Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 128/ШШ2022/0081

 

2022 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 128/ШШ2022/0081

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, шүүгч Н.Дуламсүрэн, шүүгч Д.Чанцалням нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: М  ХХК 

Хариуцагч: ч.гийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Э.Н

Хариуцагч: ЧДТХ

Маргааны төрөл: Татвар

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн төлөөлөгч Г.М, хариуцагч Э.Н, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, иргэдийн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч М ХХК-нь ч.гийн Татварын хэлтэс, ч.гийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Э.Н нарт холбогдуулан ч.гийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн №***тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдол гаргасан байна.

Гомдол гаргагч М ХХК-иас шүүхэд бичгээр гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...М ХХК нь аялал жуулчлал, хүнд машин механизмын түрээс, автомашинаар ачаа тээвэрлэлт, автомашины сэлбэгийн худалдаа, түр сургалт, цэцэрлэгжүүлэлт зэрэг чиглэлээр 2012 оноос хойш үйл ажиллагаа эрхэлж байна.

ч.гийн татварын хэлтсээс манай байгууллагын 2012-2016 оны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийж, татварын улсын байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ***дүгээр шийтгэх хуудсаар 541,387,686,30 төгрөгийн зөрчилд 64,902,644.60 төгрөгийг төлүүлэхээр ногдуулсан. Уг шийдвэрийг манай байгууллага эс зөвшөөрч Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан. Нийслэлийн Татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөл нь 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн **тоот тогтоолоороо татварын улсын байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ***дүгээр шийтгэлийн хуудсыг хэвээр баталсан шийдвэрийг 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч танилцаад мөн үндэслэлгүй гэж үзэж байна. М.А ХХК нь М ХХК-тай Битум тээвэрлэх, тээвэрлүүлэх тухай гэрээ байгуулан ажилласан. Ингэхдээ хөлсийг шатахуунаар буюу бартераар авч барагдуулах талаар тохиролцсон ба авсан шатахууныг өөрийн үйл ажиллагаандаа ашиглаж байсан, ашиг олоогүй байхад татварын улсын байцаагч нь шийтгэлийн хуудсаар төлбөр оногдуулсан нь үндэслэлгүй байна.

Уг маргаантай холбоотой анхан шатны баримтаа бүгдийг нь гаргаж өгсөн. Хэдэн төгрөг нь бартерт, хэдэн төгрөг нь шатахуунд зарцуулагдсан талаарх баримтыг өгсөн. Хоёрдугаарт, Д ХХК-тай холбоотой асуудлыг зөвшөөрөхгүй байгаа. Манайхаас уг компанитай харьцаж, орлого орж ирээгүй. Энэ талаар баримтаа мөн гаргаж өгсөн байгаа.

Иймд ч.гийн татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ***тоот 64,902,644.60 төгрөгийг төлүүлэх шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

Хариуцагч ч.гийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Э.Н шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбараа дэмжиж байгаа. ч.гийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Э.Н, Г.Т нар Татварын Ерөнхий Газрын даргын 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн А/**тушаалын хавсралт 1-д заасан Татварын хяналт шалгалтад 2017 онд хамруулах эрсдэл бүхий татвар төлөгчдийн жагсаалт, Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, Татварын хяналт шалгалт хийх 35170400129 тоот томилолтын дагуу, Улсын бүртгэлийн 9011366058 дугаартай, нэмэгдсэн өртгийн албан татварын 2012 оны 10 сарын 31-ний 28706 тоот гэрчилгээтэй, 5626293 тоот регистрийн дугаартай М.А ХХК-ийн 2012-2016 оны албан татвар ногдуулалт төлөлтийн байдалд санхүүгийн анхан шатны болон нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, албан татварын ногдуулалт, төлөлтийн тайлан, хөндлөнгийн мэдээлэл зэрэг баримт материалд үндэслэн бүрэн шалгалт хийж нийт 541,387,686.30 төгрөгийн зөрчил илрүүлж, ***тоот шийтгэлийн хуудсаар 51,993,653.90 төгрөгийн нөхөн татвар, 6,803,363.40 төгрөгийн торгууль, 6,105,627.30 төгрөгийн алданги, нийт 64,902,644.60 төгрөгийн төлбөр оногдуулсан. 2018 оны 4 дүгээр сарын 04-нд Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд уг шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар хандсан. Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2020 оны 9 дүгээр сарын 18-ны **дугаар тогтоолоор татварын улсын байцаагчийн шийтгэлийн хуудсыг хэвээр баталсан. Зөрчил илрүүлсэн талаар:

1. 2015 онд 625,000.00 төгрөг, 2016 онд 1,165,720.00 төгрөг, нийт 1,790,720.00 төгрөгийн тайлангаар ногдуулсан хувь хүний орлогын албан татварыг хуулийн хугацаанд төлөөгүй;

2. 2015 оны 7 дугаар сарын 01-ний Битум тээвэрлэх, тээвэрлүүлэх тухай 15-03 тоот гэрээний хавсралт болох 2015 оны 12 дугаар сарын 01-ний Хавсралт №01 гэрээгээр М ХХК-д ажил гүйцэтгэж, ажлын хөлсөнд 18,436,500.00 төгрөгийн шатахуун авсныг ААНОАТ, НӨАТ-ын тайланд тусгаагүй;

3. 2016 оны 7 дугаар сарын 05-аас 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрүүдэд М ХХК-ийн захиалгаар ачаа тээврийн ажил гүйцэтгэж, 558,665,000.00 төгрөгийн (НӨАТ-тай) дүнгээр тооцоо нийлсэн боловч 168,158,861.40 төгрөгийн орлогыг тайлагнаж зөрүү 339,718,411.40 төгрөгийн орлогыг ААНОАТ-ын болон НӨАТ-ын тайланд тусгаагүй;

4. 2016 онд Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХК-аас ХАС банк дахь харилцах дансаар (2016.06.03-нд 3,6 сая, 2016.09.16-нд 2,7 сая) орж ирсэн 6,300,000.00 төгрөгийн (НӨАТ-тай) орлогыг ААНОАТ-ын тайланд тусгаагүй зөрчлүүд илэрсэн, нотлох баримтаар нотлогдсон тул хариуцлага оногдуулсан болно.

М ХХК нь 2015 оны 7 сарын 01-ний өдөр М " ХХК- тай Битум тээвэрлэх, тээвэрлүүлэх тухай №15-03 тоот гэрээ байгуулж урт хугацаанд хамтран ажиллаж, хэсэгчлэн тооцоо нийлж баримт үйлдэж явсан байна. Үүний нэг хэсэг болох М.А тээврийн хөлсний тооцоонд 2016 оны 7 сарын 05-аас 2016 оны 9 сарын 16-ны өдрүүдэд М.А ХХК нь нийт 6,115,342 тн битум тээвэрлэж, 558,665,000.00 төгрөгийн ажил гүйцэтгэсэн байна. Ажлын гэрээнд тээврийн хөлсийг шатахуунаар төлж барагдуулж болох тухай заасан бөгөөд М-Ойл групп ХХК-аас 249,126.84 литр буюу 373,690,252.50 төгрөгийн шатахуун, 110,000,000.00 төгрөгийн мөнгөн хөрөнгийг компанийн дансаар хүлээн авч, үлдэгдэл 74,974,747.50 төгрөг байгаагаар талууд тооцоо нийлж баталгаажуулсан байна.

М ХХК нь М-Ойл групп ХХК-аас өрийн төлбөрт авсан шатахууны үнэ болох 373,690,252.50 төгрөгийн дүнгээр 648317735 тоот НӨАТ-ын падаан авч, нэмэгдсэн өртгийн албан татварын тайландаа худалдан авалтаар тайлагнаж, шатахууны үнэд багтсан 33,971,841.14 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д Хувь хүн, хуулийн этгээдийн ... доор дурдсан албан татварыг түүний төсөвт төлөх албан татвараас хасч тооцно:,   14.1.1-д Монгол  Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэл Үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн... гэж зааснаар төсөвт төлөх албан татвараас хасаж тооцсон боловч өөрийн үйл ажиллагааны орлогод ногдох 50,787,727.27 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг бүрэн төлөхөөр тайлагнаагүй байна. (168,158,861.40 төгрөгийн орлогыг тайлагнаж зөрүү 339,718,411.40 төгрөгийн орлогыг ААНОАТ-ын болон НӨАТ-ын тайланд тусгаагүй).

Иймд 339,718,411.40 төгрөгийн борлуулалтын орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаагүй, татвар ногдуулж төлөөгүй нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол дор Дурдсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулна, 7.1.1-д Монгол улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил үйлчилгээ гэж заасныг зөрчсөн тул Татварын Ерөнхий Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсгийн 74.1.11-д Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлсэн иргэн, хуулийн этгээд үйлдвэрлэсэн буюу борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээндээ нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй нь тогтоогдвол энэ хуулийн 74.1, 74.2-т заасан хариуцлагыг хүлээнэ, 74.3-д Энэ хуулийн 74.1, 74.2-т заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын дүнгийн 50 хувиас хэтрэхээргүй байна гэж зааснаар 33,971,841.10 төгрөгийн нөхөн татвар ногдуулж, 2016 оны 12 сарын 31-ний өдрийн байдлаарх нэмэгдсэн өртгийн албан татварын илүү үлдэгдлийг бууруулж, төсвөөс буцаан авах нэмэгдсэн өртгийн албан татварын үлдэгдлийг "0 төгрөг болгож, зөрүү 172,142,762.40 төгрөгийн зөрчилд 17,214,276.20 төгрөгийн нөхөн татвар, 1,721,427.60 төгрөгийн торгууль, 2,695,755.60 төгрөгийн алданги ногдуулсан болно. гэжээ.

Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд болон шүүхэд бичгээр гаргасан дүгнэлтдээ: ...Нэхэмжлэл үндэслэлгүй байна. Би ч.гийн татварын улсын байцаагчийн дүгнэлт үндэслэлтэй байна гэж дүгнэж байна. гэжээ.

 

ҮНДЭСЛЭЛ:

Гомдол гаргагч М ХХК нь ч.гийн Татварын хэлтэс болон ч.гийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Э.н нарт холбогдуулан ч.гийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн №***тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдол гаргасан байна.

Шүүх дараах үндэслэлүүдээр гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

ч.гийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.Т, Э.н нарын 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай №***тоот шийтгэлийн хуудсаар М.А ХХК-д нийт 64,902,644.60 төгрөгийн төлбөр ногдуулсан байна.

Тус шүүхээс М.А ХХК-д хандан 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1/***тоот ...маргаан бүхий шийтгэлийн хуудастай холбоотой бүхий л баримтуудыг шүүхэд ирүүлнэ үү гэсэн агуулга бүхий албан бичгээр холбогдох баримтуудыг М.А ХХК-аас шаардсан ба тус компаниас холбогдох баримтуудыг шүүхэд ирүүлсэн болно.

Мөн гомдол гаргагчийн төлөөлөгч Г.Мнь шүүх хуралдаанд маргаан бүхий шийтгэлийн хуудастай холбоотой өөрт хадгалагдаж байгаа бүх баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн гэсэн агуулгаар тайлбарласан болно.

Гомдол гаргагч М.А ХХК нь ч.гийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай №***тоот шийтгэлийн хуудаст заасан зөрчлийг гаргасан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан Битум тээвэрлэх, тээвэрлүүлэх тухай гэрээнүүдийн дагуу М.А ХХК нь тодорхой орлого олсон болох нь хэрэгт цугларсан холбогдох нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай 2006 оны хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-д Албан татвар төлөгчийн дараахь төрлийн орлогод албан татвар ногдоно:,  7.3.1-д үйл ажиллагааны орлого;, 8 дугаар зүйлийн  8.1-д Албан татвар төлөгчийн үйл ажиллагааны дараахь орлогод албан татвар ногдоно:,  8.1.1-д үндсэн болон туслах үйлдвэрлэл, ажил, үйлчилгээний борлуулалтын орлого; гэж тус тус заасан байна.

Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд татвар төлөгчийн үйл ажиллагааны болон борлуулалтын орлогод татвар ногдохоор байна.

Иймд гомдол гаргагч нь шүүхэд гаргасан гомдолдоо ...М.А ХХК нь М ХХК-тай Битум тээвэрлэх, тээвэрлүүлэх тухай гэрээ байгуулан ажилласан. Ингэхдээ хөлсийг шатахуунаар буюу бартераар авч барагдуулах талаар тохиролцсон ба авсан шатахууныг өөрийн үйл ажиллагаандаа ашиглаж байсан, ашиг олоогүй байхад татварын улсын байцаагч нь шийтгэлийн хуудсаар төлбөр оногдуулсан нь үндэслэлгүй байна... гэж тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Мөн Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2020 оны 9 дүгээр сарын 18-ны **дугаар тогтоолын үндэслэх хэсэгт ...Битум тээвэрлэх, тээвэрлүүлэх тухай гэрээний дагуу олсон орлогыг татварын тайланд тайлагнаагүй, татварын тайланд дутуу тусгасан зэргийг зөрчилд тооцож, шийтгэлийн хуудсаар төлбөр ногдуулсан нь үндэслэлтэй. гэсэн агуулгаар дүгнэсэн байгааг тэмдэглэх нь зүйтэй байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулна:, 7.1.1-д Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ; гэж заасан байна.

М.А ХХК нь татварын улсын байцаагчдын 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн №***тоот шийтгэлийн хуудсын 1-ээс 4-д заасан зөрчлүүдийг буюу татвар ногдуулах орлого, борлуулалтын орлогыг аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайланд дутуу тусгасан, нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаагүй зөрчлүүдийг гаргасан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Гомдол гаргагч нь шийтгэлийн хуудаст заасан зөрчлүүдийг гаргасан болох нь Битум тээвэрлэх, тээвэрлүүлэх тухай гэрээнүүд, татварын албаны цахим мэдээллийн сангийн мэдээлэл, дансны хуулга, аж ахуй нэгжийн орлогын албан татварын болон нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангууд зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна гэж хариуцагч татварын улсын байцаагчид тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй байна.

Иймд дээр дурдсан Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай 2006 оны хуулийн 7 дугаар зүйлийн 7.3.1, 8 дугаар зүйлийн 8.1.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нөхөн татвар, торгууль, алданги ногдуулсан нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Татварын ерөнхий 2008 оны хуулийн 43 дугаар зүйлийн 43.5-д Татварын тайлан тушаах, төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтоох ба татвар төлөх, тайлагнах эцсийн хугацаа адил байна. , Хувь хүний орлогын албан татварын тухай 2006 оны хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д  Энэ хуулийн 4.1.4-т заасан суутгагч албан татвар ногдуулахдаа дор дурдсан журмыг баримтална:, 26.1.1-д энэ хуулийн 11 дүгээр зүйл, 15.1-д заасан орлогын дүнд 23.1-д заасан хувиар, 14.1.1-д заасан орлогын дүнд 23.2.1-д заасан хувиар, 8.1.6, 8.1.7-д заасан орлогын дүнд 23.2.2-т заасан хувиар, 8.1.8-д заасан орлогын дүнд 23.2.3-т заасан хувиар, 12.2, 13.1.2, 13.1.3, 13.1.4-т заасан орлогын дүнд 23.2.4-т заасан хувиар тус тус албан татвар ногдуулж, холбогдох төсөвт шилжүүлэх;, 26 дугаар зүйлийн 26.3-д  Суутгагч нь албан татвар төлөгчийн орлогоос суутган авсан албан татварыг энэ хуулийн 26.1.6-д зааснаас бусад тохиолдолд дараа сарын 10-ны өдрийн дотор холбогдох төсөвт шилжүүлнэ. гэж тус тус заасан байна.

Гомдол гаргагч нь маргаан бүхий №***тоот шийтгэлийн хуудсын 4-д заасан ... тайлангаар ногдуулсан татварыг хуулийн хугацаанд төлөөгүй зөрчлийг гаргасан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байх ба уг шийтгэлийн хуудсын 4 дэх хэсгийг хүлээн зөвшөөрч байгаа болохоо гомдол гаргагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарласан болно.

Иймд Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дээрх зохицуулалтуудын дагуу маргаан бүхий шийтгэлийн хуудсаар торгууль, алданги ногдуулсан нь үндэслэлтэй байна.

2008 оны Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д Татвар төлөгч дараахь үүрэг хүлээнэ:, 18.1.1-д татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх;, 18.1.2-д татвар ногдуулах, төлөхтэй холбогдсон тооцоо, мэдээ, тайланг гаргаж тогтоосон хугацаанд татварын албанд ирүүлэх; 18.1.13-д татварын алба, татварын улсын байцаагчийн шаардсаны дагуу цахим, эсхүл цаасан хэлбэрээр үйлдсэн санхүүгийн болон бусад баримт бичгийг гарган өгч татварын хяналт шалгалтад хамрагдах; гэж тус тус заасан байна.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд татвараа үнэн зөв тодорхойлж, хугацаанд нь төлөх, зохих шаардлагыг хангасан татварын тайлан, тооцоог татварын албанд хугацаанд нь гаргаж өгөх, санхүүгийн болон бусад нотлох баримтыг татварын улсын байцаагчийн шаардсаны дагуу гаргаж өгөх, татварын хяналт шалгалтад хамрагдах нь татвар төлөгчийн үүрэг тул Татварын хэлтсийн татварын улсын байцаагчдын 2017 оны №***тоот шийтгэлийн хуудас нь үндэслэлтэй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр шүүх гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн тухайд:

Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд болон шүүхэд бичгээр гаргасан дүгнэлтдээ: ...Нэхэмжлэл үндэслэлгүй байна. Би ч.гийн татварын улсын байцаагчийн дүгнэлт үндэслэлтэй байна гэж дүгнэж байна. гэсэн байна.

Дээрх иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтээс үзэхэд, гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тус шүүхийн шийдвэрийн үндэслэлтэй адил байх тул иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Татварын ерөнхий 2008 оны хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 18.1.2, 18.1.13, 43 дугаар зүйлийн 43.5, Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай 2006 оны хуулийн 7 дугаар зүйлийн 7.3.1, 8 дугаар зүйлийн 8.1.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Хувь хүний орлогын албан татварын тухай 2006 оны хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1, 26.3-д заасныг тус тус баримтлан ч.гийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай №***тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий гомдол гаргагч М.А ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу гомдол гаргагч М.А ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТЗОРИГ

ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН

ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