Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 246

 

Ц.Д-гийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Г.Банзрагч, Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Б нарыг оролцуулан, Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 21 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 221/МА2016/0645 дугаар магадлалтай, Ц.Д-гийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Ч.Тунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 21 дүгээр шийдвэрээр: 1. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Д-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн Б/01 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгож, Ц.Д-г Ховд аймгийн Үенч сумын нийгмийн даатгалын байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, 2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 28 дугаар зүйлийн 28.2.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговор 3 538 818 /гурван сая таван зуун гучин найман мянга найман зуун арван найм/ төгрөгийг Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн төсвөөс гаргуулж, нэхэмжлэгч Ц.Д-д олгож, 3. Нийгмийн даатгалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Д-гийн ажилгүй байсан хугацаанд олгогдох олговроос нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан журмаар суутган тооцсоны үндсэн дээр нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын гэрчилгээнд даатгуулагчийн хувьд нэхэмжлэгч болон ажил олгогчоос төлсөн шимтгэлийн хэмжээг бүртгэж, нөхөн бичилт хийхийг хариуцагч Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргад даалгаж шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдлоор хэргийг 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хянан хэлэлцээд 221/МА2016/0645 дугаар магадлалаар Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 21 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.3, 13.1.5, 26 дугаар зүйлийн 26.1.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн “Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/01 дүгээр тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийхийг даалгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Ц.Д хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 1. 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр н.Балхүүд групптэй гэсэн тодорхойлолтыг хийж өгснөөс хойш 1 жил 1 сар 26 хоног өнгөрсөн. Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д “зөрчил гаргаснаас хойш 6 сар өнгөрсөн бол сахилгын шийтгэл ноогдуулж болохгүй” гэж заасантай тохирч байна.

2. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар “хөхүүл нялх хүүхэдтэй байхад” ажлаас гэнэт халсанд гомдолтой байна.

3. Хариуцагч Г.Н нь “Хаан банкны ажилтан Б нь 12 дугаар сарын сүүлээр ирж мэдээлэл өгснөөр зөрчил илэрсэн” гэж тайлбарласан бөгөөд 12 дугаар сарын сүүлээр гэдэг нь 12 дугаар сарын 28-ны өдрөөс 31-ний өдрүүд баймаар хариуцагч хүчээр хугацааг тохируулах гэж 21-ний өдрөөс 22-ны өдөр мэтээр олон янзаар хугацааг зөрүүтэй хэлсэн нь худал, хуурмаг, зохиомол хугацааг гаргаж ирсэнтэй холбоотой юм.

4. Хариуцагч давж заалдах шатны шүүх миний гаргасан зөрчлийг “2015 оны 11 дүгээр сарын сүүлээр илэрсэн үйлдэл” гэж үзээд 2015 оны 12 дугаар сарын сүүлээр илэрсэн хугацаандаа байгаа мэтээр хугацааг хүчээр тохируулж намайг буруутгаж байгаа нь хууль бус гэж үзэж байна. Би 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр нэг л удаагийн үйлдлээр бичиг хийж өгснөөс 2 дахь, 3 дахь үйлдэл хийж үргэлжлүүлсэн зүйл байхгүй. Хэрвээ гаргасан зөрчил минь хугацаа өнгөрөөгүй байсан бол ёс зүйн хариуцлагаа хүлээхэд гомдох зүйл байхгүй юм.

5. Г.Н хууль бусаар гаргасан шийдвэрээ хамгаалж байгааг зөв гэж үзэж байгаа бол Хөдөлмөрийн тухай хуулийг ноцтой зөрчсөн түүний үйлдлийг яагаад авч хэлэлцэхгүй байгаа юм.

6. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх зөвхөн нэг талыг барьж хариуцагчийн гаргасан тайлбар мэдүүлгийг шийдвэр гаргах үндэслэл болгосноос буруу дүгнэлт хийж, буруу шийдвэр гарган хариуцагчийн эрх ашгийг хамгаалж, нэхэмжлэгчийн эрхийг хөсөр хаясанд гомдолтой байна.

7. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хянах хэсэгт “анхан шатны шүүх нотлох баримтыг бүрэн цуглуулсан боловч хэргийн бодит нөхцөл байдлыг буруу үнэлж, нэхэмжлэлийг хангаснаас шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий болж чадаагүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв” гэж үзсэн нь ойлгомжгүй байна. Харин ч анхан шатны шүүх нотлох баримтаа хангалттай бүрэн цуглуулан үүнийхээ үндсэн дээр хэргийн бодит нөхцөлийг зөв үнэлж, хууль ёсны үндэслэлтэй гаргасан гэж үзэж байна.

8. Магадлалд “анхан шатны шүүх Ц.Д-г зөрчил гаргаснаас хойш 1 жил 1 сар 26 хоног өнгөрсөн гэж дүгнэн Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д заасныг хэрэглэсэн нь учир дутагдалтай болжээ” гэж эргэлзээтэй дүгнэлт хийж итгэл үнэмшилгүй хандсан нь буруу шийдвэр гаргахад хүргэсэн гэж үзэж байна.

9. Давж заалдах шатны шүүх Төрийн албаны тухай хууль хүчин чадлын хувьд Хөдөлмөрийн хуулиас дээгүүр гэж үзэж байгаа мэтээр дүгнэсэн байна. Бүх хууль үйлчлэх хүрээ хэмжээгээрээ адил тэгш зарчимтай байдаг билээ. Үүнээс үзвэл Хөдөлмөрийн тухай хуулийг албан тушаалтан зөрчвөл буруугүй болж, харин Төрийн албаны хуулийг ажилтан, албан хаагч зөрчвөл хөөн хэлэлцэх хугацаа тооцохгүйгээр хариуцлагаа заавал хүлээлгэдэг болох шинжтэй байна. Хуулийг ингэж тайлбарлаж хэрэглэж болохгүй.

10. Миний гаргасан зөрчлөөс улсад болоод Нийгмийн даатгалын байгууллагад ямарч хохирол учраагүй, мөн хохирол байхгүй юм. Энэ талаар хариуцагч хүлээн зөвшөөрч, тайлбараа өгсөн.

11. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн хууль, Төрийн албаны тухай хуулийг буруу тайлбарласан тул гомдолтой байна. Иймд дээр дурдсан байдлуудыг хянан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хянавал:

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.2-т заасанд нийцсэн байна.

Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн Б/01 дүгээр тушаалаар Үенч сумын нийгмийн даатгалын байцаагчаар ажиллаж байсан Ц.Д-г “...нийгмийн даатгалын сангаас тахир дутуугийн тэтгэвэр авах эрх үүсээгүй иргэнд тэтгэврийн дэвтэр, хуурамч тодорхойлолт бичиж олгон, улмаар нийгмийн даатгалын байгууллагын эрх олгосон баримт бичгийг бусдад ашиглуулсан” гэх үндэслэлээр төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулсан, нэхэмжлэгч Ц.Д “...хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, 2 настай хүүхэдтэй байхад ...хууль зөрчиж сахилгын шийтгэл оногдуулж, ажлаас халсан” гэж маргажээ.

Ц.Д нь 2014 оны 11 дүгээр сард иргэн Б.Б-д 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр тахир дутуугийн тэтгэвэр тогтоогдож, 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл тэтгэвэр олгогдохоор бичилт хийж тахир дутуугийн тэтгэвэр авагчийн А008... дугаартай “дэвтэр” олгосон, мөн “Б.Б тэтгэвэр авдаг нь үнэн болно. Хугацаа 2015 оны 11 дүгээр сарын 23 хүртэл хүчинтэй” гэсэн  тодорхойлолт хийж өгсөн, уг дэвтэр, тодорхойлолтыг ашиглан Б.Б нь 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Хаан банкны салбараас 11 сарын “тэтгэвэр”-ээр барьцаалсан зээл авсан, зээл эргэн төлөгдөхгүй байсны улмаас гомдол гарснаар тэтгэврийн дэвтэр, тодорхойлолтыг хуурамчаар бичсэн болохыг хариуцагч 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр илрүүлсэн, уг үйл баримтуудтай хэргийн оролцогчид маргаагүй байна.

Нэхэмжлэгч тахир дутуугийн тэтгэвэр тогтоогоогүй хүнд тэтгэвэр авагчийн дэвтэр /хуурамч/ бичиж олгон, тэтгэвэр авдаг, тэтгэвэр авах хугацаа 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл хүчинтэй мэт тодорхойлолт /хуурамчаар/ бичсэн нь төрийн албан хаагчийн “төрийн хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэх”-ээр өргөсөн тангаргаа зөрчсөн, хуулиар хүлээсэн үүрэг, Ёс зүйн дүрмийн хэм хэмжээг биелүүлээгүй буруутай үйлдэл бөгөөд хариуцагч уг харилцааг зохицуулсан холбогдох хууль, хууль тогтоомжийн актыг зөв хэрэгжүүлж, маргаан бүхий актыг гаргажээ.

Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт зааснаар сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй ба энэ тохиолдолд нэхэмжлэгч нь “хуурамч” тэтгэврийн дэвтэр, тодорхойлолтыг 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл “хүчинтэй байх”-аар, үүгээр үүсэх үр дагаврыг /бусдад давуу байдал бий болгох/ мөн хугацаа хүртэл “үргэлжлэх”-ээр тодорхойлсоноос үзвэл энэ нь сахилгын зөрчлийн үргэлжилсэн үйлдэл гэж үзэхээр байх тул зөрчлийг 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр илрүүлж 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр сахилгын шийтгэл ногдуулсан нь хуулийн дээрх зүйл заалтад нийцсэн байна.

Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно” гэж зааснаар сахилгын зөрчил гаргасан гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг “ажлаас халах”-ыг хориглоогүй, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар “зөрчлийн шинж байдал”-ыг харгалзан сахилгын ямар шийтгэл оногдуулах нь сахилгын шийтгэл ногдуулах эрх бүхий этгээдэд хадгалагдах бөгөөд нэхэмжлэгчид оногдуулсан сахилгын шийтгэл гаргасан зөрчилд нь тохироогүй гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

Анхан шатны шүүх тухайн маргаанд хамааралгүй буюу тэтгэвэр тогтоолгох эрх, тэтгэвэр тогтоолгох материалын бүрдэл, хянах журам, шийдвэрлэх дараалал зэрэг асуудлаар дүгнэлт хийсэн, хэрэгт цугларсан холбогдох нотлох баримтыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2-т зааснаар үнэлж чадаагүй байх тул давж заалдах шатны шүүх өөрийн бүрэн эрхийн хүрээнд нотлох баримтыг үнэлж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэглэвэл зохих Төрийн албаны тухай, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Иймд, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан “давж заалдах шатны шүүх хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй гэж буруу дүгнэсэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй.

Дээрх байдалд үндэслэн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 221/МА2016/0645 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                 Ч.ТУНГАЛАГ