Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 128/ШШ2021/0499

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: “Б” ХХК

Хариуцагч: ЗХЖШ, ТҮХ

Гуравдагч этгээд: “М” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: ЗХЖШ/2021******* дугаартай тендерт М ХХК-ийг шалгаруулсан ҮХД, захиалагч ЗХЖШ-ын гэрээ байгуулах тухай мэдэгдэл, М ХХК-тай байгуулсан Хувцас хэрэглэл худалдан авах гэрээг тус тус хүчингүй болгуулах, гэрээг байгуулахыг хариуцагч Зэвсэгт хүчний жанжин штабт даалгуулах.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа, нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, А.Э гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Ж  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Манай “Б” ХХК нь Зэвсэгт хүчний жанжин штабаас зарласан “ЗХЖШ/2021******* дугаартай “Хувцас, хэрэглэл худалдан авах” тендер шалгаруулалтын 4-р багцад оролцсон. Бид тендер шалгаруулсан тухай Захиалагчийн мэдэгдэлтэй танилцаад татварын өртэй “М” гэх компанийг шалгаруулсан байх тул гомдлоо тухайн үед Сангийн яаманд гаргаж, энэ дагуу Сангийн яамнаас хянаад тендерийг хүчингүй болгож, гомдол үндэслэлтэй тул дахин үнэлгээ хийх талаар ЗХЖШ-т Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 6-1/1856 тоот хүргүүлсэн болно.

ЗХЖШ-аас 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 1/1790 тоотоор дахин үнэлгээ хийж, “М” ХХК-ийг дахин шалгаруулсан талаар мэдэгдэл ирүүлсэн байна. Дахин үнэлгээ хийхдээ тендер нээсэн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс хойш олон хоногийн дараа авсан нэмэлт материалд буюу 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Хан-уул дүүргийн Татварын хэлтсийн албан тоотод үндэслэж тендер шалгаруулсан байна.

Захиалагч нь холбогдох хууль, журмын дагуу мэдэгдэл гаргасан өдөр буюу 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдөрт багтаан шалгарсан байгууллагын мэдээллийг цахим системд тавих ёстой боловч тавиагүй байсан тул бидний зүгээс 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Захиалагчид шалгарсан байгууллагын мэдээллийг ил болгох хүсэлт гаргаж, энэ дагуу Захиалагч шалгарсан байгууллагын мэдээллийг 04 дүгээр сарын 27-ны өдөр ил болгосон байна. Ил болгосон мэдээлэлд шалгарсан байгууллагын санхүү, татварын тайлан байхгүй байна.

Манай компаниас шүүхэд Зэвсэгт хүчин жанжин штабын 2021******* дугаар тендерт “М” ХХК-ийг шалгаруулсан ҮХД, захиалагч Зэвсэгт  хүчний жанжин штабын гэрээ байгуулах тухай мэдэгдэл, “М” ХХК-тай байгуулсан “Хувцас хэрэглэл худалдан авах” гэрээг тус тус хүчингүй болгуулах, нэхэмжлэгч “Б” ХХК-ийн тендерийг шалгаруулж, гэрээ байгуулахыг хариуцагч Зэвсэгт хүчний жанжин штабт даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Бидний зүгээс Захиалагч болон Тендерийн үнэлгээний хороо дараах хууль, журмыг зөрчиж үнэлгээ хийсэн гэж үзэж байна. Үүнд Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14.1-д “Дараах нөхцөл байдал тогтоогдвол тендерт оролцогч ерөнхий нөхцөл хангаагүй гэж үзнэ”, 14.1.2-д “Монгол Улсын, эсхүл үүсгэн байгуулагдсан улсын хуулийн дагуу татвар, хураамж, төлбөрөө төлөөгүй” гэсэн байх бөгөөд шалгарсан гэх байгууллага нь тендер нээсэн 2021 оны 02 дугаар сарын 26-ны байдлаар татварын өртэй болохыг Сангийн яамнаас хянаж тогтоосон бөгөөд хууль, журмын дагуу ерөнхий нөхцөл хангаагүй тул Захиалагч хуулийн 27.4-д заасны дагуу уг тендерээс татгалзах ёстой. Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах, холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журмын дараах заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна. Үүнд Тендерт оролцогч тендер хүлээн авах эцсийн хугацаанаас өмнө тендерээ электрон хэлбэрээр буюу “РРР" форматаар гаргацтай, тод хөрвүүлж илгээх, ингэхдээ өөрийн санал болгож буй тендерийн үнэ, хүчинтэй хугацаа болон холбогдох бусад мэдээллийг системийн холбогдох талбарт бүрэн оруулсан байх зэрэг хуулийн 53.5.4-т заасны дагуу мэргэжлийн байгууллагаас тогтоосон бусад аргачлал, зааврыг баримталж тендер илгээх. “Тендерт оролцогчоос ирүүлсэн тендер нь бүхэлдээ эсхүл зарим хэсэг нь журмын 3.3.2-т заасан шаардлага хангаагүй бол тухайн баримт бичгийг үнэлгээнд харгалзан үзэхгүй. Тендерт оролцогч нь өөрийн ирүүлсэн тендер, түүнд хавсаргасан аливаа баримт бичгийн үнэн зөв эсэхийг нягтлах, алдаатай тохиолдолд тендер хүлээж авах эцсийн хугацаанаас өмнө залруулах үүрэгтэй ба энэ үүргээ биелүүлээгүйтэй холбоотой хариуцлагыг дангаар хүлээнэ.Тендер оролцогч нь тендерийн баримт бичгийн салшгүй хэсэг болох тендерийн баримт бичгийн тодруулга, нэмэлт мэдээлэл, нэмэлт, өөрчлөлтийг  тендер хүлээж авах эцсийн хугацаа хүртэл шалган нягталж, түүнд нийцүүлэн тендер бэлтгэх үүрэгтэй” гэж заасан.

