Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 27

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл,

-улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Энхбат,

-шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Оюун-Эрдэнэ,

-шүүгдэгч Ц.Жамъяншарав нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Цэндсүрэнгийн Жамъяншаравт холбогдох Эрүүгийн 201619000734 тоот хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1955 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Төв аймгийн Баянжаргалан суманд төрсөн, 61 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Төв аймгийн Мөнгөнморьт сумын 1 дүгээр багт /Улаанбаатар хотын Багануур дүүргийн 3 дугаар хороо, 37-11 тоотод түр/ оршин суух хаягтай, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэл үгүй, Боржигон овогт Цэндсүрэнгийн Жамъяншарав /РД: УГ55043017/ гэв.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч Ц.Жамъяншарав нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Төв аймгийн Мөнгөнморьт нутаг  “Мухар гутай” гэх газар иргэн С.Батхүүтэй “мал сольсон” гэх шалтгаанаар маргалдаж, баруун суга тус газар нь хутгалж хохирогч С.Батхүүгийн бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ц.Жамъяншарав шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Улсын яллагчийн зүгээс уншиж сонсгосон зүйлтэй тохирч байгаа учир мэдүүлэг өгөхгүй гэсэн.

Хохирогч С.Батхүү мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: Би Ц.Жамъяншаравыг 2007 оноос хойш танина. 2011 оноос хамт хадланд гарч ах дүү шиг дотно болсон. Ц.Жамъяншарав ах өөрөө малд дуртай хурдан адуу сонирхоно. Би нэг хурдан даага өгч надад их баярлаж байсан. Надад машинаа 5  сая төгрөгөөр бодож малаар сольж аваад би малыг нь харж өгч байгаад өнгөрсөн зун 6 сард малыг нь өөрт нь өгсөн. Ц.Жамъяншарав ахын малыг нь харж байсан хүн самарт явлаа малаа ав гээд байна гэж надруу ярьсан. Тэгэхээр нь манай дээр хэд хоног малаа өгөөд өвөлжөөн дээр айл ирэх хүртэл тавьж байя гэсэн, би зөвшөөрч малыг нь авсан. 2-3 хоног өнгөрөөд 2016 оны 9 сарын 23-ны өдөр Галаа, Ц.Жамъяншарав ах бид гурав мах чанаж идээд тэр 2 нэрмэл авч ирээд тэрийг нь уух завсараараа хоол идчихээд, би дахин 1 шил Улаанбаатар гэдэг нэртэй 0,5 граммын архи гаргаж хувааж уусан. Тэгээд тэрийгээ дуусгачихаад Галаагийнд очиж дахин нэг шил архи нэрийг санахгүй байна уух гэж байтал Галаа ажилтай гээд уухгүй байхаар нь Ц.Жамъяншарав бид 2 манайд авч ирж уусан. Тэгээд уугаад сууж байтал Галаа ирээд дахин гурвуулаа уусан. Тэгээд архи ч дууссан бид нар ч согтсон. Ц.Жамъяншарав бид хоёр хонь хүлээлгэж өгөхөд солигдсон, солигдоогүй гэж маргалдаад бид хоёр барьцалдаж авсан. Галаа бид хоёрыг салгаад Галаа бид хоёрыг юм яриад сууж байтал Ц.Жамъяншарав ах миний нуруу руу хатуу зүйлээр хатгачихсан. Миний ар нуруу руу халуун оргисон тухайн үед би Ц.Жамъяншарав ах намайг хатгачихлаа шдээ гэсэн. Ц.Жамъяншарав ах гараад явсан. Тэгээд би дээлээ тайлаад үзэхэд цус гарч байхаар нь эхнэр Мөнхзул руу утсаар залгаад болсон явдлыг хэлж эмч дуудуулсан. Миний нурууны араас тухайн үед бид нарын мах идэж байсан шар иштэй хутгаар хатгасны улмаас нурууны баруун хойд хэсэгт гэмтэл учирсан байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23/,

 

Гэрч С.Оюунсайхан мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: С.Батхүүгийн эхнэр Мөнхзул гэх хүн миний 98562363 дугаар руу залгаад манай нөхөр С.Батхүү үхлээ гээд залгаад байна би очоод үзээд өгөөч гэхээр нь очоод үзэхэд С.Батхүүгийн нурууны доод хэсгээс цус гарч байсан. Би С.Батхүүгээс боолт хийх зүйлс аваад боож өгөөд гарсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 55/,

 

Гэрч Н.Мөнхзул мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:  2016 оны 09 сарын 23-ны өдөр Багануур дүүрэгт гэртээ байж байтал орой 20 цагийн үед манай нөхөр С.Батхүү утсаар ярьж би Ц.Жамъяншарав  гуайд хутгалуулчихлаа цус гараад байна гэсэн. Тэгээд би эмнэлэгт түргэн дуудахад нөхцөл байдал ямаршуу байгааг мэдчихээд явах явахгүйгээ шийдье өөрөө ирэх боломж байхгүй юу гэж асуусан. Буцаад С.Батхүүгийн дугаар руу залгахад би өөрөө явж чадахгүй байна гэхээр нь эмнэлэгт хэлээд би өөрөө замчилж хамт явсан. Тэгээд хөдөө гэртээ очтол С.Батхүү гэрийнхээ зүүн хойд талд хойшоо хараад сууж байсан. Тэгээд эмч үзээд тариа, боолт хийгээд Багануур дүүргийн эмнэлэг авч ирсэн. Багануур дүүргийн эмнэлэгт зураг авч рентгенд хараад Улаанбаатар хотод авч ирж Госпиталд хэвтүүлсэн гэсэн мэдүүлэг /хх-ийн 24/,

 

