Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 529

 

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Хишигдэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

          Нэхэмжлэгч: Булган аймгийн ... оршин суух Д  овогт Б.Д  -ийн нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: Булган аймгийн ... оршин суух, Б овогт Ч.О -т холбогдох, гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2019/00465/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Д , хариуцагч Ч.О  нарийн бичгийн дарга Т.Батсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч Б.Д  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Миний бие нь одоо хүүтэйгээ хамт амьдардаг бөгөөд цаашид Ч.О тай нийлэх боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулж, хүү О.М ыг өөрийн асрамжид авч, эцэг О аас хүүхдийн тэтгэмж гаргуулах хүсэлтэй байна. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

          Хариуцагч Ч.О  шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Миний бие 2010 онд Б.Д тэй гэр бүл болж хамтран амьдарч эхэлсэн. 2010 онд бидний хүү О.М  төрсөн. 2017 оноос хойш Б.Д  бид хоёрын хоорондын харилцаа таарч тохирохгүй болсны улмаас тусдаа амьдарч байгаа. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй тул гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Миний бие 2014 оны 06 дугаар сард авто машины осолд орж хөдөлмөрийн чадвараа 80 хувь алдаж группд орсон. Одоогоор эрхэлсэн ажил байхгүй тул хүүхдийн тэтгэлгийг төлөх боломжгүй байна. Хүүхдийн асрамжийн хувьд маргаангүй гэв.

          Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч Б.Д  нь хариуцагч Ч.О аас гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлага гэрлэлт цуцлуулахыг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хүлээн зөвшөөрсөн. Хүүхдийн тэтгэлэгийг 80 хувь хөдөлмөрийн чадвараа алдсан, группт байдаг учир төлөх боломжгүй гэж шүүх хуралдаанд тайлбарласан.

          Хариуцагч хөдөлмөрийн чадвараа 80 хувь алдсан бөгөөд хүүхдийн тэтгэлэг төлөх боломжгүй тухай нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байх тул гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.7 дахь хэсэгт зааснаар шүүх хүүхдийн тэтгэлэгийг багасгаж тогтоох нь хуульд нийцэхгүй байна.  

          Иймд шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Учир нь:

           Зохигч 2017 оноос хойш тусдаа амьдарч байгаа бөгөөд хэн аль нь гэр бүлээ авч үлдэх талаар арга хэмжээ аваагүй байхын зэрэгцээ гэрлэгчид эвлэрэх боломжгүй болох нь зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэлээр тогтоогдож байх тул Б.Д , Ч.О  нарын гэрлэлтийг цуцлах нь гэр бүлийн тухай хуульд нийцэж байна.

          Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7 дахь хэсэгт зааснаар хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд хүүхэд долоо ба түүнээс дээш настай бол хүүхдийн саналыг харгалзана гэсэн байдаг боловч хариуцагч Ч.О  хүүхдийн асрамжид маргаагүй, эх Б.Д гийн асрамжид үлдээхэд татгалзах зүйлгүй гэх тайлбарыг шүүхэд гаргасан. Мөн эх Б.Д  хүү О.М ыг өөрийн асрамжид авах хүсэлтэй гэсэн тул 2010 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн хүү О.М ын саналыг асуугаагүй болно. Хүү О.М ыг хуульд зааснаар эцэг Ч.О аар тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

          Хариуцагч хөдөлмөрийн чадвараа 80 хувь алдсан тухай нотлох баримт болон хөдөлмөр эрхлэх боломжгүй, тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувь цаашлаад амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээгээр тэтгэлэг төлөх боломжгүй тухайгаа нотлон хүүхдийн тэтгэлгийн хэмжээг багасгуулах нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй болохыг дурдах нь зүйтэй гэж шүүх үзлээ.  

          Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3 дахь хэсэгт зааснаар Б.Д , Ч.О  нарын гэрлэлтийг цуцалсугай.
  2.  Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2, 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар 2010 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн хүү О.М ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод төвшингийн 50 хувь, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Ч.О аар тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Б.Д д даалгасугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 102729 /нэг зуун хоёр мянга долоон зуун хорин ес/ төгрөгийг гаргуулж, 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг нэхэмжлэгчид олгож, 32529 /гучин хоёр мянга таван зуун хорин ес/ төгрөгийг Төрийн санд оруулсугай.
  4. Зохигч эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.
  5. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар Шүүхийн шийдвэрийн 1 хувийг хүчин төгөлдөр болмогц иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллага буюу Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Ж.Ариунжаргалд даалгасугай.
  6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд мөн хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурьдсугай.
  7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Л.ХИШИГДЭЛГЭР