Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/235

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Хулан хөтлөн,

Улсын яллагч: Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Онон,

Хохирогч ***ын өмгөөлөгч Ч.Шүрэнцэцэг /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0505/,

Шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Ч.Пүрэвсүрэн /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2049/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***од холбогдох эрүүгийн 2205013252127 дугаартай хэргийг 2023 оны 2 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:  

Монгол Улсын иргэн, 1984 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, боловсролгүй, жолооч, тогооч мэргэжилтэй, ***-д хүргэлтийн жолооч ажилтай, ам бүл 2, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо, *** гудамж, *** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, /РД:***/, урьд

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2004 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 204 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 279-р зүйлийн 279.1-д зааснаар 3 сар, 10 хоног баривчлах ял шийтгүүлсэн,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2004 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261-р зүйлийн 261.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, өмнөх тогтоолоор оногдуулсан ялын эдлээгүй үлдсэн 2 сар 20 хоногийг нэмж нэгтгэн 1 жил 2 сар 20 хоногийн хорих ял оногдуулж, 2006 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр хугацаа дуусаж суллагдсан,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 914 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 11 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 54 дугаартай захирамжаар 2 жил 8 сар 25 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж хяналт тогтоосон, 2022 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 22/43 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон, ***.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч *** нь 2022 оны 4 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “***” дэлгүүрийн агуулахад нэвтэрч зөөврийн компьютерүүд, гар утас зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогч ***д нийт 4.257.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч ***ыг “хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай агуулахад нэвтэрч үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтыг хавтаст хэргээс шинжлэн судлав. Үүнд: 

1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 9-10, 11-12 дахь тал),

2. Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 14-17 дахь тал),

3. Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би *** нэртэй хувцасны дэлгүүрийг ажиллуулдаг. Тухайн дэлгүүрийн агуулах нь Баянгол дүүргийн 10-р хороонд байрладаг. 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр ...манай агуулахын ажилчид болох *** менежер даргалаад, ***, ***, ***, ***, *** нар агуулахад ажиллаж байгаад орой 21 цагийн үед хаалгаа цоожлоод явсан байсан. Маргааш өглөө нь 2022 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 09 цагийн үед над руу байгууллагын менежер болох *** утсаар залгаад агуулахад хулгай орсон байна гэж хэлсэн. Би цагийн дотор буюу 10 цагийн үед агуулах дээр ирэх үед хаалганы хажуу талын цонх онгорхой доторх эд зүйлс эмх замбараагүй, гутлын мөр ихтэй байсан. Манай агуулахаас байгууллагын Самсунг A9 про загварын гар утас, Самсунг загварын Нотебүүк, Делл загварын нотебүүк, ТЖ загварын нотебүүк, Асер загварын нотебүүк, Ленова загварын нотебүүк нар алдагдсан байсан учраас цагдаагийн байгууллагад хандсан. Dell загварын нотебүүкийг 2022 оны 03 сард компьютер ландаас 1.850.000 төгрөгөөр худалдаж авсан, саарал нотебүүк, Самсунг загварын нотебүүкийг 2021 оны 09 сард 1.200.000  төгрөгөөр худалдаж авсан, саарал өнгийн нотебүүк, ТЖ загварын нотебүүкийг 2021 оны 09 сард 650.000 төгрөгөөр худалдаж авсан, хар өнгийн нотебүүк байсан, Асер загварын нотебүүкийг 2021 оны 09 сард 1.100.000 төгрөгөөр худалдаж авсан, саарал өнгийн нотебүүк байсан, Ленова маркын нотебүүкийг АНУ-с 2011 онд худалдаж авсан, саарал өнгийн нотебүүк байсан, Самсунг А9 про загварын гар утсыг 2021 оны 09 сард 400.000 төгрөгөөр худалдаж авсан. Хар өнгийн гар утас байсан. Манай агуулахын камерын бичлэгт үл таних эрэгтэй орж ирээд дээрх эд зүйлсийг авч явж байгаа дүрс бичлэг байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23, 188-189 дэх тал),

