| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 176/2023/0190/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/195 |
| Огноо | 2023-05-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Хэрлэнчимэг |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 2023/ШЦТ/195
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэ-Оюун,
Улсын яллагчаар М.Хэрлэнчимэг,
Шүүгдэгч Я.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Я.Од холбогдох эрүүгийн ___ дугаартай, 1 хавтаст хэргийг 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Төв аймгийн Баянчандмань суманд 1990 оны 03 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “Мон-Эгг” ХХК-нд туслах ажилтан, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Төв аймгийн Баянчандмань сумын Замт баг, Илтийн 6 дугаар гудамж, 1а тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, НХ90030411 дугаарын регистртэй, Я.О.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Я.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Баянчандмань сумын Замт багийн 13-03 тоотод гэртээ 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Н.Дтай “дүүгээ өмөөрлөө” гэж маргалдан нүүрэн тус газарт нь төмөр тогоогоор цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Я.О нь мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй” гэж мэдүүлжээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Я.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Баянчандмань сумын Замт багийн 13-03 тоотод гэртээ 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Н.Дтай “дүүгээ өмөөрлөө” гэж маргалдан нүүрэн тус газарт нь төмөр тогоогоор цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон.
Энэ нь эрүүгийн ___ дугаартай хэрэгт авагдсан
Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 01 дүгээр хуудас/,
Шинжээчийн 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 168 дугаартай ...Н.Дын биед духанд шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй... талаарх дүгнэлт /хх-ийн 12-13 дугаар хуудас/,
Хохирогч Н.Дын ...Би Төв аймгийн Баянчандмань сумын замт 2-р багт өөрийн хамтран амьдрагч Я.О өөрийн хоёр хүүхэд мөн гэрт миний төрсөн дүү Хулан нарын хамт амьдардаг юм тухайн 2023 оны 03 сарын 31-ний өдөр би гэртээ хэсэг унтаж байтал миний хамтран амьдрагч Я.О миний төрсөн дүү Хулан нар хоорондоо маргалдаж барилцаж аваад ноцолдоод байх үед нь би сэрээд юм дугараагүй би орноосоо босоод тэр хоёрыг салгаад би хамтран амьдрагч Я.Огийн хамт дэлгүүр ороод дэлгүүрээс авсан хоол хүнсээ гэртээ авч мөн дэлгүүрээс авсан байсан 1 шил ЭКС нэртэй 0.75 граммын архиа Цогтбаатар, Соёлгэрэл нарын хамт хувааж уугаад би буцаад унтаад өгсөн байсан тэгээд хэсэг унтаж байтал гэрийн гадаа хүмүүс маргалдаад чанга чанга дугараад байхаар би сэрээд гэрээс гараад хартал Хулан манай хамтран амьдрагч Я.О нар хоорондоо дахиад маргалдаад зогсож байхаар би гэрээс гараад очтол Отгонхүү, Хулан хоёр хэрэлдээд зогсож байхаар нь би дүү охиноо өмөөрч хамтран амьдрагч Отгонхүү чи одоо болилдоо дандаа хэрүүл маргаан үүсгэж байх юм гэж хэлтэл гэрийн гадаа галын үнс хийгээд тавьсан байсан ширмэн тогоог газар байхад нь авч миний толгойны зүүн талын нүдний дээ дух хэсэг дээр нэг удаа цохиод тэгэхээр нь би хамтран амьдрагч Отгонхүүг чи намайг яаж байгаа гэж хэлтэл уучлаарай гэж хэлээд зогсож байгаа Отгонхүү зугтаагаад явсан байсан тэгтэл миний төрсөн дүү Хулан хотод байдаг ах, эгч нар луу утсаар залгаж хэлээд тэр хэд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байсан юм... гэх мэдүүлэг /хх-ийн 5-6 дугаар хуудас/,
Гэрч Я.Огийн ...Би 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр гэртээ буюу Төв аймгийн Баянчандмань сум Замт 2-р баг Арван цагаан 7-5 тоотод найз Цогтбаатар, Соёлгэрэл нарын хамт нэг шил Экс нэртэй 0,75 литрийн архи хувааж уугаад сууж байтал манай эхнэрийн дүү Хулан намайг та архи болиоч гэсэн тэгэхээр нь би согтуудаа чамд хамаагүй гэж хэлээд би Хуланг бариад авсан чинь манай хамтран амьдрагч Дүүрэнжаргал Хулан бид хоёрыг салгах гээд дундуур ороод ирэхээр нь би хажууд байсан үнс хийдэг хувингаар Дүүрэнжаргалыг цохисон чинь баруун талын хөмсөгний дээд талыг нь сэтэлчихсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 8 дугаар хуудас/,
Гэрч Н.Хулангийн ...Би 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр гэртээ амарч байтал манай хүргэн ах Отгонхүү, найз Цогтбаатар, Соёлгэрэл нарын хамт нэг шил Экс нэртэй 0,75 литрийн архи хувааж ууж дуусаад дахиж архи авч ууна гэхээр нь би хүргэн ах Отгонхүүд хандаж та архи уухаа боль гэсэн чинь чамд ямар хамаатай юм бэ? би гэртээ байна гээд шууд миний үснээс зулгаасан тэгэхээр нь би Отгонхүүгийн үснээс нь зөрүүлээд зулгаасан чинь манай эгч Дүүрэнжаргал Отгонхүү бид хоёрыг салгах гээд дундуур орж ирсэн чинь Отгонхүү манай эгч Дүүрэнжаргалын баруун хөмсгийг үнс хийдэг хувингаар цохисон тэгээд Дүүрэнжаргалын хөмсөгнөөс цус гараад тогтохгүй болохоор нь би цагдаа дуудсан... гэх мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/,
Шүүгдэгч Я.Огийн яллагдагчаар өгсөн...Би прокурорын тогтоолыг уншиж танилцлаа. Энэ тогтоолыг хүлээн зөвшөөрч байна... гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн түүний мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлгээс түүнийг өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаагүй, хүсч үйлдээгүй, хохирол, хор уршигт зориуд хүргээгүй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Я.Ог гэм буруутайд тооцуулахаар хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Н.Д нь “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” /хх-ийн 44 дүгээр хуудас/ гэсэн байх тул шүүгдэгч Я.О нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч Я.Од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Я.О нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Ийнхүү хүсэлтийг хангаж шүүгдэгч Я.Од ял оногдуулах санал гаргахдаа улсын яллагчаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасныг баримталсан байна.
Шүүгдэгч Я.Од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялын саналтай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний гэм бурууд тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол оногдуулсан торгох ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.
Эрүүгийн ___ дугаар хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Я.О энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг,
шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн тогоо нэг ширхгийг устгахыг тус шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгасныг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Я.Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Я.Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Я.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Я.Од шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн тогоо 1 ширхэгийг устгахыг тус шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
6. Эрүүгийн ___ дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Я.О энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Я.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Я.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН