Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/175

 

 

 

 

  2023          03          06                                     2023/ШЦТ/175

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Хулан,

Улсын яллагч: Т.Баянмөнх,

Шүүгдэгч/хохирогч: ***, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа,

Шүүгдэгч/хохирогч: ***, түүний өмгөөлөгч Б.Болортуяа нарыг оролццуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт *** нарт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2305002290177 дугаартай хэргийг 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***,

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***,

Шүүгдэгч *** нь 2022 оны 12 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө 02 цагийн үед Баянгол дүүргийн 14 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “The S Way” нэртэй бааранд ажиллаж байхдаа, үл ойлголцох хэрүүл, маргааны улмаас “хувцаснаас татсан” гэх шалтгаанаар хохирогч ***гийн биед гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр халдан зодож, улмаар харилцан зодолдож эрүүл мэндэд нь “баруун хоншоор ясны өмнө хананы хугарал, баруун зовхи, хацарт цус хуралт, зүүн ташаанд зулгаралт” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч *** нь 2022 оны 12 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө 02 цагийн үед Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “The S Way” нэртэй бааранд үйлчлүүлэх явцдаа үл ойлголцох хэрүүл, маргааны улмаас хохирогч ***ийн биед халдаж, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохих зэргээр харилцан зодолдож эрүүл мэндэд нь баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, хамар ясын хугарал, таславчийн хугарал, мурийлт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, хамарт цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн 2022 оны 12 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө 02 цагийн үед Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “The S Way” нэртэй баараар үйлчлүүлж байхдаа бусадтай хэрүүл маргаан үүсгэж, шалтгаангүйгээр тухайн баарны “Sky” нэртэй төлбөр тооцооны посс машиныг санаатай газарт шидэж эвдэж, гэмтээсний улмаас уг байгууллагад 2.882.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд: “..Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж хэлэх зүйлгүй.” гэв.

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж хэлэх зүйлгүй” гэв.

Хохирогч ***гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Нарантуул захын шинэ жил баруун 4 замын Соёлын төв өргөөнд болсон. Тэндээс 00:00 цагийн үед гараад хорооллын The S Way бааранд 5, 6-лаа орсон. Тэнд ороод пиво уусан байх, юу ууснаа санахгүй байна. Ямартай ч Хүрэлбаатар найзын хамт 00-н өрөөнд байсан. Тэнд нэг залуутай зууралдаад муудсан. Нэг мэдсэн миний араас нэг хамгаалагч нь тэврээд тэр баарны DJ гэх залуу намайг зодож байсан. Би толгой руугаа цохиулаад ухаан балартаад орж, гараад яг яасныг нь сайн санахгүй байна. ...Шүүх эмнэлэг, Гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн. Бас гэмтлийн эмнэлгийн хажуу талын хувийн эмнэлэгт үзүүлсэн. Миний баруун хацрын яс 3 см тойрогтой 0.3 см дотогш цөмөрч орсон. Зүүн талын 6-р хавирга хугарсан. Хамгийн их зовиурлаж байгаа нь хацар, хавирга хоёр л байна. Өөрт учирсан хохирлоо барагдуулмаар байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 30/,

