Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 24

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий  шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож,

улсын яллагч Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Мөнхцэцэг,

шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн,

шүүгдэгч С.Уртбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Төв аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дугаар зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дархчуул овогт Сэмбээгийн Уртбаярт холбогдох 201619000755 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1960 оны 08 сарын 05-ны өдөр Баянхонгор аймгийн Баянлиг суманд төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамт Төв аймаг Баянчандмань сум 1 дүгээр баг 4-2 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагнал үгүй, ял шийтгэлгүй, Дархчуул овогт Сэмбээгийн Уртбаяр /РД:НХ60081518/ гэв.

 

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/

Шүүгдэгч С.Уртбаяр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 21 цагийн орчимд Төв аймгийн Баянчандмань сумын төвд байрлах “Солонго” нэртэй хүнсний дэлгүүрт бусдыг илтэд үл хүндэтгэн иргэн Б.Отгонцэцэгийг “салтааны сальфетик, янхан банзал” гэх зэргээр хэл амаар доромжилж улмаар зүүн нүд орчимд нь гараараа цохиж зодон, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч С.Уртбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Би халамцуу байхдаа дэлгүүрт гэмт хэрэг үйлдсэндээ харамсаж байна. Би хохирогчоос уучлалт гуйсан. Би ийм зүйл хийсэндээ харамсаж, гэмшиж байна гэв.

 

МӨН МӨРДӨН БАЙЦААЛТАНД:

Хохирогч Б.Отгонцэцэг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “Би 2016 оны 09 сарын 30-ны өдрийн орой 21 цаг өнгөрч байхад Төв аймгийн Баянчандмань сумын төвд байрлах “Солонго” супер маркет дотор үйлчлүүлээд байж байх үед тус сумын иргэн болох Уртбаяр нь гаднаас ганцаараа орж ирээд ирээд намайг зүгээр зогсож байхад “салтааны салфетик, янхан, банзал, чиний тэр төрийн хувцас өмсдөг чинь тэрэндээ байдаг юм байгаа биз” гэх зэргээр элдвээр хэлж доромжлоод байсан. Би Уртаа ахад хандаж “та согтуу байна, одоо ингэж болохгүй, харьж амар” гэж хэлээд дэлгүүрээс гаргаад явж байх үед хаалгаар гарсанаа буцаж иргэж хараад намайг санаандгүй байж байх үед миний зүүн нүд хэсэгт нэг удаа гараараа цохисон.Тэр үед миний толгой манарсан, тухайн үед намайг цохихоор нь би түүний гарнаас нь бариад зууралдаад гадаа зогсож байж байтал түүний эхнэр ирээд аваад явсан. Өөр зүйл болоогүй. Тэрийг мэдэхгүй байна. Зүгээр зогсож байснаа намайг элдвээр хэлээд байсан. Би түүнтэй огт хэрэлдэж маргалдсан зүйл болоогүй. Уртбаяр ахыг нэг нутгийн хүн гэдгээр нь танина. Өөр ямар нэгэн холбоо харилцаа байхгүй. Миний зүүн шанаа болон зүүн нүд хэсгийг хавсаруулж нэг удаа гараараа цохисон. Түүнээс болж миний зүүн нүд хөхөрсөн. Эмнэлэгт хэвтсэн зүйл байхгүй, гэрээрээ эм тариа хийлгэж эмчилгээ хийлгэсэн. Нэлээд согтуу байсан. Миний хувьд гомдолтой байна. Би уг асуудлаас болж шүүх эмнэлэгийн эмч дээр очиж үзүүлсэн. Улаанбаатар хотод мэдрэлийн эмчид эмид үзүүлж тархины цахилгаан бичлэг хийлгэсэн. Эмчилгээ болон унааны зардалд ойролцоогоор 200 000 төгрөг зарцуулсан. Баримтаа цуглуулж байгаад хэрэгт хавсаргуулахаар өгье. Миний хувьд ажилтай тул шүүх хуралд суух шаардлага алга. Манай төрсөн эгч Алтанчимэг дэлгүүрийн худалдагч хийгээд байж байсан. Мөн Алтанчимэг эгчийн хүүхэд Золзаяа нар байсан. Өөр нэг хүн байх нь байсан гэхдээ нэрийг нь болон хаана байдаг талаар нь мэдэхгүй байна. Тухайн хүн нь Уртбаяр ахыг агсам согтуу тавих үед яваад өгсөн. /хх-10 тал/, .. Би Уртбаяраас хохирол төлбөрт 500000 төгрөг авсан. Цаашид гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй болно. Тухайн үед манай эгч Алтанчимэг “та согтуу байна аа гэртээ харьж амар” гэж хэлсэн. Түүнээс биш татаж чангаасан зүйл байхгүй. Ямар ч байсан дэлгүүр дотор орж ирээд яах гээд байгаа нь мэдэгдэхгүй байсан. Түүнийг согтуу болохоор нь манай эгч гар гэж хэлсэн. Харин Уртбаяр ах  агсам согтуу тавьж намайг доромжлоод байсан юм. Би түүнд хандаж “та настай намбатай хүн байж болиоч харьж амар” гэж хэлсэн. Түүнийг гаргах гээд дэлгүүрийн кордор хэсэгт сугадаад гаргаж байх үед биед нь хүрлээ гэсэн юм уу, яасан юм эргэж хараад гарынхаа ар талаар савж цохих шиг болсон. Би тухайн үед санаандгүй байдлаар 1 удаа л цохиулсан, тэгээд манараад явсан юм. Түүнийг дахин цохиж магадгүй гээд гарыг нь барьсан. Тэгээд байж байтал эхнэр нь ирээд аваад явсан. Өөр зүйл болоогүй. Би Уртбаяр ахыг нэг нутгийн хүн гэдгээр нь мэднэ. Тухайн орон нутагт нэг дор амьдардаг тул мэндийн зөрөөтэй байдаг байсан. Зан чанарын хувьд хүнд тусархуу гайгүй л хүн байдаг, согтуугаасаа болоод ийм зан гаргасан гэж бодож байна. Настай хүн тул хөнгөн шийтгэж өгнө үү. Миний хувьд гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй,  шүүх хуралд суухгүй” гэсэн мэдүүлэг /хх-11 тал/,

 

Гэрч Б.Алтанчимэг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: ..Би Төв аймгийн Баянчандмань сумын төвд Солонго дэлгүүрт 2015 оны 08 сараас хойш худалдагчаар ажиллаж байна. Намайг 2016 оны 09 сарын 30-ны орой 21 цаг өнгөрч байхад дэлгүүрээ хаах гээд байж байхад манай дүү Отгонцэцэг ирж хамт явах гээд байж байсан юм. Тэр үед гаднаас тус сумын иргэн Уртбаяр гэх хүн согтуу орж ирээд манай лангуун дээр тэгнэж хэвтээд өгсөн. Тэр үед би “та босоо гэртээ харьж амар, бид нар дэлгүүрээ хаах гэж байна” гэж хэлсэн юм. Харин тэр үед Уртбаяр миний өөдөөс хэрэлдэж байсанаа овоо үгэнд ороод түүнийг сугадаад үүд рүү гаргаж байхад буцаж эргэж харсанаа Отгонцэцэгийн нүүр лүү нэг удаа цохиод авсан. Харин Отгонцэцэг өөдөөс нь түүний гарыг нь бариад “та яаж байгаа юм бэ” болиоч” гэхэд Уртбаяр ах “би чамайг төрийн хувцастай байдаг болохоор янз бүрийн юм яридаггүй юм” гэж хэлсэн. Тэгээд түүний эхнэр Алтанцэцэг эгчийг дуудаад Уртбаяр ахыг өгөөд явуулсан. Өөр зүйл болоогүй. Ер нь бол бид нарын хувьд хоорондоо хэрэлдэж муудалцах зүйл болоогүй. Уртбаяр ах бол их онгироо сагсуу хүн байгаа юм. Урд өмнө нь манай дэлгүүрээр хэд хэдэн удаа согтуу орж ирээд агсам тавьж байгаад явж байсан гэхдээ бие эрх чөлөөнд халдаж байгаагүй. Тухайн үед Отгонцэцэг дэлгүүр дотор зүгээр зогсож байхад Уртбаяр ах түүнийг “салтааны салфетик, янхан” гэх зэргээр доромжлоод байхад нь огт юу ч ярилгүй согтуу хүн гэж бодоод гарах гэж байтал Отгонцэцэгийг шалтгаангүй цохиж зодсон юм” гэсэн мэдүүлэг /хх-13-14 тал/,

 

