Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 2023/ШЦТ/79

 

 

 

 

 

 

 

 

    2023          01          26                                    2023/ШЦТ/79

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхзаяа,

улсын яллагч Ч.Батбаатар,

хохирогчийн өмгөөлөгч Г.Тамир,

шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Н.Жамъян нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт *** холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2203005530548 дугаартай, 1 хавтаст хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1986 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, *** ХХК-д менежер ажилтай, ам бүл-4, эхнэр, хүүхдүүдийн хамт *** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй *** (РД:***).  

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн хэргийн товч агуулга:

Яллагдагч *** нь Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Титан центр төвийн урд талын замд 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 14 цаг 25 минутын орчим Тоёота Приус маркийн *** УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1-т заасан Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино., 10.3-т Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө. гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Р.***ийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүгдэгч *** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 13 цагийн үед Хан-Уул дүүргийн Титан төв дахь өөрийн ажлаасаа гарч яваад хүн мөргөсөн. Хохирогч, түүний ар гэрийнхнээс уучлал хүсэж байна. Тэр өдөр Титан төвөөс хөдлөөд Яармагийн зүүнээс баруун чиглэлтэй зам руу ороод явсан. Тухайн зам нь тууш зам учраас машинууд хурдтай явдаг тул би зүүн талын хөдөлгөөнийг харж байсан. Явган хүний гарц байхгүй учраас тэндээс явган зорчигч гарч ирнэ гэж бодоогүй. Зүүн тал руугаа харж байгаад жаахан завсар гарах үед нь хурдтай орох гэтэл явган зорчигч дайрсан. Богино хугацаанд ийм зүйл болсон. Би тэр дороо машинаас буугаад харахад *** гуайг мөргөсөн байсан. Би цагдаа, түргэн тусламж дуудсан. Цагдаа ирээд хэмжилт хийсэн. *** гуайг Гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. Би араас нь Гэмтлийн эмнэлэг орсон. Би гэм буруу дээр маргахгүй. гэсэн мэдүүлгийг гаргасан.

 

Хоёр. Эрүүгийн 2203005530548 дугаартай хэргээс:

 

1. Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газарт бүртгэгдсэн дуудлага лавлагааны хуудас, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл ( хавтаст хэргийн 3-4 дэх тал),

 

2. 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Титан центр төвийн урд талын замд хийсэн хэргийн үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч, явган зорчигч, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан хуудас, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 5-12 дахь тал),

 

3. Хохирогч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр өгсөн: Би тухайн өдөр төрсөн дүү ***ийн хамт Хан-Уул дүүрэгт байх гэрээс нь гараад эмнэлэг орж цахим дугаар авах зорилготой явж байсан. Ингээд төв зам руу ойртож ирээд хойноос урагшаа зам хөндлөн гарахаар зорчих хэсэг рүү алхаад ороход миний зүүн талаас машин мөргөөд би газар унасан. Ослын дараа миний толгой их хавдсан, мөн зүүн гар өвдөж байсан. Дараа нь цагдаа болон түргэний машин ирээд түргэний машинтай би эмнэлэг рүү явсан. Явган хүний гарц ойр хавьд байгаагүй учир би машин харж байгаад дүүгийн хамт гарцгүй газраар зам хөндлөн гарахаар зорчих хэсэг рүү алхаад орсон...Миний биеийн байдал хүнд байна. Босохоор толгой эргэнэ, уушги өвдөж, ханиалгах гэх мэт зовуурьтай байна. Миний эрүүл мэндтэй холбоотой 6.000.000 орчим төгрөгийн хохирол гарсан. Жолооч энэ хохирлоос төлөөгүй. Жолооч ослын дараагаас 1,000,000 гаруй төгрөг төлсөн гэж бодож байна. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дахь тал),

 

