Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 2023/ШЦТ/194

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цогзолмаа,

Улсын яллагч Б.Наранхүү,

Хохирогч О.Б,

Шүүгдэгч Д.Э, түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн, Р.Энхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Эт холбогдох эрүүгийн ___ дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1973 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Завхан аймгийн Улиастайд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг, Төв аймгийн Заамар сумын 1 дүгээр багийн Тосонд оршин суух хаягтай гэх, урьд өмнө Төв аймаг дахь сум  дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 106 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,улсаас авсан гавьяа шагналгүй, Д.Э, регистрийн дугаар: ..

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Э нь Төв аймгийн Заамар сумын Бат-Өлзийт  4 дүгээр багийн нутаг “Цагаан худаг” гэх газраас 2023 оны 01 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө О.Бийн эзэмшлийн 6 тооны хонийг хотноос нь машин механизм ашиглан хулгайлж бусдад 1.200.000 төгрөгийн хохирол гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Э нь мэдүүлэхдээ: 2023 оны 01 дүгээр 03-ны өдөр гэртээ байж байтал Оюунцэцэг утасаар ярьсан. Тэгээд надад хэдэн хонь хийгээд өгөөч гэж гуйсан. Тэр үедээ би за гэж хэлсэн. Дараа нь залгаад чи өнөөдөр очоод авах боломж байна уу гэхэд хаанаас авах юм гэхэд дүүгийнхээс авна гэж хэлсэн. Би танай дүүгийнхийг мэдэхгүй гэж хэлэхэд би чамд зааж өгье гэж хэлээд О.Бийн гэрийг зааж өгсөн.  Би бензиний мөнгөгүй байна гэсэн чинь надад 35.000 төгрөг өгөөд орой 21 цагийн үед Зоригоо бид хоёр Хүрэлтогоогийнх руу явж байна, чи хүрээд ир гэж залгасан. Яваад очсон тэднийд хүн байхгүй байсан тэгээд Оюунцэцэгийн утас руу залгасан утас нь холбогдохгүй байсан. Тэгэхээр нь би хонь ав гэсэн юм чинь гээд 6 хонь тооны ачаад явсан. Оюунцэцэг надад чи гэдэс толгойг нь авахгүй юу гэж хэлж байсан. Би буруугаа хүлээж байна гэмшиж байна гэв.

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч О.Б мэдүүлэхдээ: Би 2023 оны 01 дүгээр сарын 4-ний орой 20 цагийн үед хонио хашаад Хүрэлтогоогийнд очсон. Тэнд Оюунцэцэг эгч ирсэн. Би хонь хулгайлах гэж байна гэж мэдээгүй. Өглөө хонио гаргах гэхэд машины мөр байсан. Тэгээд мөрөөр хайж яваад Д.Эынд очсон. Намайг яаж ч магадгүй гэж бодоод хамаатнаа дагуулж очсон. Тэгээд зураг хөргийг авсан. Манай хонь бол нэг хүн даахаар хонь биш хохирлын үнэлгээр багаар гаргасан байсан гэв.

 

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн ___ дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж, авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд: 

 

Шүүгдэгч Д.Э нь Төв аймгийн Заамар сумын Бат-Өлзийт  4 дүгээр багийн нутаг “Цагаан худаг” гэх газраас 2023 оны 01 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө О.Бийн эзэмшлийн 6 тооны хонийг хотноос нь машин механизм ашиглан хулгайлж бусдад 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь дараах

 

Гэмт хэргийн тааарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 1 тал/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 2-9 дүгээр тал/,

Хохирогч: О.Бийн өгсөн мэдүүлэг “...Би Төв аймгийн Заамар сумын Бат Өлзийт 4 дүгээр багийн Цагаан худаг гэх газарт өөрийн эзэмшлийн малаа маллаж ганцаараа амьдардаг юм. 2023 оны 01 дүгээр сарын 04-ний 18 цагийн үед хонь ямаагаа хотлуулаад 19 цагийн үед манай гэрээс 1км зайтай байх манай хамаатны ах Хүрэлтогоо гэх айлд очихоор өөрийн гэрээ түгжээд морьтойгоо яваад 2023 оны 01 дүгээр сарын 05-ны шөнийн 01 цагийн үед өөрийн гэртээ буцаж ирээд гэртээ ороод шууд амраад өглөө 10 цагийн үед хонь, ямаагаа хотноос гаргах гэж хашааны үүдэнд очиход хонины хот руу ухраад зогссон машины мөр байхаар нь манай хониноос шөнө ачаад явсан байна гэж бодоод Хүрэлтогоо ахын гэрт очиж Хүрэлтогоо ах болон түүний эхнэртэй нь хамт ирээд өөрийн хонь, ямаагаа тоолоход 6 тооны хонь дутсан. Тэгээд тухайн машины явсан зүгийг харахад Заамар сумын төв чиглэлтэй явсан байхаар нь дугуйны мөрийг нь харьцуулж харахад хойд талын дугуйнууд нь хээ муутай дугуй байсан. Уг мөрөөр нь дагаж явахад Заамар сумын төвийн урд талд байх хувийн шатахуун түгээх газрын урд талаар нь гараад эмнэлгийн зүүн урд талаар гараад баруун дэнжийн зүүн талаар гараад Гандангийн зүүн талаар талд гараад тоглоомын талбайтай гудамж руу орохоор нь хамаатны дүү Х.Чулуун-Эрдэнийг гэрээс нь очиж аваад дахин нөгөө машины мөр дээр ирж үргэлжлүүлэн дагаж явахад Заамар сумын төвд баруун дэнж гэх газарт байх Д.Э гэх айлын хашаа руу нөгөө мөр шууд яваад орохоор нь хашаа руу яваад ортол Д.Э нь хашаандаа түлээний модоо хагалаад сууж байхаар нь би Д.Э руу хандаж “чи манай хониноос урд шөнө очоод авсан байна” гэж хэлтэл “би хулгайч биш” танай хониноос юу гэж авдаг юм бэ гэхээр нь байшингийн үүдний амбаарын хаалгыг нь татаад ортол хонины нойтон торонд хийсэн өлөн гэдэснүүд харагдахаар нь гаргаад үзтэл нойтон байсан. Байшин руу нь ороод хартал хананд өлгөөтэй нойтон хонины мах нэг ширхэг байхаар нь байшингаас гараад баруун талын хашааны буланд байсан амбаарын хаалгыг онгойлгож үзтэл хонины нойтон нэхийнүүд байхаар нь гаргаад дэлгээд үзтэл сүүлэн дээрээ бөөрөнхий хар будагтай манай хонинууд мөн байхаар нь Эрдэнэ-Очир руу чи манай хонинуудыг авсан л байна шүү дээ толгойнуудыг нь гаргаад ир гэтэл нэхий байсан. Амбаараасаа толгойг гаргаж ирээд уучлаарай хөгшөөн би авчихсан юм хохирол мөнгийг нь барагдуулна гэж хэлэхээр нь би тэгвэл цагдаагаар нь шийдүүлнэ гэж хэлээд хашаанаас нь гарч яваад цагдаагийн байгууллагад мэдэгдсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13 дугаар тал/,

Гэрч Д.Уранчимэгийн “...Би 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 14 цагийн үед өөрийн гэртээ оёдол хийгээд байж байхад манай нөхөр Д.Э нь өөрийн Карина маркийн 75-38 УНБ улсын дугаартай машинтайгаа хаашаа явахаа надад хэлээгүй гэрээс гараад явсан. Би 17 цагийн үед чи хаагуур яваад байна гээд өөрийн утас руу нь залгаж асуухад би хойд дэнжид ганц шил архи уугаад байж байна, удахгүй очно гэж хэлсэн. Тэгээд ирэхгүй байхаар нь 20 цагийн үед дахин залгахад надад одоо очлоо гэж хэлсэн. Тэгээд би утсаа таслаад 22 цагийн үед унтаад өгсөн. Гэтэл шөнийн 01 цагийн хавьцаа байх гаднаас манай нөхөр Д.Э нь орж ирээд би нэг хонь аваад ирлээ чи гэдсийг нь арилгаад өгөөч гэхэд нь би хариу өгөөгүй хэвтэж байхад гэрээс гараад явсан. Удалгүй 10 минутын дараа эргэж гэрт орж ирээд чи тэр хонины гэдсийг аваад янзлаадах гэхээр нь хамт гэрээс гартал 3 тооны хонь нядлаад гаргачихсан байхаар нь би гайхаад чи харанхуй шөнө юун учиртай хонь хаанаас аваад ирсэн юм бэ гэж асуутал надад хэлэхдээ маргааш ирж хүн махыг нь авна гэсэн юмаа намайг нядлаад гаргаад өг гэж гуйсан юм. Тэгээд танайх гэдсийг нь гаргаад авна биз гэсэн юм аа гэж хэлсэн. Тэр үгэнд нь би итгээд маргааш өглөө хүн ирж махыг нь авах юм байна гэж бодсон. Тэгээд 6 тооны хонийг манай нөхөр Д.Э нядалж гаргаад би гэдсийг нь арилгасан. Тэгээд Д.Э мах гэдсийг нь зөөж амбаарт хийсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20 дугаар тал/,

 

“Дамно” ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр гаргасан “...2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 1.200.000 төгрөгөөр үнэлэгдэв... “ гэх дүгнэлт /хх-ийн 21-22 дугаар тал/,

 

 “ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ний 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр гаргасан Монгол улмын иргэн Д.Цэрэннамжилын өмчлөлийн 75-28 УНБ улсын дугаартай Toyota carina маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээний өдөр болох 2023 оны 01 дүгээр сарын 05-ны байдлаар зах зээлийн үнэ цэнэ нь 1.260.600 /нэг сая хоёр зуун жаран мянга зургаан зуу/ төгрөг хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 58 дугаар тал/,  

 

Шүүгдэгч Д.Эын яллагдагчаар өгсөн:  Би өөрийнхөө эрх, үүргийг ойлгож мэдлээ. Би Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Цэнгэлбаярын 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн надад холбогдуулж эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.4-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой уншиж танилцлаа. Би энэ хэрэгт өмгөөлөгчөөрөө И.Отгонсүрэн өмгөөлөгчийг сонгон авсан тул өөрийнхөө сонгон авсан өмгөөлөгчтэй мэдүүлэг өгнө. Би дээрхи тогтоолыг өмгөөлөгчтэйгээ хамт уншиж танилцлаа. Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 дугаар тал/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

Дээрхи шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд засан хэргийн нотлобол зохих байдлуулыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хсээгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн, хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч Д.Э нь Төв аймгийн Заамар сумын Бат-Өлзийт  4 дүгээр багийн нутаг “Цагаан худаг” гэх газраас 2023 оны 01 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө О.Бийн эзэмшлийн 6 тооны хонийг хотноос нь машин механизм ашиглан хулгайлж бусдад 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон гэж үзсэн.

 

Гэм буруугийн талаар шүүх хуралдаанд дүгнэлт танилцуулах шатанд:

 

Улсын яллагч Б.Наранхүү.

Шүүгдэгч Д.Э нь Төв аймгийн Заамар сумын Бат-Өлзийт  4 дүгээр багийн нутаг “Цагаан худаг” гэх газраас 2023 оны 01 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө О.Бийн эзэмшлийн 6 тооны хонийг хотноос нь машин механизм ашиглан хулгайлж бусдад 1,200,000 төгрөгийн хохирол гэмт хэрэгт үйлдсэн хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч болон хохирогчийн мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Эыг эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах санал гаргаж байна. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Карина маркийн автомашины үнэлгээгээр тогтоосон 1.260.000 төгрөг гаргуулж улсын орлого болгох санал гаргаж байна гэх дүгнэлтийг,

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн: “Улсын яллагчийн зүгээс Д.Эыг бусдын  6 тооны  малыг хулгайлж 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах санал гаргаж байна.  Д.Э мөрдөн байцаалтын шатанд  өнөөдрийн ярьсан мэдүүлгээ огт яриагүй байдаг. Тухайн үед Заамар сумын  цагдаа байсан Чулуун-эрдэнэ гэдэг хүн бүлэг болвол хүндэрнэ ял авна гэж хэлсэн учраас Оюунцэцэг гэж хүний талаар огт яриагүй байдаг. Оюунцэцэг гэдэг хүн бензиний  мөнгө өгөөд хохирогчийн гэрийг зааж өгөөд  хонь аваад ир гэж хэлсэн  байдаг. Энэ талаар ч саналаа урьдчилсан хэлэлуцүүлгийн шүүх  хуарлдааэнд бичгээр саналаа өгсөн байдаг. Хохирогч манай хонийг ганцаараа өргөх боломжгүй гэж мэдүүлсэн энэ байдлыг тогтоох шаардлагатай байдаг. Оюунцэцэг О.Быг гэртээ байхгүй талаар мэдүүлж байсан байна. Тиймээс шүүх хуралдааныг 60 хүртэл хононоор  хойшлуулж нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэх дүгнэлтий,

        

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Энхтуяа “.Хууль эрх зүйн мэдлэг дутуу байдлаасаа болоод өнөөдөр Д.Э ийм байдалд орсон. Оюунцэцэг гэж хүн  манайх ах, дүү нарын уулзалттай гэж хэлээд хохирогчийн гэрийг нь зааж өгсөн байдаг. Хохирогчийн мэдүүлгээр Оюунцэцэг   орой 21 цагийн үед архинд явсан . Хохирогч манай хоттой хониноос  ганцаараа өргөөд явах боломжгүй гэж хэлсэн.  Д.Э Оюунцэцэгтэй хамт хонь ачиж явсан байж болзошгүй нөхцөл байдал байна. Хэдий Эрдэнэ-очир гэм буруугаа хүлээж байгаа хэдий ч шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүх хуралдааныг  60 хүртэлх хоногоор хойшлуулж Оюунцэцгийг шалгаж өгнө үү ” гэх дүгнэлтүүдийг тус тус гаргав.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”... гэж тус тус хуульчилсан.

 

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг, мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.

 

Шүүгдэгч Д.Эын холбогдсон тухайн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн арван долдугаар бүлэг “Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг”-т хамааруулсан байдаг.

 

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг гэмт этгээд хэрхэн хохирогчоос шилжүүлэн өөрт олж авч байгаагаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах бусад гэмт хэргүүд болж ялгагддаг.

 

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүдээс “Мал хулгайлах” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас хулгайлж хохирол, хор уршиг учирсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Мал хулгайлах” гэсэн шинжийг хангасан байна.

 

Өөрөөр хэлбэл машин механикм ашиглаж үйлдсэн нь бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх, хамгаалалт бэхэлгээг эвдэх, малыг зөөж тээвэрлэх зориулалттай бүх төрлийн автомашин, мотоцикль, трактор, өөрөө явагч бусад машин болон өргөх буулгах, ухах, малтах, түрэх, цоолох, зүсэх зориулалттай машин, механизмууд хамаардаг бөгөөд Д.Эын үйлдэл нь эдгээр шинжүүдийг хангаж байх тул түүнийг машин мехнаизм ашигласан гэж үзэн хүндрүүлэн зүйлчлилсэн нь үндэслэлтэй гэж шүүх үзсэн болно.  

 

Тухайлбал шүүгдэгч Д.Э хувьд хохирогч О.Бийн малыг түүний зөвшөөрөлгүйгээр хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авсан байна.

 

Дээрхтэй нөхцөл байдалтай холбоотойгоор шүүгдэгч Д.Эыг бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамаарч хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, төгссөн гэмт хэрэг гэж үзэж, прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэлээ. 

 

Тэрээр шүүгдэгч Д.Э нь бусдыг малыг машин механизм ашиглаж хулгайлж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд тухайн хууль бус үйлдэл, эс үйлдэхүй нь хохирогч О.Бт учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байна.

 

Шүүхийн хэлэцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн, Р.Энхтуяа нар нь шүүгдэгч Д.Эын үйлдэл Оюунцэцэг гэх хүний үйлдэл оролцоо байна уу гэдгийг шалгуулахаар 60 хүртэл хоногийн хугацаагаар хурлыг хойшлуулах, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5-д заасан үндэслэл тогтоогдож байх тул шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтүүдийг тус тус гаргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзсэн.

