| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лодойн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 156/2019/00458/И |
| Дугаар | 156/ШШ2019/00550 |
| Огноо | 2019-10-09 |
| Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 10 сарын 09 өдөр
Дугаар 156/ШШ2019/00550
| 2019 оны 10 сарын 09 өдөр | Дугаар 156/ШШ2019/00550 | Хэнтий аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2019/00458/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж, тус шүүхийн “Б” танхимд хийсэн хуралдаанаар,
Хэнтий аймгийн ............ тоотод оршин суух, с овогт Бын Ж (РД: ............)-ын хүсэлттэй,
“Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдэд олгох нөхөх олговрын 80 000 000 төгрөгийг гаргуулах” тухай хүсэлтийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Б.Ж, прокурор Д.Энхжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Мөнхчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хүсэлт гаргагч Б.Ж нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...миний аав С. О нь 1938 оны 07 дугаар сарын 10-ны өдөр улс төрийн хэрэгт баривчлагдаж, Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 29 дүгээр хурлын тогтоолоор буудан алж, хөрөнгийг хураасан нь хилс болохыг 1993 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 11 дүгээр магадлалаар цагаатгагдсан юм.
Манайх тухайн үед таван ханатай гэр, адуу 7, үхэр 16, хонь 41, ямаа 5 байсан. Намайг 5 настай байхад аавыг маань буудан алж, хөрөнгийг хураан авч гэр орныг маань сүйтгэж, асар их хохирол учруулсан билээ.
Би айлын ганц өргөмөл охин байсан болохоор аймгийн сум дундын шүүхийн шийдвэрээр 1.000.000 төгрөгийг олгосон. Орон сууцны туслалцаа авч байгаагүй. Надаас өөр нөхөн олговор авах хүн байхгүй.
Иймд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч С.Э өргөмөл охин Б-ын Ж надад нөхөх олговрын 80.000.000 төгрөгийг олгуулж өгнө үү... (хх-ийн 1, 17 тал)
Шүүх хуралдаанд төрийг төлөөлж оролцсон прокурор Д.Энхжаргал нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:...Нэхэмжлэгч Бын Ж-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Хэргийн материалаас дүгнэж үзэхэд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч С О гэдэг хүн хэлмэгдэж буудан алах ялаар шийтгүүлсэн байна. Энэ хүний өргөмөл охин нь Ж болох нь тогтоогдож 1999 онд нөхөх олговрын 1.000.000 төгрөг авсан байна.
Мөн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуульд нэмэлт өөрчлөлт орсны дараа дахин 80.000.000 төгрөг нэхэмжлэх эрх нь О өргөмөл охин болох Жд нээлттэй байгаа.
Хэргийн материалаас үзэхэд Улсын дээд шүүхийн магадлалд тодорхой нэр бүхий хүмүүсийг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж буудан алах ялаар шийтгэж, бүх хөрөнгийг нь хураахаар шийтгэснийг нь цагаатгасан тухай магадлал байгаа. Энэ магадлалын гол үндэслэл агуулгаар хэргийг шийдвэрлэх нь зүйтэй юм.
Жгийн хувьд одоогийн байдлаар төрөөс ямар нэгэн орос сууц аваагүй байгаа юм байна гэдэг баримтыг үндэслээд дээрх 12 дугаар зүйлийн 12.3.1 дэх хэсэгт зааснаар хэлмэгдэгч О өргөмөл охин болох Жд 80.000.000 төгрөгийг олгуулах нь зүйтэй гэж үзэж байна... гэв.
Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-т зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтийг иргэн Б.Ж өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргах эрхтэй.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-т зааснаар хэлмэгдэгчийг амьд байхад нь төрсөн хүүхэд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид олгох нөхөх олговрыг нэхэмжлэх эрхтэй гэснээр С.О улс төрийн хилс хэрэгт баривчлан Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 29 дүгээр хурлын тогтоолоор, Шүүхийн цаазын бичгийн 43, 44 дүгээр зүйлээр хуулийн дээд хэмжээгээр шийтгүүлсэн хэргийг хянаад Монгол улсын дээд шүүхийн 1993 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 11 дүгээр магадлалаар (хх-ийн 5 тал) цагаатгагдсан С О төрөл садангийн холбоотой буюу төрсөн охин нь болох нь Хэнтий аймгийн сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүхийн 1999 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 145 дугаартай шийдвэрээр, (хх-ийн 11 тал) ...зэрэг нотлох баримтаар тогтоогдож Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-т зааснаар хүчин төгөлдөр болсон байна.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар өөрийн оршин суугаа газрын шүүхэд “нөхөх олговор гаргуулах” тухай нэхэмжлэлийг гаргасан нь хууль зөрчөөгүй.
С О нь онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 29 дүгээр тогтоолоор улс төрийн хилс хэрэгт шийтгүүлэн Монгол улсын дээд шүүхийн 1993 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 102 дугаар магадлалаар хэрэгт холбогдолгүй болж цагаатгагдсан, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1. шүүх, шүүхийг орлон ажилласан тусгай комисс, онцгой бүрэн эрхт комиссын шийдвэрээр Монгол улсын Эрүүгийн хуулийн дор дурдсан зүйл ангид заасан гэмт хэрэгт хилсээр ял шийтгүүлсэн нь шүүхийн журмаар тогтоогдсон улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч байна.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1, 13.2.2-т ...хэлмэгдэгч нас барсан бол хэлмэгдэгчийн төрсөн хүүхэд... нөхөх олговор авах эрхтэй байна.
Мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д зааснаар хохирлыг нөхөх олговор хэлбэрээр нөхөх төлөхөөр хуульчилжээ.
Хэнтий аймгийн Сум дундын шүүхийн 1999 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 145 дугаартай шийдвэрийн хянавал хэсэгт... Бын Ж нь хэлмэгдэгч С О үрчлэгдсэн ганц охин болох нь улсын аюулгүй байдлыг хангах газрын тусгай архивын 01 тоот лавлагаа, Улсын дээд шүүхийн 1993 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 11 дугаартай магадлагаа зэрэг нотлох баримтуудаар батлагдаж байх тул нөхөх олговрыг авах хууль ёсны эрхтэй... гэж дүгнэн, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д зааснаар Бын Жд 1.000.000 (нэг сая) төгрөг гаргуулан олгож шийдвэрлэжээ... (хх-ийн 11 тал)
Мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 ...Улс төрийн хилс хэрэгт шүүх болон түүнийг орлосон байгууллагын шийдвэрээр эрүүгийн ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, нас барсан хэлмэгдэгчийн эхнэр (нөхөр) хэлмэгдүүлэлтийн улмаас гэр, орон сууц хөлслөх гэрээний үндсэн дээр эзэмшиж байсан орон сууцаа хураалгуулж одоо хүртэл орон сууцгүй байгаа бол байнга оршин суугаа аймаг, нийслэлийн Засаг дарга дараалал харгалзахгүйгээр орон сууц, гэр олгоно... гэснээр хэлмэгдэгч, хэлмэгдэгчийн төрсөн хүүхэд орон сууц аваагүй болох нь Хэнтий аймгийн Засаг даргын:... Хэнтий аймгийн Хэрлэн сумын 02 дугаар багийн иргэн Бын Ж нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн дагуу Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч С Оын нөхөн олговрын нэг сая төгрөгийг авч байсан ба улсаас орон сууц, гэр авч байгаагүй болно... гэсэн 9/1849 тоотоор тогтоогдож байна. (хх-ийн 31 тал)
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч С.Оыг цагаатгасан болох нь Монгол Улсын Дээд шүүхийн 1993 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 11 дугаартай магадлалд:...хавсралтын 10 дугаарт...53 настай, С О....нар нь Г, Д хувьсгалын эсэргүү бүлэгт оролцон, гишүүн элсүүлж, бослогод бэлтгэн, цуурхсан гэмт хэрэгт холбогдож, Шүүх цаазын бичгийн 43,.44,.45 дүгээр зүйлээр бүгд буудан алж, хөрөнгө хураах ялаар шийтгүүлжээ... нарын 38 хүнийг 10 жил хорих, бусад 168 хүнийг буудан алах ялаар шийтгэжээ... Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 29 дүгээр хурлын тогтоолоос энэ магадлалын удиртгал хэсэгт дурдсан 21 хүнд холбогдох хэсгийг хүчингүй болгож, тэднийг цагаатгаж, хэргийг нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 6 дугаар зүйлийн 2-ыг баримтлан хэрэгсэхгүй болгосугай... (хх-ийн 6 тал)
Иймд мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2. энэ хуулийн дагуу орон сууц аваагүй улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид, мөн зүйлийн 13.2.1-т ...улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, хэлмэгдэгч нас барсан бол түүний эхнэр (нөхөр), эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 80.000.000 төгрөг... олгоно гэснээр Б.Жд 80 000 000 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж олгох нь зүйтэй байна.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1, 16 дугаар зүйлийн 16.1, 16.3-д зааснаар нөхөх олговрын 80 000 000 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж, ........ регистрийн дугаартай, С овогт Бын Жд олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.9, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Б.Ж нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурьдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЦЭРЭНДУЛАМ