуулбар, дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 24 дугаартай шийдвэр” зэрэг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн бөгөөд “эдгээр нотлох баримтуудаар уг байр нь нэхэмжлэгч Ц.*******ийн өмчлөлийн байр юм, гэтэл хариуцагч Х. нь өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа учраас түүнийг байрнаас албадан гаргаж, байрны дугаартай гэрчилгээг гаргуулан өгнө үү” гэж мэтгэлцжээ.
Хариуцагч талаас татгалзлаа нотлохоор “Зэвсэгт хүчний дугаар ангийн захирагч хурандаа С.Түвшинбаярын энэ байр нь Зэвсэгт хүчний дугаар ангийн өмчлөлийн байр юм гэх тодорхойлолт, мөн захирагчийн уг байранд Х. нь 2010 оны 7 дугаар сарын 20-ны өдөр орон байрны комиссын 02 дугаар шийдвэрийн дагуу гэр бүлийнхээ хамт амьдарч байгаа гэх тодорхойлолт, орон байрны комиссын дэвтрийн хуулбар” зэрэг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгчээ. Мөн хариуцагчийн өмгөөлөгч нь шүүхэд хүсэлт гаргаж, иргэн С.Эрдэнэсүрэн, А.Эрдэнэчулуун, Д., Д.Жаргалсайхан, Ө.Эрдэнэ-Очир, Д.Цэен-Ойдов нарыг гэрчээр асуулгах хүсэлт гаргасныг шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн бөгөөд гэрч Д.Жаргалсайханаас бусад гэрчүүдийг шүүх асуусан байна.
Хариуцагч Х. дээрх нотлох баримтуудыг шүүхэд гарган өгч “уг байрны гэрчилгээ Ц.*******ийн нэр дээр байгаа боловч бодит байдал дээр энэ байр нь Зэвсэгт хүчний дугаар ангийн өмчлөлийн байр юм. Энэ талаар тухайн үед ажиллаж байсан нэр бүхий гэрчүүд тодорхой мэдүүлэг өгсөн байгаа” гэж мэтгэлцжээ.
Хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан эдгээр нотлох баримтуудаар Ц.*******ийн нэхэмжлэлтэй Х.ид холбогдох маргааныг шүүх шийдвэрлэхэд Зэвсэгт хүчний дугаар ангийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т зааснаар “зэвсэгт хүчний дугаар ангийн өөрийнх нь болон зохигчийн хүсэлтээр, эсхүл шүүхийн санаачилгаар” бие даасан шаардлага гараагүй гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болохоор байна.
Энэ талаар хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг шүүх “өмгөөлөгч гуравдагч этгээдийг татан оролцуулах тухай хүсэлт гаргах эрхгүй” гэсэн дүгнэлт хийж хэрэг хангахаас татгалзсан нь Иргэн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасан “...хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх нотлох баримтыг бүрдүүлэх” журам зөрчигдсөн байна.
Мөн хариуцагчийн өмгөөлөгчийн орон сууц худалдах худалдааны авах гэрээн дээрх худалдагчийн гарын үсэг Д.ын гарын үсэг мөн эсэхийг тогтоолгох зорилгоор шинжээч томилуулах тухай хүсэлтийг шүүх үндэслэлээ заахгүйгээр хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хариуцагчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ хэрэгжүүлэх боломж олгоогүй байна.
Иймд хэрэгт цугларсан нотлох баримтаар маргааны үйл баримт тогтоогдоогүй байхад шүүх хэргийг шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 24 дугаартай шийдвэр нь “улсын бүртгэлийн байгууллагаас орон сууц худалдах худалдан авах гэрээг үндэслэн Ц. нарыг ******* сумын Жаргалан багийн 2 дугаар айлын орон сууцны тоот 2 өрөө 30м2 байрны өмчлөгчөөр бүртгэсэн процессыг буюу бүртгэлийг хянаж хууль зөрчөөгүй гэдгийг тогтоосноос биш уг байрны эзэмшил, өмчлөлийн талаар дүгнэлт хийгээгүйг дурдах нь зүйтэй.
Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг шүүгчийн захирамжаар буцаан олголоо.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:
1. ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 153/ШШ2017/00567 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангийн зохих данснаас гаргаж, хариуцагч нарт буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ТУЯА
ШҮҮГЧИД Д.КӨБЕШ
М.НЯМБАЯР