Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 128/ШШ2022/0085

 

 

 

 

 

 

 

   2022         02           14                                  128/ШШ2022/0085

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.О даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Т Т С Э Т”ХХК

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Н, Г.Г, Ч.Э

Хариуцагч: Нийслэлийн Татварын газрын татварын улсын байцаагч Т.О, А.Б

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Мөнгөнтулга нарыг оролцуулан татварын маргааныг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нацагдорж, Г.Г, Ч.Э, хариуцагч Нийслэлийн Татварын газрын татварын улсын байцаагч Т.О, А.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 1. Нэхэмжлэгч “Т Т С Э Т”ХХК нь Нийслэлийн Татварын газарт холбогдуулан “...Нийслэлийн Татварын газрын 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2220802079 тоот Нөхөн ногдуулалтын актын 3 дугаар хэсгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т заасны дагуу хүчингүй болгуулах” шаардлагаар маргаж байна.

2. Нийслэлийн Татварын газрын татварын улсын байцаагч Т.О, А.Бнар “Т Т С Э Т”ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны татвар ногдуулалт, төлөлтийн байдалд иж бүрэн хяналт шалгалт хийж, нийт 2,276,481,791.76 төгрөгийн 4 төрлийн зөрчил илрүүлж, нийт 230,502,020.73 төгрөгийн төлбөр ногдуулснаас хувьцаа борлуулсны 1,076,076,000.00 төгрөгийн зөрчилд ногдуулсан 87,531,814.30 төгрөгийн төлбөрийг нэхэмжлэгч тал эс зөвшөөрч, Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан бөгөөд тус гомдлыг Нийслэлийн Татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөл 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хэлэлцэж маргаан таслах зөвлөлийн 17 тоот тогтоолоор татварын улсын байцаагчийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2220802079 дүгээр нөхөн ногдуулалтын актыг хэвээр баталсан байна.

3. Дээрх тогтоолыг нэхэмжлэгчид 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Нийслэлийн Татварын газрын 104 тоот уулзалтын өрөөнд гардуулсан байна.

4. “Т Т С Э Т”ХХК-ийн дэд захирал Ж П нь 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Нийслэлийн Татварын газрын 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2220802079 тоот нөхөн ногдуулалтын актын 3 дугаар хэсгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т заасны дагуу хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:

Маргаан бүхий захиргааны акт нь дараах үндэслэлээр хууль бус: Үүнд:

4.1. ”Т Т Э Т” ХХК нь 2010 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ачаа тээврийн болон бусад үйл ажиллагаа эрхлэх үйл ажиллагааны чиглэлтэйгээр үүсгэн байгуулагдсан бөгөөд одоогоор Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт байрлах Таван толгой нүүрсний уурхайгаас Дорноговь аймгийн Ханги болон Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтуудын чиглэлээр нүүрс тээврийн үйл ажиллагаа явуулж байна.

Тус компаниас “2019 оны 391,074,495.62 төгрөгийн татварын алдагдлыг баталгаажуулах” тухай хүсэлтийг Нийслэлийн Татварын газарт 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 20/66 тоот албан бичгээр хүргүүлсний дагуу 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хугацаанд албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд Татварын улсын байцаагч Т.О, А.Бнар тус компанид татварын иж бүрэн шалгалтыг хийж гүйцэтгэн, 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2220802079 тоот нөхөн ногдуулалтын акт ногдуулсан.

Энэхүү актаар:

 А. Монгол Улсын нутаг дэвсгэрт гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний борлуулалтын орлогод НӨАТ ногдуулаагүй /шийдвэрлэсэн дүн: 110,394,342.0 төгрөг/

Б. Оршин суугч бус этгээдээс зээлээр худалдан авсан тээврийн хэрэгслийн хүүгийн төлбөрт татвар ногдуулаагүй /шийдвэрлэсэн дүн: 28,920,784.4 төгрөг/

В. Компанийн 80%-ийн хувьцаа борлуулсан орлогыг тайлагнаагүй, татвар ногдуулаагүй /шийдвэрлэсэн дүн: 87,531,814.3/

Г. Тээврийн хэрэгслийн чиргүүлийн албан татварыг төлөөгүй /шийдвэрлэсэн дүн: 3,655,080.0 төгрөг/ гэсэн 4 төрлийн зөрчилд нийт 230,502,020.7 төгрөгийн нөхөн татвар, алданги, торгууль ногдуулсан.

Албан татвар төлөгч бидний зүгээс тус нөхөн ногдуулалтын актад дурдсан дээрх 4 зүйлээс 1, 2 болон 4 дүгээр зүйлд заасан татвар ногдуулалтыг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд 3-р зүйлд заасан 87,531,814.3 төгрөгийн албан татвар ногдуулалтыг хууль зөрчсөн гэж үзэн хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба дараах үндэслэлээр нэхэмжлэл гаргаж байна. Үүнд:

Тус компанийн хувьцааг худалдан борлуулах ямарваа нэгэн үйл ажиллагаа 2019 онд хийгдээгүй бөгөөд 2020 онд нэмж 4 ширхэг хувьцааг шинээр гаргаж, нэмж хөрөнгө оруулалт татсан. Компанийн эзэмшигч болон хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээтэй холбоотой үйл явдлын дэс дарааллыг тодруулбал:

1. Тус компани нь 2010 оны 10 дугаар сарын 05-ны өдөр үүсгэн байгуулагдаж, улсын бүртгэлд бүртгэгдэж, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг авсан. Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ 127,000,000 төгрөг /100,000 ам доллар/ бөгөөд хувьцаа эзэмшигч нь Их Британийн Виржиний арлуудын “И Л”юм.