Гэрч Н.Золзаяа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: Би 2016 оны 09 сарын 30-ны орой 21 цаг өнгөрч байхад Төв аймгийн Баянчандмань сумын төвийн Солонго дэлгүүр дотор ээж Алтанчимэгийг дэлгүүрээ хаахыг нь хүлээгээд байж байх үед гаднаас Уртбаяр ах согтуу орж ирээд лангуун дээр тэгнэж хэвтээд байсан. Тэр үед ээж Алтанчимэг Уртбаяр ахыг гар гэж хэлсэн Уртбаяр ах урдаас нь орилоод доромжлоод байсан. Тэгээд хажууд нь зогсож байсан Отгонцэцэг эгчийг хэл амаар доромжилж “янхан, сальфетик” гэх зэрэг үг хэллэгээр доромжлоод байсан. Харин ээж Отгонцэцэг эгч хоёр түүнийг гаргах гээд байсан. Отгонцэцэг эгч Уртбаяр ахыг гаргах гэж байхад Уртбаяр ах эргэж хараад Отгонцэцэг эгчийн нүүрэн тус газар нь гараараа цохисон. Отгонцэцэг эгч “яаж байгаа юм бэ” гээд түүний гараас барьж дахин цохиулахгүйн тулд зууралдсан. Тэгээд удаагүй түүний эхнэр Алтанцэцэгийг дуудаж нөхрийг нь өгөөд явуулсан. Өөр зүйл болоогүй” гэсэн мэдүүлэг /хх-15-16 тал/,

 

Гэрч С.Алтанцэцэг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: Миний хувьд хэрэг болох үед хажууд нь байгаагүй тул мэдэх зүйл алга байна.Тухайн өдөр буюу 2016 оны 09 сарын 30-ны өдөр манай нөхөр Уртбаяр өдөр нь архи уусан шинжтэй гэртээ амарч байгаад орой гэрээсээ гараад явсан байсан. Харин орой санахгүй байна дэлгүүр хаах цагаар буюу 20:00 цагийн үед нэг эрэгтэй жаахан хүүхэд манайд орж ирээд Уртаа ах дэлгүүрийн үүдэнд хүнтэй зодоон хийгээд байна” гэж хэлсэн. Тэгээд би Баянчандмань сумын төв дэлгүүрийн үүдэнд яваад очиход Уртбаярыг 3 хүүхэн зуураад байж байсан.  Би Уртбаярыг “чи яагаад согтуу яваад байгаан” гэж хэлээд загниад гэртээ оруулаад амраасан. Өөр зүйл болоогүй” гэсэн мэдүүлэг /хх-47 тал/,

 

Гэрч Ж.Ариунгэрэл мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:  .. Тухайн өдөр бид хоёр 12-13 цагийн үед уулзаж Уртбаярын гэрт нь 1 шил 750 граммын Тэргүүн архи уусан юм. Тэгээд би архи хувааж уугаад 14 цаг өнгөрч байхад гэрлүүгээ явсан. Харин Уртбаяр гэртээ үлдсэн. Тухайн үед согтолтын хувьд гайгүй байсан. Бид хоёр бол найзлаад 10 жил болж байна. Уртбаяр бол ядарсан зүдэрсэн хүнд туслая гэсэн сэтгэлтэй хийх гэж байгаа ажилдаа шаргуу, найз нөхөддөө тус дэмтэй, зан харилцааны хувьд төлөв даруу зантай хүн байгаа юм. Миний мэдэхийн өмнө нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй” гэсэн мэдүүлэг /хх-51 тал/,

 

Насанд хүрээгүй гэрч Н.Маралмаа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би 2016 оны 09 сарын 30-ны орой Төв аймгийн Баянчандмань сумын төвд байрлах “Солонго” супер маркет дотор ээж Алтанчимэгийн хамт байж байсан юм. Тухайн үед гаднаас нагац эгч Отгонцэцэг, эгч Золзаяа нар орж ирээд дэлгүүр хаахаар бүгдээрээ явах гээд байж байх үед 22 цагийн үед байх Уртбаяр ах гаднаас ганцаараа орж ирээд лангуун дээр гараараа тохойлдож хэвтээд согтуу олон юм яриад байсан.Тухайн үед Уртбаяр ах “салтааны салфетка” гэх зэргээр доромжлоод байсан. Харин тэр үед Отгонцэцэг эгч “та гараа харьж амар” гэж хэлээд хойноос нь түлхээд үүд рүү гаргаж байх үед Уртбаяр ах эргэж хараад  Отгонцэцэг эгчийг гараараа түлэхээд нөгөө гараараа нүүр хэсэгт нь нэг удаа цохисон юм. Тэгээд бид нар бөөнөөрөө түүнийг дэлгүүрээс гаргасан. Уртбаяр ах агсараад явахгүй байсан тул ээж эхнэрийг нь дууд гэж хэлсэн. Тэгээд би ойрхон байх Уртбаяр ахын гэр лүү нь очиж Алтанцэцэгийг дуудаж хамт ирсэн. Алтанцэцэг эгч Уртбаяр ахыг загинаад аваад явсан” гэсэн мэдүүлэг /хх-54-55 тал/,

 

-Б.Отгонцэцэгийн Төв аймгийн Баянчандмань сумын Цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хх-02 тал/,

-Төв аймаг Засаг даргын дэргэдэх шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Шинжээчийн дүгнэлтэд №483 /Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт/

1. Б.Отгонцэцэгийн биед зүүн зовхинд цус хуралт, зүүн зовхи, шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ /хх-18 тал/,

 

-гэрэл зургийн үзүүлэлт /хх-19 тал/,

                                                  

-С.Уртбаярыг 2016 оны 10 сарын 24-ны өдөр сэжигтнээр /хх-25-26 тал/, 2016 оны  11 сарын 17-ны өдөр яллагдагчаар /хх-27-28 тал/, 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдөр яллагдагчаар дахин /хх-56 тал/ тус тус байцаасан тэмдэглэл,

-С.Уртбаярын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсыг шалгахад “ял шийтгэл үгүй” гэх лавлагаа /хх-61 тал/

-Хохирогч Б.Отгонцэцэгийн Төв аймгийн Цагдаагийн газарт гаргасан хүсэлт /хх-38 тал/ зэрэг болно.

 

Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай бөгөөд дараах үндэслэл тогтоогдож байна.

 

Шүүгдэгч С.Уртбаяр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 21 цагийн орчимд Төв аймгийн Баянчандмань сумын төвд байрлах “Солонго” нэртэй хүнсний дэлгүүрт бусдыг илтэд үл хүндэтгэн иргэн Б.Отгонцэцэгийг “салтааны сальфетик, янхан банзал” гэх зэргээр хэл амаар доромжилж улмаар зүүн нүд орчимд нь гараараа цохиж зодон, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.Отгонцэцэг, гэрч Б.Алтанчимэг, Н.Золзаяа, насанд хүрээгүй гэрч Н.Маралмаа нарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлгүүд, Төв аймаг Засаг даргын дэргэдэх шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Шинжээчийн дүгнэлтэд №483 /Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт, хх-18 тал/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-19 тал/, шүүгдэгч С.Уртбаярын мөрдөн байцаалтын шатан болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байх тул С.Уртбаярыг догшин авирлаж танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч С.Уртбаярыг ямар ч шалтаг шалтгаангүйгээр хохирогчийг зодож түүний бие махбодид зүүн зовхинд цус хуралт, зүүн зовхи, шанаанд зөөлөн эдийн няцрал гэх хөнгөн гэмтэл учруулж догшин авирласан үйлдэл нь танхайрах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан байх ба Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Уртбаярыг Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.

 

Шүүгдэгч С.Уртбаярт ял шийтгэл оногдуулахдаа “анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн”, “үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн”, “гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн” зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх хэсэгт дахь хэсэгт тус тус зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, “согтуурсан буюу мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн”-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:

Хохирогч Б.Отгонцэцэг нь мөрдөн байцаалтын шатанд “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын хохиролгүй байна.

 

          Шүүгдэгч С.Уртбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар болон иргэний бичиг баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 295, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4 дэх хэсэг, 298 , 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ  нь:

 

1.Шүүгдэгч Дархчуул овогт Сэмбээгийн Уртбаярыг догшин авирлаж, танхайрах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Уртбаярыг 3 /гурав/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан С.Уртбаярт оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4.Хэрэгт эд мөрийн баримтаар болон иргэний бичиг баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, ялтан С.Уртбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар ялтан С.Уртбаярт оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 2  жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан С.Уртбаярын тэнсэнгийн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Төв аймгийн Цагдаагийн газарт үүрэг болгосугай.

 

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5 дахь хэсэгт зааснаар тэнсэгдсэн ялтан С.Уртбаяр нь хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг танилцуулсугай.

 

8.Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 9.Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт зааснаар  шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, С.Уртбаярт авсан бусдын батлан даалтанд таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Ц.ОТГОНЖАРГАЛ