Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 497

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Хишигдэлгэр даргалж, ерөнхий шүүгч Г.Мягмарсүрэн, шүүгч О.Одончимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  Булган аймгийн ... оршин суух,  Б  овогт П.Г  -ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Булган аймаг, ... оршин суух, А  овогт Ж.А  -д холбогдох,

Гэм хорын хохирол 5.612.500  /таван сая зургаан зуун арван хоёр мянга таван зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2019/00455/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Г , хариуцагч Ж.А , иргэдийн төлөөлөгч С.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Батсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.Г  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Булган аймгийн Бугат сумын нутаг  “Түлүүгийн даваа” гэх газар миний бие суран эдлэл, айраг зарж байхад иргэн Ж.А  нь “Портер” маркийн машинтай зэрэгцэн айраг зарж байсан. Ж.А  нь тухайн үед ялаа үргээхээр утаа тавьж байсан ба Б , эхнэрийн хамт түүн дээр ирээд ”бензин зараач гэж гуйсан ба түүнд бензин таслан өгч байгаад утаан дээр бензин үсэрч гал алдсан. Би тухайн үед түүнд машинаас хол хий, машин шатаачихвий гэж 2 удаа сануулсан боловч тоогоогүй хийсэн. Гал гарах үед савтай бензинээ Б  машин луу шидчихсэн. Үүнээс болж машин шатсан тул Онцгой байдлын газар, Цагдаагийн газрыг дуудсан. Уг дуудлагын дагуу гал түймрийн улсын байцаагч, дэслэгч Ж.Эрдэнэбулган зөрчлийг газар дээр нь шалган үзээд Галын аюулгүй байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.7, Зөрчлийн тухай хуулийг баримтлан  2 иргэнийг буруутай гэж үзсэн.

Иймд үнэлгээний газраас гаргасан дүгнэлтийн дагуу Ч.Б , Ж.А  нараас гарсан хохирлыг хувааж төлнө гэсэн ба Ч.Б  нь 5.612.500 төгрөгийг өгсөн. Иймд Ж.А гаас гар утас болон машины үнэлгээний 50 хувь болох нийт 5.612.500 /таван сая зургаан зуун арван хоёр мянга таван зуу/ төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна гэв.

Хариуцагч  Ж.А  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:  2019 оны 07 дугаар сарын 17-ны өглөө Б  гуай, эхнэр Энхээгийн хамт ирж 5 л бензин зараач гэж гуйсан. Би түүнд “ би бензин зарахгүй, дараа авч өгөөрэй” гэж хэлсэн. Ч.Б  гуай 5 л усны сав авч ирээд өөрөө бензин соруулж авсан ба шланк нь хатуу, шар шланк байсан. Тэгэхээр нь би “наад шланк чинь нугардаг юм биш үү, болгоомжтой байгаарай” гэж анхааруулж хэлсэн. Тэгтэл сав дүүрсэн шланкаа өргөхөд бензин цацагдсан ба миний машины ард талд байсан уугиж байсан аргал руу үсэрч гал гарсан. Бид нар гал унтраах гээд чадаагүй ба үүнээс болж П.Г ын машин шатсан. Б  гуай надад  хэлэхдээ “миний буруутай үйлдэл учир энэ машиныг би бүрэн төлнө, чамд буруу байхгүй” гэж хэлсэн ба энэ талаар би нэхэмжлэгчид хэлсэн. Б  гуайтай ч нэхэмжлэгчийг яриулсан.

Иймд энэ нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа үнийн дүн өндөр байна. Миний хувьд 2000000 /хоёр сая/ төгрөг өгөх боломжтой гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П.Г  нь хариуцагч Ж.А гаас гэм хорын хохирол 5.612.500 /таван сая зургаан зуун арван хоёр мянга таван зуу/ төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн **-** БУЛ улсын дугаартай “Toyota Granvia 0” маркийн тээврийн хэрэгсэл нь миний буруутай үйлдлээс шатаагүй, нэхэмжлэгч П.Г ын нэхэмжлэлийн шаардлага  5.612.500 /таван сая зургаан зуун арван хоёр мянга таван зуу/ төгрөг байгаа нь өндөр байна гэж маргажээ.

2019 оны 7 дугаар сарын 17-ны өдөр иргэн Ж.А , Ч.Б  нар бензин  савлах үед шаланкыг сугалахад бензин утаа тавьж байсан аргал дээр цацагдаж, гал гарч  Галын аюулгүй байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.1 /Ахуйн галын аюулгүй байдлыг бүрэн хангаж, холбогдох хууль тогтоомж, галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичгийн шаардлагыг сахин биелүүлэх/, Галын аюулгүй байдлын үндсэн дүрмийн 6 дугаар зүйлийн 6.2 /Тээврийн хэрэгслийн зогсоолд ил гал гаргах, хог шатаах, чингэлэг байрлуулахыг хориглоно/-т  заасныг тус тус зөрчснөөс гал гарсан үйл баримт тогтоогджээ.

Үүнтэй холбоотойгоор зөрчил гаргагч Ж.А д Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1-д зааснаар 100 /зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлд заасныг удирдлага болгон хялбаршуулсан журмаар тухайн зөрчлийн хэргийг шийдвэрлэсэн байна.

Уг зөрчлийн хэргийн улмаас нэхэмжлэгч П.Г ын эзэмшлийн **-** БУЛ улсын дугаартай “Toyota Granvia 0” маркийн авто машин шатаж, 11.225.000 /арван нэгэн сая хоёр зуун хорин таван мянга/  төгрөгийн хохирол учирсан болох нь 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 039/06 дугаартай Булган аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын байцаагчийн гал түймэр гарсан тухай акт /хэргийн 5-6-р хуудас/, “Тольдох оюуны өгөөж” ХХК-ийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны №19/102 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 9-12, 15-16-р хуудас/, Нэхэмжлэгчийн “Toyota Granvia 0”  авто машины  шатсан тухай фото зураг /хэргийн 17-19-р хуудас/, Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлийн хуулбар /хэргийн 60-61-р хуудас/, Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлд холбогдогч Ж.А гийн өгсөн “...Утаа тавьж,  ил гал гаргасан байснаас үүдэн бензинтэй анхаарал болгоомжгүй харьцсан байдлаас гал гарсан. Миний болгоомжгүй буруутай үйлдлээс болж гарсан” гэх мэдүүлэг зэрэг баримтаар тогтоогдож байна.

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шинэчлэн судалсан дээрх нотлох баримт болон хариуцагч Ж.А гийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар  хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчид нийт 11225000 /арван нэг сая хоёр зуун хорин таван мянга/ төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдож байх бөгөөд нийт хохирол  болох 11225000 /арван нэг сая хоёр зуун хорин таван мянга/ төгрөгийн 50 хувийг хариуцагч Ж.А гаас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасантай нийцэж байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгах үүрэгтэй.

Мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хорыг учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан. 

Хариуцагч тээврийн хэрэгслийг өмнө нь байсан байдалд нь сэргээж өгөөгүй тул нэхэмжлэгч учирсан хохирлоо мөнгөөр нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч П.Г ын эзэмшлийн **-** БУЛ улсын дугаартай “Toyota Granvia 0” маркийн машины үнэлгээ болон учирсан хохиролд хариуцагч маргаж мэтгэлцээний байр суурь илэрхийлээгүй болно.

Иймд хариуцагч Ж.А гаас  5.612.500 /таван сая зургаан зуун арван хоёр мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч П.Г т олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 104750 /нэг зуун дөрвөн мянга долоон зуун тавь/ төгрөгийг Төрийн санд  хэвээр үлдээж, хариуцагчаас 104750 /нэг зуун дөрвөн мянга долоон зуун тавь/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Ж.А гаас 5.612.500 /таван сая зургаан зуун арван хоёр мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч П.Г т олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Г ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104.750 /нэг зуун дөрвөн мянга долоон зуу/  төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ж.А гаас 104.750 /нэг зуун дөрвөн мянга долоон зуу/  төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч П.Г т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогч хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Л.ХИШИГДЭЛГЭР

                              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Г.МЯГМАРСҮРЭН

                                            ШҮҮГЧ                           О.ОДОНЧИМЭГ