Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 221/МА2025/0422

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Ш” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Ц.Сайхантуяа

Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц

Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн “Чиглэл хүргүүлэх тухай” 01/3785 дугаар албан бичгийг хууль бус байсан болохыг тогтоолгох” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 239 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.С

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э

Хэргийн индекс: 128/2024/0936/З

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. “Ш” ХХК Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан “Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 01/3785 дугаартай Чиглэл хүргүүлэх тухай албан бичгийг хууль бус байсан болохыг тогтоолгох”-оор маргасан байна.   

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 239 дүгээр шийдвэрээр: “Амьтны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.5, 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2.1, 291 дүгээр зүйлийн 291.1, 291.2, Зөвшөөрлийн тухай хуулийн 5.6 дугаар зүйлийн 1, 8.1 дүгээр зүйлийн 1.23 дахь заалтыг тус тус баримтлан Шаманистик ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 01/3785 дугаартай Баян-Өлгий, Баянхонгор, Өвөрхангай, Увс аймгийн Засаг дарга нарт чиглэл хүргүүлэх тухай албан бичгийг хууль бус байсан болохыг тогтоож” шийдвэрлэсэн байна.

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

3.1 “... Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 01/3785 дугаартай “Чиглэл хүргүүлэх тухай” албан бичиг нь эрх зүйн шууд үр дагавар бий болгоогүй, нутгийн захиргааны байгууллагад хандсан буюу дотогш чиглэсэн тухайд:

3.1.1 Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1.23-т заасны дагуу тусгай зориулалтаар агнуурын амьтныг агнах, барих тусгай зөвшөөрлийг тухайн аймгийн Засаг дарга, мөн хуулийн 5.6 дугаар зүйлийн 1-т заасны дагуу дуудлага худалдааны журмаар олгохоор заасан. Энэхүү тусгай зөвшөөрөл олгох процесст Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам оролцдоггүй ба маргаан бүхий албан бичиг зөвлөмжийн шинжийг агуулсан болно.

3.1.2 Өөрөөр хэлбэл, хариуцагч байгууллагаас тухайн албан бичгийг нутгийн захиргааны байгууллагад хүргүүлсэн эсэхээс үл хамааран тухайн тусгай зөвшөөрлийг холбогдох журмын дагуу олгоно.

3.1.3 Тухайлбал, Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газраас 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 3/172 дугаар албан бичигт хууль үндэслэж тусгай зөвшөөрөл олгосон ба албан бичгийг үндэслээгүй гэх тайлбараас тодорхой харагддаг. Үүнээс үзвэл маргаан бүхий албан бичгийг эрх зүйн шууд үр дагавар бий болгосон гэж үзэх үндэслэлгүй.

3.1.4 Мөн маргаан бүхий албан бичиг нь төрийн захиргааны төв байгууллагаас нутгийн захиргааны байгууллага руу зөвлөмж өгсөн төдий албан бичиг бөгөөд байгууллагын дотоод харилцаа гэж үзэх үндэслэлтэй юм.

3.1.5 Түүнчлэн “Ш” ХХК нь өөрөө мэргэжлийн байгууллагын эрхтэй буюу дуудлага худалдаанд менежмент хариуцагчаар оролцох боломжтой хуулийн этгээд юм. Иймд нэхэмжлэгч компанийг эрх нь зөрчигдсөн эсхүл зөрчигдөж болзошгүй этгээд гэж үзэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлага хангасан байна.

2. Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 26 дугаар тогтоолоор тусгай зориулалтаар 2024 онд агнах тэх, угалзын тоо хэмжээг өмнө баталсан тогтоолдоо өөрчлөлт оруулах замаар нэмэгдүүлж, соёлын зориулалтаар гадаад улсын өндөр дээд түвшний зочдод агнуулах тусгай зориулалтын ангийн дуудлага худалдааг холбогдох хуульд нийцүүлэн зохион байгуулахыг Баян-Өлгий, Увс, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Засаг дарга нарт даалгасан.

3. Нэхэмжлэгчийн хууль бус байсан болохыг тогтоолгохыг хүссэн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн “Чиглэл хүргүүлэх тухай” 01/3785 дугаар албан бичгээр Засгийн газрын 2024 оны 89 дүгээр тогтоол, тогтоолын хавсралтад өөрчлөлт орсонтой холбогдуулан тусгай зориулалтаар угалзын дуудлага худалдааг Баян-Өлгий аймгийн Улаагчин, Улаанговь, Халуун бардам шар говь, Мянган уул, Зурхайчийн нуруу, Увс аймгийн Гулзат, Баянхонгор аймгийн Баянцагаан, Хөх хадны хүүш, Өвөрхангай аймгийн Арц богд агнуурын бүсэд, тэхийн дуудлага худалдааг Баян-Өлгий аймгийн Улаагчин, Улаанговь, Агуйт хатуу, Тошинт, Мундуйн зэвсэг, Баянхонгор аймгийн  Баянцагаан, Өвөрхангай аймгийн Арц богд агнуурын бүсэд тус тус агнуурын бүсийн менежмент хариуцагчдын дунд яаралтай зохион байгуулж, тогтоолын хэрэгжилтийг ханган ажиллаж, дуудлага худалдаа зохион байгуулсан талаарх тайлан мэдээллийг 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн дотор Байгалийн нөөцийн бодлогын хэрэгжилтийн газарт ирүүлэхийг мэдэгджээ.

4. Анхан шатны шүүх “Чиглэл хүргүүлэх тухай захиргааны акт нь холбогдох хуулийн зохицуулалтаас давсан хязгаарлалтыг тогтоож нэхэмжлэгчийн тусгай зориулалтаар угалз, тэхийн дуудлага худалдаанд оролцох эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн үндэслэлтэй болжээ.

5. Амьтны тухай хуулийн 291 дүгээр зүйлийн 291.1-д “Энэ хуулийн 20.2-т заасан ховор амьд амьтны цуглуулга хийх тусгай зөвшөөрөл, 25.1-д заасан тусгай болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнуурын амьтан агнах, барих тусгай зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хуулийн 5.6 дугаар зүйлд заасны дагуу дуудлага худалдааны журмаар олгоно”, 291.2-т “Энэ хуулийн 291.1-д заасан зөвшөөрлийн дуудлага худалдааг мөн хуулийн 26.3-т заасны дагуу Засгийн газраас тусгай зориулалтаар агнах, барих амьтны тоо хэмжээг баталсан шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор олон нийтэд нээлттэй мэдээлж, 30 хоногийн дотор цахим хэлбэрээр зохион байгуулна” гэсэн хуулийн зохицуулалттай.

6. Хуульд зааснаар тусгай зориулалтаар агнуурын амьтан агнах, барих тусгай зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хуулийн 5.6 дугаар зүйлд заасны дагуу дуудлага худалдааны журмаар олгох бөгөөд уг дуудлага худалдааг нээлттэй зохион байгуулахаар байхад Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 01/3785 дугаар албан бичгээр дуудлага худалдааг агнуурын бүсийн менежмент хариуцагч нарын дунд зохион байгуулахыг яаралтай зохион байгуулахыг даалгасан нь Амьтны тухай хууль болон Өрсөлдөөний тухай хууль зөрчсөн бөгөөд дээрх албан бичгийн агуулгыг үзвэл дуудлага худалдааг зөвхөн агнуурын бүсийн менежмент хариуцагчдын дунд зохион байгуулахыг мэдэгдэж байгаа нь “Ш” ХХК-ийн дуудлага худалдаанд оролцох эрхийг зөрчсөн, өрсөлдөөнийг хязгаарласан гэж үзэхээр байна.

 7. Тодруулбал, маргаан бүхий захиргааны акт нь Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдаас аймгийн Засаг дарга нарт хаяглагдсан албан бичиг хэдий ч тус албан бичиг нь нэхэмжлэгчийн дуудлага худалдаанд оролцох эрхийг хязгаарлахад шууд чиглэсэн, түүний дуудлага худалдаанд оролцох эрхийг хөндсөн шийдвэр бөгөөд Баян-Өлгий , Өвөрхангай, Баянхонгор болон Увс аймгуудын Засаг дарга нарын хувьд уг албан бичгийг хэрэгжүүлэхээс татгалзах бүрэн эрх байхгүй тул уг албан бичгийн дагуу үүсэх үйлчлэл нь нэхэмжлэгчийн хувьд шууд үр дагавар үүсгэсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “маргаан бүхий албан бичгийг эрх зүйн шууд үр дагавар бий болгосон гэж үзэхгүй” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

8. Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 239 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

        2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс  хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                        Ц.САЙХАНТУЯА

ШҮҮГЧ                                                           О.ОЮУНГЭРЭЛ