4. Гэрч Р.***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр өгсөн: Би тухайн өдрийн 14.00 цаг болох гэж байхад Хан-Уул дүүрэгт байх гэрээсээ төрсөн эгч ***ийн хамт эмнэлэг орж эгч ***ийг үзүүлэх зорилготой гарсан. Манай эгч одоо 74 настай хүн байдаг. Ингээд эгч амарч алхаж явдаг болохоор нэлээн удаан алхсан. Тэгээд төв замын харалдаа хойд талд нь ирээд явган хүний гарцгүй хэсгээр хойноосоо урагшаа чиглэлтэй зам хөндлөн гарахаар зам руу алхаад орсон, тэр үед гэр хороолол талаас төв зам руу орж явсан авто машин эгч ***ийн зүүн талаас мөргөөд зогссон. Эгч машинд мөргүүлээд газар унасан. Ослын дараа машины жолооч гээд эрэгтэй хүн бууж ирсэн, эгч толгой болон гар өвдөөд байна гэж хэлсэн. Жолооч эрэгтэй дуудлага өгсөн, дараа нь дүүргийн цагдаа ирээд бүрэлдэхүүн ирнэ гээд хэлж байсан. Удаагүй түргэний машин ирээд эгч ***ийг үзээд аваад явсан. Би эгчтэй хамт явсан. Жолооч ослын газарт үлдсэн. Гэмтлийн эмнэлэг дээр ирээд эгчийг үзүүлэхэд зүүн гар нь хугарсан гэж хариу гарсан. Ингээд эгч эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Одоо эгч маань Сонгдо эмнэлэгт эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа. Биеийн байдал нь тогтворгүй байгаа. Ойр явган хүний гарц байгаагүй тул явган хүний гарцгүй хэсгээр зам хөндлөн гарсан. Эгч бид хоёр зам руу алхаад орохдоо зүүнээс баруун тийш явж байгаа машинуудыг хараад хөдөлгөөн тасрахаар нь зам руу алхаад орсон. Хороолол талаас ирж байсан машиныг хараагүй. Манай эгч *** Эрдэнэт хотод амьдардаг, 2022 оны 08 дугаар сард ирсэн. Эгч хөдөө байж байгаад баруун нүд нь харах чадвараа алдсан болохоор үзүүлэх гэж ирсэн. Эгч даралт өндөртэй, зүрхний хэм хаяа алдагдаад байдаг. Эгч маань 10 жилийн өмнө цөсний чулуу авхуулсан. Мөн уушги нь 2 талдаа хатгаатай. Жолооч осол болсон өдрийн дараагаар шаардлагатай эм тариа, төлбөр хохирлыг төлж барагдуулаад явж байгаа. Би эгчийг сахиж, надаас гарч байгаа хохирлыг би өөрөө гаргаж байгаа. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дахь тал),

5. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийгдсэн 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн №12655 дугаартай:

-*** биед зүүн зүүн богтос ясны хугарал, зулай, дагзны хуйх, нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдоо.

-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

-Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

-Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 30-32 дахь тал),

 

6. Авто тээврийн үндэсний төвийн Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн №38884324 дугаартай :

-Уг авто машиныг техникийн хяналтын үзлэгийн төвийн тоног төхөөрөмжөөр үзлэгийн инженерийн мэдлэг, ур чадварт тулгуурлан хэмжилт хийж шалгаж үзэхэд: Урд хойд тэнхлэгийн хоёр дугуйн тоормосны хүчний хэмжээ, ерөнхий байдал, иж бүрдэл, баруун зүү гар талын хол ойрын гэрлийн тусгалын чадал, зогсоолын тоормос, авто машины хурдны хайрцгийн ажиллагаа зэрэг нь стандартын шаардлага хангаж байна. Харин урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ алдаатай байгаа нь авто тээврийн хэрэгсэлд тавигдах стандартын шаардлага хангахгүй байна, .

-Уг тээврийн авто тээврийн хэрэгслийн урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ алдаатай байгаа нь авто тээврийн хэрэгсэлд тавигдах стандартын шаардлага хангахгүй байна.

-Авто тээврийн хэрэгслийн урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ алдаатай байгаа нь зам тээврийн осолд хэрхэн яаж нөлөөлөхийг, хэзээ яаж үүссэн болохыг техникийн хяналтын үзлэгээр тогтоох боломжгүй.

-Уг авто тээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгат ABS тоормосны системтэй байна. Урд хойд тэнхлэгийн дугуйн тоормосны ажиллагаа стандартын шаардлага хангаж байсан, зогсоолын тоормос ажиллаж байсан.

-Уг авто тээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгат ABS тоормосны системтэй ба авто тээврийн хэрэгслийн хурд, зам орчны нөхцөл байдал, цаг агаарын байдал зэргээс хамаараад тоормосны мөр зам дээр үүснэ. гэсэн дүгнэлт  (хавтаст хэргийн 38-41 дэх тал),

 

7. Мөрдөгчийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн №1234 дугаартай:

-Т.Приус маркийн *** УБМ улсын дугаартай авто машины жолооч *** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3-д жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө, мөн дүрмийн 1.3-т Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байна.

-Хохирогч Р.*** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. гэсэн магадалгаа (хавтаст хэргийн 84-85 дахь тал),

 

8. Яллагдагч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр өгсөн: Би тухайн өдрийн 14 цагийн орчимд Яармагт байдаг Титан центр худалдааны төвөөс миний эзэмшлийн боловч банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр бүртгэлтэй Тоёота Приус 41 маркийн *** УБМ улсын дугаартай цагаан өнгийн авто машиныг жолоодоод Баянзүрх дүүрэг рүү явахаар хөдөлсөн. Ингээд ажлын шугамаар уулзаад явж байсан үл таних эрэгтэй хүнтэй явсан. Тэр хүн урд суудал дээр суугаад би машинаа жолоодоод явж байсан. Тэгээд туслах замаас төв зам руу нийлэх гээд зүүн талаас ирж байгаа тээврийн хэрэгслүүдийг хараад төв зам руу орох үедээ гарцгүй газраар хүн гарч явсныг харалгүй нэг эмэгтэйг машиныхаа баруун урд хэсгээр мөргөөд зогссон. Ослын дараа би машинаасаа буугаад харахад 2 настай хүн байсан. Тэр хоёр хүний нэг нь машинд мөргүүлээд газар унасан байдалтай байсан. Би 102, 103 дугаарын утас руу дуудлага өгөөд машинд мөргүүлсэн эмэгтэйг машиндаа суулгаад түргэн тусламжийн машин ирэхийг хүлээсэн. Удаагүй байтал дүүргийн цагдаа ирсэн. Дараа нь түргэн тусламжийн авто машин ирээд гэмтсэн хүнийг үзээд гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан. Дараа нь замын цагдаагаас бүрэлдэхүүн ирээд ослын газарт үзлэг, хэмжилт хийсэн. Тэгээд машиныг ачуулаад явсан. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 94 дэх тал),

 

9. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа хаягийн лавлагаа, жолоочийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 23 дахь тал), мэдээлэл, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, авто тээврийн хэрэгслийн торгуулийн мэдээлэл Эко лит энержи ХХК-ийн тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 60-68 дахь тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.

 

  1. Гэм буруугийн талаар:

Улсын яллагчаас гэм буруугийн талаарх хууль зүйн дүгнэлтдээ шүүгдэгч *** нь Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Титан центр төвийн урд талын замд 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 14 цаг 25 минутын орчим тоёота Приус маркийн *** УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1-т заасан Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино., 10.3-т Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө. гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Р.***ийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар судалсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай. гэсэн дүгнэлтийг,

 