4. Иргэний нэхэмжлэгч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...*** гэж хүнийг огт танихгүй ямар нэг харилцаа холбоо байхгүй. Тухайн *** име дугаартай Самсунг А-9 про загварын гар утсыг одоо манай төрсөн хүү болох Э.Жавхлантөгс ашиглаж байгаа. Би 2022 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүрэгт байрлах “Драгон төв”-ийн 2 дугаар давхраас 390.000 төгрөгөөр худалдаж авсан. Би тухайн төвийн гар утас худалдааны 205 дугаар лангуунаас баталгааны хуудас бичүүлээд авсан. Тухайн лангууны худалдагч надад уг гар утсыг Солонгос улсаас орж ирсэн Монголд огт хэрэглээгүй утас гэж зарсан. Тухайн гар утсыг худалдаж авахад гар утсанд ямар нэгэн гэмтэл байгаагүй, аваад ашиглаж байгаад манай хүү уг утасны урд талын нүүрэн дэлгэцийн шилийг зүүн дээд, доод буланд нь тус тус хагалсан байсан. Гар утас худалдаж авсан төлбөрөө төлөхдөө өөрийн хаан банкны *** тоот данснаас Javkhlan utas гэсэн утгатай тухайн хүний данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27 дахь тал),

5. Гэрч С.***гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 4 дүгээр сарын 01-ний өглөө 09 цагт ирээд ажлаа хийж байгаад орой 21 цагийн үед ***, ***, ***, ***, *** нарын хамт агуулахаас гараад үүдээ цоожлоод явсан. 2022 оны 4 дүгээр сарын 02-ны өглөө гэртээ байж байсан чинь *** залгаад агуулахад хулгай орсон байна гэж хэлсэн. Би өөрийн ажлын байр дээр ирсэн чинь хаалганы зүүн талд байх цонх онгорхой байдалтай байсан. Би хаалгаар ороод дотор байх эд зүйлээ бүртгэсэн чинь нийлүүлж тавьсан 2 ширээн дээр байсан 4 ширхэг Samsung маркийн, Dell маркийн, LG маркийн нотебүүк байхгүй байсан. Би уг ширээний цаад талд байх ширээн дээр очоод харсан чинь Dell маркийн нотебүүк, мөн Samsung A9 pro маркийн утас байхгүй байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. ...Камерын бичлэг нь байгаа, сэжиглэж байгаа хүн байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29-30, 186-187 дахь тал),

6. Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би барьцаалан зээлдүүлэгч “***” ХХК-ыг ажиллуулдаг. Тухайн өдөр *** гэдэг хүн ажиллуулж байсан. 2022 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр *** гэх хүн гар утас, нотебүүк хоёрыг өөрийн иргэний үнэмлэхээр 300.000 төгрөгөөр тавьсан. Тухайн хүн нь дахин гар утас болон нотебүүкээ аваагүй, мөн хугацаагаа сунгуулаагүй. Манай байгууллагын журамд 14 хоногийн дотор өөрийн эд зүйлээ аваагүй тохиолдолд байгууллагын өмч болно гэж үйлчлүүлэгчдэд сануулдаг. Тухайн хүн нь ирж өмчөө аваагүй учраас би хүмүүст зарсан. ...Ямар ч байсан *** *** гэсэн регистртэй хүн өөрийн *** дугаарын дансаар 300.000 төгрөг авсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32-34 дэх тал),

7. Гэрч Д.Туулын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Баянгол дүүрэгт байрлах “***” ХХК-д ажиллаж байсан. Манайхаас зээл хүсэж байгаа хүн өөрийн цахим иргэний үнэмлэх, мөн өөрийн гадаад паспорттой хүнд үйлчилдэг. Тухайн хүн манайд орж ирээд Леново маркийн нотебүүк, Самсунг загварын А-9 про маркийн гар утас барьцаанд тавихаар орж ирсэн. Би тухайн хүнээс бичиг баримтыг нь шаардаж *** гэсэн өөрийнх нь иргэний цахим үнэмлэхээр үйлчилгээ үзүүлсэн. Тухайн хүн өөрөө мөн байсан. Тэгээд би үйлчилгээ үзүүлсэн. Харьцуулан хараад тулгалт хийхэд тухайн хүн өөрөө мөн байсан ба барьцааны тал мөнгийг нь тухайн *** гэж хүн өөрийн хаан банкны дансаа хэлээд өөрийнхөө дансаар авсан. Тухайн барьцаанд тавьсан эд зүйлээ буцааж аваагүй манайх гэрээнд заагдсан эрх үүргийн дагуу тухайн хүний эд зүйлийг хураан авч худалдан борлуулж байгууллагын мөнгөө гарган авсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 43-44 дэх тал),

8. “Дамно” ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн БГ2-22-692 дугаартай хөрөнгийн үнэлгээний: “Dell брэндийн зөөврийн компьютерыг 1.360.000 төгрөгөөр, TG брэндийн зөөврийн компьютерыг 520.000 төгрөгөөр, Acer брэндийн зөөврийн компьютерыг 752.000 төгрөгөөр, Samsung брэндийн i5 8-р үеийн зөөврийн компьютерыг 960.000 төгрөгөөр, Samsung A9 pro загварын гар утсыг 290.000 төгрөгөөр, алдагдсан эд зүйлсийг нийт 3.882.000 төгрөгөөр үнэлсэн.” гэх тайлан (хавтаст хэргийн 46-47 дэх тал),

9. “Дамно” ХХК-ийн 2023 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн БГ2-23-69 дугаартай хөрөнгийн үнэлгээний “Леново маркийн зөөврийн компьютерыг 375.000 төгрөгөөр үнэлсэн” гэх тайлан (хавтаст хэргийн 191-192 дахь тал),

10. Барьцаат зээлийн гэрээний хуулбар (хавтаст хэргийн 110 дахь тал),

11. Эд зүйл хүлээлгэн өгсөн: “...Хохирогч ***д Самсунг галакси А-9 про загварын урд шилэн дэлгэц зүүн дээд, доод буландаа хагарсан Цэнхэр өнгийн гар утсыг 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээлгэн өгч тэмдэглэл үйлдэв” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 121 дэх тал),

12. Шүүгдэгч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би хийсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч ухамсарлан ойлгож гэмшиж байна. Би хохирлоо ажил хийгээд цалингаасаа төлж барагдуулаад явж байгаа...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 79-80, 202-203 дахь тал),

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж хэлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргаж өгсөн Говь-Хангай компанийн тодорхойлолт, хохирол төлбөр төлсөн тухай нийт 5 ширхэг баримт зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 109 дэх тал), бүрэн дунд боловсролын үнэмлэхийн тодорхойлолтын хуулбар (хавтаст хэргийн 111 дэх тал), жолоодох эрхийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 112 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 113 дахь тал), гэрч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 1988 онд Улаанбаатар хотоос Галын Алтанцэцэг гэдэг түүний төрсөн ээжээс ***ыг 4 нас хүрч байхад нь өргөж авч байсан. Тэрнээс хойш *** нь надтай өссөн. *** нь 10 жилээ Хан-Уул дүүргийн 32-р сургуульд суралцаж төгссөн. Тэгээд цэрэгт 2002 онд явсан, оныг нь одоо сайн санахгүй байна. Ер нь надтай хамт амьдардаг үг дуу цөөтэй ажилсаг нийтэч хүүхэд байгаа юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 129-130 дахь тал), шийтгэх тогтоолын хуулбарууд (хавтаст хэргийн 136, 137-138, 139-144 дэх тал), эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 165 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч ***оос гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хавтаст хэргийн 37-40 дэх талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.  

Шүүхээс хийсэн эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Шүүгдэгч ***ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг хувийн ашиг олох шунахай сэдэлт зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар буюу өмчлөгч болон бусад эргэн тойрны хүмүүст мэдэгдэхгүйгээр хууль бусаар авч буй үйлдэл бөгөөд үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлснээр төгсдөг.   

Мөн хулгайлах гэмт хэргийг “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” үйлдсэн бол хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжид тооцохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан.

Хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримтуудад дүгнэлт хийхэд шүүгдэгч *** нь 2022 оны 4 дүгээр сарын 01-02-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “***” дэлгүүрийн агуулахад буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч 5 ширхэг зөөврийн компьютер, 1 ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогч ***д нийт 4.257.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

Тодруулбал, хохирогч ***ын “...Манай агуулахаас байгууллагын Самсунг A9 про загварын гар утас, Самсунг загварын Нотебүүк, Делл загварын нотебүүк, ТЖ загварын нотебүүк, Асер загварын нотебүүк, Ленова загварын нотебүүк нар алдагдсан...” гэх, иргэний нэхэмжлэгч ***ийн “...*** име дугаартай Самсунг А-9 про загварын гар утсыг одоо манай төрсөн хүү болох Э.Жавхлантөгс ашиглаж байгаа. Би 2022 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүрэгт байрлах “Драгон төв”-ийн 2 дугаар давхраас 390.000 төгрөгөөр худалдаж авсан. Би тухайн төвийн гар утас худалдааны 205 дугаар лангуунаас баталгааны хуудас бичүүлээд авсан...” гэх, гэрч С.***гийн “...Би Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх *** хүүхдийн хувцасны дэлгүүрийн агуулахад менежер хийдэг юм. ...2022 оны 4 дүгээр сарын 02-ны өглөө гэртээ байж байсан чинь *** залгаад агуулахад хулгай орсон байна гэж хэлсэн. Би өөрийн ажлын байр дээр ирсэн чинь хаалганы зүүн талд байх цонх онгорхой байдалтай байсан...” гэх, гэрч *** “...Би барьцаалан зээлдүүлэгч “***” ХХК-ыг ажиллуулдаг. ...2022 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр *** гэх хүн гар утас, нотебүүк хоёрыг өөрийн иргэний үнэмлэхээр 300.000 төгрөгөөр тавьсан. Тухайн хүн нь дахин гар утас болон нотебүүкээ аваагүй, мөн хугацаагаа сунгуулаагүй. Манай байгууллагын журамд 14 хоногийн дотор өөрийн эд зүйлээ аваагүй тохиолдолд байгууллагын өмч болно гэж үйлчлүүлэгчдэд сануулдаг. ...Ямар ч байсан *** *** гэсэн регистртэй хүн өөрийн *** дугаарын дансаар 300.000 төгрөг авсан...” гэх, гэрч Д.Туулын “...Би 2022 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Баянгол дүүрэгт байрлах “***” ХХК-д ажиллаж байсан. ...Тухайн хүн манайд орж ирээд Леново маркийн нотебүүк, Самсунг загварын А-9 про маркийн гар утас барьцаанд тавихаар орж ирсэн. Би тухайн хүнээс бичиг баримтыг нь шаардаж тухайн *** гэсэн өөрийнх нь иргэний цахим үнэмлэхээр үйлчилгээ үзүүлсэн. ...Тухайн барьцаанд тавьсан эд зүйлээ буцааж аваагүй манайх гэрээнд заагдсан эрх үүргийн дагуу тухайн хүний эд зүйлийг хураан авч худалдан борлуулж байгууллагын мөнгөө гарган авсан...” гэх мэдүүлгүүд, “Дамно” ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн БГ2-22-692 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, “Дамно” ХХК-ийн 2023 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн БГ2-23-69 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, барьцаат зээлийн гэрээний хуулбар, хэргийн газарт болон камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл зэргээр хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний өмчлөх эрхэд халдсан хууль бус бөгөөд бусдын эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж амар хялбар аргаар эд хөрөнгө олж авах гэсэн шууд санаатай, шунахай сэдэлтэйгээр үйлдэгджээ.

Иймд, прокуророос ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх гэж дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч ***ыг “хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай агуулахад нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч нар нь “хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргах мэтгэлцэх зүйл байхгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэж мэдүүлж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч *** нь “Хулгайлах” гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалтай агуулахад нэвтэрч үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Гэм буруугийн болон Шударга ёсны зарчимд нийцнэ.   

Шүүгдэгч ***од ял шийтгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу тэрээр шөнийн цагаар бусдын үйл ажиллагаа явуулах агуулахад хууль бусаар нэвтэрч бусдын өмчлөх эрхэд халдсан, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хохирлыг нөхөн төлсөн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч, маргаагүй зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтлоо.

Шүүгдэгч *** нь 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр сэжигтнээр 24 цаг баривчлагдсан, 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүртэл 29 хоног, нийт 30 хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д “шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно” гэж зааснаар түүний цагдан хоригдсон 30 хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.

Гурав. Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, бусад асуудлын талаар:

Шүүгдэгч ***ын үйлдсэн хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч ***д нийт 4.257.000 төгрөгийн хохирол учирсан болох нь Дамно ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн үнэлгээгээр ...Dell брэндийн 2021 онд худалдан авсан 2 ширхэг хуучин зөөврийн компьютерыг нийт 1,360,000 төгрөгөөр, TG брэндийн 2021 онд худалдан авсан хуучин 1 ширхэг зөөврийн компьютерыг 520,000 төгрөгөөр, Acer брэндийн 2021 онд худалдан авсан 1 ширхэг хуучин зөөврийн компьютерыг 752,000 төгрөгөөр, Samsung брэндийн i5 8-р үе, 2021 онд худалдан авсан 1 ширхэг хуучин зөөврийн компьютерыг 960,000 төгрөгөөр, Samsung A9 Pro загварын 2021 онд худалдан авсан 1 ширхэг хуучин гар утсыг 290,000 төгрөгөөр, нийт 3,882,000 төгрөгөөр үнэлэв...” гэх, мөн Дамно ХХК-ийн 2023 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн “...Lenovo маркийн 2011 онд АНУ-аас худалдаж авсан 1 ширхэг зөөврийн компьютерыг 375,000 төгрөгөөр үнэлэв” гэх хөрөнгө үнэлгээний тайлангуудаар тогтоогджээ.  

Мөрдөн шалгах ажиллагаанд 290,000 төгрөгөөр үнэлэгдсэн Samsung A9 pro загварын гар утсыг иргэний нэхэмжлэгч ***ээс хураан авч хохирогч ***д хүлээлгэн өгсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан эд зүйл хураан авах мөрдөгчийн санал, эд зүйл хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл зэрэг баримтуудаар тогтоогдсон, шүүхийн шатанд шүүгдэгч *** нь хохирогч ***д учирсан хохирлыг үнэлгээний тайланд заасан үнийн дүнгээр буюу нийт 3,968,000 төгрөгийг нөхөн төлсөн болох нь шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргаж өгсөн Хаан Банкны мөнгөн шилжүүлгийн баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч ***оос хохирогч ***д төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Харин иргэний нэхэмжлэгч *** нь Samsung A9 pro загварын гар утсыг 390,000 төгрөгөөр худалдан авсан байх бөгөөд уг хохирлыг төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгч ***оос гаргуулан иргэний нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасны дагуу гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт тооцож 390,000 төгрөгийг шүүгдэгч ***оос гаргуулж, иргэний нэхэмжлэгч ***т олгох хууль зүйн үндэслэлтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт диск нь хэрэгт ач холбогдол бүхий байх тул хэргийн хамт хадгалахаар шийдвэрлэж, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч ***од хорих ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өмнө авсан “Хувийн баталгаа гаргах” болон “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарч явахыг хязгаарлах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол авах үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай агуулахад нэвтэрч” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч ***од 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***од оногдуулсан 2 (хоёр) жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ***ын цагдан хоригдсон нийт 30 (гуч) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар ***оос 390,000 /гурван зуун ерэн мянга/-н төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч ***т олгосугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт диск нь хэрэгт ач холбогдол бүхий байх тул хэргийн хамт хадгалахаар шийдвэрлэж, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч *** нь хохирогч ***д 3,968,000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч ***од өмнө авсан “Хувийн баталгаа гаргах” болон “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарч явахыг хязгаарлах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч ***од өмнө авсан “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарч явахыг хязгаарлах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болсон талаар Хил Хамгаалах Ерөнхий Газарт мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               С.БОЛОРТУЯА