2. 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр “Т Т С Э Т”ХХК-ийн Хувьцаа эзэмшигч буюу компанийн хувьцаа эзэмшигч “И Л”компаниас 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн хурлаар гаргасан Компанийн дүрэмд өөрчлөлт оруулах тухай шийдвэрийг үндэслэн Компанийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2.1-д заасны дагуу компанийн хувьцааны үнийг өсгөж, улмаар хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлж, тухайн өдрийн Монгол банкны албан ханшид шилжүүлэн 266,769,000 төгрөг /100,000 ам доллар/ болгож өөрчилсөн.

Гэвч энэ шийдвэрийн дагуу компанийн хувьцаа эзэмшигч өөрчлөгдөөгүй буюу “И Л”компани хувьцааны цорын ганц эзэмшигч хэвээр байсан.

3. Үүний дараа тус компанийн Хувьцаа эзэмшигч буюу “И Л”компаниас Компанийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэг “Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрт үндэслэн дор дурдсан хэлбэрээр өөрчилж болно” гээд 31.2.2-т “хувьцаа нэмж гаргах замаар өсгөх” гэж заасны дагуу 1 /нэг/ бүрийн 266,769,000 төгрөгийн үнэ бүхий 4 ширхэг хувьцааг шинээр нэмж гаргах замаар “Т Т С Э Т”ХХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлж, “С Б И”компанид эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн.

Энэхүү хувьцаа эзэмшигчийн шийдвэрийг 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Монгол Улсын энэхүү хувьцаа эзэмшигчийн шийдвэрийг 2019.12.29-ний өдөр Монгол Улсын нотариатчаар баталгажуулсан.

4. Түүнчлэн 2020.02.14-ний өдөр БНХАУ-ын нотариатчийн гэрчилсэн “С Б И”компанийн шийдвэрээр “С Б И”нь “Т Т С Э Т”ХХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг 556,000 ам доллараар нэмэгдүүлж, хөрөнгө оруулалт хийж, компанийн шинээр гаргасан энгийн 4 ширхэг хувьцаа буюу 80 хувийн хувьцааны эзэмшигч болсон.

 Улмаар шинээр гаргасан хувьцааны үнэ болох 556,000 ам долларыг 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр “Т Т С Э Т”ХХК-ийн голомт банк дахь 3205108584 тоот дансанд хүлээн авсан. Ийнхүү тус компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ 1,333,845,000 төгрөг болж 2 хувьцаа эзэмшигчтэй болсон.

а/ 20 хувь “И Л”/266,769,000 төгрөг

б/ 80 хувь “С Б И”/1,067,076,000 төгрөг/

5. Шинээр гаргасан нэг бүр нь 266,769,000 төгрөгийн үнэ бүхий 4 ширхэг энгийн хувьцааг гаргаж “Т Т С Э Т”ХХК-ийн компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлж, 80 хувийн хувьцааг Сингапур улсын “С ПТЕ.ЛТД”-д эзэмшүүлснийг 2020.03.13-ны өдөр Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэг, Компанийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.5 дахь хэсэг, “Хуулийн этгээд, түүний салбар, төлөөлөгчийн газрын улсын бүртгэл хөтлөх журам, хувьцаа эзэмшлийн гэрээний дагуу Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн. Энэхүү компанийн 4 ширхэг энгийн хувьцааг шинээр гаргаж, шинэ хувьцаа эзэмшигчид эзэмшүүлж, хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлсэн явдал нь Компанийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.9 дэх хэсэгт “Компанийн дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлт, шинэчлэн найруулсан дүрэм нь улсын бүртгэлд бүртгэснээр хүчин төгөлдөр болно” гэж заасны дагуу 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр албан ёсоор бүртгэгдэж баталгаажсан болох нь “Т Т С Э Т”ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн дүрэм, мөн өдөр шинээр олгосон улсын бүртгэлийн гэрчилгээгээр тус тус нотлогдоно.

6. Түүнчлэн “С Б И”комани 2019.12 дугаар сарын 19-ний өдөр Сингапур улсад үүсгэн байгуулагдсан бөгөөд “И Л”компаниас шинээр гаргасан хувьцааг “Стар баннер интернэшнл ПТЛ.ЛТД компанид 2019 онд шилжүүлсэн тухай баримтууд байхгүй болно.

Өөрөөр хэлбэл, “И Л”компанийн шийдвэрүүд 2019 онд гарсан боловч шинээр гаргасан хувьцааг “С ПТЕ.ЛТД компани нь 2019 онд өөрийн өмчлөлд шилжүүлж аваагүй, уг шийдвэрүүд 2019 онд улсын бүртгэлийн байгууллагад бүртгэгдэж хүчин төгөлдөр болоогүй байсан, түүнчлэн энэхүү хувьцаа шинээр гаргах, хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх үйл явц 2020 онд дуусгавар болсон байх тул шинээр гаргасан 80 хувийн хувьцааны төлбөрт 2019 онд татвар ногдуулах нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэхээр байна.

7. Нөхөн ногдуулалтын актын 3 дугаар зөрчлийг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3 дахь заалт буюу “Хувьцаа үнэт цаас борлуулалтын орлого” гэж татварын нөхөн ногдуулалтын үндэслэлийг тодорхойлсон байгаа боловч хувьцааны борлуулалтын орлого 2019 онд бүртгэгдээгүй, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д аж ахуйн нэгж, байгууллага нь “Санхүүгийн тайлангийн олон улсын стандарт”-ыг дагаж мөрдөхөөр заасан.

8.  Мөн “Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт” /СТОУС/-ын 15:-д “Орлого гэж аж ахуйн нэгжийн ердийн үйл ажиллагааны явцад тайлант хугацаанд бий болсон бөгөөд өмч эзэмшигчдээс  оруулсан хөрөнгөөс бусад шалтгаанаар өмчийн өсөлт хэлбэрээр илэрсэн эдийн засгийн өгөөжийн дотогш урсгал” гэж тодорхойлсон. Өөрөөр хэлбэл, компанийн эдийн засгийн өгөөжийн дотогш урсгал бөгөөд “Т Т С Э Т”ХХК нь өөрийн хувьцааны үнийг өсгөсөн үйлдэл нь компанийн ердийн үйл ажиллагаанаас олсон орлого биш юм. Иймд компани нэгж хувьцааны үнийг өсгөсөн асуудлыг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3-т заасан хувьцаа, үнэт цаас борлуулсны орлого буюу компанийн үйл ажиллагааны орлого гэж бидний зүгээс үзэхгүй байгаа болно.

9. Мөн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.8 дахь хэсэгт: “Хувьцаа бусад үнэт цаас борлуулсан тохиолдолд албан татвар ногдуулах орлогыг тодорхойлохдоо нийт хувьцаа, бусад үнэт цаас худалдсан үнээс тэдгээрийг худалдан авсан үнэ болон худалдан авахад төлсөн баримтаар нотлогдож байгаа шимтгэлийн нийт дүнг хасаж тооцно. Энэ заалтад тухайн хуулийн этгээдийн гаргасан өөрийнх нь хувьцаа, бусад үнэт цаас хамаарахгүй” гэж заасан байгаа нь хуулийн этгээд өөрийн хувьцааны үнийг нэмэгдүүлэх нь татвар ногдуулах орлого болохгүй гэдгийг харуулж байна.

Тодруулбал, Татварын байцаагчийн Нөхөн ногдуулалтын актын 3-т Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулийн 16 дугаар зүйлийн 16.8 дахь хэсэгт буюу “Хувьцаа үнэт цаас борлуулсан тохиолдолд албан татвар ногдуулах орлогыг тодорхойлохдоо нийт хувьцаа, бусад үнэт цаас худалдсан үнээс тэдгээрийг худалдан авсан үнэ болон худалдан авахад төлсөн баримтаар нотлогдож байгаа шимтгэлийн нийт дүг хасаж тооцно” гэсэн татварын үндэслэлээр нөхөн ногдуулалт тавьсан байгаа боловч энэхүү заалтад “энэ заалтад тухайн хуулийн этгээдийн гаргасан өөрийнх нь хувьцаа, бусад үнэт цаас хамаарахгүй” гэж заасан байх бөгөөд манай компанийн зүгээс өөрийн компанийн хувьцааг борлуулаагүй бөгөөд зөвхөн хувьцааны үнийг өсгөсөн тул хувьцаа борлуулсан гэж үзэхгүй байгаа болно.

10. Түүнчлэн, Компанийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т “Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрт үндэслэн дор дурдсан хэлбэрээр өөрчилж болно”, 31.2.1-д “нэгж хувьцааны нэрлэсэн үнийг өсгөх эсхүл бууруулах” гэж заасны дагуу компани нь хувьцааны үнийг нэмэгдүүлэх эрхтэй бөгөөд ийнхүү нэмэгдүүлж байгаа нь үйл ажиллагаанаас олж буй орлого биш гэж үзэж байгаа болно.

Иймд Нийслэлийн татварын газрын татварын улсын байцаагч Т.О, А.Бнарын 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2220802079 тоот Нөхөн ногдуулалтын актын 3 дугаар хэсгийг хүчингүйд тооцож өгнө үү” гэжээ.

4.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Тус компани нь 2010 оны 10 дугаар сарын 05-ны өдөр үүсгэн байгуулагдаж улсын бүртгэлд бүртгэгдэж, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг авсан. Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ 127,000,000 төгрөг бөгөөд хувьцаа эзэмшигч нь Их Британи Улсын Виржинийн арлуудын “Инсе трэйдинг энд ложистикс лимитэд” компани юм. Хувьцаа эзэмшигч “Инсе трэйдинг энд ложистикс лимитэд” компаниас 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн хурлаар гаргасан компанийн дүрэмд өөрчлөлт оруулах тухай шийдвэрийг үндэслэн Компанийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2.1-д заасны дагуу компанийн хувьцааны үнийг өсгөж, улмаар хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлж тухайн өдрийн Монгол банкны албан ханшид шилжүүлэн 266,769,000 төгрөг болгож өөрчилсөн. Гэвч энэ шийдвэрийн дагуу компанийн хувьцаа эзэмшигч өөрчлөгдөөгүй буюу “Инс лимитэд” компани хувьцааны цорын ганц эзэмшигч хэвээр байсан. Компанийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т “Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрт үндэслэн дор дурдсан хэлбэрээр өөрчилж болно” гээд 31.2.2-т “хувьцаа нэмж гаргах замаар өсгөх” гэж заасны дагуу нэг бүрийн 266,769,000 төгрөгийн үнэ бүхий 4 ширхэг хувьцааг шинээр нэмж гаргах замаар “Т Т С Э Т”ХХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлж “ С ” компанид эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Энэхүү хувьцаа эзэмшигчийн шийдвэрийг 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдөр нотариатчаар баталгаажуулсан. 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр “С ” компанийн шийдвэрээр “Т Т С Э Т”ХХК –ийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг 556,000 төгрөгөөр, Ашигт малтмал, газрын тосны газар доллараар нэмэгдүүлж, хөрөнгө оруулалт хийж, компанийн шинээр гаргасан энгийн 4 ширхэг хувьцаа буюу 80 хувийн хувьцааны эзэмшигч болсон. Ийнхүү тус компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ 1,333,845,000 төгрөг болж 2 хувьцаа эзэмшигчтэй болсон. “С” компани 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Сингапур улсад үүсгэн байгуулагдсан. 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр “Т Т С Э Т”ХХК –ийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлж 80 хувийн хувьцаа “С” компанид эзэмшүүлэхээр хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газар бүртгүүлсэн. Компанийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.9-д “Компанийн дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлт, шинэчлэн найруулсан дүрэм нь улсын бүртгэлд бүртгэснээр хүчин төгөлдөр болно” гэж заасан. “И ” компаниас шинээр гаргасан хувьцааг “С ” компанид 2019 онд шилжүүлсэн тухай баримтууд байхгүй. Өөрөөр 2019 онд өөрийн өмчлөлд шилжүүлж аваагүй, хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх үйл явц 2020 онд дуусгавар болсон байх тул шинээр гаргасан 80 хувийн хувьцааны төлбөрт 2019 онд татвар ногдуулах нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэхээр байна. Татварын байцаагчийн актын 3-т Аж ахуй нэгийн орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.8-т хувьцаа үнэт цаас борлуулсан тохиолдолд албан татвар ногдуулах орлогыг тодорхойлохдоо нийт хувьцаа үнэт цаас худалдсан үнээс тэдгээрийг худалдан авсан үнэ болон худалдан авахад төлсөн баримтаар нотлогдож байгаа шимтгэлийн нийт дүнг хасаж тооцно гэсэн татварын үндэслэлээр дахин ногдуулалтыг тавьсан байгаа боловч энэ заалтад тухайн хуулийн этгээдийн гаргасан өөрийн хувьцаа бусад үнэт цаас хамаарахгүй гэж заасан байдаг. Иймд хуулийн этгээд өөрийн нэмж гаргасан хувьцаагаар хөрөнгө оруулалт олсон нь татвар ногдуулах орлого болохгүй гэдгийг уг хуулийн заалтаас харж болно. Эдгээр үндэслэлээр Нийслэлийн татварын  газрын  татварын улсын байцаагчийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2220802079 тоот нөхөн ногдуулалтын актын 3 дугаар хэсгийг хүчингүйд тооцуулж өгнө үү” гэв.

4.3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нацагдорж шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Татвар бол орлогод ногдох ёстой. Орлого олж байгаа бол татвар өгнө. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиар бид санхүүгийн тайлангийн олон улсын стандартыг мөрддөг. Энэ стандартаар орлого гэдгийг тодорхойлохдоо эзэмшигчээс оруулсан хөрөнгө өмчийн өсөлтөөс бусад хэлбэрээр гэж зохицуулсан байдаг. Манай тохиолдолд хувьцаа эзэмшигчдийн шийдвэрээр өөрсдийн оруулсан хөрөнгийг өсгөж байгаа үйл явдал. Үүнийг хувьцаа борлуулсны орлого гэж үзэн татвар ногдуулах нь үндэслэлгүй юм. Гуравдагч этгээдээс хувьцаа худалдан авч дөрөвдөгч этгээдэд худалдан борлуулсан бол хувьцаа худалдан борлуулсан гэж үзнэ. Харин компани өөрийнхөө хувьцааг зарсан гэж үзэн татвар ногдуулж байгаа нь боломжгүй зүйл. Логикийн хувьд алдаатай гэж үзэж байна” гэв.

5.1 Хариуцагч Нийслэлийн  Татварын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б, Т.О нараас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа:

“... 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Нийслэлийн татварын газрын хяналт шалгалтын хэлтсийн даргын олгосон 2220802079 тоот татварын хяналт шалгалт хийх томилолтоор татварын улсын байцаагч Т.О, А.Ббид нар Нийслэлийн татварын газарт бүртгэлтэй 5411777 тоот регистрийн дугаартай “Т Т С Э Т”ХХК-ын 2019 оны татварын ногдуулалт, төлөлтийг шалгаж 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 2220802079 нөхөн ногдуулалтын актаар 230,502,020.73 төгрөгийн төлбөр ногдуулсан.