Гэрч Д.Галбадарах мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:  2016 оны 09 сарын 23-ны өдөр Ц.Жамъяншарав манайд ирээд мод түлээ татаж өгсөн. Тэгээд ажлаа дуусаад Ц.Жамъяншарав бид хоёр монгол архи уусан нэг литр гаран архи байсны талыг нь уугаад С.Батхүү ирж адууны мах ид гэж дуудсан. Тэгээд С.Батхүүгийнд очиж мах идээд үлдсэн монгол архиа уусан. Би титэм нэртэй 0,75 граммын цагаан архи гаргаж бид  гурвуулаа хувааж уусан. Тэр 2 төрсөн ах дүүгээс илүү хүмүүс гээд байж байсан. Би гарч бие засчихаад буцаад ороод иртэл барьцалдаад байж байсан. Би дундуур нь орж салгасан. Би бас тухайн үед нилээн согтуу байсан. Ц.Жамъяншарав  гадагш гараад буцаж орж ирсэн. Хаанаас юу аваад хатгасанг нь мэдэхгүй ноцолдож сүүд болоогүй, Ц.Жамъяншарав дахиад гараад явсан тэгсэн С.Батхүү цус гараад байна гэхээр нь хувцсыг нь тайлаад хартал баруун бөөрны дээд хэсгээр цус гарч байсан. С.Батхүү эхнэр рүүгээ утсаар яриад эмч дуудсан. Би нэг хэсэг С.Батхүүгийн цусыг тогтоох арга хэмжээ аваад, гайгүй байх шиг болохоор нь гэр рүүгээ явсан. Эмч нар ирэх үед би гэрт нь байгаагүй. Тухайн өдөр Ц.Жамъяншарав, С.Батхүү бид гурав л байсан. С.Батхүү нь Ц.Жамъяншарав гуай намайг хутгалчихлаа гэхэд л мэдсэн. Тэрнээс юугаар гэмтээснийг би харж чадаагүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 26/,

 

 Шинжээч И.Ганболор мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: С.Батхүүгийн биед хэсэг газрын үзлэгээр баруун суганаас доор 2*0,2 см хатгагдаж зүсэгдсэн шарх нь хутганы үйлчлэлээр үүсгэгдсэн шарх байх боломжтой гэсэн мэдүүлэг /хх-ийн 35,

 

Шинжээчийн дүгнэлтэнд: Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 503 тоот: 1. С.Батхүүгийн биед баруун суганы доор зүсэгдэж хатгагдсан шарх, нурууны баруун тал, хэвлийн хэсэгт мэс заслын шархт гэмтэл тогтоогдлоо. 2.Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. З.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т ззааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна... гэжээ /хх-ийн 28/,

 

-гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-4/,

-хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-6-8/,

-эд мөрийн баритаар тооцож, хураан авч хэрэгт хавсаргах тогтоол, тэмдэглэл /хх-ийн 17-19/,

-шүүгдэгч Ц.Жамъяншаравын ял шийтгэлийн хуудсыг шалгахад "урд ял шийтгүүлж байгаагүй" гэсэн лавлагаа /хх-44/,

-шүүгдэгч Ц.Жамъяншаравыг 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр /хх-41-42/ сэжигтнээр, 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр /хх-43/ яллагдагчаар тус тус байцаасан тэмдэглэлүүд зэргийг шинжлэн судлав.

 

Дээрх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна.

 

Шүүгдэгч Ц.Жамъяншарав нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Төв аймгийн Мөнгөнморьт нутаг  Мухар гутай гэх газар иргэн С.Батхүүтэй мал сольсон гэх шалтгаанаар маргалдаж, баруун суга тус газар нь хутгалж хохирогч С.Батхүүгийн бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-4/, хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-8/, хохирогч С.Батхүүгийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 22-23/, гэрч Н.Мөнхзул, Д.Галбадрах нарын мөрдөн байцаалтанд мэдүүлэгүүд /хх-ийн 24,26/,2016 оны 10 дугаар сарын 10-ны өдроийн 503 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 28/, шинжээч И.Ганболорын мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 35/, гэрч С.Оюунсайханы мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 55/, шүүгдэгч  Ц.Жамъяншаравын мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байгаа мэдүүлэг зэргээр давхар нотлогдож байх тул шүүгдэгч Ц.Жамъяншаравыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Ц.Жамъяншаравт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1 дэх хэсэгт “анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн”, мөн хуулийн 55.1.3 “гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн”, 55.1.9 дэх хэсэгт “үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн” зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзсэн болно.

 

Хохирлын талаар:

Хохирогч С.Батхүү нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Нэхэмжлэх зүйлгүй, хохирол гомдол, санал байхгүй гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын хохирол байхгүй байна.

 

             Эд мөрийн баримтын талаар:

             Мөрдөн байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн эд мөрийн баримтаар тооцож хураан авсан шар өнгийн бариултай хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь  зүйтэй байна.     

 

Энэ хэрэгт иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч Ц.Жамъяншарав нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1 дэх хэсэг, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигин овогт Цэндсүрэнгийн Жамъяншаравыг бусдын бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Цэндсүрэнгийн Жамъяншаравыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Ц.Жамъяншаравт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Ялтан Ц.Жамъяншарав нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар ялтан Ц.Жамъяншаравт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

           

6. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан Ц.Жамъяншаравт хяналт тавьж ажиллахыг Төв аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

7. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5 дахь хэсэгт зааснаар тэнсэгдсэн ялтан Ц.Жамъяншарав нь хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг танилцуулсугай.

 

             8. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар мөрдөн байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн эд мөрийн баримтаар тооцож, хураан авсан тогтоолтой шар өнгийн бариултай хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Жамъяншаравт урд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

10. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ялтан Ц.Жамъяншаравт урд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ц.ОТГОНЖАРГАЛ