Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 2023/ШЦТ/92

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Е,

улсын яллагч, прокурор А.Д-,

шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Б-,

шүүгдэгч Б.М- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан хяналтын прокурор А.Д-ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Б-ы М-д холбогдох эрүүгийн 2313001010103 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1994 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, яс үндэс казах, дээд боловсролтой, гаалийн байцаагч мэргэжил эзэмшсэн, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-3, эхнэр 1 хүүхдийн хамт амьдардаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ... дугаар багт оршин суух хаягтай, БЮ............ регистрийн дугаартай, М овогт Б-ы М-.

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.М- нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах гэртээ 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө эхнэр Б.Ж-тай ахуйн хүрээнд маргалдаж, улмаар түүн рүү хүүхдийн угж шидэж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэг: Гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:

1. Улсын яллагч А.Д- шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “шүүгдэгч Б.М-г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна. Хохирогчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад нэхэмжилсэн 300000 төгрөгийг 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр төлүүлж авсан. Хохирогч тухайн гэмтэл авсан хэсэгтээ өвчний зовуурь арилаагүй, тос түрхэх шаардлагагүй гэж өөрөө мэдүүлсэн. Шийтгэх тогтоолоор хохирогч Б.Ж-д олгох хохирол төлбөр байхгүй. Харин хохирогчийн иргэний журмаар хохирол нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна” гэв.

2. Шүүгдэгч Б.М- мэдүүлэхдээ: “Би эхнэртээ угж шийдсэн нь үнэн. Албаар шийдээгүй, санамсаргүй зүйл болсон. Хүүхдийн угж олохгүй хоёр хоног болсон байсан. Тэгээд уур хүрээд ойрын зайнаас шидсэн байсан. Угж хуванцар байсан. Тэгээд эхнэрийн духанд оноод шалбарсан байсан. Би албаар хийгээгүй. Миний бие үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна”  гэв.

3. Хохирогч Б.Ж- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр нөхөр Б.М- ажлаасаа их ууртай ирээд “энийг ч хийгээгүй байна, тэрийг ч хийгээгүй байна” гээд уурлахаар нь би “...хүүхэд өвдөөд хийж чадаагүй” гэж хэлсэн чинь “хүүхдийн угж хаана байна” гээд надтай хэрэлдсэн. Ер нь байнга хоол хийхгүй байна, гэрээ цэвэрлэхгүй байна гэж хэрүүл маргаан гаргаад байнга худлаа ярьдаг. Байнга ууртай явж байдаг. Би гэр бүлээ хадгалж үлдэхийн тулд байнга тэвчдэг байсан. Сүүлд нь тэвчихгүй, цагдаад хандсан. Тухайн өдөр хүүхдийн угжийг над руу хүчтэй шидсэн. Өөрөө их хатуу гартай. Угж шидээд оноход миний  духнаас аймар их цус гарсан. Эмнэлэгт очиж олон оёдол тавиулсан. Байнга хэрүүл маргаан гаргадаг. Хохирол 300000 төгрөгийг өгөхгүй байж байгаад цагдаад хэлж байгаад арай гэж өгсөн. Утсаар ярихдаа ч зүгээр ярихгүй, аймар хэл амтай, дандаа хараал хэлдэг” гэв.

4. Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Б- шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд, залуу хүмүүс хоорондын үл ойлголцлын улмаас хоёр тийшээ болсон байна. Цаашид эвлэрүүлэх талаас арга хэмжээ авна. Шүүгдэгч Б.М-д би хэлж байгаа. Тухайн өдөр хүүхэд уйлж байсан болохоор хоёулаа угж олоогүй асуудлаас болж маргалдсан байна. Шүүгдэгчийн угж шидсэн нь буруу. Шүүгдэгчийн ээжийнх бие муу, одоо Турк улсад эмчилгээнд явах гэж байгаа. Авга ах нь нас барсан хүнд байдалтай байгаа. Жижигхэн маргаанаас болж хоорондоо маргаан гарсан. Угжийг санаатайгаар шидээгүй. Энэ асуудлыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар авч үзэж болохгүй гэж бодож байна. Тэрнээс биш Б.М-гийнх зөв гэж хэлэхгүй” гэв.

 

Эрүүгийн 2313001010103 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд улсын яллагчаас:

5. Иргэн Б.Ж-гаас гаргасан зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, хавсралт гэрэл зураг /хавтаст хэргийн 01-02 дахь тал/,

6. Хохирогч Б.Ж-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 04, 31, 33 дахь тал/,

7. Гэрч А.Г-гийн мэдүүлэг /хавтаст хэргийн 05, 38 дахь тал/,

8. Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хавтаст хэргийн 07-09 дэх тал/,

9. Б.М-, Б.Ж- нарын 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 10 дахь тал/,

10. Хохирогч Б.Ж-гаас гаргаж өгсөн хохирлын баримт /хавтаст хэргийн 18-20 дахь тал/,

11. Эд зүйлд буюу угжинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 21-23 дахь тал/,

12. Гэрч Б.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 35 дахь тал/,

13. Гэрч Д.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 40 дэх тал/,

14. Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн №157 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 44-45 дахь тал/,

15. Шинжээч Х.Е-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 49 дэх тал/,

16. Шүүгдэгч Б.М-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 53 дахь тал/ зэргийг,

17. Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Б-аас: Гэрч А.Г-гийн мэдүүлэг /хавтаст хэргийн 05, 38 дахь тал/, Гэрч Б.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 35 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

18. Шүүгдэгч Б.М-, хохирогч Б.Ж- нараас хавтаст хэргээс нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

 

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

19. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шинжлэн судалсан нотлох баримтууд нь тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хамааралтай, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.

 

20. Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Б.М-д холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.

 

Хэргийн үйл баримт:

21. Шүүгдэгч Б.М- нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах гэртээ 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө эхнэр Б.Ж-тай ахуйн хүрээнд маргалдаж, улмаар түүн рүү хүүхдийн угж шидэж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:

22. Иргэн Б.Ж-гаас гаргасан зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, хавсралт гэрэл зураг /хавтаст хэргийн 01-02 дахь тал/,

23. Хохирогч Б.Ж-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: ““...Би нөхөр болох Б.М-ай гэр бүл болоод хоёр жил болсон. Бид нарын дунд нэг охин маань байгаа, одоо 1 настай юм. Тэгээд сүүлийн нэг жилд нөхөр маань байнга гэрт хэрүүл маргаан гаргадаг болсон. 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр шөнө 00 цагийн үед нөхрөөс бохь асуух үед надад бохь шидэж, мөн нэг удаа тохойгоор намайг цохисон. Тэгсний дараа надад чи яагаад аяга таваг угаахгүй байна гээд хүүхдийн угжийг над руу шидэх үед миний зүүн талын нүдний дээд хэсэгт оносон. Тэр үед хөмсөгнөөс цус гарсан...”, “...2023 оны 01 дүгээр сарын 07-ны шөнө охин М.З-д сүү өгөх гээд түүний угжийг хайгаад олохгүй байсан ба нөхөр Б.М-г олоод өг гээд бид хоёр хэрэлдсэн. Тэгээд гэр дотроос хайж байгаад гал тогооны ширээн дээрээс олоод над руу шууд шидсэн. Тэр үед угжны сав миний зүүн хөмсөгний дээд хэсэгт оносон. Тэгээд би ээж А.Г- руу утсаар залгаж Б.М- намайг зодчихлоо гэж хэлсэн. Түүний дараагаар ээж маань төрсөн ах Б.Ж-ийг дагуулж ирээд бүгдээрээ намайг “Көз-Айым” гэх хувийн эмнэлэгт очиж оёдол тавиулсан юм..., “...Би хохиролтой холбоотой сорвины аппарат худалдаж авсан баримтыг хавсаргасан. Тухайн аппаратыг би 200,000 төгрөгөөр Luhury Sjin Mongolia гэсэн хаягнаас цахимаар захиалга өгч худалдаж авсан. Нийтдээ 300,000 төгрөгийн хохирлыг энэ хэрэгт нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 04, 31, 33 дахь тал/,

24. Гэрч А.Г-гийн мэдүүлэг /хавтаст хэргийн 05, 38 дахь тал/,

25. Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хавтаст хэргийн 07-09 дэх тал/,

26. Б.М-, Б.Ж- нарын 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 10 дахь тал/,

27. Хохирогч Б.Ж-гаас гаргаж өгсөн хохирлын баримт /хавтаст хэргийн 18-20 дахь тал/,

28. Эд зүйлд буюу угжинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 21-23 дахь тал/,

29. Гэрч Б.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний бие 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр ээж А.Г- тэтгэвэрт гарсны нэг жилийн цайллага гээд хамаатнууддаа цай өгсөн. Цай 18 цагт эхэлсэн ба хүргэн Б.М-, дүү Б.Ж- охины хамтаар цайнд ирээд орой 23 цагийн үед гэр лүүгээ явсан. Тэгээд цай дуусаад 1-2 цагийн дараа ээж рүү залгаад намайг нөхөр маань зодчихлоо гэж хэлэхээр нь би ээжийн хамтаар тэдний гэрт очсон. Гэрт нь очиход дүү Б.Ж-гийн духны хэсэгт шалбарч цус гарчихсан байсан. Тэгээд ээж бид хоёр хүргэн Б.М- болон түүний эгч Д.Ж- нартай ярилцаад дүүг эмчид үзүүлээд хувийн эмнэлэгт очиж үзүүл гэж хэлээд хэсэг ярилцаж байгаад ээжийн хамтаар гэртээ харьсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35 дахь тал/,

30. Гэрч Д.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Манай хашаанд ач дүү болох Б.М- нь эхнэр охины хамтаар амьдардаг. 2023 оны 01 дүгээр сарын 07-ны орой 23 цаг өнгөрч, хүү бид хоёр унтах гэж байхад хаалга цохисон. Тэгээд хүү хаалга онгойлгоод бэргэн таныг дуудаж байна гэхээр нь үүд рүү очиж байхад гэрт бэр Б.Ж- уйлаад орж ирсэн. Дух хэсгээ дарчихсан цус гарсан байдалтай байсан ба намайг Б.М- зодчихлоо гэхээр нь би түүнийг дагуулаад ирэх үү, эсхүл гэрт чинь очих уу гэхэд тэрээр гэрт очъё гээд бид хоёр тэдний гэрт ороход Б.М- охиноо тэвэрчихсэн байхаар нь би түүнийг загнаад эхнэрээ яагаад зодсон юм бэ гэхэд тэр хоёр хоорондоо хэрэлдээд, тэгээд Б.Ж- ээжийгээ дуудсан. Ээж нь ахыг нь дагуулаад тэдний гэрт ирсэн. Тэд нар ирэх хүртэл би гэрт нь байсан. Ээж ах хоёр нь ирээд ээж нь эхлээд Б.Ж-г загнаж байгаад дараа нь тэр хоёрыг загнаж байгаад ээж нь эмчид үзүүл гэхэд ээж нь эмнэлгээс тэтгэвэрт гарсан учраас нэгдсэн эмнэлэгт очихгүй гээд байсан. Тэгээд ах нь хувийн эмнэлэг очиж үзүүлэх хэрэгтэй гэхээр нь Б.М- бид хоёр Б.Ж-г хувийн эмнэлэгт очиж үзүүлээд оёдол тавиулаад гэртээ харьсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40 дэх тал/,

31. Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн №157 дугаартай “...Б.Ж-гийн биед зүүн хөмсөгний дээд хэсэгт эдгэрч байгаа шархтай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн, шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 44-45 дахь тал/,

32. Шинжээч Х.Е-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...хүүхдийн угж нь хуванцар материалаар хийгдсэн иргүй ч гэсэн ойрын зайнаас уг гэмтлийг учруулах боломжтой. Яагаад гэвэл хөмсөгний арьс нимгэн, цаад гавлын яс хатуу тул боломжтой...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 49 дэх тал/,

33. Шүүгдэгч Б.М-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа, тогтоолыг хүлээн зөвшөөрч байна..., ...эхнэр Б.Ж-тай хүүхдийн угж хайх асуудлаас болж хэрүүл маргаан хийж улмаар угжийг олчхоод түүн рүү ойрхон зогсож байхад нь май олчихлоо, угаагаад хүүхдэд сүүг нь өг гээд шидсэн. Тэгээд түүний духыг нь оноод духнаас нь цус гарчихсан юм. Угж нь бага зэрэг сүүний үлдэгдэл байсан байх сайн санахгүй байна. Тэгээд бид хоёр хэрэлдэж байгаад тэрээр ээж, ах хоёрыгоо дуудсан. Тэгээд би болсон асуудлыг хэлээд эгч Д.Ж-ийн хамт хувийн эмнэлэгт очиход түүний духанд оёдол тавьж 75,000 төгрөгийн карт уншуулж төлсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 53 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Эрх зүйн дүгнэлт:

34. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх бүрэлдэхүүн үнэллээ.

35. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг нийгмийн аюулын шинж, хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилдаг ба шүүгдэгч Б.М- нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эсрэг гэмт хэрэг үйлдсэн нь уг гэмт хэргийн хүндрүүлэх шинж болох “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх шинжид хамаарч  байна.

Тодруулбал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол”, мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д ”гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх шинжийг хуульчлан тогтоосон байна. Мөн шүүгдэгч Б.М- гэр бүл болсноос хойш урьд нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хэрүүл маргаан үүсгэж амьдарч ирсэн нь хохирогч, шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг болон хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь тохирсон байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч хөнгөрүүлж шийдвэрлэх боломжгүй байна.

36. Шүүгдэгч Б.М-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар буюу “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний биед хөнгөн гэмтэл санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

37. Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн 12 дугаар зүйлийн 13-д ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулсан.

     38. Шүүгдэгч Б.М- нь хохирогчийн дээрх хуулиар баталгаажуулсан эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, хохирол учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул шүүгдэгчийг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

39. Шүүгдэгч Б.М-гийн үйлдлийн улмаас хохирогч Б.Ж-гийн биед зүүн хөмсөгний дээд хэсэгт эдгэрч байгаа шархтай гэмтэл буюу хөнгөн гэмтэл учирсан болох нь Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн №157 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон, мөн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах тул шүүгдэгч Б.М-гийн хохирогч Б.Ж-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан байна.

40. Шүүгдэгчийн зүгээс шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй болно.

41. Гэмт хэрэг гарахад гэр бүлийн гишүүдийн бие биедээ хүндэтгэлгүй хандаж байгаа хандлага, гэмт хэрэг, түүний хор уршгийн талаар мэдлэггүй зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна гэж шүүх дүгнэлээ.

42. Прокуророос шүүгдэгч Б.М-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Б.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

43. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж хуульчилжээ.

44. Хохирогч Б.Ж- нь мөрдөн шалгах ажиллагааны үед 300.000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч Б.М- төлж барагдуулсан байх тул түүнийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.

45. Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хохирогч Б.Ж- нь цаашид гарах хохирол, төлбөр байгаа гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлж жич иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж байна.

46. Мөн түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

47. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “Шүүгдэгч Б.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, уг ялыг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрт эдлүүлэхээр тогтоох” дүгнэлтийг,

48. Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Б-аас: “Шүүгдэгч Б.М-д 450 нэгж буюу 450000 төгрөгийн торгох ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг гаргасан болно.

49. Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Б.М-гийн үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

50. Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.

51. Шүүгдэгч Б.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу ял хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, харин хүндрүүлэх нөхцөл байдалгүй болохыг харгалзан үзлээ.

52. Шүүгдэгч Б.М- нь хувийн байдлын хувьд урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь цагдаагийн байгууллагын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 77 дахь тал/-аар тогтоогдож байна.

53. Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, эд хөрөнгө болон хөдөлмөр эрхлэлтийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн санал зэргийг харгалзан Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохируулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

54. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгтэй тэнцэх ба 650 нэгж нь 650.000 төгрөгтэй тэнцэх юм.

55. Шүүгдэгч Б.М- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж байна.

56. Улсын яллагчаас “Шүүгдэгч Б.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах” тухай дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Учир нь, шүүгдэгч нь эд хөрөнгө болон хөдөлмөр эрхлэлтийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзсэн болно.

57. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй, түүний хувийн бичиг баримт шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

58. Шүүгдэгч Б.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч М овогт Б-ы М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-г 650 /зургаан зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял  шийтгэсүгэй.

 

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М- нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4. Хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй, түүний хувийн бичиг баримт шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хохирогч Б.Ж- нь цаашид эрүүл мэндээ эмчлүүлэхэд гарах хохирол, төлбөр байгаа гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэл  гаргах эрхтэйг дурдсугай.

 

6. Шүүгдэгч  Б.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг,  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       А.ДАУРЕНБЕК