 

Учир нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсний дагуу шүүх прокуророос шүүгдэгч Д.Эт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5-д заасан “Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх бол, эсхүл энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна” гэж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дах хэсгийн 6.13-т “нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар энэ хуульд заасан журам зөрчигдсөн талаар гаргасан гомдол”,

6.14-т “хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан тухай гомдол” гаргасан бол шүүх хуралдааныг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулж болно гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан дээрх хүсэлтүүд нь дээрх хуулийн зүйл заалтад хамааралгүй байх тул хүлээн авах үндэслэлгүй байна.

 

Шүүгдэгч Д.Э нь Оюунцэцэгтэй гэх хүнтэй холбоотой гомдлоо Цагдаагийн байгууллагад гаргах эрх нь нээлттэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Хохирол хор, уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2.“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан байна.

 

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Д.Э нь хохирол төлбөрт 1.200.000 төгрөг төлсөн болох нь хавтас хэргийн 79 дүгээр талд авагдсан Хаан банкны 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн “Мөнгөн шилжүүлэг”-ийн баримтаар тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөр төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж, мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” шүүгдэгч Д.Эын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан түүний өмчлөлийн 75-38 УНГ улсын дугаартай Toyota carina маркийн тээврийн хэрэгслийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:  

 

            Эрүүгийн хариуцлага болох ял шийтгэлийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:

            Улсын яллагч Б.Наранхүү:

            Шүүгдэгч Д.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг оруулж байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл болон  битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, өнөөдрийг хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авч ирсэн байна... гэсэн дүгнэлтийг,

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн:

            ...Шүүгдэгч Д.Эын 6 тооны хонь хулгайлсан энэ үйдлээ хүлээн зөвшөөрдөг, хэрэг хүндрэх юм байна гэсэн үүднээс Оюунцэцэг гэдэг хүнтэй хамтарсан талаараа  хэлээгүй байсан энэ асуудлыг шалгаж өгнө үү гэсэн хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар гэм буруутайд тооцсон учраас улсын яллагчаас хорих ял оногдуулж байгаа энэ санкци нь 2-8 жилийн хорих  ялтай Д.Эын хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрөө төлсөн, хувийн байдлын талаар хүүхэд нь өөрийнх нь асрамжид байдаг. Эдгээр байдлыг нь харгалзан үзээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан ялыг 1 жил болгож багасгаж өгнө үү гэх саналыг оруулж байна...’’ гэсэн дүгнэлтийг,

           

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Энхтуяа: И.Отгонсүрэн өмгөөлөгчийн саналыг дэмжиж байна. Миний үйлчлүүлэгч нөхцөл байдалыг буруугаар ойлгосны улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн тул 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү  гэв.

 

            Шүүгдэгч Д.Э:

            ...Оногдуулсан ялыг маань багасгаж өгнө үү...’’ гэсэн мэдүүлгийг тус тус гаргасан болно.

 

            Шүүх шүүгдэгч Д.Э нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал, хохирлоо төлж барагдуулсан зэргийг харгалзан түүний эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр хорих ялыг хөнгөрүүлэн эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнээд хорих ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тогтоож шийдвэрлэх нь тохирно гэж үзлээ.

 

Шүүгдэгч Д.Эт оногдуулсан хорих ялыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдлыг харгалзан мөн хуульд заасны дагуу нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

              Эрүүгийн ___ дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь энэ хэрэгтэй холбоотой гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4, 22.4.1 дэх заалт, Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д.Эыг машин механизм ашиглан бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т  зааснаар шүүгдэгч Д.Эыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Эт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч Д.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь энэ хэрэгтэй холбоотой гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Д.Эын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан түүний өмчлөлийн 75-38 УНГ улсын дугаартай Toyota carina маркийн тээврийн хэрэгслийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгосугай.

 

6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, түүний хорих ял эдлэх хугацааг 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.

 

8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

                       

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                Ж.ДЭЛГЭРМӨРӨН