| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунбатын Оюунгэрэл |
| Хэргийн индекс | 128/2025/0156/З |
| Дугаар | 221/МА2025/0386 |
| Огноо | 2025-06-05 |
| Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 221/МА2025/0386
Ч.Д-ий нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Ц.Сайхантуяа
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Энхмаа
Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгч Ч.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б
Нэхэмжлэлийн шаардлага: “Гаалийн ерөнхий газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Ч.Д-ий албан тушаалыг бууруулах тухай Б/827 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, албан тушаал бууруулсан хугацаанд оногдох цалингийн зөрүүг нөхөн олгуулах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 269 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Ч.Д-
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, Т.Б
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, Б.О
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ц
Хэргийн индекс: 128/2025/0156/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Ч.Д нь Гаалийн ерөнхий газарт холбогдуулан “Гаалийн ерөнхий газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Ч.Д-ий албан тушаалыг бууруулах тухай Б/827 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, албан тушаал бууруулсан хугацаанд оногдох цалингийн зөрүүг нөхөн олгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 269 дүгээр шийдвэрээр: “Засгийн газрын агентлагийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4, Гаалийн тухай хуулийн 2711 дүгээр зүйлийн 2711 1.10 дахь хэсэгт заасныг баримтлан Ч.Д-ий нэхэмжлэлтэй Гаалийн ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан “Гаалийн ерөнхий газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Ч.Д-ий албан тушаалыг бууруулах тухай Б/827 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, албан тушаал бууруулсан хугацаанд оногдох цалингийн зөрүүг нөхөн олгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн байна.
3. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
3.1 “... Захиргааны байгууллага ажилтныг албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргахдаа чөлөөлөх болсон шалтгаан, шаардлага, нөхцөл бодитоор бий болсон байх, захиргаа түүнийг нөхцөлийг судлан тогтоож, холбогдох баримт бүрдсэн нөхцөлд шийдвэр гаргах ёстой талаар Улсын дээд шүүхийн тайлбар байдаг. Гэтэл Гаалийн ерөнхий газрын Дотоод хяналтын хэлтсээс нотлох баримтыг бүрэн судалж үзээгүй, шаардлагатай баримтыг гаргуулж аваагүй, нотлох баримтын шаардлагыг илт хангаагүй баримт дээр хэт туйлширсан субьектив хандсан танилцуулга гаргаж, Гаалийн ерөнхий газрын даргад танилцуулан миний албан тушаалыг бууруулсанд гомдолтой байна.
3.2. Үүнд, анхан шатны шүүхийн шийдвэрийн "Үндэслэх" хэсэгт Захиргааны ерөнхий хууль, Төрийн албаны тухай хууль, Гаалийн тухай хуулийг тус тус үндэслэн тус тус дүгнэлт хийж, маргаан бүхий захиргааны актыг хууль зүйн үндэслэлгүй гаргасан болохыг дүгнэсэн. Тодруулбал, 2 дахь хэсэгт. Дотоод хяналтын хэлтсээс албаны шалгалт явуулсан тухай Гаалийн ерөнхий газрын даргад 2024.10.17-ны өдөр танилцуулсан боловч шийтгэл нь зөрчилд тохирч байгаа эсэхийг нягтлуулахаар буцаасныг 2024.11.04-ний өдөр Гаалийн ерөнхий газрын даргад дахин танилцуулснаар маргаан бүхий акт гарсан байдаг. Гэвч албаны шалгалтын дүнг Ч.Д- надад танилцуулаагүй болохыг Гаалийн ерөнхий газраас шүүхэд өгсөн тайлбараас харж болно. Иймд би тухайн шалгалтын материалтай маргах боломжгүй байсан. 3 дахь хэсэгт: "... ажилтныг ажил, албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргахдаа чөлөөлөх болсон бодит шаардлага, нөхцөл бодитоор бий болсон байх, захиргаа нөхцөлийг судлан тогтоож, холбогдох баримт бүрдсэн нөхцөлд шийдвэр гаргахаар байна” гэж тодотгосон байтал Дотоод хяналтын хэлтсээс нотлох баримтыг бүрэн судалж үзээгүй, шаардлагатай баримтыг гаргуулж аваагүй, нотлох баримтын шаардлагыг илт хангаагүй баримт дээр хэт туйлширсан субьектив шийдвэр гаргасан. 5 дахь хэсэгт: Нотлох баримтыг бүрэн хэмжээнд судлаагүй байхад хууль тогтоомж болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Миний 2024 оны 2-р хагас жилийн ажил хангалттайгаар үнэлэгдсэн тул захиргааны санаачилгаар албан тушаал бууруулах үндэслэлгүй билээ. 8 дахь хэсэгт: Маргаан бүхий Гаалийн ерөнхий газрын даргын 2024.11.21-ний өдрийн Б/827 дугаартай тушаалын үндэслэх хэсэгт нэхэмжлэгчийг Төрийн албаны тухай хуулийн 37, 39 дүгээр зүйлийн холбогдох хэсгийг зөрчсөн гэж үзсэн атлаа мөн хуулийн 45.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр захиргааны санаачилгаар албан тушаалыг бууруулсан нь ойлгомжгүй хууль хэрэглээний алдаатай байна гэж шүүгч зөв дүгнэсэн. 9 дэх хэсэгт: Миний бие Төрийн албаны тухай хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй явдал гаргаагүй тул мөн хуулийн 48.1-д заасан сахилгын шийтгэл хүлээгээгүй болно. 10 дахь хэсэгт: Мөн түүнчлэн Гаалийн ерөнхий хуулийн 284.1-д заасан “Гаалийн улсын байцаагч албан үүрэгтээ хайнга хандсан, эсхүл энэ хуулийн 60.3-т зааснаас өөр бичиг баримт мэдүүлэгчээс шаардах болон бусад хэлбэрээр бүрэн эрхээ хэтрүүлсэн, түүнчлэн гаалийн хууль тогтоомж, өргөсөн тангаргаа зөрчсөн” явдал гаргаагүй тул мөн л сахилгын шийтгэл хүлээх үндэслэлгүй болно. 11 дэх хэсэгт: “... нэхэмжлэгч Ч.Д-ийг гаалийн улсын байцаагч албан үүрэгтээ хайнга хандсан, ... бүрэн эрхээ хэтрүүлсэн, түүнчлэн гаалийн хууль тогтоомж, өргөсөн тангаргаа зөрчсөн тохиолдол үүсээгүй тул сахилгын шийтгэл ногдуулахгүйгээр, ... Төрийн албаны тухай хуулийн... 45.1-д ... зааснаар захиргааны санаачилгаар албан тушаал бууруулсан нь ажлын байрны тодорхойлолт болон албаны чиг үүрэгт тусгагдсан, хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг гүйцэтгэсэн боловч чанарын хувьд доголдуулсан, хугацаа хэтрүүлсэн, тогтоосон журмыг зөрчсөн зэргээр зохих ёсоор биелүүлээгүй байхыг ойлгохоор нэгэнт тогтоосон хуулийн заалтыг зөрчсөн маргаан бүхий захиргааны актыг зөвтгөх боломжгүй байна" гэж шүүгч зөв дүгнэсэн. 12 дахь хэсэгт: "Гэвч нэхэмжлэгч Ч.Д-ий хувьд ... хувийн харилцааны асуудлаа албан хаагчдыг айлган сүрдүүлэх, дарамтлах хүртэл даамжруулан, үүгээрээ төрийн албан хаагчийн нэр төр, байгууллагын соёл, дэг журам болон зүйн хэм хэмжээг давсан нь зөвтгөх боломжгүйгээс гадна түүний албан тушаалыг бууруулсан маргаан бүхий захиргааны актыг хууль хэрэглээний алдаатай гэж үзэн хүчингүй болгож, нэхэмжлэгчийн үйлдлийг зөвтгөх боломжгүй" гэж дүгнэсэн.
3.2. Гэтэл энд Дотоод хяналтын хэлтсээс нотлох баримтын шаардлага хангаагүй материалыг шүүхэд өгсөн байх бөгөөд мөн иргэн Г.С- нь цагдаагийн байгууллагад гомдол өгсний дагуу шалгалтын ажиллагаа явуулж гомдолд авагдсан утасны дугаар, мессеж, ярианууд нь Ч.Д-тэй холбогдолгүй болохыг тогтоож, тухайн яриа хийсэн, мессеж бичсэн иргэнийг олж тогтоосон бөгөөд үүнийг прокурорын байгууллага хянаж үзээд Ч.Д- нь иргэн Г.С- руу дарамталж яриагүй, мессеж бичээгүй болохыг нотлох баримтаар нэгэнт тогтоосон билээ.
3.3. Захиргааны хавтаст хэргийн материалд Гаалийн ерөнхий газрын Дотоод хяналт аюулгүй байдлын хэлтсээс иргэн Г.С-гийн гаргасан гомдлын дагуу шалгалт хийсэн материалыг хариуцагч талаас ирүүлсэн байгаа. Уг материалд хяналт шалгалт хийсэн талаар Гаалийн ерөнхий газрын дарга Р.Од зориулж бэлдсэн 2 удаагийн товч танилцуулга авагдсан байх ба хяналт шалгалтын ажлын талаар надад танилцуулсан нэг ч баримт байхгүй. Дотоод хяналт, аюулгүй байдлын хэлтсээс зөрчил тогтоосон ямар нэг дүгнэлт хийгээгүй болно. Харин миний албан тушаалыг бууруулах болсон талаараа утсаар мэдэгдсэн сонсох ажиллагааны тэмдэглэл авагдсан байх ба тус тэмдэглэлд шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ тэмдэглүүлсэн. Гэтэл шүүх, хэт нэг талыг барьсан танилцуулгыг үндэслэн намайг ёс зүйн зөрчил гаргасан хэмээн шууд дүгнэн буруутгаж буй нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсгийн 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11 дүгээр хэсэгт Захиргааны ерөнхий хууль, Төрийн албаны тухай хууль, Гаалийн ерөнхий хуулийг тус тус үндэслэн дүгнэлт хийж маргаан бүхий захиргааны актыг хууль зүйн үндэслэлгүй гарсан болохыг тогтоосон. Тодруулбал, “...8 дугаар хэсэгт “Маргаан бүхий Гаалийн ерөнхий газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/827 дугаартай тушаалын үндэслэх хэсэгт нэхэмжлэгчийн Төрийн албаны тухай хуулийн 37, 39 дүгээр зүйлийн холбогдох хэсгийн зөрчсөн гэж үзсэн атлаа мөн хуулийн 45.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр захиргааны санаачилгаар албан тушаалыг бууруулсан нь ойлгомжгүй хууль хэрэглээний алдаатай байна”,
4.2. 9 дүгээр хэсэгт “Төрийн албаны тухай хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд 48.1-т “хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулах”-аар заасан,
4.3. 10 дугаар хэсэгт Гаалийн ерөнхий хуулийн 284.1-т “Гаалийн улсын байцаагч албан үүрэгтээ хайнга хандсан, эсхүл энэ хуулийн 60.3-т зааснаас өөр бичиг баримт мэдүүлэгчээс шаардах болон бусад хэлбэрээр бүрэн эрхээ хэтрүүлсэн, түүнчлэн гаалийн хууль тогтоомж, өргөсөн тангаргаа зөрчсөн тохиолдолд сахилгын шийтгэл ногдуулахаар заасан байна”,
4.4. 11 дүгээр хэсэгт “Хариуцагчаас нэхэмжлэгч Ч.Д-ийг Гаалийн улсын байцаагч албан үүрэгтээ хайнга хандсан, эсхүл энэ хуулийн 60.3-т зааснаас өөр бичиг баримт мэдүүлэгчээс шаардах болон бусад хэлбэрээр бүрэн эрхээ хэтрүүлсэн, түүнчлэн гаалийн хууль тогтоомж, өргөсөн тангаргаа зөрчсөн тохиолдол үүсээгүй тул .... Төрийн албаны тухай хуулийн 45.1.1-т заасан хуулийн заалтыг зөрчсөн маргаан бүхий захиргааны актыг зөвтгөх боломжгүй байна”
4.5. Гэвч бид маргаан бүхий захиргааны акт болох нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлсон Гаалийн ерөнхий газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/827 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээгээгүйд гомдолтой байна.
4.6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3-т “...Энэ хуулийн 3.1.3-т заасан нэхэмжлэлийг гаргасан этгээдийг нэхэмжлэгч гэнэ.", тус хуулийн 3.1.3-т "..."нэхэмжлэл" гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг;" гэж заасан.
4.7. Миний үйлчлүүлэгч Ч.Д- "....Гаалийн ерөнхий газрын дарга надад холбогдуулан миний салсан найз бүсгүйн гаргасан гомдлыг хянан шийдвэрлээд Төрийн албаны тухай хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасан заалтуудыг үндэслэж миний албан тушаалыг тус хуулийн 45.1.1-т заасны дагуу бууруулжээ. Төрийн албаны тухай хуулийн 45.1.1-т "хууль тогтоомж болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн;" бол албан тушаал бууруулж болно хэмээн хуульчилсан. Миний хувьд 2023 онд үр дүнгийн гэрээгээ жилийн эцсийн байдлаар 86,8 хувиар, 2024 оны эхний хагас жилд үр дүнгийн гэрээгээ 85 хувиар үнэлүүлсэн ба ажил албан тушаалтай холбогдолтой алдаа дутагдал гаргасан зүйлгүй. Харин Гаалийн Ерөнхий газрын дарга дээрх тушаалдаа Төрийн албаны тухай хуулийн 37 болон 39 дүгээр зүйлд заасан заалтуудыг үндэслэн надад албан тушаал бууруулах тушаал гаргасан нь сахилгын шийтгэл хүлээлгэсэн шинжтэй байгаа юм. Гэтэл Төрийн албаны тухай хуульд төрийн үйлчилгээний албан тушаалтнаас бусад албан хаагчид албан тушаал бууруулах сахилгын шийтгэлийн төрөл байхгүй байна.” хэмээгээд хууль хэрэглээний хувьд алдаатай захиргааны актын улмаас зөрчигдсөн хууль ёсны эрх, ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд хандсан болно. Шүүх захиргааны актыг хууль зүйн үндэслэлийг алдаатай болохыг тогтоосон ч миний үйлчлүүлэгчийн зөрчигдсөн эрх сэргэсэнгүй.
4.8. Шүүх Нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээхгүй үндэслэлээ анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 13-т “Өөрөөр хэлбэл маргаан бүхий захиргааны актад дурдсан бодит үндэслэл нь Төрийн албаны тухай хуулийн 37,39 дэх заалтад шууд хамааралгүй, энэ заалтыг хариуцагч үндэслэж маргаан бүхий тушаалыг гаргасан нь зөв гэж үзэхгүй ч. захиргааны байгууллагаас явуулсан албаны шалгалтаар тогтоогдсон нэхэмжлэгчийн үйлдлийг зөвтгөх боломжгүй байна" гэж дүгнэсэн.
4.9. Албаны шалгалтаар тогтоогдсон гэх үйл баримттай миний үйлчлүүлэгч Ч.Д- нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ "...2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Дотоод хяналт, шалгалт аюулгүй байдлын хэлтсээс надад тухайн гомдлыг танилцуулж тайлбар авсан. Энэ гомдолд надтай гар утасны вайбер апликейшн ашиглаж мессежээр харилцсан гэх скрийншот бүхий зургуудыг хэвлэсэн байсан бөгөөд би энэ талаар огт мэдэхгүй, илт гүтгэлгийн шинжтэй гомдол байсан юм. Би энэ үед тухайн гомдол нь үндэслэлгүй, худлаа байна. Гомдол гаргагчийн гар утсанд байгаа мессежийг бодитоор нь хараад шалгаад өгөөч гэдэг хүсэлтийг гаргаж байсан. Гэтэл тушаалын үндэслэлээс харахад Дотоод хяналт, шалгалт аюулгүй байдлын хэлтсийн дүгнэлтийг үндэслэл болгожээ. Энэ хянан шалгах ажиллагаа хэрхэн явагдсан болон миний гаргасан санал хүсэлтийг хүлээж авсан эсэх нь тодорхойгүйгээр намайг шууд буруутгаж дүгнэлт гаргасан байх ба үүнийгээ ч надад танилцуулаагүйд би гомдолтой байна” хэмээн маргасан.
4.10. Захиргааны хавтаст хэргийн материалд Гаалийн ерөнхий газрын дотоод, хяналт аюулгүй байдлын хэлтсийн иргэн Г.С-гийн гаргасан гомдлын дагуу шалгалт хийсэн материалыг хариуцагч талаас ирүүлсэн. Уг материалд хяналт шалгалт хийсэн талаар Гаалийн ерөнхий газрын дарга Р.О-д зориулж бэлдсэн 2 удаагийн товч танилцуулга авагдсан байх ба хяналт шалгалтын ажлын талаар миний үйлчлүүлэгчид танилцуулсан нэг ч баримт байхгүй. Дотоод хяналт, аюулгүй байдлын хэлтсээс зөрчил тогтоосон ямар нэг дүгнэлт хийгээгүй болно. Харин миний үйлчлүүлэгчийн албан тушаалыг бууруулах болсон талаараа утсаар мэдэгдсэн сонсох ажиллагааны тэмдэглэл авагдсан байх ба тус тэмдэглэлд шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй талаараа миний үйлчлүүлэгч тэмдэглүүлжээ. Тус баримтаар миний үйлчлүүлэгч Ч.Д-ийг хяналт шалгалтын материалтай танилцаагүй, танилцуулаагүй гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ дурдсан тайлбараар бүрэн нотлогдоно. Гэтэл шүүх хяналт шалгалтын явцад гомдолд холбогдогчийн санал хүсэлтийг хүлээн аваагүй, танилцуулаагүй хэт нэг талыг барьсан танилцуулгыг үндэслэн миний үйлчлүүлэгчийг ёс зүйн зөрчил гаргасан хэмээн шууд дүгнэн буруутгаж буй нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 128/2025/0269 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлага хангасан байна.
2. Хариуцагч Гаалийн ерөнхий газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б8274 дугаар тушаалаар Сэлэнгэ дахь гаалийн газрын Хяналт шалгалтын албаны дарга Ч.Д-ийг ...албан тушаалын тодорхойлолтын чиг үүрэг хэсгийн 4 дүгээр зорилтын 4 дэх хэсэгт заасан чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн, албан тушаалд тавигдах тусгай шаардлага хэсгийн ур чадварын шаардлагыг хангаагүй, хууль тогтоомжийг дээдлэн хүндэтгэж,сахин биелүүлээгүй гэсэн үндэслэлээр албан тушаал бууруулж, Ханги дахь гаалийн газрын Хяналт бүрдүүлэлт, хорио цээрийн албанд хяналт хариуцсан гаалийн улсын байцаагчаар томилсон нь хууль зүйн үндэслэлтэй байна.
3. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл иргэн Г.С-гоос 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Гаалийн ерөнхий газрын дарга, Гаалийн ерөнхий газрын дотоод хяналт аюулгүй байдлын хэлтэст тус тус хандан “...миний бие Г.С- нь 2023 оны 10 дугаар сард Сэлэнгэ аймаг дахь гаалийн газар томилогдож 2024 оны 01 дүгээр сарын хүртэл ажилласан. Ажлаас гарсны дараа тус гаалийн газрын хяналт шалгалтын албаны дарга Ч.Д- нь удаа дараалж утсаар дарамтлан сүрдүүлж байсан. Ингээд зогсохгүй Үндэсний аудитын газар буюу одоо миний ажиллаж байгаа байгууллагын албан хаагчид руу залгаж ор үндэслэлгүй гүтгэж, их хэмжээний хохирол учруулж байгаа тул хариу арга хэмжээ авч өгнө үү” гэх агуулга бүхий гомдол гаргажээ.
4. Үүний дагуу 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн “Иргэн Г.С-гийн гомдлын дагуу Гаалийн ерөнхий газрын Дотоод хяналт аюулгүй байдлын газраас албаны шалгалт явуулж “...СЭГГ-ын дарга Ч.Д- нь Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 7 дугаар зүйл заасан төрийн албан хаагчийн ёс зүйн нийтлэг хэм хэмжээ, Гаалийн улсын байцаагчийн ёс зүйн дүрмийн 3 дугаар зүйлд заасан гаалийн улсын байцаагчийн ёс зүйн хэм хэмжээний заалтуудыг зөрчсөн болох нь тогтоогдож байх тул тус албаны шалгалтын дүгнэлтийг үндэслэн хариуцагч өөрийн эрх хэмжээний хүрээнд захиргааны санаачилгаар нэхэмжлэгчийг албан тушаал бууруулж, Ханги дахь гаалийн газрын Хяналт, бүрдүүлэлт, хорио цээрийн албанд хяналт хариуцсан гаалийн улсын байцаагчаар томилсон нь нэхэмжлэгчийн эрх, түүний хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
4.1 Тодруулбал,нэхэмжлэгч нь Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 61 дүгээр тогтоолын 40 дүгээр хавсралтаар батлагдсан Гаалийн газрын Хяналт, бүртгэлийн албаны даргын ажлын байрны тодорхойлолтын 4 дүгээр зорилтын 4-т “Төрийн албан тухай хууль тогтоомжийн хүрээнд төрийн албан хаагчийн албаны үйл ажиллагаанд баримтлах ёс зүйн зарчим, манлайллыг удирдлага болгон ажиллах гээд шалгуур үзүүлэлтийг “Төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэсэн байна”, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.8 дугаар зүйл, Гаалийн улсын байцаагчийн ёс зүйн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.1.1, 2.1.2-т заасан ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн зөрчил гаргасан болох нь албаны шалгалтын хүрээнд цуглуулсан баримт болон энэ шалгалтын ажиллагаанд оролцсон алба хаагчдын тайлбар, мэдүүлгүүд, мөн нэхэмжлэгчийн албаны шалгалтын явцад мэдүүлсэн “...Г.С-гоос өгсөн мэдээллийн дагуу би Үндэсний аудитын газрын ажилтнууд руу элдэв үгтэй мессеж явуулж байсан” гэсэн тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн “...иргэн Г.С- нь цагдаагийн байгууллагад гомдол өгсний дагуу шалгалтын ажиллагаа явуулаад гомдолд авагдсан утасны дугаар, мессежнүүд нь надтай холбоогүй гэдгийг шалгаж тогтоосон ... гэтэл анхан шатны шүүх нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг үндэслэн хэт нэг талыг баримтлан шийдвэр гаргасан нь хууль бус” гэх гомдол үндэслэлгүй.
5. Нөгөөтээгүүр, анхан шатны шүүхийн “...нэхэмжлэгч Ч.Д-ий хувьд төрийн жинхэнэ албан хаагчийн болон удирдах албан тушаалтны хувьд хувийн харилцааны асуудлаа төрийн байгууллагын албан хаагчдыг айлган сүрдүүлэх, дарамтлах хэмжээнд хүртэл даамжруулан, үүгээрээ төрийн албан хаагчийн нэр төр, байгууллагын соёл, дэг журам болон хувийн харилцааны ёс зүйн хэм хэмжээг давсан илт ёс суртахуунгүй харилцааг нь зөвтгөх боломжгүйгээс гадна түүний албан тушаалыг бууруулсан маргаан бүхий захиргааны актыг хууль хэрэглээний алдаатай гэж үзэн хүчингүй болгож, нэхэмжлэгчийн үйлдлийг зөвтгөх боломжгүй юм...” гэсэн дүгнэлт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодиттойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой,үнэн зөв,эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасантай нийцсэн байна.
Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 269 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг үндэслэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ Т.ЭНХМАА
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