Хохирогч ***ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би The S Way бааранд DJ ажилтай. 2022 оны 12 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө 02:00 цаг өнгөрч байхад 00 орсон. 00 ороход хоёр залуу зогсож байсан. 00 орох хэсэг нь нарийхан болохоор зөрөх боломжгүй, би голоор нь шургаж гарахад нэг нь миний пудволкноос татсан. Яагаад намайг татаад байгаа юм тавиач гэж би хэлсэн. Би өөрөө пудволкоо татаж тавиулсан. Миний пудволкийг яагаад татаад байсныг би мэдмээр байсан тул яагаад миний пудволкийг татсаныг нь асуусан. Найз нь хажуунаас уучлаарай одоо ингээд явчих гэж хэлсэн. Тэгсэн миний пудболкноос татсан залуу “чи хэн юм пиздаа минь” гэж намайг доромжилсон. Би энэ байгууллагын DJ байна, та яах гэсэн юм гэж хэлсэн. Тэгсэн намайг заамдаж аваад баруун гараараа хамрын гол хэсэг рүү хоёр удаа цохисон. Баруун гартаа бөгжтэй байсан. Би тэр хүнтэй харилцан зодолдсон. Тэр хүний толгойн дээд хэсэг рүү 3-4 удаа цохисон. Цохилцож байхад найз нь голоор орж ирээд миний гарыг барьж авсан. Хоёулаа намайг унагаах гэж үзсэн. Надтай зодолдсонг нь би унагаасан. Тэгээд дээрээс нь нэг зангаад цохиогүй. Тэгээд надтай зууралдсан залуугийн нүүр хэсэг рүү нь нэг удаа өшиглөсөн. Тэгээд миний хамарнаас цус гараад нүүрээ угаагаад зогсож бахйад хамгаалагч нар орж ирсэн. Хамгаалагч орж ирэхэд тэр залуу босож ирээд хамгаалагч нартай муудалцаад байсан. Тэр залууг манай хамгаалагч нар цохиж зодсон зүйл байхгүй. Тэгээд хамгаалагч нар тэр хүнийг 00-н өрөөнөөс гаргасан. Үүдэнд манай хамгаалагчийг цохиж байхад нь би дахиж хоёр удаа толгой руу нь цохисон. ...миний хамар 3 хэсэгт хугарч нүдний ухархайн яс цөмөрсөн. Би гэмтлийн эмнэлэг, Мөнгөн гүүр эмнэлгээр үзүүлж тархины томографик зураг даруулсан. Би гэмтлийн эмнэлэгт хамраа татуулсан. Одоо хамрын хагалгаанд орно. Шөнийн цагаар толгой дүүрч өвдөж байгаа. Унтаж байхад амьсгаа давчидаад дүнгэнэж байгаа. Амьсгалахад хүнд байгаа болохоор амаараа л амьсгалж байгаа. Хоол идэхэд төвөгтэй байгаа хамраараа амьсгалж чадахгүй байгаа” гэсэн мэдүүлэг /хх-н 36/,

Хохирогч ***ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө би The S Way бааранд ажлаа хийж байсан. ...би тамхины өрөөнөөс гарч ирэхэд үүдэнд маргаан үүссэн байсан. Манай ДиЖи хамрыг цохисон нэг залуугийн нүд нь тэс цохиулсан, тэр залуугийн найзууд нь манай хамгаалагч нартай барилцсан байдалтай байсан. Би шууд цагдаад дуудлага өгсөн. Тэр хүмүүс цагдаа дуудсан учир энд маргалдаад яахав дотогш орчих гэж хэлтэл нүдээ тэс цохиулсан залуу манай пос машиныг авч газар шидсэн. Тэр залууг манай зөөгч тэвэрч аваад сандал дээр суулгаад цагдаа ирэхийг хүлээсэн. Тэгээд цагдаа нар ирээд цагдаагийн байгууллага дээр ирсэн. Тэр асуудал болсон өдрөөс хойш 2-3 хоногийн дараа тэр залуу манай байгууллагад посс машин авч өгсөн. Энэ асуудалд одоо гомдол, санал байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-н 42/,

Гэрч ***ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Ороод ***гийн хамт 00 орохоор явсан. 00-н хажууд *** бид хоёр гарах гээд байж байтал тэр баарны ажилтан залуу гараад ирсэн. Тэр залууг *** хүн андуурсан юм уу бариад авсан. Тэгсэн тэр залуу намайг тавь гэж хэлсэн. *** эхэлж тэр залууг цохиод тэр залуу зөрүүлж цохиод харилцан зодоон болсон. 00 өрөөнөөс гараад *** миний ард явж байхдаа текний тэндээс дэлгэц унагаасан. Тас гээд дуу гарахаар нь эргээд хартал дэлгэц байсан. Би урд нь байсан болохоор яаж унагаасныг нь сайн хараагүй. Би бас нилээн согтуу байсан болохоор өөр юм санахгүй байна. Тэнд удаагүй цагдаа нар ирээд бид нар гарч явсан санагдаж байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 52/,