Өөрөөр хэлбэл “М” ХХК-ийн хууль, журам, тендерийн баримт бичигт заасан эцсийн хугацаанд ирүүлсэн тендер нь дээрх журмын заалтууд болон хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т заасан шаардлага хангаагүй учир дахин үнэлгээ хийхдээ уг тендерээс шууд татгалзах ёстой гэж үзэж байна. Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах, холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журмын 3.7-д “Тендерт оролцогч нь тендертээ санхүүгийн тайлан, татварын албаны тодорхойлолт зэрэг цахим системтэй холбогдсон, түүнд мэдээлэл дамжуулдаг мэдээллийн баазын мэдээлэлтэй баримт бичгийг ирүүлэх шаардлагагүй бөгөөд үнэлгээний хорооноос тендерт оролцогчийн чадавхын үнэлгээ хийхдээ зөвхөн холбогдох мэдээллийн баазаас дамжуулсан мэдээллийг үндэслэл болгоно” гэж заасан. Иймд тендерийн дахин үнэлгээ хийхдээ тендер хүлээн авах эцсийн хугацаанаас хойш олон хоногийн дараа буюу 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр ирүүлсэн дүүргийн татварын хэлтсийн бодит бус тодорхойлолтод үндэслэх нь хууль, журмыг ноцтой зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Цахим системд ил болгосон мэдээлэл, тендерийн баримт шалгарсан гэх байгууллагын санхүү, татварын тайлан байна. баримт бичгийн бүрдэл дутуу биш бол үүнийг ил болгох ёстой гэж үзэж “Тендер шалгаруулалтын материалыг тухайн тендерт оролцогчдод ил болгох журам”-ын 1.3-д “Тендерт оролцогч нь тендерийн материалд Хувь хүний нууцын тухай хууль болон Байгууллагын нууцын тухай хуулиар ил болгохыг хориглосон мэдээллийг ялгаж ирүүлэх ба тэдгээрийг хуулийн дагуу ил болгохыг хориглосон зайлшгүй үндэслэлийг бичгээр тайлбарласан байна” гэж заасан байх бөгөөд ил болгосон материалд энэ талаар бичгээр тайлбарласан ямар нэг мэдээлэл байхгүй байна.

“М” ХХК-ийн тендерийг дээрх байдлаар хууль зөрчиж шалгаруулсан хариуцагч байгууллагуудын шийдвэр, үйл ажиллагаа нь шударгаар тендерт оролцсон “Б" ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул Зэвсэгт хүчин жанжин штабын 111/2021******* дугаар тендерт “М" ХХК-ийг шалгаруулсанҮХД, захиалагч ЗХЖШ-ын гэрээ байгуулах тухай мэдэгдэл, “М ХХК-тай байгуулсан “Хувцас хэрэглэл худалдан авах” гэрээг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч “Б" ХХК-ийн тендерийг шалгаруулж, гэрээ байгуулахыг хариуцагч Зэвсэгт хүчний жанжин штабт даалгаж өгнө үү. Шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 128/Ш32021/3669 дугаар “Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоох тухай” шүүгчийн захирамжид гомдол гаргах журмаар Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт маргаж буй асуудлаар гомдол гаргасан эсэх, мөн захиалагч болон тендерт шалгарсан хуулийн этгээд нарын хооронд гэрээ байгуулагдсан, гэрээнд гарын үсэг зурсан байх эсэх нь тодорхойгүй байх тул энэ талаар тодруулах шаардлагатай гэж үзлээ.Нэхэмжлэгч “Б” ХХК нь тендер шалгаруулалттай холбоотой гомдлоо хоёр дахь удаагаа 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 64 тоот албан бичгээр гаргасан бөгөөд Сангийн яам 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 2395 дугаар албан бичгээр “тендерийн баталгааны хүчинтэй хугацаа дууссан тул гомдол хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах боломжгүй” тухай хариуг ирүүлсэн. Тендерийн баримт бичигт заасан хугацаагаар тендерийн баталгаа гаргуулж өөрөөс шалтгаалах үүргээ хэрэгжүүлсэн байхад Сангийн яам ийм байдлаар гомдлыг шийдвэрлэж байгааг “Б" ХХК хүлээн зөвшөөрөхгүй.

Энэ хугацаанд манай компани нь тендерт шалгарсан “М” ХХК нь гэрээнд гарын үсэг зурсан, ажлаа нэгэнт хийгээд эхэлчихсэн талаар олж мэдсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “эсхүл гаргасан шийдвэрийг нь эс зөвшөөрвөл тендерт оролцогч нь шүүхэд гомдол гаргаж болно”, 56.2-т “Тендер шалгаруулалтад холбогдсон гомдлыг гэрээнд гарын үсэг зурснаас хойш зөвхөн шүүхэд гаргана” гэж заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэлээ гаргаж байна. 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг “М” ХХК-д хүргүүлснээс хойш даруй 1 сарын хугацаа өнгөрчхөөд байгаа тул гэрээнд гарын үсэг зурагдсан гэдэг нь ойлгомжтоЙ бөгөөд гүйцэтгэгч ажлаа гүйцэтгэж байна. Захиалагч болон гүйцэтгэгч компаниудын хооронд хийгдсэн гэрээг гэрээний оролцогч биш манай компани танилцах, хуулбарлан авах эрхгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1, 32 дугаар зүйлийн 32.1-д заасан журмын дагуу шүүхийн журмаар хариуцагчаас гаргуулахыг хүсэж байна.Төрийн болон өмчийн хөрөнгийн орон нутгийн бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлд Тендерийг хянан үзэх зохицуулалт байдаг.  Оёдлын утасны даалтын шаардлага стандартаар болоод тендерт оролцох зөвлөмжөөрөө 70-аас доошгүй нэгж байна гэдэг шаардлага харагдаагүй учраас 27 дугаар зүйлд заасан 3 үндэслэл бүрэн хангагдаагүй байна гэж үзэж байна. Эдгээр шаардлагын нэг нь хангагдаагүй тохиолдолд тендерийн шаардлагад нийцсэн гэж үзэхгүй.  Мөн хуулийн 27.3 дахь хэсэгт тендер нь энэ хуулийн 27.1 дэх хэсэгт заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ гээд заасан. 2 үндэслэлээр энэ тендерийн шаардлагыг хангаагүй байхад “М” ХХК-ийн тендерийг шалгаруулж байгаа Зэвсэгт хүчин жанжин штабын тендерийн үнэлгээний хорооны шийдвэр нь хууль зөрчиж байна. “М” ХХК-ийн хувьд илэрхий байсан энэхүү үндэслэлүүдийг тендерийн үнэлгээний хороо нягталж үзээгүй.

Хариуцагч тайлбараа хэлэхдээ татвартай холбоотой тайлбар хэлж байна. Тендерийн үнэлгээний хороо шаардлага хангаагүй сорьцын дүн дээр үндэслээд “М” ХХК-г шалгаруулсан гэдгээ хамгаалж чадахгүй байна гэж үзэж байна. Гуравдагч этгээдийн зүгээс 2 сорьцын дүгнэлтийг хооронд нь хольж ялгахгүй байна. Нэг нь хувцасны сорилт буюу цегейк захтай цэргийн дээл хийх материалыг 70:60 гэдэг шаардлага дээлэнд тавигдаж байгаа. 39:64 гэдэг нь бээлийний оёдлын даалтын дүн байна гэж үзэж байна. Энэ ажлын гол нь цэнхэр захтай савхин дээл 1000 ширхэг дээлийг хийхэд цөөхөн материалаар хийх гээд байна уу гэдэг асуудлыг тавьж байна. Будгийн тогтоц нь ч гэсэн шаардлага хангаагүй. Тендерийн хүчинтэй байх хугацаа дууссан дуусаагүй гэдэг дээр тайлбар хэлж чадсангүй.  Урьдчилсан шийдвэрлэх ажиллагааны шаардлагыг биелүүлээгүй гэж байна. Бид зохих журмын дагуу Сангийн яаманд гомдлуудаа гаргаад шийдвэрлүүлээд явж байсан. Тендерийн баталгааны хүчинтэй хугацаа дууссан учраас гомдлыг шалгах боломжгүй гэсэн хариу өгсөн. Тендерийн баталгааны хүчинтэй хугацааг сунгуулдаг байгууллага нь захиалагч өөрөө юм. Гэрээ байгуулснаас хойш зөвхөн шүүхэд гомдол нэхэмжлэлээ гаргана гээд хуулийн зохицуулалттай. Гэрээ байгуулсан Сангийн яам энэ гомдлыг хүлээн авах эрхгүй шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар ч гомдлыг хүлээн авах эрхгүй.. Сангийн яам татварын өртэй гэдгийг дүгнэсэн. Татварын өрийн асуудлыг нэгэнт дүгнэсэн байхад дахиад “М*******” ХХК-ийг шалгаруулсан. 3 хүн гарын үсэг зураагүй байгаа нь хүчин төгөлдөр бус байна. Тендер буюу төрийн худалдан авах ажиллагаа хариуцлагатай байх ёстой” гэв.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би энэ мэргэжлээрээ 30 гаруй жил ажиллаж байна. Өөрөө загварыг гаргаж санал болгож олон жил энэ ажлыг хийсэн туршлагатай. Жанжин штабын гаргасан шийдвэрийг бүдүүлэг хүч төрсөн, нэг талыг барьсан. Эрдэм шинжилгээний лаборатори нь тендерийн чухал авч үзэх асуудал. Маш олон тендер дээр шинжилгээний бичиг дээр гол үзүүлэлт байдаг. Үүнийг тендерийн үнэлгээний хороо хараагүй.  Иймд тендерийн үнэлгээг шударга хийгээч бүдүүлгээр компанийн эрх ашгийг зөрчиж болохгүй гэж хэлмээр байна” гэв.

Хариуцагч ЗХЖШ, ТҮХны итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Зэвсэгт хүчний Жанжин штабаас зарлагдсан ЗХЖШ/2021******* дугаартай Хувцас хэрэглэл худалдан авах нээлттэй тендерийн багц дөрөв-д оролцсон “М*******” ХХК нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.4 дэх заалтын үндэслэлээр хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийн хамгийн сайн үнэлэгдсэнг тендер гэж үзнэ гэсний дагуу мөн хуулийн 29 зүйлийн 29.1 дэх заалтыг үндэслэн шалгаруулж хувцас, хэрэглэл бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулах мэдэгдлийг хүргүүлсэн  бөгөөд  гэрээ байгуулсан ажиллаж байна. Тус шүүхэд Б” ХХК-иас “М” ХХК-тай байгуулсан гэрээг цуцлах, “Б” ХХК-тайлбар гэрээ байгуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Захиалагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс ЗХЖШ/2021******* дугаартай нээлттэй тендерийн холбогдох баримт бичиг, үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлүүд, гэрээ байгуулах мэдэгдэл, мэдэгдлийн дагуу байгуулсан гэрээ зэргийг хүлээлгэн өгсөн. Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлд ЗХЖШ/2021******* дугаартай нээлттэй тендерийн багц 4-т оролцсон аж ахуй нэгжүүдийн тендерийн материалыг хэрхэн үнэлсэн, “М” ХХК-ийг шалгаруулсан үндэслэл зэргийг тодорхой дурдаж хуулийн дагуу ажилласан гэж үзэж байна” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Зэвсэгт хүчний жанжин штаб нь цегейк захтай дээл, савхин бээлийг худалдан авахыг захиалагч хуулийн дагуу шалгаруулсан. Нэхэмжлэгчийн ярьж байгаагаар 2021 оны тендер дээр яриад байгаа асуудал биш. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27.1 дэх хэсэгт зааснаар шаардлагыг хангасан гэж үзээд мөн хуулийн 28 дугаар зүйлд заасан хамгийн сайн шаардлага хангасан гэсэн үндэслэлээр “М” ХХК шалгаруулсан. Татварын асуудал нэхэмжлэл дээр дурдагддаг асуудал байгаа. 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдөр тендерийн баримт бичиг дээр үнэлгээ хийж байхад нэхэмжлэгчийн усны төлбөрийн асуудлын талаар яриад байгаа нь үндэслэлгүй юм. Учир Засгийн газраас усны төлбөрийг 7 дугаар сарын 1-ний өдөр хүртэл хөнгөлсөн. Усны төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасан үндэслэлийг баримталсан. Энэхүү үндэслэлүүдээр “М” ХХК нь татварын үндэслэлгүй юм байна гэж харсан. Нэхэмжлэгч компани маань Сангийн яаманд гомдол гаргасан байдаг. Сангийн яамнаас хянаж үзээд татварын өртэй байна гээд хүчингүй болгосон. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55.3.3 дахь хэсэгт заасан заалтын дагуу хүчингүй болгосон. Мөн тус хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт зааснаар үнэлгээ хийсэн. Ингэхэд “М” ХХК нь татварын ямар нэг өргүй гэж харагдсан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14.1.2 дэх хэсэгт зааснаар маргаан үүссэн гэж ойлгосон. “М” ХХК-г шалгаруулсан нь хуульд нийцэж байгаа гэж үзэж байна. Усны төлбөрийн тухай хуулийн 9.1 дэх хэсэгт зааснаар дараа сарын 20-ны өдөр төлөх гэсэн зүйл байгаад байна. Усны тухай хууль. Засгийн газраас гаргасан шийдвэр энэ баримт бичгүүдийг үндэслэж “М” ХХК санхүүгийн тендерийн шаардлагыг хангасан байна гэж үзэж “М” ХХК-г шалгаруулсан.

Төрийн байгууллага тендерийг анхнаасаа эргэлзээтэй хийсэн гээд байгааг нь хатуу эсэргүүцэж байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд бус хандаад байна. Тендерийн шалгаруулалтын асуудал шаардлага хангахгүй байна гэдэг асуудлыг тухайн үед нь сангийн яаманд гомдлоо гаргах ёстой байсан. Бохир ус гэдэг нь Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.24 дэх хэсэгт заасан байгаа. Хаягдал ус гэдэг 3.1.32-т заасан. “М” ХХК “Б” ХХК өөрсдөө усны төлбөрөөс чөлөөлөгдсөн байгаа. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14.1.2 дахь хэсэгт Усны төлбөрийн тухай хуулийн 9.1, 9.2 дахь заалтууд  хоорондоо зөрчилдөөд байна. “М” ХХК “Б” ХХК шаардлага хангасан байна гэдгийг тендерийн үнэлгээний хороо ярилцсан. Захиргааны гэрээг хүчингүй болгуулах гэсэн асуудал яригдаад байна. Сангийн яам болон нэхэмжлэгчийн гомдолдоо гаргаад байдаг мэдээлэх асуудлыг 4 дүгээр сарын 27-ны өдөр цахим системд захиалагчийн зүгээс байршуулсан. Усны төлбөрийн асуудал дээр маргаж байна гэж  ойлгож байна.  “М” ХХК “Б” ХХК-ийн шалгаруулсан үнэлгээний хуудсанд шинжилгээ хийлгэж шинжээч томилуулж болох байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Зэвсэгт хүчний жанжин штабт холбогдох ЗХЖШ/2021******* дугаар тендерт “М" ХХК-ийг шалгаруулсанҮХД, захиалагч ЗХЖШ-ын гэрээ байгуулах тухай мэдэгдэл, “М ” ХХК-тай байгуулсан “Хувцас хэрэгсэл худалдан авах” гэрээг тус тус хүчингүй болгуулах, эгч “Б” ХХК-ийн тендерийг шалгаруулж, гэрээ байгуулахыг хариуцагч Зэвсэгт ний жанжин штабт даалгуулах” шаардлага бүхий захиргааны хэрэгт гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

 “М” ХХК нь Зэвсэгт хүчний жанжин штабаас зарласан ЗХЖШ/2021******* дугаартай хувцас, хэрэглэл худалдан авах тендер шалгаруулалтын 4 дүгээр багцад оролцож, холбогдох тендерийн дүрэм, журмын дагуу оролцож, шалгарсан. Манай компанийн зүгээс тендерийн шалгаруулалтад заагдсан материалыг хугацаанд нь дүүлж өгсөн ба мөн түүнчлэн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн 18.1 Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо Аудитаар баталгаажсан санхүүгийн тайланг өөрийн тендерт дэх шаардлагагүй бөгөөд 2019, 2020 оны тайлангаас шаардлагатай мэдээллийг цахим систем лан шалгана” гэж заасан ба 2020 оны жилийн эцсийн “санхүү байдлын тайлан”-г хуульд заасан буюу 2021 оны 02 сарын 10 өдөр “Цахим санхүүгийн тайлангийн систем”-д илгээсэн өөд Нийслэл аудит компаниар аудит хийлгэж, Хан уул дүүргийн Санхүү Төрийн Сангийн ээр баталгаажуулалт хийлгэсэн, 2020 оны жилийн эцсийн “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланг “Цахим татварын систем”-д хуульд заасан хугацаанд 2021 оны 02 сарын 09 өдөр илгээж татварын албаар баталгаажуулсан. Энэ баримт нь нийтэд илэрхий буюу татварын албаны цахим системээс харах бүрэн боломжтой баримт бөгөөд манай компанийн зүгээс аудитаар баталгаажсан санхүүгийн тайланг тендерийн материалд хавсарган хүргүүлсэн. Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдагдсан 2021 оны 02 сарын 26-ны өдрийн байдлаар татварын цахим системийн тодорхойлолтод дутуу төлөлтөөр харагдаж байгаа дараах төлбөрүүдэд тайлбар гаргаж байна.

 Үүнд 5,937,536.58Т, 5,145,573.50Т-ийн дутуу үлдэгдэл нь 2021 оны үл хөдлөх эд га ногдлыг давхардуулж нэхэмжлэх үүссэнээс үүдсэн ногдол байсан бөгөөд үүнийг Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 4/395 тоот албан бичгээр баталгаажуулж байна. Т78015/0090 дугаартай 1002 м2 газрын төлбөрийн 2021 оны ногдол 1,058,112 нь татварын 423,245Т, 634,867Т -ийн үнийн дүнгээр 2021 оны 02 сарын 18 өдөр нэхэмжлэх үүссэн бөгөөд төлбөрийг 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр төлж барагдуулсан. Газрын төлбөрийн тухай 10 дугаар зүйлийн 10.5 дах хэсэгт “Газрын төлбөр төлөгч жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улиралд ногдох төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор төлөх” гэж заасан байдаг. 423,245Т, 634,867Т-ийн төлбөр нь “178015/0090” дугаартай газрын 2021 оны бүтэн төлбөр /2019 оны 12 сарын 09 өдрийн 01122-2019/00875 тоот “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний 2.2 зүйлд зааснаар татварын цахим системд улиралд ногдох төлбөрийг бус бүтэн жилийн төлбөрийг 2021 оны 02 сарын 18 өдөр үүсгэсэн тул бид Газрын төлбөрийн 10 дугаар зүйлийн 10.5 дах хэсэгт зааснаар 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр төлсөн. Энэ нь хууль батлах зорилгоор 178015/0090 тоот дугаартай газрын 2019, 2020 оны төлбөрийн нэхэмжлэх болон төлбөрийн мэдээллийг нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр шүүхэд өгөх болно. 2019 онд газрын төлбөр нь татварын цахим системд нэхэмжлэх үүсдэггүй байсан ба уг оны төлбөрийг 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 2,452,032Т-ИЙН /1,058,П2Т-1002 м2 газрынх, 316 м2 газрынх / үнийн дүнгээр төлсөн. 2020 онд уг газрын төлбөрийн нэхэмжлэх татварын цахим системд 2020 оны 08 дугаар сарын 31-ны өдөр 634,867, 423,245 төгрөгийн /2020 оны бүтэн жилийн төлбөр/ үнийн дүнтэйгээр нэхэмжлэх үүссэнийг 2020 оны 09 дүгээр сарын 09-ны өдөр төлж барагдуулсан. Үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар ашигласан усны төлбөрийн дутуу үлдэгдэл 1,317,918 төгрөгийн дүн нь “Ахуйн хэрэглээний ус, рашаан ашигласан”-ны илүү төлөлт 8,032,512 /"Үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар ашигласан усны төлбөр” нь 2019 онд “ Ахуйн хэрэглээний ус, рашаан ашигласан”-ны татвар нэртэй байсан. ‘Үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар ашигласан усны төлбөр”-ийн илүү төлөлт 2,522,458 төгрөгийн дүнгийн зөрүүгээр хаагдана.