Хохирогчийн өмгөөлөгч Г.Тамираас хохирогч 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр осолд орсон, Эрдэнэт хотод амьдардаг,  осолтой холбоотой олон удаа ирж очиж байгаа. Энэ зардлыг нэхэмжлээгүй. Шүүгдэгч гэмт хэргийн улмаас учирсан хор хохирол биш гэж байна. Бусад нь хамаагүй гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би хамааралтай гэж үзэж байна. Хохирогч *** нь 74 настай. Ослоос хойшоо эмнэлэгт хэвтсэн. Хагалгаа, эмчилгээ хийлгэх асуудал яригдсан. Нэг байрлалд удаан хэвтэхээр хоол боловсруулах эрхтэн нь хэвийн ажиллаж чадахаа болиод дараагийн асуудал гарч ирсэн. Эмчийн зүгээс хагалгаа хийлгээд дийлэхгүй байх, эмчилгээ хийе гээд эмчилгээ хийлгээд гарсан зардлаа нэхэмжилсэн. Үүнийг хохирлын улмаас үүсэж байгаа хор уршиг гэж үзэж байна. 7,871,647 төгрөгийн хохирлын баримт өгсөн. Үүнээс 1,649,470 төгрөг төлсөн, үлдэгдэл 6,222,177 төгрөг болж байгааг гаргуулах саналтай байна, 430,000 төгрөгийн эм тариа авч өгсөн гэж байна. Үүнийг баримтгүй учир дүгнэх боломжгүй. Хохирогч өнөөдөр эмнэлэгт хэвтэж байгаа, ослоос хойш биеийн байдал нь дээрдэхгүй байгаа. Хохирогч сэтгэл, санаанаас авхуулаад хүнд байдалд орсон Энэ нөхцөл байдлыг харгалзан үзээд 6,222,177 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Жамъян нь шүүгдэгч гэм буруу дээр маргахгүй. Мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр явган зорчигчийг буруугүй гэж гарсан хэдий ч би хохирогчийн буруутай үйлдэл байгаа гэж үзэж байна. Тухайн зам нь гарцгүй газраар зам хөндлөн гарахад бэрхшээлтэй өргөн зам. Замын дагуу хашлагатай байдаг. Хашлагийн хаагуур гарч ирсэн нь ойлгомжгүй. Эмчлүүлж байгаа асуудал нь осолтой холбоотойгоор эмчилгээ хийгдээгүй байна. Эмчийн үзлэг, дүгнэлт, өвчний түүх, гэрчийн мэдүүлэг зэргээс харахад *** нь өмнө нь суурь өвчтэй, цөсөө авхуулж байсан, зүрхний хүнд өвчтэй эмчлүүлж байгаа, үүнтэй холбоотой гарсан зардлаа нэхэмжилж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Хэрэгт авагдсан баримттай танилцахад зүрхний чиглэлийн өвчний эм, тариа байна. Мэргэжлийн эмч нараас лавлахад “цус шингэлэх зориулалттай тариа байна” гэсэн. Баримт дотор сахиурын хоолны баримт байсан. Энэ нь хохирлын баримтад хамаарах уу, хохирогч өөрөө хохиролтой холбоотой баримтаа нотлох ёстой. Осолтой холбоотой эмчилгээ хийлгэсэн бол баримтаа гаргаж өгөхийг хүсэхэд гаргаж өгсөнгүй. Би өөрт байгаа баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Гэмтлийн эмнэлгээс гарахад эмчийн бичсэн дүгнэлтэд “зовуурь шаналал арилсан” гэдэг. Шүүгдэгч яаралтай тусламж үзүүлсэн, цагдаа дуудсан. Цаашид хохирогчийн эрүүл мэндийн асуудалд анхаарал тавьж Ачтан эмнэлэгт хэвтүүлэн эмчлүүлсэн, шаардлагатай эм тариаг авч өгсөн. Энэ байдлыг анхаарч үзнэ үү. Шүүгдэгч *** нь хэрэгт өгсөн баримтаас гадна хохирогчид эм тариа авч өгсөн, энийг нотолж чадаагүй гэдэг нь Ачтан эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхад шаардлагатай тариаг авч өгсөн байснаас харагдаж байна. Хэрвээ шүүх хохирлыг төлөх ёстой гэвэл төлөхөө илэрхийлж байгаа.гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч *** нь Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Титан центр төвийн урд талын замд 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 14 цаг 25 минутын орчим Тоёота Приус маркийн *** УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн:

3.1-т заасан Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.,

10.3-т Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө. гэсэн тус тус заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Р.***ийг автомашинаар мөргөж эрүүл мэндэд нь зүүн зүүн богтос ясны хугарал, зулай, дагзны хуйх, нуруунд цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт нь:

 

-Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газарт бүртгэгдсэн дуудлага лавлагааны хуудас, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл ( хавтаст хэргийн 3-4 дэх тал),

 

-2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Титан центр төвийн урд талын замд хийсэн хэргийн үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч, явган зорчигч, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан хуудас, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 5-12 дахь тал),

 

-Хохирогч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дахь тал),

 

-Гэрч Р.***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дахь тал),

 

-Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийгдсэн 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн №12655 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 30-32 дахь тал),

-Мөрдөгчийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн №1234 дугаартай магадалгаа (хавтаст хэргийн 84-85 дахь тал),

 

-Яллагдагч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 94 дэх тал) болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хэрэгт авагдсан, шинжлэн судалсан дээрх нотлох баримтыг шүүх хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар бүхэлд нь хянаж, харьцуулан шинжлэх, эх сурвалжийг магадлах аргаар шалгахад хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримт тогтоогдсон тул хууль ёсны нотлох баримтууд гэж үзэж, шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Хууль зүйн дүгнэлт:

Хууль зүйн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд гэм буруу нь санаатай, эсхүл болгоомжгүй хэлбэртэй байдаг.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно. гэж хуульчилсан.

