Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 492

 

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Хишигдэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

          Нэхэмжлэгч: Булган аймгийн Сайхан сумын 2 дугаар багт оршин суух С овогт О.Б  -ийн нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: Булган аймгийн ... оршин суух /Булган аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа Цагдан хорих байранд хоригдож буй/, Э овогт Г.О-д холбогдох, гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгө хуваалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2019/00443/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Ундрах-Оргил, П.Ган-Очир, хариуцагч Г.О , хариуцагчийн өмгөөлөгч М.Даваасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Батсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Миний бие О.Б  нь Г.О тай 2013 онд танилцаж, түүнээс хойш хамтран амьдарч 2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2014 оны 8 дугаар сарын 23-ны өдөр том охин О.Б , 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр бага охин О.Э нар төрсөн. Би Г.О тай суухдаа хүүтэй байсан. Хүү маань Улаанбаатар хотод ээж, аавын маань асаргаанд байдаг. ... Зодохдоо намайг түлэх, нэг газар маш олон удаа цохидог байсан. Эрүүл ч байсан согтуу ч байсан “нүд ухна” гэдэг. ... Намайг том охиноо гаргаад дөнгөж төрсөн байхад Г.О бэлгийн харьцаанд орсон гэж хэл амаар доромжилж дарамталдаг байсан мөн гэр  бүл болохоос өмнө уулздаг  байсан хүүхнийхээ хажууд нүүж очиж намайг доромжилдог байсан. Г.О  нь гэртээ тогтохгүй байнга гадуур тэнэдэг. Хэрвээ гадуур дураар нь тэнэж явуулахгүй бол уурлаж зодно. Үр хүүхдүүдээ анхаарал халамж тавьдаггүй, охидуудаа хоол ундтай байгаа эсэх, өмсөх хувцастай байна уу гэж нэг удаа ч анхаарч асууж байгаагүй. Үр хүүхдээ хайрлаж энэрдэггүй харгис хүн. ...Г.О аас айгаад цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй. 2018 оны 10 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа. Г.О т байнга зодуулснаас болж миний 2 нүдний хараа муудаж, байнга үнэтэй нүдний дусаалга хэрэглэдэг болсон. Эмч удаан эмчлүүлэхгүй явах бол хараагүй болох эрсдэлтэй гэж хэлсэн. Би сэтгэл санааны дайралтад өртөж байснаас үүдээд шөнө унтаж чадахгүй байнга эм ууж унтдаг болсон. Цаашид миний бие  Г.О т зодуулж, хэл амаар доромжлуулж байнгын сэтгэл санаа болон бие махбодын шаналал зовиураас хол мөн охидуудаа эрүүл аюулгүй, тайван орчинд амьдруулах хүсэлтэй байна. Г.О  нь Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр шийтгүүлсэн ба одоо Булган аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа Цагдан хорих байранд хоригдож байгаа. Иймд хоёр охиноо өөрийнхөө асрамжид авч эцэг Г.О аас хүүхдийн тэтгэлэг гаргуулж, гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч Г.О  шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.О  миний бие нь О.Б тай 2014 онд гэр бүл болж, 2 хүүхдийн эцэг эх болсон. Өнгөрсөн 6 жилийн хугацаанд бид хөдөө мал маллан бусдын адил амьдарч байсан. Гэвч бидний хоорондох бие биеэ ойлгохгүй таарамжгүй байдал маань даамжирсаар миний бие эрүүгийн хэрэгт холбогдсон. Энэ байдал дээр намайг улам түлхэж, эд хөрөнгөө зарж, үрэхэд хүрсэн. Энэ нь эд хөрөнгийн маргаангүй гэсэн нэхэмжлэлээс тодорхой байна. Иймд гэрлэлт цуцлуулах хүсэлтийг нь хүлээн зөвшөөрч 2 охин минь бага тул эхийнх нь асрамжид өгөхөд татгалзахгүй гэжээ.

Сөрөг нэхэмжлэлийн нэхэмжлэгч Г.О  шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Гэр бүлийн дундын өмч болох малаас өөрт ногдох 45 хонь, 15 ямаа, 4 үхрийг авч, хонио дундажаар 100 000 төгрөг, ямааг 80 000 төгрөг, үхрийг 600000 төгрөгөөр үнэлж нийт 64 тооны 8 100 000 төгрөгийн мал, аавынхаа бэлдэж өгсөн бүрэн тавилга бүхий гэрээ 10 000 000  төгрөгөөр үнэлж авах, Г  гэдэг хүнээс 2.500.000 төгрөгөөр худалдан авсан малын өвөлжөө, хаваржаа, 5 ханатай 2 гэрийн өөрийн эцгийн бэлдэж өгсөн гэрээ тавилгын хамт 10.000.000 төгрөгөөр үнэлэн авах, 2015 оны 9 дүгээр сард сум хөгжүүлэх сангийн зээлээр / 6.800.000 төгрөгийн өртөгтэй / бага оврын тракторыг иж бүрдлээр нь авсан, хайрхан нэртэй мотоцикль 1.200.000 төгрөг,  цахилгаан хөрөө 160000 зэрэг дундын өмчөөс өөрт оногдох хэсгээс 20.140.000 төгрөг гаргуулах хүсэлтэй байна. О.Б ын эцэг эхийн бэлдэж өгсөн гэр 4.500.000 төгрөг, авто машин 10.000.000 төгрөг зэрэг нь дундын өмчлөлийн хөрөнгө тул адил тэнцүү хувааж, хөрөнгөдөө оруулж тооцуулах хүсэлтэй байна. Мөн аавын маань өгсөн шүрэн толгойтой их гарын цагаан хаш хөөрөг 29.000.000, хурган дотортой дээл 1.000.000 төгрөг, эмээл хазаар, ногт чөдөр аргамжаа, гүүний зэл зэргийг 1.110.000 төгрөгөөр үнэлэн хуваарьт хөрөнгөө биет байдлаар нь нийт 51.250.000 төгрөгний хөрөнгө гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Сөрөг нэхэмжлэлийн хариуцагч О.Б  шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч О  нь гэр бүлийн дундын өмчөөс мал 45 хонь, 15 ямаа, 4 тугалтай үнээ, иж бүрэн тавилга бүхий гэрийг 10000000 төгрөгөөр үнэлж, хаваржаа, троктор, мотоцикль, хөөрөг, хурган дотортой дээл, эмээл хазаар, ногт, чөдөр, гүүний зэл, аргамжаа зэргийг үнэлж, 51250000 төгрөг нэхэмжилсэн шаардлага гаргасан байна. О ын гэр, хөөрөг, гүүний зэл, эмээл, хазаар, чөдөр, ногт зэрэгт маргахгүй авч болно. Дээрхээс бусад хөрөнгөд О  маргах үндэслэлгүй гэжээ.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                            ҮНДЭСЛЭХ нь:  

          Нэхэмжлэгч О.Б  нь хариуцагч Г.О т холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, хариуцагч Г.О  нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгө хуваалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. Үндсэн нэхэмжлэлийн шаардлага буюу гэрлэлт цулуулах, 2 хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрсөн болно.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

          Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд сөрөг нэхэмжлэлийн хариуцагч О.Б  нь нэхэмжлэгч Г.О т хөөрөг, хурган дотортой дээл, эмээлийн мод, гүүний зэл, унаганы ногт 4 ширхэг, хазаар 4 ширхэг эд зүйлийг гаргаж өгсөн тул эдгээр зүйлийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэж Г.О  шүүх хуралдааны шатанд тайлбарласан. Энэхүү татгалзал нь хэрэгт авагдсан 2019 оны 9 сарын 27-ны өдөр бичсэн Г.О ын хүсэлт, хөөрөг, хурган дотортой дээл, эмээлийн мод, гүүний зэл, унаганы ногт 4 ширхэг, хазаар 4 ширхэг хүлээлцсэн зохигчийн тэмдэглэлээр нотлогдож байна.

          Мөн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэгч Г.О  нь хариуцагч О.Б д холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзаж, дараах байдлаар талууд эвлэрсэн байна. Үүнд: О.Б  нь Г.О ын өмчлөлийн адуу болон 2 давхар бүрээстэй, 5 ханатай гэрийг тавилгын хамт Г.О т өгөх, Г.О  нь дундын өмчлөлийн 86 тооны мал болон трактор, хашаа, хөрөө болох дундын өмчлөлийн эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгээ гаргуулахаас татгалзаж зохигч эвлэрсэн.

          Зохигчийн эд хөрөнгийн эвлэрэл /18160000 төгрөг/ нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар зохигчийн эвлэрлийг шүүх батлах нь зүйтэй байна.

          Иймд шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагад зохигч эвлэрснийг баталж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, Г.О аас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж, О.Б д олгож, 124375 /нэг зуун хорин дөрвөн мянга гурван зуун далан тав/ төгрөг О.Б аас 124375 /нэг зуун хорин дөрвөн мянга гурван зуун далан тав/ төгрөгийг тус тус  гаргуулж Төрийн санд оруулахаар шийдвэрлэлээ. 

          Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 119, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3 дахь хэсэгт зааснаар О.Б , Г.О  нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.   Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.5, 40-р зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2015 оны 10 сарын 8-нд төрсөн охин О.Э , 2014 оны 8 сарын 23-нд төрсөн охин  О.Б  нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Г.О аар тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх О.Б д даалгасугай.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар О.Б  нь Г.О ын өмчлөлийн адуу болон 2 давхар бүрээстэй, 5 ханатай гэрийг тавилгын хамт Г.О т өгөх, Г.О  нь дундын өмчлөлийн 86 тооны мал болон трактор, хашаа, хөрөө болох дундын өмчлөлийн эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгээ гаргуулахаас татгалзаж зохигч эвлэрснийг баталсугай.

4.  Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдаж, амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээг өөрчлөгдөх бүрт хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд өөрчлөлт оруулж байхыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт  даалгасугай.

5.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 106 дугаар зүйлийн 106, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, Г.О аас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж, О.Б д олгож, 124375 /нэг зуун хорин дөрвөн мянга гурван зуун далан тав/ төгрөг О.Б аас 124375 /нэг зуун хорин дөрвөн мянга гурван зуун далан тав/ төгрөгийг тус тус  гаргуулж Төрийн санд оруулсугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д заасныг баримтлан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ж.Ариунжаргалд даалгасугай.

7.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Л.ХИШИГДЭЛГЭР