 Өөрөөр хэлбэл манай компани “Үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ашигласан усны төлбөрийн татварт нийт дүнгээрээ 2021 оны 02 дугаар сарын 26-ны ийн байдлаар /одоог хүртэл/ 9,237,052 төгрөгийн илүү төлөлттэй болно. Манай компани Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Туул голын сав газрын захиргааны “Ус ашиглуулах дүгнэлтийн 17 дугаар зүйлд заасны дагуу 2021 оны усны нөөц ашигласны төлбөр 1,317,918 төгрөгийг 2020 оны төлбөртэй уялдуулан тооцож 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр урьдчилан төлсөн. 2021 оны “Ус ашиглуулах дүгнэлт 2021 оны 05 дугаар сарын 31-ны өдөр “Туул годын сав газар”-ын захиргаанаас баталгаажсан гуравдагч этгээд “М” ХХК нь Зэвсэгт хүчний жанжин штабтай байгуулсан 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн №04 дугаар гэрээний дагуу 700 ширхэг хос бээлийг бэлэн болгосон бөгөөд энэхүү маргааны улмаас хүлээлгэн өгөх боломжгүй болоод байгааг шүүхийн зүгээс анхаарч үзнэ гэдэгт гүнээ найдаж байна. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8 дахь хэсэгт “хууль ёсны итгэлийг хамгаалах” зарчмын дагуу гуравдагч этгээд буюу “М” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, эрхийг зөрчихгүй гэдэгт гүнээ найдаж байна.

Усны төлбөр болоод 2021 оны ус ашигласны төлбөрийг төлөх асуудал байсан. 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар гуравдагч этгээдийн зүгээс татварын талаар ямар нэгэн өр байхгүй гээд татвараас тодорхойлолт ирсэн. 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн шийдвэрийг Сангийн яам хүчингүй болгосон байна. Дахин шалгаруулахад “М” ХХК өртэй байсан гээд байна энийг нотолсон зүйл байхгүй байна. Сорьцын дүнгээр чанарын шаардлага хангаагүй бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байгаа тендерийг зөрчиж байна гэж байна. Үүнийг шинжлэн судалсан энэ сорилын дүн тухай дээж нь хүчинтэй гэж байгаа. “М” ХХК үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн чанарын шаардлага хангасан гэж энэ дүнгээр үзэх боломжгүй. Зөвхөн дээж нь хүчинтэй үйл баримт юм. “М” ХХК-ийн хувьд зөрчил байхгүй.

Иймд дээр дурдсан тайлбараар “Б” ХХК-ийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй болох нь тогтоогдох тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сангийн яамнаас хариу өгсөн асуудлыг хараад үзэхэд шүүхэд материалыг дутуу бүрдүүлж өгсөн. 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар тус хуулийн этгээд нь татвартай холбоотой лавлагааг цахим сангаас авч тендерийн үнэлгээний хороо хянасан нь харагддаг. Нэхэмжлэгч талаас татварын өртэй аж ахуйн нэгжийг шалгаруулсан нь буруу байна гэдэг байдлаар урьдчилсан шийдвэрлэх ажиллагаа явагдаад сангийн яамнаас гомдлыг хянаж шийдвэр гаргасан. Татварын өр гэдэг нь төлөх ёстой хугацаа хэтэрсэн төлөөгүй байгааг татварын өр гэнэ гэж заасан. Ус ашигласны төлбөр тендер шалгаруулах үед төлөх ёстой байсан татвар биш байна гэдэг нь харагдаж байна. Хавтаст хэрэгт оёдлын утасны даацтай холбоотой асуудал байхгүй байгаа нь мэтгэлцэх боломжийг хязгаарлаж байна. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэгч байгууллага Сангийн яаманд гомдол гаргасан бол 30 хоногт багтах боломж байхгүй. Татварын өр гэдэг асуудал Татварын ерөнхий хуулийн 50 дугаар зүйл дээр байгаа. Тендерт оролцогч аж ахуйн нэгж байгууллага төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан тендерийн үнэлгээний хорооноос шаардах эрх байхгүй. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйл дээр төрийн албан хаагчийн нийтлэг эрх үүрэг байна. Гуравдагч этгээд стандартад нийцсэн хувцас хэрэглэл өгсөн. Тендерийн үнэлгээний шалгаруулалт нэхэмжлэгчийн эрх ашгийг  зөрчсөн гэсэн үйл баримт тогтоогдохгүй юм байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

“Б” ХХК нь тус шүүхэд хандан “ЗХЖШ/2021******* дугаартай тендерт М ХХК-ийг шалгаруулсан ҮХД, захиалагч ЗХЖШ-ын гэрээ байгуулах тухай мэдэгдэл, М ХХК-тай байгуулсан Хувцас хэрэглэл худалдан авах гэрээг тус тус хүчингүй болгуулах, гэрээг байгуулахыг хариуцагч Зэвсэгт хүчний жанжин штабт даалгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, түүнийгээ “ЗХЖШ/2021******* дугаар тендерт М ХХК-ийг шалгаруулсан Үнэлгээний хорооны хуралдааны тэмдэглэл /дүгнэлт/ №4, захиалагч ЗХЖШ-ын 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 1/1791 дугаартай гэрээ байгуулах мэдэгдэл, М ХХК-тай байгуулсан “Хувцас хэрэглэл бэлтгэн нийлүүлэх гэрээ №04-г тус тус хүчингүй болгуулах, нэхэмжлэгч БХХК-ийн тендерийг шалгаруулж, гэрээ байгуулахыг хариуцагч Зэвсэгт хүчний жанжин штабт даалгуулах” тухай гэж тодруулсан болно.

Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэг. Хэргийн үйл баримтын талаар:

1.1. Нэхэмжлэгч “Б ХХК нь Зэвсэгт хүчний жанжин штабаас зарласан “ЗХЖШ/2021******* дугаартай “Хувцас хэрэглэх худалдан авах” тендер шалгаруулалтын 4-р багцад оролцсон.

1.2. Тус тендер шалгаруулалтын нээлтийг 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 15 цаг 07 минутад цахим системээр хийсэн.[1]

1.3. Тендер шалгаруулалтын 4-р багцад “Б” ХХК /үнийн санал 260,975,500.00 төгрөг/, “Б” ХХК /үнийн санал 262,625,000.00 төгрөг/, “М” ХХК /үнийн санал 257,470,000.00 төгрөг/ нар оролцож, саналаа ирүүлсэн.[2]

1.4. Хариуцагч /захиалагч/ Зэвсэгт хүчний жанжин штабаас 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 1/1139 дугаар албан бичгээр “Б” ХХК-ийн үнийн саналаас татгалзсан тухай мэдэгдэл[3], мөн өдрийн 1/1140 дугаар албан бичгээр “М” ХХК-д гэрээ байгуулах мэдэгдэл өгсөн.[4]

1.5. Нэхэмжлэгч тус мэдэгдлийн эсрэг 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 58 дугаартай албан бичгээр Сангийн яамны Хууль эрх зүйн газрын Худалдан авах ажиллагааны бодлогын хэлтэст гомдол гаргасан.[5]

1.6. Сангийн яамнаас 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 6-1/1647 тоот албан бичгээр Зэвсэгт хүчний жанжин штабт хандан гүйцэтгэгч сонгох ажиллагааг түр түдгэлзүүлж, захиалагчийн шийдвэр буюу үйлдлийн хэрэгжилтийг 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн.[6]

1.7. Сангийн яамнаас 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 6-1/1856 тоот албан бичгээр Зэвсэгт хүчний жанжин штабд хандан “М” ХХК нь тендер шалгаруулалтын нээлтийн өдөр буюу 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн татварын албаны тодорхойлолтод /цахим/ татварын өртэй байхад шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байгааг, мөн захиалагч нь Сангийн сайдын 2019 оны 255 дугаар тушаалаар баталсан “Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах, холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журам”-ын 3.2.7-д заасныг зөрчсөн тул захиалагчийн гэрээ байгуулах эрх олгосон 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 1/1140 тоот шийдвэрийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1 дэх заалтад зааснаар хүчингүй болгож, мөн зүйлийн 55.3.3 дахь заалтад заасны дагуу зөрчлийг арилгасны үндсэн дээр тендер шалгаруулалтыг явуулахыг захиалагчаас шаардаж шийдвэрлэсэн.[7]

1.8. Дээрх шийдвэрийн дагуу захиалагчийн Үнэлгээний хороо 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хуралдаж №4 тэмдэглэл гаргасан.[8]

1.9. Улмаар захиалагчаас 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 1/1791 дугаар албан бичгээр “М” ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгох болсныг мэдэгдэж, 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдөр захиалагч болон “М” ХХК нарын хооронд Хувцас хэрэглэл бэлтгэн нийлүүлэх гэрээ Дугаар №04 байгуулагдсан.[9]

1.10. Нэхэмжлэгчийн зүгээс “захиалагч нь тендер нээсэн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс хойш олон хоногийн дараа авсан нэмэлт материалд буюу 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн албан тоотод үндэслэж тендер шалгаруулсан нь хууль бус, ингэснээрээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2 дахь заалт, 27 дугаар зүйлийн 27.4 дэх заалт, Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах, холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журмын 3 дугаар зүйлийн 3.7 дахь хэсгийг тус тус зөрчсөн, “М” ХХК-иас ирүүлсэн тендерийн баримт бичигт байгаа Итгэмжлэгдсэн лаборатори №44-ийн Сорилтын дүн /2021/57 дугаартай/-ийн оёдлын утасны даалт нь MNS ISO 23910:2016 стандартын шаардлагад хүрээгүй /үзүүлэлтийн шаардлага 70 байхаас 60 гарсан/ байхад түүнийг шалгаж нягтлалгүйгээр тендерт шалгаруулсан нь буруу” гэж маргаж байна.

Хоёр. Хариуцагчийн гаргасан шийдвэр, үйл ажиллагааны хууль зүйн үндэслэлийн талаар:

2.1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт “Тендерт оролцогч нь ... гэрээ байгуулах эрх олгосон тухай гомдлыг зөвхөн төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тус тус ажлын 5 өдрийн дотор гаргана” гэж, мөн зүйлийн 55.3 дахь хэсэгт “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага ... гомдлыг авч хэлэлцээд захиалагч энэ хуулийг зөрчсөн гэж үзвэл дараахь шийдвэр гаргана:” гээд мөн хэсгийн 55.3.1 дэх заалтад “энэ хуулийг зөрчсөн захиалагчийн үйлдэл буюу шийдвэрийг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь хүчингүй болгох, өөрчлөх;”, 55.3.3 дахь заалтад “зөрчлийг арилгасны үндсэн дээр тендер шалгаруулалтыг явуулахыг захиалагчаас шаардах.” гэж заажээ.

2.2. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх заалтад “ач холбогдол бүхий мэдээллийг цуглуулах” гэж заажээ.

2.3. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнүүдээс үзвэл захиалагчийн гаргасан гэрээ байгуулах эрх олгох тухай шийдвэрт тендерт оролцогч гомдол гаргавал төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу Сангийн яам хянан шийдвэрлэх эрх хэмжээтэй байх бөгөөд тийнхүү гаргасан шийдвэрийг захиалагч биелүүлэх үүрэгтэй байна. Тийнхүү биелүүлэхдээ нөхцөл байдлыг бүрэн зөв тогтоож, эргэлзээ бүхий үйл баримтыг тодруулахад ач холбогдол бүхий мэдээллийг цуглуулсны үндсэн дээр шийдвэр гаргах үүрэгтэй байна.

2.4. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд хариуцагч Зэвсэгт хүчний жанжин штаб нь анх 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн  1/1140 дугаар албан бичгээр “М” ХХК-д гэрээ байгуулах мэдэгдэл өгсөн байх бөгөөд нэхэмжлэгч /тухайн тендерт оролцогч/ “Б” ХХК-иас Сангийн яаманд хандан 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр гомдол гаргажээ.

2.5. Дээрх гомдлыг тус яамнаас хянаж үзээд 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 6-1/1856 тоот албан бичгээр Зэвсэгт хүчний жанжин штабд хандан “М” ХХК нь тендер шалгаруулалтын нээлтийн өдөр буюу 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн татварын албаны тодорхойлолтод /цахим/ татварын өртэй байхад шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байгааг дурдаж, мөн захиалагч нь Сангийн сайдын 2019 оны 255 дугаар тушаалаар баталсан “Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах, холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журам”-ын 3.2.7-д заасныг зөрчсөн тул захиалагчийн гэрээ байгуулах эрх олгосон 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 1/1140 тоот шийдвэрийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1 дэх заалтад зааснаар хүчингүй болгож, мөн зүйлийн 55.3.3 дахь заалтад заасны дагуу зөрчлийг арилгасны үндсэн дээр тендер шалгаруулалтыг явуулахыг захиалагчаас шаардаж шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдож байна.

2.6. Хэдийгээр шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар Сангийн яамны 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 6-1/1856 тоот албан бичгийн дагуу дахин үнэлгээг хийсэн гэж тайлбарлаж байгаа боловч хавтаст хэрэгт авагдсан ЗХЖШ-ын Үнэлгээний хорооны 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн №4 дугаартай хуралдааны тэмдэглэлээс[10] үзэхэд тендерийн дахин үнэлгээг хуульд заасан шаардлагын хүрээнд зүй ёсоор хийгээгүй байна гэж шүүх үзлээ.

Өөрөөр хэлбэл, дахин үнэлгээг зохих ёсоор хийгээгүй нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэг, 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх заалтыг тус тус зөрчсөн болох нь дараах байдлаар тогтоогдож байна.

2.7. Тодруулбал, дээр дурдсан хуралдааны тэмдэглэлээс үзэхэд Үнэлгээний хорооны гишүүн Ж.Б “... Заавал гомдол гарлаа гээд “Б” ХХК шалгарч байх ёсгүй биз дээ”[11],  Үнэлгээний хорооны дарга С.Б “... багц-4 савхин дээл, савхин бээлий дахин үнэлэх шаардлагагүй ...”[12] гэж хэлсэн байх бөгөөд энэ үйл баримтаас үзэхэд хариуцагчийн Үнэлгээний хороо Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3 дахь заалтад заасан тендер шалгаруулалтад гарсан зөрчлийг арилгах талаар онцгой анхаарах, зөрчлийг арилгах үүргээ зохих ёсоор, бүрэн гүйцэт хэрэгжүүлсэн гэж үзэхээргүй байна.

2.8. Мөн “М” ХХК-ийн хувьд татварын өргүй болсон гэдгийг тодруулсан гэх боловч тус Үнэлгээний хорооны хуралдаанд хэлэлцэгдсэн[13] Нийслэлийн Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 4/396 дугаар[14] албан бичгийг судлан үзэхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс тайлбарлаж буй “М ХХК” нь тендер нээх өдөр “үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ашигласан усны төлбөрийн үлдэгдэлтэй байсныг тус татварын хэлтсийн албан бичиг үгүйсгээгүй, зөвхөн үл хөдлөх эд хөрөнгийн ногдол нь 2021 оны 02 дугаар сарын 26-ны байдлаар өртэй гэж гарсан байсан бөгөөд түүнийг засварласан гэдэг агуулгатай” байна гэх тайлбар үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

2.9. Өөрөөр хэлбэл, Нийслэлийн Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 4/396 дугаар албан бичигт дурдсан үйл баримт нь тендер нээсэн цаг мөчид буюу 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар “М*******” ХХК нь үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ашигласан усны төлбөрийн үлдэгдэлтэй байсан эсэхэд хариу өгөөгүй байхад түүнийг нарийн нягтлан тодруулалгүйгээр “М” ХХК-д гэрээ байгуулах эрх олгох дүгнэлт гаргасан нь буруу байна.

2.10. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийг хангаж, шүүхээс Татварын ерөнхий газарт хандан нотлох баримт шаардсаны дагуу тус газраас 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 03/1750 дугаартай албан бичгээр “... М ХХК-ийн татварын өрийн мэдээллийг Татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангаас үзэхэд 2021 оны 02 дугаар сарын 26 болон 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар татварын өргүй байна” гэсэн хариуг өгсөн боловч энэ нь хариуцагчийн зүгээс тендерийг дахин үнэлэхдээ “М” ХХК-д татварын өр байсан эсэх /ялангуяа үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ашигласан усны төлбөрийн үлдэгдэл байсан эсэх/-ийг бүрэн нягтлаагүй захиалагчийн хууль зөрчсөн үйл ажиллагааг зөвтгөх үндэслэл болохгүй гэж шүүх дүгнэлээ.

2.11. Мөн хариуцагч нь Үнэлгээний хорооны хуралдааны тэмдэглэл буюу дүгнэлтийг гаргахдаа тус хорооны бүх гишүүдийн гарын үсгийг зуруулах, хэрвээ эсрэг саналтай гишүүн байсан бол тэр тухай тэмдэглэл бичүүлж гарын үсэг зуруулах талаар хуулийн императив шаардлага тавигдсан болохыг хайхралгүй зөрчсөн байна /Үнэлгээний хорооны гишүүд болох Г.М, Т.Б, Б.А нар гарын үсэг зураагүй/.[15] Тодруулбал, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.8 дахь хэсэгт “Үнэлгээний дүгнэлтэд хорооны бүх гишүүд гарын үсэг зурж баталгаажуулах бөгөөд эсрэг саналтай байсан гишүүн үнэлгээний дүгнэлтэд энэ тухайгаа тэмдэглэж гарын үсгээ зурна” гэж заасныг зөрчжээ.

2.12. Түүнчлэн, захиалагчийн тендерийн баримт бичигт заасан техникийн тодорхойлолтод цегейк захтай, салдаг дотортой савхин дээл болон савхин бээлийнд тавигдах стандарт техникийн шаардлагад “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 814 дүгээр зарлигаар баталсан загварыг баримтална. MNS 6414:2013, MNS 6415:2013  стандартын шаардлагыг баримтална”[16] гэж заасан байх боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс маргасан “Итгэмжлэгдсэн лаборатори №44 Сорилтын дүн /2021/57 дугаартай/-д[17] дурдсан оёдлын утасны даалтад хамаарах MNS ISO 23910:2016 стандартын шаардлагыг “М” ХХК-ийн бэлтгэж буй бүтээгдэхүүн хангасан эсэхийг захиалагч мөн нягтлах ёстой байсан” гэсэн тайлбар үндэслэл бүхий байна гэж үзлээ. Учир нь, хэдийгээр цегейк захтай, салдаг дотортой савхин дээл болон савхин бээлийнд тавигдах стандарт техникийн шаардлагад MNS 6414:2013, MNS 6415:2013  стандартын шаардлага тавигдсан боловч тухайн хувцас, бээлийний хувьд бүрдэл хэсгүүдийг хооронд нь холбож байгаа оёдлын чанар нь тухайн цегейк захтай, салдаг дотортой савхин дээл болон савхин бээлийн хувьд салшгүй хэсэг байх тул MNS ISO 23910:2016 стандартын шаардлагыг хангасан байх нь ач холбогдолтой байна.

2.13. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт “Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш  ажлын 6-аас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна” гэж заасан байх ба үүнээс үзвэл хариуцагч нь 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 1/1791 дугаар албан бичгээр “М” ХХК-д гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш тус компанитай ажлын 6 ба түүнээс дээш хоногийн дараа /2021 оны 05 дугаар сарын 04-ний өдөр ба түүнээс хойш/ гэрээ байгуулах учиртай байжээ. Хавтаст хэрэгт авагдсан “Хувцас хэрэглэл бэлтгэн нийлүүлэх гэрээ Дугаар №04”-ийг үзэхэд талууд 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдөр уг гэрээг байгуулсан үйл баримт байх бөгөөд энэ хүрээнд захиалагч хууль зөрчсөн болох нь тогтоогдож байгааг дурдах нь зүйтэй.

2.14. Дээрх байдлаар захиалагч нь холбогдох хуулиудыг зөрчсөн байх тул Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар ЗХЖШ/2021******* дугаар тендерт М ХХК-ийг шалгаруулсан Үнэлгээний хорооны хуралдааны тэмдэглэл /дүгнэлт/ №4, захиалагч ЗХЖШ-ын 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 1/1791 дугаартай гэрээ байгуулах мэдэгдлийг тус тус хүчингүй болгох, ингэснээр уг хууль бус дүгнэлт, мэдэгдлийг үндэслэн “М” ХХК-тай байгуулсан “Хувцас хэрэглэл бэлтгэн нийлүүлэх гэрээ №04 хүчингүй болох үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

2.15. Харин нэхэмжлэгчийн гаргасан “нэхэмжлэгч Б ХХК-ийн тендерийг шалгаруулж, гэрээ байгуулахыг хариуцагч Зэвсэгт хүчний жанжин штабт даалгуулах” тухай шаардлагыг хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ. Учир нь, Үнэлгээний хорооны хуралдааны тэмдэглэл /дүгнэлт/ №4, захиалагч ЗХЖШ-ын 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 1/1791 дугаартай гэрээ байгуулах мэдэгдэл, уг хууль бус дүгнэлт, мэдэгдлийг үндэслэн байгуулсан МХХК-тай байгуулсан “Хувцас хэрэглэл бэлтгэн нийлүүлэх гэрээ №04-г тус тус хүчингүй болсноор захиалагчийн хувьд нэхэмжлэгчийн тендерийг шууд шалгаруулах, түүнтэй шууд гэрээ байгуулах үүрэг үүсэх эрх зүйн үр дагавартай гэж үзэх боломжгүй ба захиалагчийн зүгээс тендерийг хууль тогтоомжийн шаардлагад нийцүүлэн зохих ёсоор дахин үнэлэх, эсхүл тендерийг хүчингүй болгож, дахин зарлах гэх мэт Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлд заасан сонгох боломж байгаа тул захиалагчийн тэрхүү орон зайд шүүхээс шууд оролцох хууль зүйн боломжгүй гэж шүүх дүгнэсэн болно.

2.16. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс үндэслэсэн “энэхүү тендерийг хүчингүй болгосон тохиолдолд “М” ХХК-д санхүүгийн хохирол бий болох тул Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8 дахь заалтад заасан “хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим” хөндөгдөнө” гэх агуулга бүхий тайлбарын тухайд шүүх дараах дүгнэлтийг хийж байна. Тодруулбал, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8 дахь заалтад хамгаалсан “хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим”-ын хэрэгжих хүрээг хууль тогтоогч өөрөө аутентик байдлаар тайлбарласан байх бөгөөд түүнд “Тайлбар: ... Харин энэ хуулийн 48.2-т заасан тохиолдол үүсвэл захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдийн итгэл хамгаалагдахгүй ...” гэжээ.

2.17.Захиалагчийн гаргасан Үнэлгээний хорооны хуралдааны тэмдэглэл /дүгнэлт/ №4, захиалагч ЗХЖШ-ын 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 1/1791 дугаартай гэрээ байгуулах мэдэгдлийн хүчингүй болох үндэслэлийн нэг нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг тул энэ хүрээнд хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим үйлчлэхгүй болно.

2.18. Харин энэхүү шийдвэр нь хариуцагчийн хууль бус үйл ажиллагааны улмаас хохирсон гэж үзвэл тийнхүү хохирол шаардахад чиглэсэн гуравдагч этгээд “М” ХХК-ийн шаардах эрхийг хязгаарлахгүй болно гэдгийг дурдаж байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.13 дахь заалт, 113 дугаар зүйлийн 113.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 47 дугаар зүйлийн 47.8 дахь хэсэг, 55 дугаар зүйлийн 55.3.3 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 25 дугаар зүйлийн 25.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч “Б” ХХК-ийн гаргасан “ЗХЖШ/2021******* дугаар тендерт М ХХК-ийг шалгаруулсан Үнэлгээний хорооны хуралдааны тэмдэглэл /дүгнэлт/ №4, захиалагч ЗХЖШ-ын 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 1/1791 дугаартай гэрээ байгуулах мэдэгдэл, М******* ХХК-тай байгуулсан “Хувцас хэрэглэл бэлтгэн нийлүүлэх гэрээ №04-г тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдсэн шаардлага болох “нэхэмжлэгч Б ХХК-ийн тендерийг шалгаруулж, гэрээ байгуулахыг хариуцагч Зэвсэгт хүчний жанжин штабт даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, 35100 төгрөгийг хариуцагч Зэвсэгт хүчний жанжин штабаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дүгээр зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Т.МӨНХ-ЭРДЭНЭ