Гэрч ***ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би салгах гээд очиход ***гийн нэг нүд аймар болсон байсан. Та нар хүүхдийн нүд аймар болгосон байна гээд би хамгаалагчид нь хэлсэн. Хэн ийм болгосон юм гэхэд миний асуултанд хариулах хүн байгаагүй. Бид нар 5, 6-лаа явж байсан. ***гийн нүд аймар болсон болохоор бид нар бүгд очсон байсан, хамгаалагч нар нь бид нарыг бүгдийг чирээд хувцасны өрөө рүү оруулсан. Тэнд хэрэлдээд байж байхад цагдаа нар хүрч ирсэн. ***г тэр баарны ДиЖи гэх залуу зодсон гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 54/,

Гэрч ***ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэгээд 00 орох гээд очиход бужигнаад зодоон болсон байсан. 00 өрөөнд хамгаалагч нар нь орсон байсан ***гийн нүд нь хавдсан байдалтай цохиулчихлаа гээд байж байсан. ***г цохисон гэх залуу цаана нь байж байсан. ...Өөр хүмүүстэй зодолдох завдал болоогүй. Бид нар уусан согтуу хүмүүс болохоор яагаад хүүхэд зоддог юм гээд цохисон хүүхэд рүү дайрахад хамгаалагч нар нь бид нарыг 00-н өрөөнөөс аваад хувцасны өрөө рүү оруулсан. Хувцасны өрөөнд байхад цагдаа нар ирсэн. *** хүнд зодуулсан байдалтай байгаагүй зүгээр байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 18/,

Шинжээчийн 496 тоот дүгнэлтэд: “...***гийн биед баруун хоншоор ясны өмнө хананы хугарал, баруун зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбээ, хоёр бугалга, зүүн мөрөнд цус хуралт, зүүн ташаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр 24 цагийн дотор үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэжээ. /хх-н 9-10/,

 Шинжээчийн 475 дугаар дүгнэлтэд: “...***ийн биед баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал, таславчийн хугарал, муруйлт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, хамарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг болон нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэжээ. /хх-н 5-6/,

Шинжээч эмч О.Болормоогийн мөрдөн байцаалтад өгсөн: “...хоншоор ясны хугарал, баруун зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал зэрэг гэмтэл нь нэг удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд дангаараа гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэжээ. /хх-н 18/,

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 3/, эд зүйлийн үнэлгээ /хх-н 21-22/, хохирогч нарын хохирлын баримтууд /хх-н 58-61/, шүүгдэгч/хохирогч ***ийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 62-80/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 88-93, 106-110/, шүүгдэгч/хохирогч ***гийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 95-104/, хохирогч ***ын хүсэлт /хх-н 139/ зэрэг болно.  

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүгдэгч *** нь 2022 оны 12 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө 02 цагийн үед Баянгол дүүргийн 14 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “The S Way” нэртэй бааранд ажиллаж байхдаа, үл ойлголцох хэрүүл, маргааны улмаас “хувцаснаас татсан” гэх шалтгаанаар хохирогч ***гийн биед гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр халдан зодож, улмаар харилцан зодолдож эрүүл мэндэд нь “баруун хоншоор ясны өмнө хананы хугарал, баруун зовхи, хацарт цус хуралт, зүүн ташаанд зулгаралт” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч ***, гэрч ***, ***, *** нарын мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, шинжээч эмчийн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар,

Шүүгдэгч *** нь 2022 оны 12 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө 02 цагийн үед Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “The S Way” нэртэй бааранд үйлчлүүлэх явцдаа үл ойлголцох хэрүүл, маргааны улмаас хохирогч ***ийн биед халдаж, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохих зэргээр харилцан зодолдож эрүүл мэндэд нь баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, хамар ясын хугарал, таславчийн хугарал, мурийлт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, хамарт цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай,

Мөн 2022 оны 12 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө 02 цагийн үед Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “The S Way” нэртэй баараар үйлчлүүлж байхдаа бусадтай хэрүүл маргаан үүсгэж, шалтгаангүйгээр тухайн баарны “Sky” нэртэй төлбөр тооцооны пос машиныг санаатай газарт шидэж эвдэж, гэмтээсний улмаас уг байгууллагад 2.882.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн тус тус гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч ***, ***, гэрч *** нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шинжээчийн мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч *** нь хохирогч ***г өөрийг нь цохилоо гэх шалтгаанаар цохиж, зодон эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч ***тэй маргалдаж түүнийг цохиж, зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн The S Way бааранд үйлчлүүлж байхдаа төлбөр тооцооны пос машиныг санаатай шидэж 2.882.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан нь өөрсдийн үйлдэлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан”,

Шүүгдэгч ***гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан”, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол” учруулсан” гэмт хэргийн бүх шинжийг тус тус хангасан байх тул тэдгээрт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч *** нь хохирогч ***г цохиж зодсон, шүүгдэгч *** нь хохирогч ***ийг цохиж, зодсон үйлдлийн улмаас хохирогч нарт шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэмтэл учирсан нь хоорондоо шууд  шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч ***, *** болон тэдгээрийн өмгөөлөгч нар нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгч нарыг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Хохирогч ***, *** нар нь шүүх хуралдаанд хохирол нэхэмжлээгүй, хохирогч *** нь мөрдөн байцаалтын шатанд гомдол саналгүй, хохирлоо авсан гэсэн хүсэлт бичгээр гаргасан тул шүүгдэгч нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Харин хохирогч, шүүгдэгч ***, *** нар нь цаашид гарах эмчилгээний зардлын талаар хэн хэн нь иргэний журмаар нэхэмжлэл гаргуулан шийдвэрлүүлэх боломжтой талаар шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтийг хүлээн авч хохирол, хор уршгийн талаар нотлох баримтаар бүрдүүлж иргэний журмаар тус тус нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгж буюу 650.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах, шүүгдэгч ***ийн өмгөөлөгч Н.Одонтуяа доод хэмжээгээр торгох ял оногдуулж өгнө үү, шүүгдэгч ***гийн өмгөөлөгч Б.Болортуяа улсын яллагчийн саналыг хүлээн зөвшөөрч байна гэсэн ялын дүгнэлт тус тус гаргасан болохыг дурдав.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч ***, *** нарын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***, *** нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон”-г ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол нөхөн төлсөн зэргийг харгалзан улсын яллагчийн ялын саналыг хүлээн авч шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгж буюу 650.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно.” гэж, 2 дахь хэсэгт “Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол дор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж тус тус хуульчилжээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 900 нэгж буюу 900.000 төгрөгөөр торгох ялаар тогтоохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч ***ийн өмгөөлөгч Н.Одонтуяагийн торгуулийн ялын доод хэжмээгээр шүүгдэгч ***т 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү гэсэн ялын дүгнэлтийг хүлээн авах үндэсллэгүй байна.

Шүүгдэгч *** нь хохирогч ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд заасан “хүндэвтэр хохирол санаатай учруулсан” ба Эрүүгийн хариуцалга нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх зорилготой ба тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэр, хохирол, хор уршигт тохирсон байх ёстой. Хэдийгээр хохирогч *** нь гомдолгүй гэж мэдүүлсэн боловч шинжээчийн дүгнэлтээр хохирогчид учирсан гэмтэлийг харгалзан шүүгдэгч ***т доод хэмжээгээр торгох ял оногдуулах үндэсллэгүй гэж шүүх дүгнэлээ.

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болно.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

- Шүүгдэгч  ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан”,

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ийг 650 нэгж буюу 650.000 төгрөгөөр торгох ялаар,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***г 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар,

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 900 нэгж буюу 900.000 төгрөгийн торгох ялаар тогтоосугай.
  2. Шүүгдэгч нар нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг тус тус мэдэгдсүгэй.
  3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  4. Хохирогч *** нь шүүгдэгч ***гаас, хохирогч *** нь шүүгдэгч ***өөс хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***, *** нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР