Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 19

 

 

 

 

К.Мерейхааны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

            Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 154/ШШ2018/00008 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн 26-05 тоотод оршин суух, ФД59101511 регистрийн дугаартай, Жадык овогт Кирсхааны Мерейхааны нэхэмжлэлтэй, Төр, Ховд аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст холбогдох, иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

             

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: Төрөөс 5,586,000 төгрөг, Ховд аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсээс 227,050 төгрөг тус тус гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: “Би төрөөс 5,586,000, Ховд аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсээс 227,050 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлтэй хариуцагч тал танилцсан гэж ойлгож байна. Нэхэмжилсэн мөнгөний үнийн дүнд залруулга хийх ёстойг хэргийн материалтай танилцаад ойлголоо. Миний нэхэмжлэлийн шаардлага дахь он, сар, өдөрт өөрчлөлт орохгүй. Харин 1 сард 38150 төгрөгөөр биш 12,717 төгрөгөөр тооцож, нэхэмжлэлийн мөнгөн хэмжээнд өөрчлөлт орно. Миний хувьд төрөөс нэхэмжилж байна гэж ярих, бичих хэцүү байна.

Нэгэнт төр буруутай гэж шүүх тогтоосон учир төр минь намайг өршөөх биз. Энэ төлбөр ямар учиртай вэ гэвэл намайг 2002 оны 11 сарын 15-ны өдөр Цагдаагийн байгууллагад ажиллаж байхад үндэслэлгүйгээр гэмт хэрэгт холбогдуулан гүтгэж, энэ хооронд албан тушаалын эрхээ  түдгэлзүүлсээс 3 сарын дараа буюу 2003 оны 3 сарын 15-ны өдөр намайг ажилд авсан. Би 3 сар ажилгүй байж цалингаараа хохирсон юм.

 Гэтэл тэтгэвэрт гарахад 3 сар цалин өгөгдөөгүй хэмжээгээр тэтгэвэр дутуу тогтоогдсон. 3 сарын цалинг шүүх барагдуулж өгсөн. Миний тэтгэврийг бүрэн тогтоож өгөөч гэсэн хүсэлтийг Ховд аймгийн Нийгмийн даатгалын газарт удаа дараа гаргасан боловч Цагдаагийн байгууллагаас материалаа аваад ир гэдэг. Цагдаагийн байгууллага өгдөггүй.

2016 онд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны сайд Н.Номтойбаяр улсын хэмжээнд тэтгэврийг бодит байдлаар тогтоох аян зарлаж илүү авсан тэтгэврийг буцаан төлүүлж, дутуу авч байсныг бодит байдлаар тогтоож нөхөн гэж ярьсан.

Үүний дагуу 2016 оны 12 сарын эхээр би Ховд аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст өргөдөл гаргасан. Он гараад 1 сард намайг н.Нямдэмбэрэл дарга дуудсан. Очиход таны тэтгэвэр үнэн тогтоогдсон байна гэж хэлсэн. Би дутуу тогтоогдсон 3 сарын асуудлаа шийдүүлэх гэж хүсэлт гаргасан гэж хэлсэн....2017 оны 3 сард би Улаанбаатар хотод очиж Нийгмийн даатгалын Ерөнхий газрын тасгийн дарга н.Ундармаа гэдэг хүнтэй уулзахад Ховддоо асуудлаа шийдүүлэх боломжтой гэж хэлсэн. Ховд аймагт ирээд хэд хонож байтал Нийгмийн даатгалын ерөнхий газраас н.Хэрлэнцэцэг гэдэг бүсгүй ярьж, таны талаар танай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга н.Нямдэмбэрэлтэй ярьчихсан байгаа таны хүсэлтийг асуудалгүй шийдвэрлэж өгнө очоод уулз гэж хэлсэн.           н.Нямдэмбэрэл даргатай очоод уулзахад Цагдаагийн байгууллагаас 3 сарын цалингийн тодорхойлолт аваад ир гэж хэлсэн....2014 оны 340 тоот шүүхийн шийдвэрийг би н.Нямдэмбэрэл даргад өгөөд та нэг үзээдэхээч гэж хэлсэн. Гэтэл дарга нь үзээд энэ болох юм байна гэж хэлсэн. Нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлүүлж ир гэхээр нь Цагдаагийн байгууллагад очсон. Нягтлан нь тэр үед хэдэн хувиар тооцож байсныг мэдээд ир гэж хэлсэн....Тэр хооронд 5 цаг болсон.

Нийгмийн даатгалын байцаагч Б.Анхтуяатай уулзсан. Гэтэл Б.Анхтуяа нийгмийн даатгалын шимтгэл 6 хувиар төлдөг байсан. Илүү төлсөн байна гэж хэлсэн....Тэгээд акт тогтоогоод алданги тогтоосон бичиг хийж өгсөн. Б.Анхтуяад би баримт бичгээ бүрдүүлж өгсөн. Б.Анхтуяа надад таны тэтгэвэр 6 сараас нэмэгдээд явчихна гэж хэлсэн.

Би 2017 оны 5 сарын дундуур янз бүрийн юм яриагүй....Би 38,150 төгрөгөөр тогтоодсон юм байна гэж ойлгосон. Өөрийнхөө тэтгэвэр тогтоогдсон өдрөөс хойш хоногоор үржүүлээд төрөөс энэ мөнгийг нэхэмжилсэн.

Өнөөдөр 12,717 төгрөгөөр үржүүлж нэхэмжилнэ....Би 2016 оны 12 сарын дундуур өгсөн өргөдөлтэй холбогдуулж өнөөдрийн хэрэг яригдана. Яагаад намайг 2017 оны 1 сарын 15-ны өдөр дуудаж миний өргөдөлд хариу өгөх ямар үндэслэл байна.

Өнөөдөр миний өргөдлийг шалгасныг тогтоох нотлох баримт байхгүй. Гар ноорог ч байхгүй. Хариу өгөөгүй. Энэ байгууллагын хүнд суртал дэндүү их....Хариу тайлбарт намайг 2004 онд шүүхээр тогтоолгосныхоо дараа ирээд тэтгэвэртээ өөрчлөлт оруулах боломжтой байсан гэж бичсэн байсан. Шүүхийн шийдвэр байгаа гэдгээ хэлвэл эд нар зуучихна гээд хэлэхгүй байсан....Би нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна.

Төрөөс 2004 оны 09 дүгээр сарын 1-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 147 сарыг 12,717 төгрөгөөр тооцоход нийт 1,869,399 төгрөг нэхэмжилж байна.

Ховд аймгийн Эрүүл, мэнд, нийгмийн даатгалын хэлтсээс 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүртэл тэтгэврийн зөрүү болох 63,585 төгрөгийг тус тус нэхэмжилж байна...Би шүүхээр тогтоосон шийдвэр байгаа гэж эд нарт хэлээгүй. Тэгж хэлвэл эд нарт зуугдана. Цагдаагийн газраар асуудлаа шийдүүл гээд намайг төөрөгдүүлж, цаг хугацаа авсан...” гэжээ.

 

          Хариуцагчийн хариу тайлбар: Нэхэмжлэгчид холбогдох шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч өөрөө бидэнд огт танилцуулаагүй. Бидэнд 2016 оны 12 сард өргөдөл өгөхөд шалгалт хийгээд таны тэтгэвэр өөрчлөгдөхгүй байна гэсэн хариуг өгсөн. Тэгээд Нийгмийн Даатгалын Ерөнхий газарт гомдол гаргахдаа 2014 оны 340 тоот шүүхийн шийдвэр байгаа талаар бичсэн байдаг. Дээд байгууллагын өгсөн чиглэлийн дагуу 2017 оны 5 сард акт тавиад 2017 оны 6 сараас эхлэн тэтгэврийн хэмжээг өөрчилсөн. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

          Иргэн хүний хувьд К.Мерейхаан нь өөрөө баримтаа бүрдүүлээд асуудлыг шийдвэрлүүлэх ёстой. Бид асуудлыг хуулийн дагуу өргөдлөө гаргаад материалаа бүрдүүлж өгсний дараа шийдвэрлэсэн....Нэхэмжлэгч 2016 оны 12 сарын 27-ны өдөр өргөдлөө өгөхдөө 5 жилийн цалингийн тодорхойлолтоо солиулаад тэтгэврээ өөрчлөн тогтоолгоно гэж бичсэн. Гэтэл тэтгэвэр нь харин ч буурсан. Аян зарлагдахад хэвлэмэл хуудас бөглөж өгсөн. Нийгмийн Даатгалын Ерөнхий газраас 2017 оны 3 сард 3 байцаагч ирсэн.

          Байцаагч нар шалгаад явсны дараа 2017 оны 3 сарын 25-ны дотор мэдээгээ өгөөд асуудлаа шийдсэн. Би нэхэмжлэгчийг сараа андуураад байна гэж үзэж байна. Бид нарын тайлангийн дараагаар нэхэмжлэгч хотод очоод гомдол гаргаад энэ асуудал яригдсан. 2017 оны 3 сар биш 4 сард өгсөн өргөдлийн дагуу хариугаа ирүүлээд манайх хуулийн хугацаанд асуудлыг шийдсэн гэжээ.

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 154/ШШ2018/00008 дугаар шийдвэрээр:“ 1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6, 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч К.Мерейхааны төрд холбогдох 1,869,399 /нэг сая найман зуун жаран есөн мянга гурван зуун ерэн ес/ төгрөг гаргуулах тухай хэргийг, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 28 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ховд аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст холбогдох 63,585 /жаран гурван мянга таван зуун наян тав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч К.Мерейхааны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7,462 /долоон мянга дөрвөн зуун жаран хоёр/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай гэж шийдвэрлэжээ.

 

            Нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлын агуулга: Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж тэтгэвэр анх 38.180 төгрөгөөр дутуу тогтоогдсоноос тодорхой хугацаанд хохирсон тул төрөөс 5586000 төгрөг, Ховд аймгийн Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтсээс 22750 төгрөг гаргуулан өгөх тухай нэхэмжлэл гаргасан. Ингээд шүүх хуралдаан болохоос нэг хоногийн өмнө хэргийн материалтай танилцаад миний тэтгэвэр 38180 төгрөгөөр биш 12717 төгрөгөөр нэмэгдсэн болохыг мэдэж шүүх хурал дээр залруулга хийж төрөөс 1869399 төгрөг, Ховд аймгийн Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтсээс 63585 төгрөг нэхэмжилж байгаагаа хэлсэн.

            Гэтэл анхан шатны шүүх миний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

            Анх гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамж гаргаж буцаасан.           Учир нь гарын үсэг зурахдаа  “А” үсэг дутуу бичсэн үндэслэлээр буцааж надад чирэгдэл учруулсанд гомдолтой байна. Тэтгэвэр тодорхой үе шаттайгаар нэмэгдсэн. Миний тэтгэвэр анх хэдэн төгрөгөөр нэмэгдээд өдий хүрсэнийг харуулсан тодорхойлолт хийж өгөхийг аймгийн эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтэсээс хүссэн боловч өөрөө бодоод ав гэсэн.   Тиймээс шүүх өөрийнхөө эрх хэмжээний хүрээнд гаргуулж авна уу гэсэн хүсэлтээ нэхэмжлэлдээ дурдсан шүүх хүсэлтийг хангаагүй.

             Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гомдолтой байгаа тул хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Анхан шатны шүүх зохигчдын хоорондын маргааныг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шийдвэр хууль ёсны байх   шаардлагад нийцээгүй байна.

 

            Нэхэмжлэгч К.Мерейхаан нь “Төрөөс 5.586000 төгрөг, Ховд аймгийн Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтэсээс 227050 төгрөг гаргуулах “ тухай    гаргаж,төрөөс 2004 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны дутуу тогтоогдсон тэтгэврийн зөрүү 1.869.399 төгрөг, Ховд аймгийн Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтэсээс 63585 төгрөг гаргуулахаар” нэхэмжлэлийн шаардлагаа  багасгажээ.

            Шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо “Миний тэтгэвэр анх хэдэн төгрөгөөр тогтоогдоод хэдэн төгрөгөөр нэмэгдсэнийг тодорхойлох баримтыг Ховд аймгийн Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтэсээс шүүх өөрийн эрх хэмжээнийхээ хүрээнд гаргуулж авна гэсэн хүсэлтээ нэхэмжлэл гаргахдаа дурдсан шүүх уг хүсэлтийг шийдвэрлэхгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.” гэжээ.

            Шүүх нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ  шаардлагын үндэслэлийг зөв тодорхойлоогүй байна.Тодруулбал, төрөөс 1.869.399 төгрөг, Ховд аймгийн Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтэсээс 63585 төгрөг гаргуулахаар шаардаж буй шалтгаан, зорилго үр дагавар зэргийг тодруулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.2-т нийцээгүй  байна.

             Шүүх нэхэмжлэгчээс   1.869.399 төгрөгийг ямар үндэслэлээр төрөөс авах ёстой гэж шаардаж байгааг, мөн тэтгэврийн зөрүү  63585 төгрөгийг ямар үндэслэлээр Ховд аймгийн Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтэсээс нэхэмжилж байгааг нэг бүрчлэн тодруулаагүй байна.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээс үзвэл нэхэмжлэгч нь өөрийгөө эрүүгийн хэрэгт холбогдож шалгагдаж цагаатгагдсан гэжээ.

            Шүүхээс нэхэмжлэгч нь эрүүгийн хэрэгт холбогдож шалгагдаж цагаатгагдсаны үндсэн дээр өөрт учирсан хохирлоо нэхэмжилж байгаа эсэх, эсхүл сэтгэл санааны үр дагавар арилгуулахаар шаардлага гаргасан эсэх, тэтгэврийн зөрүү нэхэмжилж буй шаардлагын үндэслэл тус бүрийг тодруулаагүй байна. Шүүхээс нэхэмжлэгчийн дээрх хоёр шаардлагын үндэслэл тус бүрийг нягтлан тодруулах байжээ.

 

             2. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хэргийн үйл баримтыг тогтоолгохоор “Тэтгэвэр үе шаттайгаар нэмэгдэж байсан. Миний тэтгэвэр анх хэдэн төгрөгөөр тогтоогдоод хэдийд ямар хэмжээгээр нэмэгдсээр байгаад 38150 төгрөг болсныг харуулсан бичиг баримт надад байхгүй байгаа.Миний нэхэмжлэлийг шийдвэрлэхэд дээрх бичиг баримт зайлшгүй хэрэгтэй бол та бүхэн өөрсдийн эрх хэмжээний хүрээнд аймгийн Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтэсээс гаргуулж авна уу.” гэх хүсэлтийг гаргажээ.

            Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага бүрийг бүрэн судлаагүй хэсгийн бодит байдлыг тогтоолгохоор гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй байна.

            Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төрийн байгууллагатай холбоотой учраас зохигч өөрөө олж авах боломжгүй тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчдын хүсэлтээр шүүх бүрдүүлнэ.

            Шүүх нэхэмжлэгчийн тэтгэвэр, тэтгэмжийн зөрүүтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой бодит байдлыг тогтооход шаардлагатай баримт мэдээллийг  гаргуулахаар  гаргасан дээрх  хүсэлтийг   шийдвэрлэхгүй орхигдуулсан нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь заалтыг  зөрчсөн байна. Энэ талаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдол үндэслэлтэй байна.

 

            3.Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6, 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг баримтлан хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн байна.Анхан шатны шүүх тухайн маргааны үйл баримтыг нарийвчлан зохицуулсан Нийгмийн даатгалын тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай  хуулийн холбогдох зохицуулалтыг зөв сонгож хэрэглээгүй хууль хэрэглээний алдаа гаргасныг тэмдэглэх зүйтэй байна.

            Анхан шатны шүүх дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байхаас гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 118 дугаар зүйлийн 118.3, 118.4, 118.5-д заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

             Иймд  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1,168.1.3,168.1.7-д заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь үндэслэлтэй байна.

 

            Давж заалдах шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчсөн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн зэрэг үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж байгаа тул маргааны үйл баримтын талаар дүгнэлт хийх боломжгүй гэж үзлээ.

            Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж 7452 төгрөгийг шүүгчийн захирамжаар түүнд буцаан олгож шийдвэрлэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 153/ШШ2018/00008 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангасугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан К.Мерейхааны давж заалдах   гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7452 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргаж, буцаан олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.НЯМБАЯР

 

                  ШҮҮГЧИД                                     С.ӨМИРБЕК

 

                                                                                    Н.ТУЯА