Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 156/ШШ2019/00551

 

 

 

 

 

2019 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 156/ШШ2019/00551

Хэнтий аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

156/2019/00518/И

 

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Ц даргалж, тус шүүхийн “Б” танхимд хийсэн хуралдаанаар,

 

Хэнтий аймгийн ... оршин суух, Г овогт С Д (РД: .........)-гийн хүсэлттэй,

“Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдэд олгох нөхөх олговрын 80 000 000 төгрөгийг гаргуулах” тухай хүсэлтийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, прокурор Д.Энхжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Мөнхчимэг нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Хүсэлт гаргагч С.Д нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон тайлбартаа:...Миний төрсөн аав Ж.С-г 1938 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр улс төрийн хэрэгт баривчлагдан Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 6 дугаар хурлын тогтоолоор шүүх цаазын бичгийн 43,.47 дугаар зүйлээр хуулийн дээд хэмжээгээр шийтгэгдсэн.

Хэргийг хянаад Дээд шүүхийн цэргийн коллегийн 1992 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 30 дугаар магадлалаар цагаатгагдсан.

Иймд Ж.С охин Д надад олгож өгнө үү... (хх-ийн 1, 26 тал)

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.с нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:... Миний ээж Д одоо 88 настай. С төрсөн охин  нь юм. Миний өвөө С нь 1938 онд хилс хэргээр ялын дээд хэмжээ буюу буудан алах ялаар шийтгүүлсэн.

Цагаатгалын тухай хуульд зааснаар өмнө нь 1.000.000 төгрөгийг авч байсан. Миний өвөө улс төрийн хэрэгт хэлмэгдэж, эд хөрөнгө, гэр орноо хураалгаж, нэг тугалтай үнээтэй үлдсэн гэж манай ээж ярьдаг юм. Ээжийнх нь чихэнд байсан ээжгийг хүртэл хурааж байсан гэсэн.

Ц, Б, Ц, Д гэдэг 4 хүүхэдтэй айл байсан. Ц, Ц нар нь хүнд өвчнөөр нас барсан. Мөн Б нь 2009 онд нас барсан. Б нь ээжтэйгээ амьдардаг, маш ядуу айл байхад нь манай аав, ээж хоёр өргөж авч өсгөөд ээжийг нь хувцаслаад хүнтэй суулгаж, хүүхдийг нь авч үлдсэн гэдэг.

Иймд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Ж.С төрсөн охин С.Дд нөхөх олговрын 80.000.000 төгрөгийг олгож өгнө үү... гэв.

 

Шүүх хуралдаанд төрийг төлөөлж оролцсон прокурор Д.Энхжаргал нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:...Нэхэмжлэгч С Дгийн улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1 дэх хэсэгт зааснаар 80.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна.

Учир нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримтууд хэрэгт авагдсан байна. Өөрөө хэлбэл улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн Ж.С-г тухайн үедээ ялын дээд хэмжээ буюу буудан алах ялаар Улсын дээд шүүхийн магадлалаар цагаатгасан байдаг.

Хөрөнгө хураах гэдэгт бүх зүйлийг хураалгасан гэж ойлгохоос өөр аргагүй байгаа. Одоогийн байдлаар гэрийг нь хураалгасан юм уу, эд хөрөнгийг нь хураасан юм уу гэдгийг ялгаж зааглах боломжгүй байгаа учраас гэр, орон сууцаа хураалгуулсан байна гэж үзэх үндэслэлтэ. Мөн гэр орон сууцаа хураалгаснаас хойш одоогийн байдлаар нэхэмжлэгч Д нь орон сууц аваагүй талаарх нотлох баримт хавтаст хэрэгт байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагаыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэсэн саналтай байна... гэв.

 

 

Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д зааснаар иргэн өөрийн биеэр буюу төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхтэй гэснээр Б.Соёлмаад “Цагаатгалын нөхөх олговор гаргуулах тухай” иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд С.Дг төлөөлөх эрхийг итгэмжлэлээр олгосон байна.  (хх-ийн 21 тал)

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-т зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтийг иргэн С.Д өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргах эрхтэй.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-т зааснаар хэлмэгдэгчийг амьд байхад нь төрсөн хүүхэд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид олгох нөхөх олговрыг нэхэмжлэх эрхтэй гэснээр Ж.С-г улс төрийн хилс хэрэгт баривчлан Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 06 дугаар хурлын тогтоолоор, Шүүхийн цаазын бичгийн 43, 44 дүгээр зүйлээр хуулийн дээд хэмжээгээр шийтгүүлсэн хэргийг хянаад Монгол улсын дээд шүүхийн 1992 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 30 дугаар магадлалаар (хх-ийн 6-8 тал) цагаатгагдсан Ж-н Стой төрөл садангийн холбоотой буюу төрсөн охин нь болох нь Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн № 45/025214 тоот лавлагааны хуулбараар, (хх-ийн 13 тал) Хэнтий аймгийн сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүхийн 1998 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 337 дугаартай шийдвэрээр, (хх-ийн 20 тал) ...зэрэг нотлох баримтаар тогтоогдож Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-т зааснаар хүчин төгөлдөр болсон байна.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар өөрийн оршин суугаа газрын шүүхэд “нөхөх олговор гаргуулах” тухай нэхэмжлэлийг гаргасан нь хууль зөрчөөгүй.

Ж-н С нь онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 6 дугаар тогтоолоор улс төрийн хилс хэрэгт шийтгүүлэн Монгол улсын дээд шүүхийн 1992 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 30 дугаар магадлалаар хэрэгт холбогдолгүй болж цагаатгагдсан, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1. шүүх, шүүхийг орлон ажилласан тусгай комисс, онцгой бүрэн эрхт комиссын шийдвэрээр Монгол улсын Эрүүгийн хуулийн дор дурдсан зүйл ангид заасан гэмт хэрэгт хилсээр ял шийтгүүлсэн нь шүүхийн журмаар тогтоогдсон улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч байна.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1, 13.2.2-т ...хэлмэгдэгч нас барсан бол хэлмэгдэгчийн төрсөн хүүхэд... нөхөх олговор авах эрхтэй байна.

Мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д зааснаар хохирлыг нөхөх олговор хэлбэрээр нөхөх төлөхөөр хуульчилжээ.

Хэнтий аймгийн Сум дундын шүүхийн 1998 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 337 дугаартай шийдвэрийн хянавал хэсэгт... Хэнтий аймгийн Дадал сумын Жигмэд овогтой С нь 1938 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр баривчлагдан 1938 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Онцгой бүрэн эрхт комиссын 06 дугаар тогтоолоор шүүх цаазын бичгийн 43, 47 дугаар зүйлээр буудан алах ялаар шийтгэгдсэн байна. Түүнд холбогдох эрүүгийн хэргийн дээд шүүх хянан хэлэлцэж, 1992 оны 03 дугаар сарны 20-ны өдрийн 30 тоот магадлал зэрэг нотлох баримтуудаар батлагдаж байх тул нөхөх олговрыг авах хууль ёсны эрхтэй... гэж дүгнэн, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д зааснаар С Бд 500.000 төгрөг, С Дд 500.000 төгрөгийг тус тус гаргуулан олгож шийдвэрлэжээ... (хх-ийн 20 тал)

 Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-т зааснаар хэлмэгдэгчийг амьд байхад төрсөн хүүхэд болох С Б нь 2010 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр нас барсан нь Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн № 45/025215 дугаартай лавлагаагаар тогтоогдсон, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т зааснаар нөхөх олговрыг адил хэмжээгээр тэгш хуваах өөр этгээд үгүй байна. (хх-ийн 12 тал)

Мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 ...Улс төрийн хилс хэрэгт шүүх болон түүнийг орлосон байгууллагын шийдвэрээр эрүүгийн ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, нас барсан хэлмэгдэгчийн эхнэр (нөхөр) хэлмэгдүүлэлтийн улмаас гэр, орон сууц хөлслөх гэрээний үндсэн дээр эзэмшиж байсан орон сууцаа хураалгуулж одоо хүртэл орон сууцгүй байгаа бол байнга оршин суугаа аймаг, нийслэлийн Засаг дарга дараалал харгалзахгүйгээр орон сууц, гэр олгоно... гэснээр хэлмэгдэгч, хэлмэгдэгчийн төрсөн хүүхэд орон сууц аваагүй болох нь Хэнтий аймгийн Биндэр сумын Засаг даргын:... тус багийн 5 дугаар багийн иргэн (.........) регистрийн дугаартай С Д нь гэр болон орон сууц авч байгаагүй болохыг тодорхойлов... гэсэн 270 тоотоор тогтоогдож байна. (хх-ийн 18 тал)

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Ж.С-г цагаатгасан болох нь Монгол Улсын Дээд шүүхийн 1992 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 30 дугаартай магадлалд:...хавсралтын 41 дүгээрт...48 настай, Ж-н С....нар нь эсэргүү бүлэгт оролцсон, бусдыг элсүүлсэн, цуурхасан гэсэн бослогод бэлтгэсэн хэрэгт холбогдож, шүүх цаазын бичгийн 43, 44, 45 дугаар зүйлээр ... буудан алж, хөрөнгийг хураах ялаар шийтгүүлжээ... Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 02 дугаар сарын 21-ний өдрйин 6 дугаар хурлын тогтоолоос энэ магадлалын тэмлэглэх хэсэгт нэрлэсэн 42 хүнд холбогдох хэргийг хүчингүй болгож, тэднийг цагаатган, хэргийг нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 6 дугаар зүйлийн 2-ыг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгосугай... (хх-ийн 6-8 тал)

Иймд мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2. энэ хуулийн дагуу орон сууц аваагүй улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид, мөн зүйлийн 13.2.1-т ...улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, хэлмэгдэгч нас барсан бол түүний эхнэр (нөхөр), эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 80.000.000 төгрөг... олгоно гэснээр С.Дд 80 000 000 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж олгох нь зүйтэй байна.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1, 16 дугаар зүйлийн 16.1, 16.3-д зааснаар нөхөх олговрын  80 000 000 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж, хэлмэгдэгч Ж С охин ......... регистрийн дугаартай, Г овогт С Дд олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.9, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч С.Д нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурьдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Л.Ц