Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2025/0337

 

2025 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2025/0337

Улаанбаатар хот

 

 

 

 

                              “С***” СӨХ-ны нэхэмжлэлтэй

                                       захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Билгүүн,

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч З.Ганзориг,

Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ц***,

 

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч: “С***” СӨХ,

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

Гуравдагч этгээд: “Э***” ХХК, 

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн А/440 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах,

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2025/0165 дугаар шийдвэр,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н***,

нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ц***

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б***,

гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б***,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ц***

Хэргийн индекс: 128/2024/0286/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “С***” СӨХ-ноос нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн А/440 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах”-аар маргасан.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар

сарын 25-ны өдрийн 128/ШШ2025/0165 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4, 38 дугаар зүйлийн 38.4, 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг тус тус баримтлан “С***” СӨХ-ны нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох “нийслэлийн Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн А/440 захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Үүнд:

3.1 Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсэн, хэт нэг талыг барьсан, хэргийн бодит нөхцөл байдлыг үндэслэлтэй зөв дүгнээгүй, нотлох баримтыг дутуу цуглуулсан,

3.2 Нэхэмжлэгчийн байрлаж буй газар нь 2009 онд эзэмших эрх үүссэн газар байхад анхан шатны шүүх уг үйл баримтыг дутуу шалгаж, нотлох баримтыг цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй атлаа сүүлд үүссэн эрх ашгийг хамгаалах шаардлагагүй мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй,

3.3 Нэхэмжлэгчээс газрын давхцалын талаар маргаагүй, харин орон сууц барих боломжгүй газар орон сууцны зориулалтаар газар эзэмшүүлсэн, орц гарцыг хаасан асуудлаар маргаж байхад бодит байдал дээр орц гарц хэрхэн хязгаарлагдаж байгааг бус гуравдагч этгээдийн газар хаана, ямар байрлалтай гэдэгт үзлэг хийж, орц гарцыг хязгаарлаагүй гэдгийг ямар баримтад үндэслэн дүгнэсэн нь тодорхойгүй, шүүхийн шийдвэр хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн,

3.4 Гуравдагч этгээдийн гаргасан тайлбар нь эзэмшлийн газраа зориулалтын дагуу ашиглах зорилгогүй болох нь тогтоогдож байхад анхан шатны шүүхээс энэхүү тайлбартай холбогдуулан үндэслэлтэй зөв дүгнээгүй,

3.5 Нэхэмжлэгчээс маргаан бүхий актаар гуравдагч этгээдэд эзэмшүүлсэн газар нь манай эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн, хууль бус гэж маргаж байхад Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлд хамаарах дүгнэлтийг хийсэн нь буруу,

3.6 Мөн тухайн орон сууцны хороолол орчим нь ачааллаа дийлэхгүй байгаа тул дахин барилга барих боломжгүй, энэ талаар маргаж байхад шүүх энэ асуудлаар огт дүгнэлт хийгээгүй. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэжээ.

4. Хариуцагч болон гуравдагч этгээдийн зүгээс давж заалдах гомдлыг эсэргүүцэн, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

 1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

 2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 52 дугаар зүйлийн 52.2 дахь хэсэгт “Нэхэмжлэлд дараах зүйлийг тусгана”, 52.2.4-т “нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл”, 52.5.1-д “захиргааны акт ...хүчингүй болгуулах ... нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн” хэмээн тус тус заасан.

Хуулийн дээрх зохицуулалтын дагуу захиргааны хэргийн шүүх нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн татгалзлын үндэслэлд хамаарах нотлох баримтыг хэргийн оролцогчдын хүсэлт, өөрийн санаачилгаар бүрэн цуглуулсны үндсэн дээр нэхэмжлэгчийн эрх зүйн хамгаалалт хүсэж буй эрх, ашиг сонирхол нь хууль ёсны эсэх, хариуцагчийн татгалзал хууль зүйн үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэдэг.

4. Тухайн тохиолдолд, маргаан бүхий нийслэлийн Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн А/440 дүгээр захирамжаар Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 480 м.кв талбай бүхий газрыг иргэн Ш.Э***өөс “Э***” ХХК-д шилжүүлэн, орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрх олгосныг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч “... “С*** в***” хотхоны *** дугаар байрны 2000 гаруй оршин суугчдын орц гарц, автомашины зогсоол буюу нийтийн эзэмшлийн гудамж талбайд “Э***” ХХК-д орон сууцны зориулалтаар газар эзэмшүүлэх эрх олгосон нь хууль бус” хэмээн  хүчингүй болгуулахаар маргасан.

  5. Хэрэгт авагдсан баримтаар, маргаан бүхий газрын эзэмших эрх анх нийслэлийн Засаг даргын 2008 оны 182 дугаар захирамжаар иргэн Д.А***, М.Б*** нарт 400 м.кв газрыг тус тус орон сууцны зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлэх эрхийг баталгаажуулсан /захирамжийн хавсралтад дурдсан өмнөх шийдвэр нь дүүргийн Засаг даргын 2007 оны 420 гэж тэмдэглэгдсэн/-аар үүсэж, нийслэлийн Засаг даргын 2009 оны 302 дугаар захирамжаар иргэн М.Б***аас Д.Т**д мөн зориулалтаар, 2019 онд мөн Засаг даргын А/99 дүгээр захирамжаар иргэн Д.Т***, Д.А*** нараас Ш.Э***ийн эзэмшилд 800 м.кв, орон сууцны зориулалтаар шилжсэн.

Улмаар нийслэлийн Засаг даргын 2022 оны А/1604 дүгээр захирамжаар газрын хэмжээг 480 м.кв болгон багасгасныг маргаан бүхий  захиргааны акт болох нийслэлийн Засаг даргын 2023 оны А/440 дүгээр захирамжаар Ш.Э***өөс “Э***” ХХК-д мөн зориулалтаар шилжүүлэн эзэмшүүлсэн.

  Нэхэмжлэгч “С***” СӨХ-ны хариуцаж буй Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “С*** в***” хотхоны *** дугаартай орон сууцны хотхоны байрлаж буй газрын эрх нийслэлийн Засаг даргын 2011 оны 42 дугаар захирамж /өмнөх шийдвэр 2009 оны 672 гэж тэмдэглэгдсэн/-аар П***” ХХК-иас 10091 м.кв талбай бүхий газрыг “Б***” ХХК-д орон сууцны зориулалтаар шилжүүлэн эзэмшсэн.

  Тухайн “Б***” ХХК нь уг газарт үйлчилгээтэй орон сууцны барилгын Архитектур төлөвлөлтийн даалгавар, хотхоны эскиз зураг зэргийг 2013 онд эрх бүхий байгууллагуудаар батлуулж, 2016-2017 онд барьж ашиглалтад оруулсан.

  Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын гол үндэслэл болсон хотхоны оршин суугчдын орц гарцыг хаасан гэх үндэслэлийн тухайд “С*** в***” хотхоны байрлаж байгаа газар болон гуравдагч этгээдийн эзэмшиж буй газрууд нь өөр хоорондоо давхцалгүй бөгөөд хотхоны барилгын Архитектур төлөвлөлтийн даалгавар болон эскиз зурагт хотхон хэвтээ чиглэлийн дагуу 1, босоо чиглэлийн дагуу 2 газраар орц, гарцыг төлөвлөсөн.

  Хэргийн оролцогчдын тайлбар, Хот байгуулалт, хотын стандартын газрын 2025 оны 01/184 дүгээр албан бичиг, маргаан бүхий газрын агаар сансрын зураг, шүүхийн үзлэгийн тэмдэглэл болон хэрэгт авагдсан холбогдох бусад баримтаар нэхэмжлэгчийн орц, гарц, хотхоны оршин суугчдын автомашины зогсоолоор ашиглаж байгаа газрыг хаасан хэмээн маргаж байршил нь “Б***” ХХК-д орон сууцны зориулалтаар эзэмшүүлсэн газарт хамаарахгүй, нийтийн эзэмшлийн болон гуравдагч этгээдийн эзэмшлийн талбай болох нь тус тус тогтоогдсон байна.

  6. Үүнтэй холбогдуулан шүүх бүрэлдэхүүн, “нэхэмжлэгчийн газар эзэмших эрх нь /хотхон баригдсан/ гуравдагч этгээдийнхээс сүүлд үүссэн, орц гарцыг бүхэлд нь хаагаагүй байх тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэхгүй” гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэв.

   7. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2025/0165 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

                                 ШҮҮГЧ                                                 Г.БИЛГҮҮН

                     ШҮҮГЧ                                                 З.ГАНЗОРИГ

                                ШҮҮГЧ                                                 Г.МӨНХТУЛГА