Мөн авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчих тухай хууль зүйн ойлголт нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчиж хүний эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөд хохирол учруулах шинжээр тодорхойлогдох бөгөөд гэм буруутай этгээдийн үйлдэл, хохирол хор уршгийн хооронд шалтгаант холбоог шаардах ба, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндсэн шинжийг “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” бол гэж тодорхойлжээ.

 

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтад хууль зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч *** нь Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн үйлдэл нь хууль бус ба өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлах, хохирол, хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас бусдад хохирол, хор уршиг учруулсан байх тул гэмт хэргийг болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ. Мөн шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.  

Шүүгдэгч замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжгүй байсан болон хайхрамжгүй үйлдэл нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон байна.

Иймд шүүгдэгч ***ын үйлдлийг Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл үндэслэлтэй, хуульд нийцсэн байх ба хэрэгт шалгавал зохих ажиллагааг бүрэн хийсэн, хэргийн бодит байдал тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 

Тиймээс улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,

-мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус заасан ба гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь гэмт хэргийн хохирол буюу шууд үр дагавар болох бөгөөд  хохирогчийн эрүүл мэндийн хохирлын улмаас үүссэн зардал нь хор уршигт тооцно.

 

Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд хохирогчийн эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсны төлбөрийг шаардах эрхтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус хуульчилсан.

Тус хэргийн хохирогч *** өмгөөлөгчөөс 7,871,647 төгрөгийн хохирлын баримт өгсөн, үүнээс 1,649,470 төгрөг төлөгдсөн, үлдэх 6,222,277 төгрөгийг нэхэмжилнэ гэсэн дүгнэлтийг гаргасан ба мөрдөн шалгах ажиллагааны явцад дараах хохирол, хор уршгийн зардлыг нэхэмжилсэн баримт авагдсан байна. Үүнд:

-УБ Сонгдо эмнэлгийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 5,526,560 төгрөгийн баримт, Монос эмийн сангийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 184,255 төгрөгийн баримт, Ачтан элит эмнэлгийн 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 138,100 төгрөгийн баримт, Ану тулга эмийн сангийн 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 5000 төгрөгийн баримт, УБ Сонгдо эмнэлгийн 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 6,732 төгрөгийн баримт, Ачтан эмнэлгийн 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 120,000, болон 18,000 төгрөгийн буюу 138,000 төгрөгийн баримт, Ачтан эмнэлгийн 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 840,000 төгрөгийн баримт,  УБ Сонгдо эмнэлгийн 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 1,000,000 төгрөг, 33,000 төгрөг, нийт 7,871,647 төгрөгийн баримт ирүүлжээ.

Шүүгдэгч ***аас мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Р.***т 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 34,770 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 31,100 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 120,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 8,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 25,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 840,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 227,500 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 104,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 120,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 75,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 22-ний өдөр 47,200 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 16,800 төгрөг буюу нийт 1,649,370 төгрөгийн хохирол, хор уршгийн төлбөрийг барагдуулжээ.

 

Тус хэргийн улмаас хохирогчийн биед зүүн богтос ясны хугарал, зулай, дагзны хуйх, нуруунд цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр гэмтэл учирсан бөгөөд үүнтэй холбоотойгоор эмчилгээний гарсан зардал 1,649,370 төгрөгийг нөхөн төлсөн байна. Харин үлдэх 6,222,277 төгрөгийн төлбөрийг нэхэмжилсэн үндэслэлээ хохирогчийн өмгөөлөгчөөс хохирогч нэг байрлалд удаан хэвтэхээр хоол боловсруулах эрхтэн нь хэвийн ажиллаж чадахаа болиод дараагийн асуудал гарч ирсэн. Үүнийг хохирлын улмаас үүсэж байгаа хор уршиг гэж үзэж байгаа гэж тайлбарлах боловч хүндэвтэр гэмтлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд бусад өөр өвчний хүндрэл үүссэн гэх баримтгүй, тухайн эмчлүүлж буй эмчилгээнүүд нь зам тээврийн осол хэргийн улмаас учирсан гэмтэлтэй хамааралтайг эсэхийг нотолсон баримтгүй тул дээрх үлдэх төлбөрийг шүүх дүгнэлт хийж гаргах боломжгүй байна. Иймд хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг болон цаашид гарах зардлыг хууль ёсны шаардлага хангасан нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх нь зүйтэй гэж үзэв. Иймд шүүгдэгч ***ыг хохирогчид энэ тогтоолоор төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл:                 

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. гэж,

   6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.гэж тус тус хуульчилсан.

Яллах, өмгөөлөх талын гаргасан санал, дүгнэлт:

Улсын яллагч санал, дүгнэлтдээ шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгийн торгох ял оногдуулах саналтай. гэсэн дүгнэлтийг,

 

Хохирогчийн өмгөөлөгч Г.Тамираас Ялын саналын үндэслэл тодорхойгүй байна. Хохирогч эрүүл мэндээр хохирсон байхад 600,000 төгрөгөөр торгох саналыг гаргаж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан ялын зорилгод нийцэхгүй байна. Шүүгдэгч хохирол дээр маргаж, бодит байдал дээр хохирогч хохироод үлдэж байна. Ял шийтгэл шүүгдэгчийн гэм буруутай тохирч байгаа юу, миний үйлчлүүлэгч гомдолтой байгаа. Шүүгдэгч гэмт хэрэг үйлдээгүй бол ийм асуудал гарахгүй. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт 600,000 төгрөгөөр торгох  нь тохирохгүй байх тул ялыг хүндрүүлж, торгох ялыг нэмэгдүүлэх байдлаар оногдуулж өгнө үү. Шүүгдэгчийн биеэ авч яваа байдал, өөртөө хийсэн дүгнэлт зэргийг харгалзан үзнэ үү. гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Жамъян нь Тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа, хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлж, эм тариа авч өгсөн. Тиймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжээр торгох ял оногдуулах хүсэлт гаргаж байна. Түүний хувийн байдал, ажил төрлийн онцлог, 2 бага насны хүүхэдтэй, тээврийн хэрэгсэл жолоодож амьжиргаагаа залгуулдаг байдлыг харгалзан үзнэ үү. Ял завшиж байгаа гэдэг нь хууль тогтоогчийн эрх мэдлийн асуудал. Торгох ялыг хүндрүүлж байгаа нь хохирогчид ямар ашигтай вэ, цаашид гарах зардлыг нэхэмжлэхэд нь ач холбогдолгүй гэж үзэж байна гэсэн дүгнэлтүүдийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Хууль зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар ял шийтгэлгүй байна. 

Шүүгдэгчид хуульд заасан эрүүгийн хариуцлагыг сонгож хэрэглэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцов.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах бөгөөд дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ. гэж хуульчилсан.

Иймд шүүгдэгч ***ыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутайг тогтоосон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал буюу болгоомжгүй гэмт хэрэг анх удаа үйлдсэн хувийн байдал, хохирогчид гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг баримтын хүрээнд нөхөн төлсөн, нөгөө талаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийн талаар маргаж оролцсон зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь шүүгдэгчийн гэм бурууд тохирсон, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх дүгнэв.

Мөн шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, орлогын хэмжээг харгалзан торгох ялыг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоног буюу 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэн, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.  

 

   3. Бусад асуудлын талаар: Хэрэгт хураагдаж ирүүлсэн эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь баривчлагдсан хугацаагүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тогтоолд дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *** Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** 2,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 (хоёр сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сар буюу 90 (ер) хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр  тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Шүүгдэгчид оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

            6. Шүүгдэгч ***т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч хохирогчид энэ тогтоолоор төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан болон цаашид гарах хор уршгийн зардлыг нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

            8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч ***т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ДОРЖСҮРЭН