Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 44

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Т.Бямбажав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

          Прокурор Д.Ганчимэг /онлайнаар/

          Яллагдагчийн өмгөөлөгч Б.Тэнгис,

          Нарийн бичгийн дарга Ц.Даваасүрэн нарыг оролцуулан,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2019/ШЗ/193 дугаар захирамжийг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцлээр П.Г, А.Т нарт холбогдох 19290011070077 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Яллагдагч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 45 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт тоотод оршин суух,  урьд Хэнтий аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 2008 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 300 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 20 700 000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Тайчууд овгийн П.Г Монгол Улсын иргэн, 47 настай, эмэгтэй, яс үндэс халх, тусгай дунд боловсролтой, цахилгааны техникч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт, 43-86 тоотод оршин суух, урьд Дорноговь аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 2006 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2 дахь хэсэгт зааснаар 500 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, Боржигин овгийн А.Т

Яллагдагч А.Т, П.Г нар нь байгалийн ховор ургамал болох 1236,25 кг дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн орчимд зохих зөвшөөрөлгүйгээр худалдан авч, хадгалан, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг “Цагаан хад" гэх газарт 2019 оны 04 дүгээр сарын 11-ээс 12-нд шилжих шөнө Стана маркийн 50-74 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэг нь  А.Т, П.Г нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх: Яллагдагч А.Т, П.Г нарт холбогдох эрүүгийн 1929001070077 дугаартай хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газарт буцааж, яллагдагч А.Т, П.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн шийдвэрлэжээ.

Прокурор Д.Ганчимэг давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “...Дэрэвгэр жиргэрүү” ургамлыг 2004 онд Засгийн газрын 165 дугаар тогтоолоор ховор ургамлын ангилалд хамааруулсан бөгөөд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад нэн ховор, ховор ургамлыг судалгаа, шинжилгээний зориулалтаар ашиглах зөвшөөрлийг төрийн захиргааны төв байгууллага, Байгаль орчин аялал жуулчлалын яам, ахуйн зорилгоор ашиглах зөвшөөрлийг тухайн сумын Засаг дарга олгохтой холбоотой харилцааг Байгалийн ургамлын тухай хуулийн 10-15 дугаар зүйл, аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулиар зохицуулсан атал “иргэн нь ямар зөвшөөрөл бичиг баримтыг ямар эрх бүхий байгууллагад хандан шийдвэрлүүлэх талаар тодруулах зайлшгүй шаардлагатай” гэсэн үндэслэлээр хэргийг буцаасан нь байгалийн ховор ургамлыг дээрх хууль, эрх зүйн актаар тусгай зөвшөөрөл авахаар зохицуулсан асуудлыг мөрдөн шалгах ажиллагаа хийлгэж тогтоолгохоор буцаасан нь түүнийг биелүүлэх боломжгүй байна.

Мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлж хууль эрх зүйн хэм хэмжээний актаар тодорхойлон зохицуулсан харилцааг шалгуулахаар буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй.

Мөн хэрэгт авагдан нотлох баримтуудаар П.Г, А.Т нар нь тусгай зөвшөөрөлгүйгээр худалдан авсан болох нь тогтоогдсон байх ба прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд нэгдмэл ашиг сонирхолтой болон эсрэг ашиг сонирхолтой этгээдүүдийн өгсөн мэдүүлэг, харилцан зөрүүтэй нотлох баримтуудад эрх зүйн үнэлэлт дүгнэлт өгч шийдвэрлэх боломжтой байна.

Иймд анхан шатны шүүхийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна" гэснийг ноцтой зөрчсөн байх тул Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2019/ШЭ/193 дугаартай захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.                                                                                                          Яллагдагчийн өмгөөлөгч Б.Тэнгис давж заалдах шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар 6 заалт бүхий үндэслэлээр нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаасан байхад шүүгчийн захирамжийн 6 дахь заалт огт биелэгдээгүй ба шүүхээс “...Хэрэгт Мандахнарыг тусгай зөвшөөрөлтэй байсан талаар яллагдагч нар болон гэрч Мандахнар мэдүүлжээ. Гэвч уг тусгай зөвшөөрлийн хүрээнд худалдан борлуулах эрх Мандах нарт байгаа эсэх, түүж бэлтгэх зөвшөөрлийн хүрээнд бусдад худалдсан тохиолдолд худалдан авсан иргэн нь ямар зөвшөөрөл бичиг баримтыг ямар эрх бүхий байгууллагад хандан шийдвэрлүүлэх талаар тодруулах зайлшгүй шаардлагатай” гэсэн нь үндэслэлтэй, хуульд заасан ажиллагааг тодруулахаар хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцаасан байхад дээрх ажиллагааг биелүүлээгүй гэж дүгнэсэн. 

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй тул прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Прокурор Д.Ганчимэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: А.Т, П.Г нар нь тухайн ургамлыг худалдаж авахдаа ямар баримт бичгийг бүрдүүлж ямар эрх бүхий байгууллагад хандаж тухайн асуудлыг шийдвэрлүүлэх талаар Байгалийн ургамлын тухай хууль, Аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуульд тодорхой хуульчлагдсан. Хэрэгт авагдсан П.Г, А.Т нарын мэдүүлэгт Мандахнар тусгай зөвшөөрөлтэй байсан. Тусгай зөвшөөрлийг мөн шилжүүлж өгөх байсан талаар ярьдаг. Мандахнараас асуухад тийм асуудал яригдаж байгаагүй. Хуульд заасан бусад тохиолдолд бусдад шилжүүлэхийг хориглосон. Мандахнар тусгай зөвшөөрлийн хүрээнд 22 аж ахуйн нэгжид тусгай зөвшөөрөл олгогдсон. Энэ ургамал нь эмийн түүхий эд, эмийн үйлдвэрт эсхүл гадаад улсад тодорхой хэмжээгээр гаргах зориулалтын шаардлагатайг хуульд дэлгэрэнгүй хуульчилсан. Мандахнарын ховор ургамлыг худалдсан үйлдэлд нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа. Эсэргүүцэл болон тайлбараа дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

Яллагдагчийн өмгөөлөгч Б.Тэнгис давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Зохих зөвшөөрөл гэж ямар байх ёстой юм. Энэ зүйл заалтын эх сурвалж түүхий эдийг хууль бус аргаар бэлтгэх, түүнд заагдсан худалдах, худалдан авсан асуудал яригдана. Зөвшөөрөлтэй хүн зарсан асуудлыг, ямар зөвшөөрлөөр худалдан авах ёстой, ёсгүй үйл баримтууд хуулиар зохицуулсан зүйл байхгүй. Гэм буруугүй хүнийг буруутгаж болохгүй. Дахин шалгах хэрэгтэй. Прокурор нотлох баримтыг тал бүрээс нь үнэн бодитой цуглуулж бэхжүүлснээр гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж байгаа эсэх нь яригдах ёстой. Энэ 2 хүн түүж бэлтгээгүй. Байгаль экологид ямар нэгэн хохирол учруулаагүй. 2 жилийн өмнөөс түүж боловсруулах эрхийг өгсөн. Тэр хүмүүс түүж, 2 жил хадгалаад буцаагаад П.Г, А.Т нарт зарсан. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгийн бичсэн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 5/12 дугаартай эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүх “яллагдагч П.Г, А.Т нарт холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжид ...хэрэгт Мандахнарыг тусгай зөвшөөрөлтэй байсан талаар яллагдагч нар болон гэрч Мандахнар мэдүүлжээ. Гэвч тусгай зөвшөөрлийн хүрээнд худалдан борлуулах эрх Мандахнарт байгаа эсэх, түүж бэлтгэх зөвшөөрлийн хүрээнд бусдад худалдсан тохиолдолд худалдан авсан иргэн нь ямар зөвшөөрөл бичиг баримтыг ямар эрх бүхий байгууллагад хандан шийдвэрлүүлэх талаар тодруулах зайлшгүй шаардлагатай” гэх заалтыг шийдвэрлэх ямар нэгэн ажиллагаа хийгээгүй байх тул хэргийн прокурорт буцаах нь зүйтэй” гэсэн дүгнэлтийг хийсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

П.Г, А.Т нарт холбогдох хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжид дурдсан үндэслэл, хууль хэрэглээний талаар шүүх хуралдаанд оролцох улсын яллагчаас тодруулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд”  хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж, нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлан шалгасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох, үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийж шийдвэрлэх боломжтой байна.

Хяналтын прокурор П.Ганчимэг нь П.Г, А.Т нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлтийг үйлдсэн, Мандахнарыг зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамлыг бусдад худалдсан гэсэн үндэслэлээр тусад нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж  байгаа гэсэн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өмгөөлөгч, шүүгдэгч нар нь баримт сэлт гаргаж өгөх эрхээ хэрэгжүүлж зайлшгүй шаардлагатай гэж үзвэл дээрх баримтыг шүүхэд гаргах боломжтой байх тул “шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах тухай” прокурорын эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.    

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2019/ШЗ/193 дугаар шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгосугай.  

2. П.Г, А.Т нарт холбогдох 19290011070077 дугаартай эрүүгийн хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт дахин хэлэлцүүлэхээр Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхэд буцаасугай.

3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол П.Г, А.Т нарт урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр үргэлжлүүлсүгэй.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй

                    

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Н.НАСАНЖАРГАЛ

                                        ШҮҮГЧИД                                       Х.ГЭРЭЛМАА

                                                                                               Т.БЯМБАЖАВ