Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2025/0338

 

2025 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2025/0338

Улаанбаатар хот

 

 

 

 

                              “М***” СӨХ-ны нэхэмжлэлтэй

                                       захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч З.Ганзориг,

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн,

Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г***, Т.Т***,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О**,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х***,

 

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч: “М***” СӨХ,

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

Гуравдагч этгээд: Б.Б***, 

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/1002 дугаар захирамжаар олгогдсон 2531 м.кв талбайг хэвээр үлдээж, нийтийн эзэмшлийн талбайг 91 м.кв талбайгаар нэмэгдүүлж, захиргааны акт гаргахыг даалгах, мөн Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн А/733 дугаар захирамжийг хүчингүй болгуулах,

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2025/0180 дугаар шийдвэр,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г***, Т.Т***,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О***,

гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х***,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ц**.

Хэргийн индекс: 128/2024/0516/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “М***” СӨХ-ноос нийслэлийн Засаг даргад холбогдуулан анх “Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/1002 дугаар захирамжаар олгогдсон 2531 м.кв талбайг хэвээр үлдээж, нийтийн эзэмшлийн талбайг 91 м.кв талбайгаар нэмэгдүүлж, захиргааны акт гаргахыг даалгах”-аар маргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Нийслэлийн Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн А/733 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” хэмээн нэмэгдүүлсэн.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2025/0180 дугаар шийдвэрийн

1 дэх заалтаар: Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.2.4, 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг баримтлан М*** СӨХ-ны Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/1002 тоот захирамжаар олгогдсон 2531 м.кв талбайг олгох захирамжийг хэвээр үлдээж, нийтийн эзэмшлийн талбайг 91 м.кв талбайгаар нэмэгдүүлж захиргааны акт гаргахыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

2 дахь заалтаар: Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 32 дугаар зүйл, 33 дугаар зүйлийн 33.1, 38 дугаар зүйлийн 38.4, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн А/733 дугаар захирамжийн иргэн Б.Б***д холбогдох хэсгийг хариуцагчаас дахин шинэ акт гарах хүртэл 6 /зургаа/ сарын хугацаагаар түдгэлзүүлж,

3 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг үндэслэн шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол Нийслэлийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/733 дугаар захирамжийн Б.Б***д холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцохоор шийдвэрлэсэн.

3. Давж заалдах гомдлын агуулга:

3.1 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Үүнд:

...Анхан шатны шүүх хуралдааны үеэр гуравдагч этгээдийн зүгээс хүсэлт гаргасан гэх боловч энэхүү хүсэлт болон холбогдох баримт бичгүүд хэрэгт авагдаагүй, захиргааны байгууллага хэргийн нөхцөл байдлыг тодруулах, сонсох ажиллагаа хийлгүйгээр илт давуу байдал олгож, шинэ акт гаргасан болох нь тогтоогдсон. Тодруулбал, “М***” СӨХ-нд эерэг үйлчлэлтэй захиргааны актыг түдгэлзүүлсэн байхад захиргааны байгууллага дахин шинэ акт гаргахдаа нэхэмжлэгчид ашиглуулахаар олгогдсон 2531 м.кв талбайг 2440 м.кв болгон багасгаж, иргэн Б.Б***ы эзэмшлийн газрыг 153 м.кв талбайгаар ихэсгэж, 456 м.кв болгож шийдвэрлэсэн нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байгаа болно.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2019/0030 дугаар шийдвэрт “...хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай ...”, мөн шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2021/0369 дугаартай шийдвэрийн үндэслэх хэсэгт “...нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүйн улмаас “М***” СӨХ-ны ашиглах хэмжээ 153м.кв хэмжээгээр багасч газар ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн...”, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 446 дугаартай магадлалын хянавал хэсэгт “...шүүхийн дүгнэсэн дүгнэлтүүдийг үл ойлгон, хариуцагчаас захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-32.4 дэх хэсэгт зааснаар нотлох баримтыг бүрдүүлээгүй...” хэмээн заасан шүүхийн шийдвэрүүдийг захиргааны байгууллагын зүгээс өнөөдрийг хүртэлх хугацаанд үл ойшоож ирсэн болох нь маргааны тухайд нэгэнт илэрхий үйл баримт юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

 3.2 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Үүнд:

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “маргаан бүхий газартай холбоотойгоор гарсан хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр Б.Б***д газар олгож шийдвэрлээгүй” хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2019/0030 дугаар шийдвэрээр нийслэлийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/1004 дүгээр захирамжийг бүхэлд нь, А/1002 дугаар захирамжийн “М***” СӨХ-нд холбогдох хэсгийг тус тус 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж, шинээр захиргааны акт гаргаагүй тохиолдолд дээрх захирамжууд хүчингүй болохоор шийдвэрлэсэн ба шүүх “багасгасан хэмжээний газрыг хүүхдийн тоглоомын талбай байгуулахад татгалзах эсэхийг тодруулсны үндсэн дээр маргаан бүхий газарт хэнд газар эзэмших, ашиглуулах эрхийг олгох асуудал нь Засаг даргын эрх хэмжээнд шийдэгдэх бүрэн боломжтой гэж үзсэн боловч “М***” СӨХ болон иргэн Б.Б*** нар зөвшилцөлд хүрээгүй тул шүүххийн шийдвэрийн дагуу ямар нэгэн эрх зүйн акт гарах боломжгүй байдал үүссэн.

Улмаар нийслэлийн Засаг даргаас шийдвэрт заасан хугацаанд шинээр захиргааны акт гаргаагүй тул Засаг даргын 2011 оны 582 дугаар захирамжийн иргэн Б.Б***д холбогдох хэсэг буюу 456 м.кв газар эзэмших эрх сэргэх үр дагавартай байгааг шүүх анхаарч үзээгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх хэсэгт шүүхээс хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлага бий болсон, тодруулах нөхцөл байдлын цар хүрээ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн, өөрөөр хэлбэл шүүхээс тухайн маргааныг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд маргаж буй захиргааны актад хууль зүйн дүгнэлт хийж, уг актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхийг тогтоох боломжгүй нөхцөлд маргаж буй захиргааны актыг түдгэлзүүлэхээр заасан бөгөөд тус хэргийн хувьд дээрх нөхцөл байдал бий болоогүй байхад ийнхүү 6 сарын хугацаанд түдгэлзүүлж шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

3.3 Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Үүнд:

“…Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага гаргах хугацааг хэтрүүлсэн. Тодруулбал  хариуцагчаас 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдөр ирүүлсэн тайлбартаа нийслэлийн Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн А/733 дугаар захирамжийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн, нэхэмжлэгч тал 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хэргийн материалтай танилцаж, гарын үсэг зурж, мэдсэн атлаа 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэн гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байна. Энэ талаар гуравдагч этгээд шүүхэд тайлбарласан боловч шүүх дүгнэж үзээгүй.

Мөн шүүх тухайн захирамжтай холбоотой ямарч нотлох баримт цуглуулах ажиллагаа явуулаагүй атлаа хүсэлт нь тодорхойгүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй. Нотлох баримтыг цуглуулах боломжтой атлаа гэрчийн мэдүүлэгт үндэслэн дүгнэсэн нь буруу. Нотлох баримтыг буруу үнэлсэн байна.

Нийслэлийн Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн А/733 дугаар захирамж нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажиллагааны хүрээнд шүүхийн шийдвэрийг биелүүлж гуравдагч этгээдэд 456 м.кв газрыг эзэмших эрх олгож гарсан. Мөн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн А/1288 дугаар захирамжаар М*** СӨХ-нд 2440 м.кв газрыг ашиглуулахаар шийдвэрлэсэн.

Шүүхээс А/733 дугаар захирамжийг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн боловч ямар үндэслэлээр түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй бөгөөд энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй шийдвэрлэсэн.

Иймд шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж, нийслэлийн Засаг даргын 2023 оны А/733 захирамжийн Б.Б***д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

 1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

2. Шүүх дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

3.  Хэрэгт авагдсан баримтаар,

3.1. Маргаан бүхий Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд байрлах газартай холбоотой эрх нэхэмжлэгч болон гуравдагч этгээдэд дараах замаар үүсжээ. Үүнд:

нэхэмжлэгчид, анх нийслэлийн Засаг даргын 2009 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 83 дугаар захирамжаар “Т***” СӨХ-нд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд 8637 м.кв газрыг орон сууцн орчны газрын зориулалтаар эзэмшүүлж, улмаар 1** дугаар байрны оршин суугчдын 2014 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн бүх гишүүдийн хурлын шийдвэрээр “Т***” СӨХ-оос “М***” СӨХ-г тусгаарлан байгуулсантай холбоотойгоор нийслэлийн Засаг дарга 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/1002 дугаартай “Газар эзэмших, ашиглах эрх олгох тухай” захирамжаар “М***” СӨХ-нд Сүхбаатар дүүрэгт орон сууцны орчны 2531 м.кв талбай бүхий газрыг 15 жилийн хугацаатай ашиглуулахаар,

гуравдагч этгээдэд, Нийслэлийн Засаг даргын 2007 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 326 дугаар захирамжаар иргэн Б.Б***д Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд 64 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, 2011 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 582 дугаар захирамжаар газрын хэмжээг нэмэгдүүлж 456 м.кв газрыг үйлчилгээ, орон сууцны зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн.  Улмаар, 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн А/463 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунган, нийслэлийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/1004 дүгээр захирамжаар Б.Б***ы эзэмшлийн 456 м.кв талбай газрын хэмжээг 303 м.кв болгон өөрчилж, 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр тус тус шийдвэрлэсэн.

3.2. Нийслэлийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/1002, А/1004 дүгээр захирамжуудийг тус тус эс зөвшөөрч Б.Б*** нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүх 2019 оны 0030 дугаартай шийдвэрээр маргаан бүхий захирамжийг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэсэн ч хариуцагч шүүхээс тогтоосон хугацаанд шинэ захиргааны акт гаргаагүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар маргаан бүхий дээрх нийслэлийн Засаг даргын захирамжууд хүчингүй болсон.

4. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна”, 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ”, 34 дүгээр зүйлийн 34.4-т “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” хэмээн тус тус заасан.

5. Үүнтэй холбогдуулан шүүх бүрэлдэхүүн, хариуцагчаас маргаан бүхий захиргааны акт болон Нийслэлийн Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн А/733 дугаар захирамжийг гаргахдаа гаргахдаа, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 128/ШШ2019/0030 болон 2021 оны 128/ШШ2021/0369 дугаар хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримт болох “...нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүйн улмаас “М***” СӨХ-ны ашиглах хэмжээ ... багасч газар ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн...” талаарх дүгнэлтийг анхаараагүй. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт нотлох баримтаар авагдсан нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2025 оны 01-05/619 дугаар албан бичиг, маргаан бүхий газрын агаар сансрын зураг болон шүүхийн үзлэгийн тэмдэглэлээр маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/733 дугаар захирамжийн улмаас нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн газар нь мэдээллийн санд 63 м.кв талбайгаар давхцал үүссэн. Бодит байдалд гуравдагч этгээд өөрийн эзэмших эрх бүхий газраа хашаалсан бөгөөд давхцал үүсгэсэн 63 м.кв газар тухайн хашаалсан газарт ороогүй буюу хашааны гадна талд байгаа болох нь тогтоогдож байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож, зарим хэсгийг хариуцагчаас дахин шинэ акт гарах хүртэл 6 /зургаа/ сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь буруу байна.

6. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт Нийслэлийн Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн А/733 дугаар захирамжийн гуравдагч этгээд Б.Б***д холбогдох хэсгээс 63 м.кв хэсгийг хүчингүй болгон, нийтийн эзэмшлийн талбайг мөн хэмжээгээр нэмэгдүүлж шийдвэрлэхийг хариуцагчид даалгасан өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны 2025 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2025/0180 дугаар шийдвэрийн “ТОГТООХ” хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.2.4, 31 дүгээр зүйлийн 31.3, 38 дугаар зүйлийн 38.4, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг тус тус үндэслэн “Нийслэлийн Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн А/733 дугаар захирамжийн гуравдагч этгээд Б.Б***д холбогдох хэсгээс 63 м.кв хэсгийг хүчингүй болгож, нийтийн эзэмшлийн талбайг мөн хэмжээгээр нэмэгдүүлж шийдвэрлэхийг хариуцагч нийслэлийн Засаг даргад даалгасугай” гэж, 4 дэх заалтын дугаарыг “2”, 5 дахь заалтын дугаарыг “3” гэж тус тус өөрчилж, 2 болон 3 дахь заалтыг хүчингүй болгон, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                 ШҮҮГЧ                                                 З.ГАНЗОРИГ

                     ШҮҮГЧ                                                 Г.БИЛГҮҮН

                                ШҮҮГЧ                                                 Г.МӨНХТУЛГА