| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батсүрэнгийн Хишигбаатар |
| Хэргийн индекс | 184/2018/02669/И |
| Дугаар | 184/ШШ2019/02580 |
| Огноо | 2019-10-09 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 10 сарын 09 өдөр
Дугаар 184/ШШ2019/02580
2019 оны 10 сарын 09 өдөр Дугаар 184/ШШ2019/02580 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж, шүүгч Г.Нямсүрэн, шүүгч Ч.Нямсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: П.Г нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ц.Б холбогдох,
Гэм хорын хохиролд 6.715.150 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Г, түүний өмгөөлөгч Ш.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, түүний өмгөөлөгч Д.А, шинжээч Ө.С, Н.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Чанцалдулам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч П.Г миний бие 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн ..-97 УБ.. улсын дугаартай тээврийн хэрэгслээр зорчиж байх үед хариуцагч Ц.Б нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, унаж явсан ..-90 УН.. улсын дугаартай тээврийн хэрэгслээр мөргөж, миний эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан болох нь Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн шийтгэл ногдуулах тухай шийтгэвэрээр тогтоогдсон. Дээрх ослын улмаас миний 2 шүд суларч, дээд үүдэн шүд, хамрын яс хугарч, зүүн нүдэнд цус хуралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл авсан. Тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын зарим хэсгийг даатгалын байгууллагаас авсан ба үлдэх хэсгийг хариуцагч төлсөн. Өөрийн эрүүл мэндэд учирсан хохирол болон надаас гарсан бусад зардлын жагсаалтыг хавсралтад бичсэн, мөн нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн тул нийт 6.715.150 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Ц.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаас 300.000 төгрөгийн шүдний эмчилгээний зардлыг зөвшөөрч байна. Үлдэх хэсгийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгчийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг төлж барагдуулсан. Нэхэмжлэгч машин ачилгад 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 2 удаа, 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 1 удаа мөнгө төлсөн нь батлагдахгүй байна. Энэ мөнгийг хохиролд тооцсон байдаг. Шатахууны зардалд 430.680 төгрөг нэхэмжилсэн нь хэзээ, хаана ямар хохиролд зарцуулсан болох нь тодорхойгүй, 2017.12.05, 2017.12.11, 2017.12.30, 2018.01.10, 2017.12.30-ны өдөр тус бүр 2 удаа шатахуун авсан юм уу эсвэл давхардсан байна. Нийт үнийн дүнг тооцож үзэхэд зөрүүтэй байна. Түүнчлэн шатахууны зардал нь зам тээврийн осолтой холбоотой гэж үзэхээргүй байх ба баримт нь шаардлага хангахгүй байна. Мөн эрүүл мэндийн хохирлыг огт хүлээн зөвшөөрөхгүй. П.Г нь хэрэг болсны дараа эрүүл саруул байсан болохыг Ц.Б харсан байдаг ба өмнөх болон сүүлд гарсан шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй байна. КТГ-ийн зурагт хамрын таславч мурийсан, хуучин гэж оношлосон бөгөөд урьд өмнө нь хамартаа гэмтэл авсныг баталж байна.
Зохигчдын тайлбар, шинжээчийн дүгнэлт, гэрэл зураг болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.Г нь 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн авто ослын улмаас өөрт учирсан гэм хорын хохиролд 6.715.150 төгрөг нэхэмжилснээс хариуцагч Ц.Б нь шүдний эмчилгээ хийлгэсэн гэх 300.000 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрснөөр талууд маргажээ.
Хариуцагч Ц.Б нь 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр, ..-90 УН..улсын дугаартай Тоёота Кроун маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5, 9.1-д заасныг зөрчиж, ..-97 УБ..улсын дугаартай Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан нэхэмжлэгч П.Гын биед хөнгөн гэмтэл учруулсан болох нь 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Зөрчилд шийтгэл ногдуулах тухай баримт болон зохигчдын маргаагүй тайлбараар тогтоогдож байна. /хх 63 дугаар тал/
Хариуцагч Ц.Бийн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч П.Гын 2 шүд суларсан, хамрын яс болон үүдэн нэг шүд хугарч гэмтсэн болох нь Mayflower шүдний эмнэлгийн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Амны эрүүл ахуйн урьдчилан сэргийлэх үзлэгийн карт, 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Толгойн тодосгогч бодисгүй компьютерт томографийн шинжилгээ, Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №150.. бичмэл баримт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн ... дугаартай шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоогдож байна.
Хариуцагч тал: 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн авто ослын улмаас нэхэмжлэгчийн хамар яс болон үүдэн шүд хугараагүй болох нь 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Толгойн тодосгогч бодисгүй компьютерт томографийн шинжилгээ, чих хамар хоолойн ЭМЖЖ эмнэлгээс шүүхэд ирүүлсэн бичмэл баримтууд, 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмчийн үзлэг хийсэн баримтуудаар тогтоогдоно гэжээ. Мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 679 дугаартай шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй хэмээн мэтгэлцсэн.
Хариуцагч талын татгалзлаа үндэслэж буй 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Толгойн тодосгогч бодисгүй компьютерт томографийн шинжилгээ, чих хамар хоолойн ЭМЖЖ эмнэлгээс шүүхэд ирүүлсэн бичмэл баримтууд, 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмчийн үзлэг хийсэн баримтуудад бичигдсэн өвчний онош, дүгнэлт, мэдээлэл зэрэгт дүгнэлт хийхэд анагаахын шинжлэх ухааны тусгай мэдлэг шаардагдах тул эдгээр баримтыг дангаар нь, эсхүл өөр хооронд нь харьцуулах замаар, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэн зөв, эргэлзээгүй гэж үзэх боломжгүй юм.
Дээрх үндэслэлээр, хариуцагчийн хүсэлтийн дагуу Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилж, шинжээч нь 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр .... дугаартай дүгнэлт гаргасан байна. /хх 164-170 дугаар тал/
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн зүгээс шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн .... дугаартай дүгнэлтийг агуулгын хувьд эргэлзээтэй, үндэслэлгүй гэж үзжээ.
Шинжээчийн дүгнэлтийг дан ганц агуулгын хувьд үндэслэлгүй, эргэлзээтэй гэж үзэх, ялангуяа шинжлэх ухааны тусгай мэдлэгийн хүрээнд хийж буй дүгнэлтийг үгүйсгэх нь учир дутагдалтай юм. Учир нь, шинжлэх ухааны тусгай мэдлэгийг шинжлэх ухааны тусгай мэдлэгийн тусламжтай л үгүйсгэх боломжтой юм.
Өөрөөр хэлбэл, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д зааснаар өөр бусад этгээдийн зүгээс шинжээчийн дүгнэлтийг үндэслэлгүй, эргэлзээтэй гэж үзэх нь шинжлэх ухааны тусгай мэдлэг шаардахааргүй, энгийн мэдлэгийн түвшинд хамаарах алдаа, дутагдал, зөрчил зэргээр хязгаарлагдах ёстой.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн ... дугаартай дүгнэлт нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17, 18, 20 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан, хуулиар тогтоосон шинжилгээ хийх журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байхаас гадна уг дүгнэлтийг энгийн мэдлэгийн түвшинд эргэлзээтэй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байдаг байна.
Нэхэмжлэгч нь тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг нэхэмжлээгүй ба тэрээр Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасан зайлшгүй зардлаас гадна мөн хуулийн 228 дугаар зүйлийн 228.4-т заасан цаашид гарах зардлыг хуулийн дээрх үндэслэлээр гэм буруутай этгээдээс шаардах эрхтэй, шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй тул нэхэмжлэлийн хавсралтад дурдсан хохирлоос баримтаар тогтоогдсон дор дурдсан зардлыг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
1. Машин ачилтын зардал /хх 20 дугаар тал/
Зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгч нь өөрийн эзэмшлийн ..-97 УБ..улсын дугаартай тээврийн хэрэгслийг ачуулахад 80.000 төгрөгийн зардал гаргасан болох нь 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 00/02 дугаартай Кассын орлогын ордер баримтаар тогтоогдож байх тул уг зардлыг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна.
Харин 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 150.000 төгрөгийн баримт, 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 150.000 төгрөгийн баримт зэрэг нь хэнээс, хэнд мөнгө төлсөн нь тодорхой бус байхаас гадна эдгээр зардлыг нэхэмжлэгчээс гарсан зайлшгүй зардал гэж үзэх боломжгүй байна. Учир нь, нэхэмжлэгч талаас эдгээр зардлыг тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээ хийлгэх зорилгоор ачуулахад гарсан зардал хэмээн тайлбарласан. Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд үнэлгээний эд зүйлийг үнэлгээчинд хүргэж өгөх үүрэгтэй талаар зохицуулаагүй байхаас гадна энэ үүргийг үнэлгээчний өмнө гэрээгээр хүлээсэн болохоо нэхэмжлэгч нотлоогүй.
Иймд хөрөнгийн үнэлгээ хийлгэх зорилгоор тээврийн хэрэгслийг ачуулахад гарсан зардал гэх 300.000 төгрөгийн зардлыг хариуцагчаас гаргуулах боломжгүй байна.
2. Шүдний эмчилгээний зардал /хх 15,21 дүгээр тал/
Зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгчийн хоёр шүд суларсан болох нь хэрэгт цугларсан бичмэл нотлох баримт, шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ. Суларсан хоёр шүдний сувгийн эмчилгээ хийлгэхэд 300.000 төгрөгийн зардал гарсан болох нь Mayflower шүдний эмнэлгийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн баримтаар тогтоогдож байх тул уг зардлыг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй юм. Мөн энэ зардлыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн.
3. Шүүх эмнэлгийн зардал /хх 22 дугаар тал/
Нэхэмжлэгч нь 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлэгт үзүүлсний төлбөрт 8.000 төгрөг төлсөн нь зайлшгүй зардалд тооцогдох тул уг зардлыг гаргуулна.
4. Эн Ар Би-д төлсөн зардал /хх 23, 26 дугаар тал/
Нэхэмжлэгч нь 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Эн Ар Би гэх байгууллагад эмнэлгийн лабораторийн шинжилгээ хийлгэхдээ 22.000 төгрөг төлсөн нь цаг хугацааны хувьд зам тээврийн ослын улмаас гарсан зардал гэж үзэхээр байна. Нэхэмжлэгч нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг тодорхойлохын тулд мэргэжлийн эмчид үзүүлж, оношлуулах, шинжилгээ хийлгэх зайлшгүй шаардлагатай тул энэ зардлыг гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.
5. ДУБ-д төлсөн зардал /хх 24, 73 дугаар тал/
Нэхэмжлэгч нь осол болсон өдөр буюу 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр, ДУБ гэх байгууллагаас эрүүл мэндийн үйлчилгээ авсны хөлсөд 120.000 төгрөгийн төлбөр төлсөн нь зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгчээс гарсан зардал гэж үзэхээр байна. Энэ зардал нь хавтаст хэргийн 73 дугаар талд авагдсан 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Кассын орлогын ордер баримтаар мөн тогтоогдож байна.
6. ЭМЖЖ болон Мөнгөн гүүр эмнэлэгт төлсөн зардал /хх 25 дугаар тал/
Нэхэмжлэгч нь зам тээврийн ослын улмаас ЭМЖЖ эмнэлэгт нийт 1.393.000 төгрөг, Мөнгөн гүүр эмнэлэгт 25.000 төгрөг, нийт 1.418.000 төгрөг төлсөн хэмээн уг зардлыг нэхэмжилсэн.
Чих хамар хоолойн ЭМЖЖ эмнэлэгт төлбөр төлсөн гэх баримтууд нь гаргацгүй, хэзээ хэдэн төгрөг төлсөн нь тодорхой бус байна. Нэхэмжлэгч талаас уг баримтуудын эх хувийг, эсхүл лавлагааг холбогдох байгууллагаас гаргуулах шаардлагагүй, үнэлж болох баримтын хэмжээнд хэргийг шийдвэрлүүлэх, шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлтийг гаргасан болно. Энэ тохиолдолд нэхэмжлэгч нь өөрийн шаардлагаа нотолхоос татгалзсан буюу нотолж чадаагүй гэж үзэх үндэслэл болно.
Харин ЭМЖЖ эмнэлэгт хэвтэн эмчлүүлсний төлбөрт 80.000 төгрөг төлсөн, мэс заслын зардалд 1.209.000 төгрөг төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан өөр бусад бичмэл баримтаар давхар нотлогдож байх тул энэ зардлыг гаргуулах боломжтой байна. /хх 113, 127 дугаар тал/
Нэхэмжлэгчээс 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр, хэвлийн шинжилгээ хийлгэхээр Мөнгөн гүүр эмнэлэгт төлсөн гэх 25.000 төгрөгийн төлбөрийг хариуцагчаас гаргуулах боломжгүй байна. Учир нь хэвлийн шинжлгээ хийлгэх зайлшгүй шаардлагатай гэх мэргэжлийн эмчийн зөвлөгөө хэрэгт авагдаагүй, цаг хугацааны хувьд хожуу хийгдсэн шинжилгээ байх тул уг зардлыг зам тээврийн ослын улмаас гарсан зардал гэж үзэхэд эргэлзээтэй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар эргэлзээтэй баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй юм.
7. ЭМЖЖ ХХК-ийн эмийн санд төлсөн зардал /хх 26 дугаар тал/
Нэхэмжлэгч нь 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр ЭМЖЖ ХХК-ийн эмийн сангаас 8.000 төгрөгийн эм худалдаж авсан нь зам тээврийн осолтой хамаатай байна. Нэхэмжлэгч нь Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмчийн зөвлөснөөр чих хамар хоолойн ЭМЖЖ эмнэлэгт 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр үзүүлсэн, эмч эмийн жор бичиж өгсөн болох нь тус эмнэлгийн Амбулаторийн түр карт баримтаар тогтоогдож байна. /хх 19 дүгээр тал/ Иймд энэ зардлыг хариуцагчаас гаргуулна.
8. Шатахууны зардал /хх 27, 28, 29, 30 дугаар тал/
Нэхэмжлэгч нь зам тээврийн ослын улмаас цагдаагийн байгууллагад ирж очих зэргээр тээврийн хэрэгслээр зорчих шаардлага нэмэгдсэн гэх үндэслэлээр, 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд, шатахуун худалдаж авсны төлбөрт нийт 430.680 төгрөгийг нэхэмжилжээ. Эрх бүхий байгууллага болох цагдаагийн байгууллагаас, хуульд заасан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсантай холбоотой нэхэмжлэгчээс гарсан зардлыг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй юм.
Түүнчлэн, зам тээврийн осол 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр гарсан байхад нэхэмжлэгч нь 2017 оны 12 дугаар арын 01-ний өдөр худалдаж авсан шатахууны үнийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна.
Нөгөө талаас, хүн өдөр дутам тээврийн хэрэгслээр зорчих шаардлага гардаг ба нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 430.680 төгрөгийн шатахууны зардал нь бүхэлдээ зам тээврийн осолтой хамаатай гэж үзэхэд эргэлзээтэй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар эргэлзээтэй баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй байдаг.
Иймд шатахууны зардлыг хариуцагчаас гаргуулах боломжгүй гэж үзлээ.
9. Төрийн үйлчилгээний автомат машинаас лавлагаа авсан зардал /хх 29 дүгээр тал/
Төрийн үйлчилгээний автомат машинаас иргэний үнэмлэхний лавлагаа авахад төлсөн зардалд 1.000 төгрөг нэхэмжилжээ. Монгол Улсын иргэн, иргэний хувийн бичиг баримтаа үндэслэж, төрийн үйлчилгээ авах боломжтой тул иргэний үнэмлэхний лавлагаа авахад гарсан зардлыг зам тээврийн осолтой хамааралтай зайлшгүй зардалд тооцох боломжгүй юм.
10. Авто зогсоолын төлбөр /хх 29 дүгээр тал/
Нэхэмжлэгч нь 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр, авто зогсоолын төлбөрт 2.000 төгрөг төлсөн гэх зардлыг нэхэмжилсэн. Тээврийн хэрэгсэл эзэмшиж байгаа аливаа этгээдээс шууд болон шууд бусаар авто зогсоолын зардал гардаг тул энэ зардлыг хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас гарсан зардал гэж үзэхэд эргэлээтэй юм. Иймд уг зардлыг хариуцагчаас гаргуулах боломжгүй.
11. ЭМЖЖ, Авто ойл ХХК, Тод билэг эрдэнэ, UB Server байгууллагуудаас худалдан авалт хийсэн баримтууд /хх 31 дүгээр тал/
Нэхэмжлэгч нь ЭМЖЖ, Авто ойл ХХК, UB server зэрэг байгууллагуудаас бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авсан гэх үндэслэлээр 143.100 төгрөгийг нэхэмжилжээ.
Хавтаст хэргийн 31 дүгээр талд авагдсан эдгээр баримтууд нь хэнээс, хэзээ, юу худалдаж авсан нь тодорхойгүй байх тул энэ зардлыг зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгчээс зайлшгүй гарсан зардал гэж үзэх боломжгүй байна.
Нэхэмжлэгч нь эдгээр баримтуудын талаарх лавлагааг холбогдох байгууллагаас гаргуулах шаардлагагүй гэж үзэж, шаардлага хангаж буй баримтын хэмжээнд хэргийг шийдвэрлүүлэхийг хүссэн болно.
Түүнчлэн, Тод билэг эрдэнэ гэх байгууллагаас эм авахад 12.550 төгрөгийн зардал гарсан гэх боловч уг эмийг авч уухыг зөвлөсөн эмчийн заавар, зөвлөгөө хэрэгт байхгүй байна. Энэ тохиолдолд уг зардлыг зайлшгүй зардалд оруулж тооцох боломжгүй юм.
12. Ашид билгүүн ХХК-д хөрөнгийн үнэлгээ хийлгэхэд гарсан зардал /хх 32, 72 дугаар тал/
Нэхэмжлэгч нь, өөрийн эзэмшлийн ..-97 УБ..улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын үнэлгээ хийлгэх зорилгоор, Ашид билгүүн ХХК-д төлсөн нийт 178.000 төгрөгийг нэхэмжилжээ.
Зам тээврийн ослын улмаас өөрийн эд хөрөнгөд учирсан хохирлыг мэргэжлийн байгууллагаар үнэлүүлэх зайлшгүй шаардлагатай ба нэхэмжлэгч нь ийнхүү үнэлгээ хийлгэсэн болох нь хавтаст хэргийн 61 дүгээр талд авагдсан Ашид билгүүн ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Автомашин техникийн хохирлын үнэлгээний тайлан баримтаар тогтоогдож байна. Иймд энэ зардлыг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй юм.
13. Шүд сэргээлгэхэд гарах зардал /хх 15,151 дүгээр тал/
Хариуцагч Ц.Бийн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч П.Гын үүдэн шүд хугарч гэмтсэн болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 679 дугаартай дүгнэлт болон хэрэгт цугларсан бусад бичмэл нотлох баримтуудаар тогтоогджээ.
Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4-т зааснаар хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй байдаг байна.
Нэхэмжлэгч П.Гын шүдийг сэргээн засахад 3.025.000 төгрөгийн зардал гарахаар байгаа нь хавтаст хэрэгт авагдсан Mayflower эмнэлгийн эмчийн тодорхойлолт, Оксман ХХК-ийн Үнийн санал баримтуудаар тус тус тогтоогдож байна. Иймд шүд сэргээхэд гарах зардал 3.025.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна.
Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагаас 5.030.000 төгрөгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэдийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул зохигчдын хүсэлтээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Ц.Бөөс 5.030.000 төгрөгийг гаргуулан П.Год олгож, нэхэмжлэлээс 1.685.150 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 137.350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Бөөс 95.430 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.Год олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР
ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН
Ч.НЯМСҮРЭН