“Т Т С Э Т”ХХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 218/323 тоот Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 3-т зааснаар Компанийн 80 хувийн хувьцаа борлуулсан орлогыг тайлагнаагүй 87,531,814.30 төгрөгийн төлбөрийг хууль зөрчсөн гэж үзэж хүлээн зөвшөөрөхгүй байгаад гомдол гаргажээ.

Гомдлын 3.1-д “Тус компанийн Хувьцаа борлуулах ямарваа нэгэн үйл ажиллагаа 2019 онд хийгдээгүй бөгөөд 2020 онд хувьцаа шинээр гаргаж, нэмж хөрөнгө оруулалт татсан, Т ХХК-ийн 2014 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн дүрмээр /Улсын бүртгэлд бүртгэгдсэн/ 100 мянган ам.доллартай тэнцэх 127,000,000.00 төгрөгийн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй их Британийн Врижиний арлуудын “Инсе лимитэд” компанийн 100 хувийн хөрөнгө оруулалттай байсан.

Гомдлын 1-ийн Хариу тайлбар.

“Т Т С Э Т”ХХК-ийн 2014 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн дүрмээр /Улсын бүртгэлд бүртгэгдсэн/ 100 мянган ам.доллартай тэнцэх 127,000,000.00 төгрөгийн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй Их Британийн Пиржинийн арлуудын “Инсе ложистик лимитэд” компанийн 100 хувийн хөрөнгө оруулалттай байсан.

Гомдлын 2, 3-ийн Хариу тайлбар.

2019 оны 09 дүгээр 27-ны өдрийн 2019/01 тоот хувьцаа эзэмшигчийн шийдвэрийн 1-д зааснаар “Т Т С Э Т”ХХК-ын дүрэмд оруулах өөрчлөлтийг хавсралтаар баталж, хувьцааны нэг бүр нь 266,769,000.00 төгрөгийн 4 ширхэг хувьцаа буюу 556,000.00 мянган ам доллартай тэнцэх 1,067,076,000.00 төгрөгийн хувьцаа буюу 80 хувийг Сингапур улсын “Старбарнер интернэшнл Пте.Лтд”-д эзэмшүүлэхээр, үлдсэн 20 хувь буюу 1 ширхэг 266,769,000.00 төгрөгийн хувьцааг Их Британийн Врижинийн арлуудын “Инсе лимитэд” компани өөртөө үлдээн эзэмшихээр дүрэмд өөрчлөлт оруулсан байна. Дээрх үйл явц нь хавсралт-2,3,4,5,6-аар нотлогдож байна.

Энэхүү хувьцаа эзэмшигчийн шийдвэр нь 2019.12.29-өдрийн нотариатаар баталгаажуулсан өдрөөр тогтоогдохгүй бөгөөд 2019.09.27-ны өдрийн Хувьцаа эзэмшигчийн шийдвэр гарсан он сараар тогтоогдох нь холбогдох баримтаар нотлогдож байгаа болно.

Гомдлын 4, 5,6-ийн Хариу тайлбар

Хувьцаа эзэмшигчийн гэрээний “Нийтлэг үндэслэлд”...Их Британийн Прижинийн арлуудын “Инсе лимитэд” компани нь хувьцаа эзэмшигч бөгөөд Сингапур улсын.Лтд-тэй Хувьцаа худалдан авах захиалгын гэрээ байгуулсан талаар тусгасан байна.

Хувьцаа гаргах замаар эцсийн эзэмшигчийг өөрчилж, дүр эсгэсэн хэлцэл хийж татвараас зайлсхийсэн үйлдэл гаргасан байна.

2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн ААНОАТ-ын нэмэлт өөрчлөлтийн 4.18-д эцсийн эзэмшигч гэж Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3.1.6-д заасныг хэлнэ гэж, /2018-01-01–ний өдрөөс дагаж мөрдөнө/

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4.1.11-т “Эцсийн өмчлөгч гэж мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3.1.6-д заасныг хэлнэ” гэж, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэнцэх тухай хуулийн 3.1.6-д “Эцсийн өмчлөгч гэж 3.1.6а-д харилцагч нь хуулийн этгээд бол тухайн хуулийн этгээдийн хөрөнгийн дийлэнх хэсгийг дангаараа, эсхүл бусадтай хамтран өмчилж байгаа, эсхүл тухайн хуулийн этгээдийн үйл ажиллагааг удирдан чиглүүлж, эсхүл өөрийн үйлдлийг бусдаар төлөөлүүлэн хийлгэж байгаа, эсхүл хуулийн этгээдийг болон уг хуулийн этгээдээс хийх аливаа хэлцэл, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг удирдах замаар тухайн хуулийн этгээдийг өмчилж үр шим, ашиг орлогыг хүртэж байгаа хүнийг хэлнэ” гэж заасан байна.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.11-д “Энэ хуулийн 8.2-т заасан орлогыг тухайн эрх эзэмшигч, түүний эцсийн эзэмшигчийн шилжүүлсэн хувьцаа, хувь оролцоогоос тухайн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьцаанд ногдох хэмжээгээр тусгай зөвшөөрлийн үнэлгээнээс хувь тэнцүүлэн тооцож албан татвар ногдуулах орлогыг тодорхойлно”, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчилсүгэй... 8.2.2-т “хуулийн этгээд, түүний эцсийн эзэмшигч хувьцаа, хувь оролцоогоо бусдад шилжүүлэх замаар газар эзэмших эрх, ашиглах эрх, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эцсийн эзэмшигчийг өөрчлөх замаар олсон орлогод татвар ногдуулахаар” заасан байна.

Дээрх хувьцаа эзэмшигчийн гэрээг 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хийсэн бөгөөд Хувьцаа борлуулсны орлогыг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр 21.1-д “Албан татвар төлөгч нь нягтлан бодох бүртгэлийн аккруэл сууриар гаргасан улирал, жилийн татварын тайланг үндсэн жилийн эхнээс өссөн дүнгээр орлого болон төлөх албан татвараа өөрөө үнэн зөв тодорхойлж төсөвт төлнө” гэж зааснаар гэрээ хийсэн 2019 онд хувьцаа борлуулсны орлогыг тайлагнах ёстой боловч тайлагнаагүй байна. 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн голомт банканд хүлээн авсан хувьцааны төлбөр нь 2019 онд хэрэгжсэн хувьцааны борлуулалтын орлогыг 2019 онд татварын зорилгоор тайлагнах ёстой бөгөөд 2020 онд авлага барагдуулж байгаа үйл явц юм.

2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хувьцаа эзэмшигчийн шийдвэрээр компанийн дүрэмд өөрчлөлт оруулсан шийдвэрийг хуулийн дагуу 20 хоногийн дотор улсын бүртгэлд бүртгүүлэх хуулийн үндэслэлтэй, Хавсралт-7ийн бүртгэлээр 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулсан нь нотлогдож байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

5.3 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Болормаа шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Хувьцаа нэмэгдүүлж байгаа гэсэн шийдвэр гарсан боловч уг шийдвэрээр 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хувьцаа эзэмшигчийн нэрийг өөрчилж, Сингапур улсын “Стар” компанид 80 хувийг эзэмшүүлэх шийдвэр гаргасан байдаг. Эцсийн эзэмшигчийг өөрчлөөд “Стар” компанид болгосон. 100 хувь хувьцаа гаргасан бол уг компанийг өөрөө гаргасан гэж үзнэ. 80 хувиа шилжүүлсэн нь хувьцаа борлуулсан гэж үзэх үндэслэл болж байгаа юм. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.11-т “Эцсийн өмчлөгч гэж мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3.1.6-д заасныг хэлнэ гэж заасан байдаг. Эцсийн өмчлөгчийг өөрчлөх замаар хувьцаагаа шилжүүлж өгсөн нь хувьцаа борлуулсан гэж үзэх үндэслэлтэй юм. 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр гаргасан шийдвэрийг хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газар 15 хоногийн дотор бүртгүүлэх ёстой. 2019 оны борлуулалтын орлого байхад 2020 онд мөнгө хөрөнгө барагдсаны дараа бүртгүүлээд дараа он руу бүртгүүлж байгаа нь хуульд заасантай нийцэхгүй байна. 2019 онд хувьцааг шилжүүлэхээр “Стар” компанитай гэрээ байгуулсан. 2020 онд орж ирсэн орлого бол дараа ондоо орж байгаа гэрээний үйл явцын авлага юм. Иймээс тус компанийг хувьцааныхаа 80 хувийг хувьцаа эзэмшигчийг өөрчлөх замаар борлуулсан гэж үзэж байна” гэв.

5.4 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Хувьцаа нь олон төрөлтэй. Хувьцаа гарах нь манай компанийн эрх гэж тайлбарлаж байна. Татварын зорилгоор татвар ногддог. Санхүүгийн зорилгоор хувьцаа гаргах эрх нь бий гэдэг 2 зүйлийг салгаж ойлгох хэрэгтэй” гэв.    

                                                                             ҮНДЭСЛЭХ

          1. Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан “Татварын улсын байцаагчийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2220802079 дүгээр нөхөн ногдуулалтын актын 3 дахь зөрчлийг хүчингүй” болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

          2. Нийслэлийн Татварын газрын татварын улсын байцаагч Т.О, А.Бнар “Т Т С Э Т”ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны татвар ногдуулалт, төлөлтийн байдалд иж бүрэн хяналт шалгалт хийж, нийт 2,276,481,791.76 төгрөгийн 4 төрлийн зөрчил илрүүлж, нийт 230,502,020,73 төгрөг төлүүлэхээр 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2220802079 дүгээр нөхөн ногдуулалтын акт үйлдсэн байна.

