| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 140/2019/00302/И |
| Дугаар | 377 |
| Огноо | 2019-09-10 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 377
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.*******, нэхэмжлэгч Б.Эн-, хариуцагч байгууллагын төлөөлөгч Ц.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Б.Эн-ын нэхэмжлэлтэй Завхан аймгийн ******* сумын *******д холбогдох Завхан аймгийн ******* сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 62 дугаартай сахилгын шийтгэл ногдуулах тухай захирамжаар 3 сарын үндсэн цалингийн 20 хувиар хасч 1 сарын цалинд суутгал хийсэн 139,945 төгрөгийг, мөн даргын 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 22 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай захирамжаар 1 сарын цалингийн зөрүү 303,654 төгрөгийг, 2017 оны 02 дугаар сард ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 699,720 төгрөгийг, Завхан аймгийн ******* сумын Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 47 дугаартай Ажлаас чөлөөлж, томилох тухай захирамжаар 4 хоногийн цалингийн зөрүү 150,620 төгрөгийг нийт 1,248,945 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Завхан аймгийн ******* сумын ******* багийн иргэн Б.Эн- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2007 оноос хойш ******* сумын *******ийн эрхлэгчийн ажлыг 10 гаруй жил хийж 2017 онд ажлаас халагдсан. Ажлаас гарахаас өмнө *******ар ажиллаж байсан Ч.******* нь миний цалинг бууруулж улмаар ямар ч үндэслэлгүйгээр ажлаас халж цалин мөнгөөр хохироосонд гомдолтой байна. *******ар ажиллаж байсан Ч.*******ийн цалин бууруулсан, ажлаас халсан шийдвэр нь хууль бус болохыг нь Аймгийн Засаг даргын шийдвэрээр тогтоосон, намайг ажилд эгүүлэн томилсон боловч ажилгүй байсан хугацааны цалин, 1 сар цалингийн 20% суутгасан мөнгө нийт 1,248,345 төгрөгөөр хохироод байна. Хохирол барагдуулах талаар *******д удаа дараа шаардлага тавьсан боловч боломж гарахаар мөнгийг өгнө гэж худлаа ярьж явсаар ******* нь 2019 онд шилжээд аймагт ирсэн. Одоо ******* улсын үйлдвэрийн газрын орлогч дарга болсон. *******ийн оронд ******* гэдэг хүн ******* болсон.
Иймд Завхан аймгийн ******* сумын Засаг даргын 62 тоот захирамжаар цалинг 3 сар 20 хувиар хасч 1 сарын цалинд суутгал хийсэн 139,945 төгрөг гаргуулах, 2017 оны 01 сарын цалингийн зөрүү 303,654 төгрөг, 2017 оны 02 сард ажилгүй байсан хугацааны цалин 699,720 төгрөг, 2017 оны 03 сарын 4 хоногийн цалингийн зөрүү 150,620 төгрөг нийт 1,248,945 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Завхан аймгийн ******* сумын ******* Ц.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* сумын ******* багийн иргэн Бат овогтой Эн- нь Завхан аймгийн ******* сумын *******д холбогдуулж цалин 3 сар 20 хувь бууруулсан Засаг даргын захирамжийн дагуу 1 сар суутгал хийсэн 139,942 төгрөг, 2017 оны 1 сард цалингийн зөрүү 303,654 төгрөг, 2017 оны 2 сарын ажилгүй байсан хугацааны цалин 699,720 төгрөг, 2017 оны 3 сарын 4 хоногийн цалин 150,620 төгрөг нийт 1,248,945 төгрөгийн хохирлыг буруутай этгээдээс гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байгааг хүлээн авч танилцаад Б.Эн-ын нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах хариу тайлбар гаргаж байна.
Ц.******* миний бие Завхан аймгийн ******* сумын *******ар 2018 оны 11 сард томилогдсон бөгөөд тухайн үеийн асуудлын талаар мэдэхгүй ба нэхэмжлэгч нь тухайн нэхэмжлэлээ 2 жил 5 сарын дараа гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасан ба тухайн эрхээ эдлэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Б.Эн- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2007 оноос хойш ******* сумын *******ийн эрхлэгчийн ажлыг 2017 он хүртэл 10 жил ажилласан. 2016 онд шинээр томилогдсон ******* ******* ажилд орсон цагаасаа эхлэн надтай хамтран ажиллахгүй гэсэн зарчмыг баримтлаад элдвээр шахаж, хавчаад хууль бус нотлох баримтгүй шийдвэрээр арга хэмжээ аваад 2017 оны 01 сард 3 сарын цалинг 25 хувиар хасах сахилгын шийтгэл ногдуулаад 01 сард цалингаас суутгал хийгдээд байж байтал, дахин 3 сар хүрэлгүй намайг ажлаас халсан. Би энэ тухай дээд шатны ******* буюу аймгийн *******д гомдол гаргасны дагуу аймгийн ******* шалгаж намайг ажлаас халсан тушаалыг илт хууль бус шийдвэр байна гэж үзээд ******* даргад албан тоот ирүүлсэний үндсэн дээр намайг эгүүлэн ажилд авсан. Үүнээс болоод би 1 сар гаруй хугацаанд ажилгүй байсан. 1 сарын цалин мөн 1 сарын цалингаас 139,942 төгрөгийг суутгаж авсан. Ажилд орсны дараа ******* бид нар надад учирсан хохирлыг барагдуулах талаар ярилцаад надад өгөх ёстой мөнгийг өгөх боломжтой үедээ өгье, тэгж байгаад өгье гээд өгөлгүй байж байгаад ******* ******* ажлаа өгөөд явсан. Тэгээд миний энэ асуудал хариуцах эзэнгүй болсон учраас залгамж халаа болох ******* даргаас өөрт учирсан хохирлоо нэхэмжилж байна. Би Засаг даргын хууль бус шийдвэрээс болоод 1 сарын цалингаас 139,945 төгрөг суутгасан түүнийгээ гаргуулах, 2017 оны 01 сарын цалингийн зөрүү 303,654 төгрөг, 2017 оны 02 сард ажилгүй байсан хугацааны цалин 699,720 төгрөг, 2017 оны 03 сард ажилд авсан 4 хоногийн цалингийн зөрүү 150,620 төгрөг, нийт 1.248.945 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэв.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч Ц.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Завхан аймгийн ******* сумын *******ар 2018 оны 11 сард томилогдсон. Өмнөх *******тайгаа ажлаа хүлээлцээгүй. Намайг ажлаа авснаас хойш *******ийн эрхлэгч Эн- надтай нэг ч удаа уулзаж байгаагүй. Би Эн-ын нэхэмжлэлтэй шүүхэд ирж танилцсан. Тухайн нэхэмжлэлийг судалж үзсэн. Эн-од 2016 оны 11 сарын 30-ны өдрийн 62 тоот захирамжаар 3 сарын үндсэн цалинг 20 хувиар хасч сахилгын шийтгэл ногдуулсан юм байна лээ. Мөн 2017 оны 01 сарын 12-ны өдрийн 22 тоот захирамжаар ажлаас чөлөөлсөн байсан. Уг захирамжийг аймгийн Засаг даргын 2017 оны 02 сарын 17-ны 2/283 тоот албан бичгээр хүчингүй болгож, Эн-ыг ажилд нь эгүүлэн томилох шийдвэр гарсан байсан. 2017 оны 03 сарын 06-ны өдрийн 47 тоот захирамжийн 5 дугаар заалт дээр ажлыг зохих журмын дагуу хүлээлцэж, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөж олгохыг нягтлан д даалгасан байсан. 2017 оны 03 сарын 06-ны өдөр Эн- даргын ажлаа хүлээж авсан гэж би ойлгож байгаа. 2017 оны 05 сарын 02-ны өдрийн 73 тоот захирамжаар Эн- даргыг ажлаас чөлөөлсөн. Ингэхдээ Эн-ын ажиллаж байсан хугацааны өдрийн цалингийн тооцоог нягтлан д зөвшөөрсөн. Үүнээс үзэхэд Эн- даргын ажилгүй байсан хугацааны цалинг *******ийн нягтланд олгохыг зөвшөөрсөн байхад Эн- дарга тухайн байгууллагыг 2 сар удирдаж байсан. Тухайн үед уг цалингаа нөхөн авах боломжтой байсан. Ийм асуудал үүсээд 2 жил 5 сар гаруй болж байхад яагаад шүүхэд нэхэмжлэл гаргаагүй юм бэ, учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т заасан хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй байсан. Тухайн гомдлыг хөөн хэлэлцэх хугацаа дууссан байгаа учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Эн- нь Завхан аймгийн ******* сумын *******д холбогдох Завхан аймгийн ******* сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 62 дугаартай сахилгын шийтгэл ногдуулах тухай захирамжаар 3 сарын үндсэн цалингийн 20 хувиар хасч 1 сарын цалинд суутгал хийсэн 139,945 төгрөгийг, мөн даргын 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 22 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай захирамжаар 1 сарын цалингийн зөрүү 303,654 төгрөгийг, 2017 оны 02 дугаар сард ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 699,720 төгрөгийг, Завхан аймгийн ******* сумын Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 47 дугаартай Ажлаас чөлөөлж, томилох тухай захирамжаар 4 хоногийн цалингийн зөрүү 150,620 төгрөгийг нийт 1,248,945 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч тал ...Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т заасан хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй байсан. Тухайн гомдлыг хөөн хэлэлцэх хугацаа дууссан байгаа учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна... гэж маргаж байна.
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Завхан аймгийн ******* сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 62 дугаартай захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь заалт, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2 дахь заалтыг үндэслэн нэхэмжлэгч Б.Эн-ыг *******ийн 2016 оны ажлын төлөвлөгөөнд МАН-ын баярын үйл ажиллагааг тусгасан, 2016 оны 10 дугаар сарын 01-нээс хойш цагийн бүртгэл дээр үндэслэлгүйгээр худлаа гаргаж цалинг тооцуулсан ноцтой зөрчил гаргасан гэж 3 сарын цалингийн 20 хувиар хасч сахилгын шийтгэл ногдуулжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасан нь хөдөлмөрийн марааныг шийдвэрлэх хугацааг тусгайлсан хуулиар зохицуулсан гэж үзнэ.
Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно, ....76.2-т хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлыг шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ гэжээ.
Уг сахилгын шийтгэлийг Б.Эн- сахилгын шийтгэл ногдуулсан өдрөө буюу 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гардаж авсан гэж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт тайлбарлаж байх тул түүний шаардах эрх Завхан аймгийн ******* сумын Засаг даргын 2016 оны 11 сарын 30-ны өдрийн 62 дугаартай сахилгын шийтгэл ногдуулах тухай захирамж гарсан өдрөөс эхлэн тоологдох бөгөөд 2017 оны 01 сарын 30-ны өдөр хүртэл үргэлжилсэн ба уг хугацаанаас хойш тэрээр 3 сарын дотор нэхэмжлэл гаргаагүй, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул шаардлага гаргах эрхээ алдсан байна гэж үзнэ.
Хэдийгээр нэхэмжлэгч Б.Эн- нь ******* сумын ******* нь 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр сахилгын арга хэмжээ авчихаад, 2017 оны 1 сарын 12-ны өдөр намайг ажлаас чөлөөлсөн бөгөөд би энэ талаар аймгийн *******д өргөдөл гомдол гаргахдаа сахилгын арга хэмжээ авахуулсан захирамжийг хүчингүй болгуулах талаар тусгасан. Иймд хугацаандаа гомдлоо гаргасан гэж ойлгож байгаа гэх боловч уг Завхан аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 2/283 тоот албан бичигт ...Б.Эн-ын өргөдлийг 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан шийдвэрлэх ажиллагаа явууллаа гэх, ...мөн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 62 дугаартай сахилгын шийтгэл ногдуулах тухай захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт заасны дагуу илэрхий алдааг засаж, ....2017 оны 02 сарын 27-ны дотор хариу мэдэгдэнэ үү... гэсэн байх бөгөөд дээрхээс дүгнэхэд нэхэмжлэгч нь сахилгын шийтгэлийн талаарх гомдлоо хугацаандаа гаргаагүй, тухайн гомдлын хөөн хэлэлцэх хугацаа дууссан ба сумын *******тай дээрх гомдлын талаар ямар нэгэн зөвшилцөлд хүрээгүй, энэ талаарх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна.
