| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 176/2023/0186/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/193 |
| Огноо | 2023-05-04 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | Л.Наранхүү |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 05 сарын 04 өдөр
Дугаар 2023/ШЦТ/193
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэ-Оюун,
Улсын яллагч Б.Цэрэнтогтох,
Шүүгдэгч Э.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.Нхолбогдох эрүүгийн ... дугаартай, 2 хавтас хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1987 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Төв аймгийн Заамар суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Төв аймгийн Заамар сумын 4 дүгээр баг 5 дугаар хэсгийн 6-3 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Э.Н___ регистрийн дугаартай,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Н нь 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Баянголын ам” гэх газарт “Баянгол тариалан” ХХК-ийн ашигт малтмал ашиглах MV-009495 дугаартай тусгай зөвшөөрөлтэй талбайд "Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гурвалсан" гэрээ байгуулж, 51-63 УБ улсын дугаартай Хюндай R290 LC-7 маркийн экскаватор, 68-28 УБО улсын дугаартай синотрак маркийн тээврийн хэрэгслүүдийг ашиглан ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулахдаа гэрээнд заасан солбицол цэгээс хэтрүүлэн тусгай зөвшөөрөлгүйгээр, 1198 м² буюу 0.1198 га талбайд хууль бусаар ашигт малтмалын олборлолт явуулж, байгаль орчинд 6,767,151 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдожээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Н мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэв.
Үйл баримтын талаар:
Эрүүгийн 2234006220115 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Шүүгдэгч Э.Н нь 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Баянголын ам” гэх газарт “Баянгол тариалан” ХХК-ийн ашигт малтмал ашиглах MV-009495 дугаартай тусгай зөвшөөрөлтэй талбайд "Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гурвалсан" гэрээ байгуулж, 51-63 УБ улсын дугаартай Хюндай R290 LC-7 маркийн экскаватор, 68-28 УБО улсын дугаартай синотрак маркийн тээврийн хэрэгслүүдийг ашиглан ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулахдаа гэрээнд заасан солбицол цэгээс хэтрүүлэн тусгай зөвшөөрөлгүйгээр, 1198 м² буюу 0.1198 га талбайд хууль бусаар ашигт малтмалын олборлолт явуулж, байгаль орчинд 6,767,151 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-ийн 0 дугаар тал/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 4-10 дугаар тал/,
2022 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 74, 75-76, 77- 78 дугаар тал/,
“Эй Жэй Жэй Эм” ХХК-ний 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 07/312 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 128-137 дугаар тал/,
“Эй Жэй Жэй Эм” ХХК-ний 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 07/312 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 146-155 дугаар тал/,
Байгаль орчин учруулсан экологи-эдийн засгийн хохирлын үнэлгээний шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 165-209 дүгээр тал/,
Иргэний нэхэмжлэгч Г.Ган-Очрын...тухайн “Өгөөмөр баян дэлгэрэх” нөхөрлөл нь Баянголын ам гэх газарт гурвалсан гэрээгээр Баянгол тариалангийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайд үйл ажиллагаа явуулах ёстой байсан боловч, гэрээ байгуулсан цэг солбицлоосоо гарсан байсан. “Баянгол тариалан” ХХК-тай гурвалсан гэрээ байгуулсан гомдол байхгүй. Харин саналын хувьд байгаль орчинд учруулсан хохирол шинжээчийн дүгнэлтээр гарсан нөхөн сэргээлтийн төлбөрийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 115-116 дугаар тал/,
Иргэний нэхэмжлэгч Б.Золбаярын...тухайн машин нь миний өөрийн нэр дээр байдаг..., миний нагац ах буюу ээжийн төрсөн ах Зоригт надаас 2022 оны 7 сард 20.000.000 төгрөгөөр тохиролцож авахаар болоод аваад явсан мөнгийг нь дараа нь боломж бололцоотой болохоор өгнө гэж анх надад хэлж байсан. Сүүлдээ Зоригт ах машиныг нь авч чадахаа байлаа. Ахын дүү машинаа буцааж авдаа гэж хэлсэн...гэсэн мэдүүлэг /1хх-ийн 109 дүгээр тал/,
Иргэний нэхэмжлэгч М.Баасанжаргалын...51-63 УБ дугаартай экскаватор миний техник байгаа юмаа..., Наранбаатар гэдэг залууг гуйхаар нь 2022 оны 8 дугаар сарын 20-ын үеэр шиг санагдаж байна Наранбаатарт өгсөн...миний экскаватор ер нь дээр үеийнх одоо сэлбэг хэрэгсэл нь муудчихсан...Монголд орж ирээд 20 жил болж байгаа...гэсэн мэдүүлэг /1хх-ийн 105 дугаар тал/,
Гэрч Т.Мөнхтулгын...Миний хувьд “Өгөөмөр баян дэлгэрэх” нөхөрлөлийн хүмүүсийг танихгүй ямар учраас гэрээ байгуулсан бэ гэвэл энэ нөхөрлөл нь Заамар сумын захиргаа нутгийн удирдлагад хүсэлт гаргаж, ажил хөдөлмөрөөр дэмжих үйлдвэрлэл явуулах бололцоогүй, үйлдвэрлэлийн ач холбогдолгүй эвдрэлд орсон газар дээр нөхөн сэргээлт хийлгэх хүсэлт тавьсны дагуу би өөрийнхөө “Баянгол тариалан” ХХК-ийн ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй А лицензтэй талбайд...гэрээ байгуулсан. Би өөрийнхөө талбай доторх харьяалагдах талбайд гурвалсан гэрээ байгуулсан. Харин гэрээнд заасан цэг талбайг сумын байгаль орчны асуудал эрхэлсэн байцаагч Ган-Очирт би зааж өгсөн..., Ган-Очир нөхөрлөлийн хүмүүст зааж өгсөн талаар надад хэлж байсан...энэ асуудлыг мэдсэн даруйд “Өгөөмөр баян дэлгэрэх” нөхөрлөлд газар чөлөөлж өгнө үү гэсэн мэдэгдэл өгсөн...гэсэн мэдүүлэг /1хх-ийн 118 дугаар тал/,
Гэрч Б.Буянжаргалын “...би нөхөрлөлийн гишүүн биш. Тухайн өдөр нэг л экскаватор ажилласан. Наранбаатар ах нэг л экскаватор ажиллуулдаг. Тэр газраас 3 Хово шороо ачуулсан. Би марк дугаарыг нь мэдэхгүй байна...шар өнгийн экскаватор байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 23 дугаар тал/,
Гэрч Т.Зоригтын “...дүү Золбаярын нэр дээр байдаг өөрийнхөө эзэмшлийн 68-28 УБО улсын дугаартай тээврийн хэрэгслээр ажил олдохоор нь хүмүүстэй тохиролцож түрээслүүлж ажилладаг...Наранбаатартай цагийн 45.000 төгрөгөөр ажиллахаар тохиролцсон...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 23 дугаар тал/,
Шүүгдэгч Э.Нын яллагдагчаар өгсөн: 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн надад холбогдуулж эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой уншиж танилцлаа. Надад холбогдуулж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би “Өгөөмөр Баян дэлгэрэх” нөхөрлөлийн нэрээр Төв аймгийн Заамар сум болон “Баянгол тариалан” нэртэй ХХК-тай гурвалсан гэрээ байгуулж, нөхөн сэргээлтийн ажил хийхээр болсон. Тэгж ажиллаж байгаад 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр зөвшөөрөгдсөн цэгээс хэтрүүлж үйл ажиллагаа явуулснаар энэ хэрэгт холбогдоод байгаа юм. Би одоогоор бусдад учруулсан хохирлоо нөхөн төлж барагдуулаагүй бөгөөд ойрын хугацаанд төлж барагдуулах болно...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 18-19 дүгээр тал/,
Хөрөнгө үнэлгээний “Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 07/312 дугаартай дүгнэлтэнд: Иргэн Б.Золбаярын эзэмшлийн 68-28 УБО улсын дугаартай синотрак маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээ 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээний үнэ цэнэ 17.763.000 төгрөг болно” гэсэн шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 128-139 дүгээр тал/,