          3. Нэхэмжлэгч татварын Улсын байцаагчийн актын  1, 2, 4 дэх зөрчлийг хүлээн зөвшөөрч актын 3 дах зөрчил буюу 4 ширхэг хувьцаа борлуулсны 1,076,076,000.00 төгрөгийн зөрчилд ногдуулсан 87,531,814.30 төгрөгийн төлбөрийг нэхэмжлэгч эс зөвшөөрч байна гээд “Бид хувьцаа борлуулаагүй, Компанийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2.1-д заасны дагуу компанийн хувьцааны үнийг өсгөж, улмаар хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлж тухайн өдрийн Монгол банкны ханшид шилжүүлэн 266,769,000 төгрөг болгож өөрчилсөн. Энэ шийдвэрийн дагуу компанийн хувьцаа эзэмшигч өөрчлөгдөөгүй. “Инсе к” компанийн шийдвэрүүд 2019 онд гарсан, боловч шинээр гаргасан хувьцааг “Стар” ПТЕ.ЛТД компани нь 2019 онд өмчлөлөөр шилжүүлж аваагүй, шийдвэрүүд 2019 онд Улсын бүртгэлийн байгууллагад бүртгэгдэж хүчин төгөлдөр болоогүй байсан түүнчлэн энэхүү хувьцаа шинээр гаргах, хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх үйл явц 2020 онд дуусгавар болсон байх тул шинээр гаргасан 80 хувийн хувьцааны төлбөрт 2019 онд татвар ногдуулах нь хууль зүйн үндэслэлгүй гэж маргажээ.

          4. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон нэхэмжлэгч, хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзвэл 2014 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн “Т Т С Э Т”ХХК-ийн шинэчилсэн дүрмийн 3 дугаар зүйлд “....компанийн цорын ганц хувьцаа эзэмшигч нь Их Британийн Врижинийн Арлуудын “компани”, бүртгэлийн дугаар 1667044... гэснээс үзэхэд 2014 оны байдлаар 100 хувийн эзэмшигч нь “Инсе лимитэд компани” байна.

          5. Мөн хувьцаа эзэмшигчийн 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 2019/01 дугаар шийдвэрээр Монгол банкны тухай өдрийн ам долларын ханшийг /2,667,69/-ийг үндэслэн 100,000,00 ам доллар буюу 266,769,000.00 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий нэг /1/ хувьцаатай байхаар компанийн дүрэмд өөрчлөлт оруулж, уг өөрчлөлтийг улсын бүртгэлийн гэрчилгээнд 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр бүртгүүлсэн. Ингэж бүртгүүлэхдээ гүйцэтгэх захирал Ц.ыг өөрчилж БНХАУ-ын иргэн В /Wu i/-г гүйцэтгэх захирлаар томилсон болох нь нотлогдож байна.

          6. Үүний дараа “Т Т С Э Т”ХХК нь 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр дахин авсан гэрчилгээнд 2 гишүүнтэй, дүрмийн сангийн хэмжээг 1,333,845.00 мянган төгрөг гэж өөрчлөлт хийлгээд мөн гэрчилгээнд хувьцаа эзэмшигч 1 нэмэгдэж 1 хасагдаж хувьцаа эзэмшигчийн тоо нийт 2 болж өөрчлөгдсөнийг 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр бүртгүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдож байна.

          7. Улмаар “Инсе лимитэд” ХХК нь “Т Т С Э Т”ХХК-ийн шинээр 4 хувьцааг нэмж гарган “Стар баннер интэрнэшнл” ПТЕ.ЛТД компанид эзэмшүүлэх зорилгоор хувьцаа худалдан авах захиалгын гэрээ буюу “Хувьцаа эзэмшигчийн гэрээ” хийжээ.

          8. Хавтас хэрэгт авагдсан Хувьцаа эзэмшигчийн гэрээний “Нийтлэг үндэслэл”-д...Их Британийн Вржинийн арлуудын “Инсе лимитэд” компани нь хувьцаа эзэмшигч бөгөөд Сингапур улсын “Старбарнэр.Лтд”-тэй Хувьцаа худалдан авах захиалгын гэрээ байгуулсан ...1.5 дугаарт: Компани нь 4 ширхэг хувьцаа /цаашид шинээр гаргах хувьцаа гэх/ бөгөөд нэгж хувьцааны нэрлэсэн үнэ 266,769,000.00 төгрөг, санал өгөх эрхтэй хувьцаа ба нийт үнэ 1,067,076,000.00 төгрөг эсвэл 556.000.00 ам доллартай тэнцэх хувьцааны капиталын өсөлт байна. 1.6 дугаарт... “Стар” ПТЕ.ЛТД нь нийт хувьцааны 80хувь ба төлөх 1,067,076,000.00 төгрөг /эсвэл 556,000.00 ам доллартай тэнцэх/ байх ба хувьцаа захиалах гэрээнд заасан хуваарийн дагуу төлнө...гэжээ.

          9.  Үүнээс дүгнэж үзвэл дээрх гэрээг биелүүлэх зорилгоор “Инсе энд ложистик лимитэд” компанийн хувьцаа эзэмшигчийн шийдвэрээр “Т Т С Э Т”ХХК-ийн 4 хувьцаа шинээр гаргахыг зөвшөөрсөн, компанийн нийт гаргасан хувьцааны 80 хувийг эзлэх шинээр гаргасан хувьцааг “Стар” ПТЕ.ЛТД компанид эзэмшүүлэх шийдвэр гаргасныг гэрээ биелэгдсэн байна гэж үзсэн” хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байх бөгөөд дээрх баримтаар энэ нь нотлогдож байна.

          10. Шийдвэрийн үр дүнд компанийн 80 хувийн хувьцааг “Стар баннер интэрнэшнл” ПТЕ.ЛТД, 20 хувийг “лимитэд” компани эзэмшихээр болж өөрчлөгдсөн байна.

          11. Компанийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т “Компанийн хувь нийлүүлсэн хэмжээг хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрт үндэслэн дор дурдсан хэлбэрээр өөрчилж болно”, 31.2.2-т “хувьцаа нэмж гаргах замаар өсгөх” гэж заасны дагуу хувьцааг нэмж гаргах замаар хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлж шийдвэрлэсэн боловч дээрх 4 хувьцааг гэрээний дагуу “Стар л” ПТЕ.ЛТД-д борлуулсан гэж үзэхээр байна. 

          12. Мөн Компанийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т “Компанийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах, компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг тухайн шийдвэр гарснаас хойш ажлын 15 өдрийн дотор хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлнэ” гэж заажээ.

          13. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Хуулийн этгээдийн хувийн хэрэг дараах мэдээллийг агуулна”. 10.1.9-д “компанийн хувьд байгуулах баримт бичигт заасан хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ”, 10.1.14-д “хуулийн этгээдийн эцсийн өмчлөгч болон түүний хувьцаа, хувь оролцоо, саналын эрхийн талаарх мэдээлэл” гэж, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т “Энэ хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 10.1-д заасан мэдээлэлд өөрчлөлт оруулах тухай шийдвэр, бусад баримт бичгийг тухайн хуулийн этгээдийн ажлын 15 өдрийн дотор улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлнэ” гэж, Компанийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т “Компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах, кампанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг тухайн шийдвэр гарснаас хойш ажлын 15 өдрийн дотор хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлнэ” гэж тус тус зааснаас үзвэл хувь эзэмшигчийг өөрчилсөн улсын бүртгэлийг 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлэх үүргийг хуулиар хүлээлгэсэн байна.

          14. Гэтэл нэхэмжлэгч компанийн дүрэмд орсон өөрчлөлт буюу хуулийн этгээдийн эцсийн өмчлөгч болон түүний хувьцаа, хувь оролцоо, саналын эрхийн талаарх мэдээллийн өөрчлөлтийг улсын бүртгэлийн гэрчилгээнд 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хийлгэсэн нь хуульд нийцээгүй байна.

          Өөрөөр хэлбэл дүрмийн санд орсон 1,067,760,000 төгрөгийн өөрчлөлтийг 2019 онд бус 2020 оны санхүүгийн тайланд тусгасан нь хуулиар хүлээлгэсэн бүртгүүлэх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй бөгөөд хувьцаа нэмж гаргах үйл явц  2019 онд бус, 2020 онд болсон, харин татварын хяналт шалгалтад хамрагдсан огноо нь 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааг хамаарч байгаа гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй юм.

          15. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006/-ийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Албан татвар төлөгчийн үйл ажиллагааны дараах орлогод албан татвар ногдоно”, 8.1.3-”хувьцаа, үнэт цаас борлуулсны орлого”-д ногдох албан татвараас зайлсхийх зорилгоор хувьцаа нэмж гаргах замаар өөрийн эзэмшлийн хувьцааг борлуулсан, хувьцаа борлуулах гэрээг халхавчлах зорилгоор хувьцаа захиалгын гэрээ буюу “Хувьцааны гэрээ” байгуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

          16. Нийслэлийн Татварын улсын байцаагч нэхэмжлэгч “Т Т С Э Т”ХХК-ийг дээрх хуулийн зохицуулалтыг зөрчиж хувьцаа борлуулан орлого олсон гэж үзэж мөн  Улсын дээд шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаар тогтоолын 5 дугаар зүйлийн 5.3-т “...өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл” гэдгийг тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, уг хэлцлийн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох зорилгыг агуулсан, халхавчилж болон халхавчлуулж буй хоёр хэлцэл хийгдсэнээр бий болдог дүр үзүүлсэн хэлцлийн нэг төрөл гэж ойлговол зохино” гэж тайлбарласан бөгөөд хувьцаа борлуулах гэрээг хувьцаа захиалгын буюу “хувьцаа гэрээ”-ээр халхавчлан байгуулсан нь албан татвар ногдох орлогоос зайлсхийх зорилгыг агуулсан гэж үзэхээр байна гэж дүгнэж нөхөн татварын акт ногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

          Иймд нэхэмжлэгч “Т Т С Э Т”ХХК-ийн гаргасан “Татварын улсын байцаагчийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2220802079 дүгээр нөхөн ногдуулалтын актын 3 дахь хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.14 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Компанийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4, 31 дүгээр зүйлийн 31.2, 31.2.2, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 10.1.9, 10.1.14, 10.3, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006/-ийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Т Т С Э Т”ХХК–иас Нийслэлийн Татварын газрын татварын улсын байцаагч Т.О, А.Бхолбогдуулан гаргасан “Татварын улсын байцаагчийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2220802079 дүгээр нөхөн ногдуулалтын актын 3 дахь хэсгийг хүчингүй” болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.           

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 О.