Мөн хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан гэх хуульд заасан үндэслэлүүд хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.
Иймд нэхэмжлэгч Б.Эн-ын Завхан аймгийн ******* сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 62 дугаартай сахилгын шийтгэл ногдуулах тухай захирамжаар 3 сарын үндсэн цалингийн 20 хувиар хасч 1 сарын цалинд суутгал хийсэн 139,945 төгрөгийг гаргуулах тухай шаардалгыг хангах боломжгүй байна.
Харин нэхэмжлэгч Б.Эн- нь Завхан аймгийн Цагаанхарйхан сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 22 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай захирамжаар 1 сарын цалингийн зөрүү 303,654 төгрөг, 2017 оны 02 дугаар сард ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 699,720 төгрөгийг, Завхан аймгийн ******* сумын Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 47 дугаартай Ажлаас чөлөөлж, томилох тухай захирамжаар 4 хоногийн цалингийн зөрүү 150,620 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд энэ шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.
Учир нь Завхан аймгийн Цагаанхарйхан сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 22 дугаартай захирамжаар Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2 дахь заалт, Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 3-р хавсралтын 7 дугаар зүйлийн 7.1 дэх заалтуудыг үндэслэн Б.Эн-ыг ажлаас чөлөөлсөн бөгөөд дээрх 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 22 дугаартай ажлаас чөлөөлсөн захирамжаа 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 47 дугаартай захирамжаар хүчингүй болсонд тооцож, ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан үеийн цалинг нөхөж олгохоор шийдвэрлэсэн байна.
Ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгохоор Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан, нэхэмжлэгч ажилд эгүүлэн тогтоосон шийдвэр гарсан өрдөөс 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүртэл хугацааны олговор шаардсан нь ажилгүй байсан хугацаанд хамаарч байна.
Иймд Завхан аймгийн ******* сумын ******* өөрийнхөө гаргасан шийдвэрийг биелүүлээгүй байна гэж үзнэ.
Нэхэмжлэгч Б.Эн- нь 1 сарын цалингийн зөрүү 303,654 төгрөг, 2017 оны 02 дугаар сард ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 699,720 төгрөг, ажилд эгүүлэн тогтоох хүртэл 4 хоногийн цалингийн зөрүү 150,620 төгрөгийг тус тус нэхэмжилсэн бөгөөд яаж тооцоосон нь тодорхойгүй байх тул шүүх дээрх хугацааны олговрыг тооцохдоо Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-гийн а-д зааснаар түүний ажлаас чөлөөлөгдөхийн өмнөх 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Б.Эн- нь ажлаас чөлөөлөгдөхийн өмнөх 3 сарын байдлаар 2017 оны 3 сард 594106 төгрөг, 4 сард 699726 төгрөг, 5 сард 416622 төгрөгийн цалин авсан тухай Нийгмийн даатгалын 0204383 дугаартай дэвтэрт бичигдсэн байдлаар нотлогдож байна.
Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговрыг тооцохдоо Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар баталсан дундаж цалин хөлс тооцох журмын дагуу дээрх 3 сарын цалин хөлс нийт 1,710,454 төгрөгийн дунджаас ажлын нэг өдрийн цалин хөлсийг бодож, ажилгүй байсан нийт хугацаа болох 38 хоногоор тооцон /1710454 төгрөг : 3 сар = 570151 төгрөг : 21.5 хоног = 26518 төгрөг х 37 хоног/ нийт 981166 төгрөгийг Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч байгууллагаас гаргаж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг бөгөөд хариуцагч байгууллагаас нэхэмжлэлийн хангагдсан хэмжээнд улсын тэмдэгтийн хураамж гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй гэж үзээд
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.2, 116, 118 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Завхан аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газраас 981,116 /есөн зуун наян нэгэн мянга нэг зуун арван зургаа/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Эн-од олгож, нэхэмжлэлийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч байгууллагаас 28097 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