Хөрөнгө үнэлгээний “Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 07/313 дугаартай дүгнэлтэнд: Иргэн М.Баасанжаргалын өмчлөлийн 51-63 УБ улсын дугаартай Хюндай R290 LC-7 маркийн экскаваторын үнэлгээ нь 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээний үнэ цэнэ 7.488.000 төгрөг болно" гэсэн шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 146-155 дугаар тал/,
“Говь Эко” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн "...экологи эдийн засгийн хохирлын үнэлгээний “Өгөөмөр баян дэлгэрэх нөхөрлөлийн ашигт малтмал хайх, олборлох үйл ажиллагааны улмаас эвдрэлд өртсөн талбай нь хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайтай давхцалгүй, бичил уурхайн дүгнэлт гараагүй, Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолоор тогтоосон Усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн хилийн заагтай хэсэгчилсэн давхцалтай, Төв аймгийн Заамар сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газартай бүхэлдээ давхцалтай байна.
“Өгөөмөр баян дэлгэрэх" нөхөрлөл нь Баянгол тариалан ХХК-тай 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Төв аймгийн Заамар сумын Баянголын ам нэртэй газар МХ/-009495 дугаартай, 87 69 га ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас 2,5 ra талбайд бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гурвалсан гэрээ байгуулсан байна. Мөрдөгчийн тоггоолд тусгагдсан “Өгөөмөр баян дэлгэрэх” нөхөрлөлийн 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр үйл ажиллагаа явуулж эвдрэлд оруулсан солбицол бүхий газар нь уг гурвалсан гэрээнд тусгагдсан солбицол бүхий 2,5 га газартай давцалгүй буюу “Баянгол тариалан” ХХК-ийн тусгай зөвшөөрөлтай талбайн гадна талд байрлаж байна.
“Өгөөмөр баян дэлгэрэх” нөхөрлөлийн ашигт малтмал хайх, олборлох зорилгоор нь нийт 1198 м² буюу 0,1198 га талбайд техникийн нөлөөгөөр эвдрэлд оруулж 2-8 метрийн гүнтэй ухаш нүх бүхий 4286,86 м³ эзлэхүүнтэй хоосон орон зай үүсгэн, 1700,09 м³, овоолго үүсгэж, 2569,63 м³ шороо ашигласан байна. “Өгөөмөр баян дэлгэрэх” нөхөрлөлийн ашигт малтмал хайх, олборлох үйл ажиллагааны улмаас эвдэгдсэн нийт 1188 м2 буюу 0,1198 га талбайд 4286,86м3 эзлэхүүнтэй Хорсон орон зай үүсгэн, 2.569.63м³ хөрс шороог ашиглан техникийн нөлөөгөөр эвдрэлд оруулсан уг талбайд Байгаль орчинд учруулсан экологи-эдийн засгийн хохирлын нийт үнэлгээ нь 6,767,151 төгрөг болж байна. “Өгөөмөр баян дэлгэрэх” нөхөрлөлийн ашигт малтмал хайх, олборлох үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх ажлын зардлын нийт хэмжээ нь 3,200,00 төгрөг болж байна. “Өгөөмөр баян дэлгэрэх” нөхөрлөлийн ашигт малтмал хайх, олборлох зорилгоор үйл ажиллагаа явуулсан талбайд эдэлбэр газарт учруулсан хохирол газрын хэвлийд учруулсан хохирол, усан орчинд учруулсан хохирлыг тооцож үнэлгээг гаргасан. Уг үйл ажиллагаанаас явуулсан талбайн орчим нь бүхэлдээ урьд өмнө нь уурхайлалтын үйл ажиллагаагаар эвдрэлд өртөж хөрс ургамлын бүрхэвч бүрэн устаж үгүй болсон тул хөрсөн бүрхэвчид учруулсан хохирол, ургамлан бүрхэвчинд учруулсан хохирол, амьтны аймагт болон агаар мандалд учруулсан хохирлыг тооцох боломжгүй гэж үзлээ...” гэсэн 223 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 163-215 дугаар тал/,
Төв аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн ... солбицлын зурагт оруулан шалгаж үзэхэд эхний 3 цэг орон нутгийн тусгай хэрэгцээний газарт сүүлийн 7 цэг нь эхний 3 цэгээс 280 метр зайд Баянгол тариалан ХХК-ийн MV-9495 дугаартай уул уурхайн ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайд хамаарч байна...” гэсэн 07/789 дугаартай албан бичиг /1хх-ийн 72 дугаар тал/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Э.Н нь 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Баянголын ам” гэх газарт “Баянгол тариалан” ХХК-ийн ашигт малтмал ашиглах MV-009495 дугаартай тусгай зөвшөөрөлтэй талбайд "Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гурвалсан" гэрээ байгуулж, 51-63 УБ улсын дугаартай Хюндай R290 LC-7 маркийн экскаватор, 68-28 УБО улсын дугаартай синотрак маркийн тээврийн хэрэгслүүдийг ашиглан ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулахдаа гэрээнд заасан солбицол цэгээс хэтрүүлэн тусгай зөвшөөрөлгүйгээр, 1198 м² буюу 0.1198 га талбайд хууль бусаар ашигт малтмалын олборлолт явуулж, байгаль орчинд 6,767,151 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Ашигт малтмал гэдэг нь геологийн хувьсал, өөрчлөлтийн үр дүнд гарын гадаргуу, түүний хэвлийд үүсэн бий болсон аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрдэс бодисын хуримтлалыг хэлэх бөгөөд энэ гэмт хэргийн объект нь ашигт малтмалын хайгуул, эрэл хайгууль хийх, олборлох журам, обеъктив тал нь эрх бүхий байгууллагаас олгосон эрх буюу тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан, эсхүл ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар хууль бусаар газрын хэвлийд халдсан идвэхитэй үйлдэл юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэдэг нь эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлгүй этгээд газрын хэвлийд нэвтрэн малталт хийж ашигт малтмалын төрөл зүйлийг өөрийн эзэмшилд авахад чиглэсэнхувь хүн, хуулийн этгээдийн хийсэн аливаа идвэхтэй үйлдлийг ойлгоно.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.
Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт,
мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тус тус тооцохоор байна.
Шүүгдэгч Э.Нын холбогдсон тухайн гэмт хэрэг нь “Хүрээлэн буй орны эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд “Хүрээлэн буй орны эсрэг гэмт хэрэг”-үүд нь байгаль орчныг бохирдуулах, хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох, хууль бусаар ан агнах, хууль бусаар мод бэлтгэх болон бусад гэмт хэргүүд болж ялгагддаг.
Шүүгдэгч Э.Н нь 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Баянголын ам” гэх газарт зохих зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулсан үйлдэл нь зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулсан гэх гэмт хэргийн шинжийг хангасан, төгссөн гэмт хэрэг гэж үзлээ.
Тэрээр энэхүү тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал буюу алт олборлосон өөрсдийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд байгаль экологид учирсан хохирол, хор уршиг нь шүүгдэгчийн санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос тэдэнд зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзлээ.
Мөн шүүгдэгч Э.Н нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь иргэний нэхэмжлэгч, гэрч нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ болон бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул тэднийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Э.Ныг “хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутай тооцох нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хариуцлага болох ял шийтгэлийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч Б.Цэрэнтогтох: Шүүгдэгч Э.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 1 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч Э.Нт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Э.Нын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “...таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял” оногдуулах сонгомол санкцтай гэмт хэрэг байна.
Иймд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирол төлбөрөө төлсөн, төлөхөө илэрхийлсэн зэргийг шүүх харгалзан үзэж шүүгдэгч Э.Нт 5600 нэгж буюу 5.600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Э.Наранбатаарын гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид буюу эдэлбэр газарт 126203 төгрөгийн хохирол, газрын хэвлийд 1654120 төгрөгийн хохирол, усан орчинд 4.986.828 төгрөгийн хохирол учирсан байх ба Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дугаар хэсгийн 5-1-т “газрын хэвлийд учирсан хохирлыг байгаль орчинд учирсан хохирлыг тооцох аргачлалаар тооцон хохирлын хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, 49 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 4-4-т “усны нөөцөд учирсан хохирлыг тухайн газрын усны экологи-эдийн засгийн үнэлгээгээр гурав дахин нэмэглсэнтэй тэнцэх хэмжээгээр” нөхөн сэргээлтийн зардал 126.203х2=252.406 төгрөг, 1.654.120х2=3.308.240 төгрөг, 4.986.828х3=14.960.484 төгрөг буюу нийт 18.521.130 төгрөгийн хохирол тус тус учруулсан байх тул шүүгдэгч Э.Наас гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Шүүгдэгч Э.Нын нь гэмт хэргийн улмаас байгаль орчинд учруулсан хохирлыг 6.767.151 төгрөгийг шүүхийн шатанд төлсөн болох нь баримтаар тогтоогдож байх тул хохирлын 18.521.130 төгрөгөөс 6.767.151 төгрөгийг хасаж үлдэх 11.753.979 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж,
мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ. Тухайн хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдэж олсон болохыг мэдсээр байж авсан болох нь тогтоогдвол шүүх уг эд зүйл, хөрөнгө, орлогыг бусдын өмчлөлд шилжүүлсэн хэлцлийг хүчингүйд тооцож, хөрөнгө, орлогыг хураан авч хохирлыг нөхөн төлүүлнэ” гэж тус тус зааснаар шүүгдэгч Э.Нын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан бусдын өмчлөлийн Sinotruck маркийн 68-28 УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 17.763.000 төгрөгийг, Hyundai r 290 LC-7 маркийн 51-63 УБ улсын дугаатай тээврийн хэрэгслийн үнэ болох 7.488.000 төгрөгийг тус тус түүнээс гаргуулж улсын орлогоор шийвэрлэв.
2022 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн “Мөрдөгчийн тогтоол”-оор битүүмжилсэн Б.Золбаярын эзэмшлийн Sinotruck маркийн 68-28 УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг,
2022 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн “Мөрдөгчийн тогтоол”-оор битүүмжилсэн М.Баасанжаргалын эзэмшлийн Hyundai r 290 LC-7 маркийн 51-63 УБ улсын дугаатай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг шийтгэх тогтоол хүчинтөгөлдөр болсны дараа хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Бусад асуудлын талаар:
Эрүүгийн 2234006220115 дугаартай шүүгдэгч Э.Н нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э.Ныг “хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч Э.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Э.Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5.600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5.600.000 төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Нт шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Э.Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.600.000 төгрөгийн торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6. Шүүгдэгч Э.Н нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, 2022 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн “Мөрдөгчийн тогтоол”-оор битүүмжилсэн Б.Золбаярын эзэмшлийн Sinotruck маркийн 68-28 УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоол, 2022 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн “Мөрдөгчийн тогтоол”-оор битүүмжилсэн М.Баасанжаргалын эзэмшлийн Hyundai r 290 LC-7 маркийн 51-63 УБ улсын дугаатай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг тус тус хүчингүй болгож, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2, 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Наас экологи эдийн засгийн хохирол 11.753.979 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд олгосугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Нын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан бусдын өмчлөлийн Sinotruck маркийн 68-28 УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 17.763.000 төгрөгийг, Hyundai r 290 LC-7 маркийн 51-63 УБ улсын дугаатай тээврийн хэрэгслийн үнэ болох 7.488.000 төгрөгийг тус тус түүнээс гаргуулж улсын орлого болгосугай.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.
11. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, Э.Нт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН