Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 102/2019/03446/И |
Дугаар | 001/ХТ2021/01492 |
Огноо | 2021-12-07 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 001/ХТ2021/01492
С.А-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Х.Сонинбаяр, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2020/00034 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 567 дугаар магадлалтай,
С.А-ийн нэхэмжлэлтэй,
Н.Б-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 16,070,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэбатын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч Б.Эрдэнэбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Өлзийбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч С.А- болон хариуцагч Н.Б- нар 2018.03.21-ний өдөр зээлийн гэрээ байгуулсан. Уг гэрээгээр 30,000,000 төгрөгийг 2018.03.21-ний өдрөөс 2018.06.21-ний өдрийг хүртэл 3 сарын хугацаатай, сарын 2.7 хувийн хүүтэй, үүргийг хугацаанд нь гүйцэтгэхгүй бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.2 хувийн алдангитай байхаар талууд харилцан тохирсон. Зээлдэгч Н.Б- нь гэрээ үргэлжлэх хугацааны буюу 3 сарын хугацааны хүүгээ бүрэн төлж барагдуулсан. Гэвч үндсэн зээл болох 30,000,000 төгрөгийг 2018.06.21-ний өдөр төлөх үүргээ биелүүлэлгүй 105 хоногийн хугацаа хэтрүүлж явсны эцэст 2018.10.05-ны өдөр 25,000,000 төгрөгийг төлсөн ч түүнээс хойш үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр болох 5,000,000 төгрөгийг одоо болтол төлөөгүй гэрээний хугацааг 477 хоног хэтрүүлээд байна. Иймд нэхэмжлэгчийн зүгээс дараах шаардлагуудыг гарган шүүхэд хандсан. Үүнд:
1/ 2018.06.21-ний өдрөөс 2018.10.04-ний өдрийг хүртэл хугацааны буюу 105 хоног хугацаа хэтрүүлсний алданги 6,300,000 төгрөг. Алдангийг гэрээнд заасны дагуу 0.2 хувиар тооцсон ба гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг үндсэн зээл болох 30,000,000 төгрөгөөс тооцсон.
2/ 2018.06.21-ний өдрөөс 2019.10.11-ний өдрийг хүртэл хугацааны буюу 477 хоногийн алданги 4,770,000 төгрөг. Алдангийг гэрээнд заасны дагуу 0.2 хувиар тооцсон ба гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг үндсэн зээлийн үлдэгдэл болох 5,000,000 төгрөгөөс тооцсон.
3/ 2018.03.21-ний өдрийн зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 5,000,000 төгрөг.
Хариуцагч одоо болтол зээлийн гэрээний дагуу үндсэн зээлээ төлөөгүй байгаа. Мөн бид гэрээгээр тохирсон учир алданги шаардах эрхтэй. Нийт 16,070,000 төгрөгийг хариуцагч Н.Б-гээс гаргуулж өгнө үү. Хариуцагчаас 2018.07.06-ны өдөр 1,000,000 төгрөгийг хүлээн авсан. Гэхдээ хариуцагч Н.Б- нь зээлээ төлөхгүй удаад байсан учир нэхэмжлэгчид 10,000,000 төгрөгийн хүү төлөхөөр болсон байдаг. Уг 10,000,000 төгрөгийн хүүний урьдчилгаа гэж 1,000,000 төгрөгийг шилжүүлсэн учир зээлийн үлдэгдэл нь 4,000,000 биш 5,000,000 төгрөг байгаа гэж нэхэмжлэгч үзсэн. Нэхэмжлэгч болон хариуцагч нар уг нь хамаатан садангийн хүмүүс. Өмнө нь эвлэрэх талаар нэхэмжлэгч санал тавьсан боловч бүтээгүй тул шүүхэд хандсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангуулах хүсэлтэй байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэбат шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч болон хариуцагч нар 2018.03.21-ний өдөр 30,000,000 төгрөгийн зээлийн гэрээг 3 сарын хугацаатай, сарын 2.7 хувийн хүүтэй байгуулсан нь үнэн. Хариуцагчийн зүгээс 3 сарын хүү болох нийт 2,430,000 төгрөгийг төлсөн. Үүний дараа 2018.07.06-ны өдөр 1,000,000 төгрөгийг нэхэмжлэгчийн данс руу шилжүүлсэн. Харин 2018.10.05-ны өдөр 25,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлсөн. Одоо гэрээний бодит үлдэгдэл нь 4,000,000 төгрөг байгаа. Уг 4,000,000 төгрөгийг алдангийн хамт хариуцагч төлөх хүсэлтэй байгаа ч нэхэмжлэгч тал зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч болон хариуцагч нар уг нь садангийн улсууд, асуудлыг эвээр шийдвэрлэх гэсэн боловч нэгэнт шүүх дээр маргаан нь ирсэн учир хариуцагч дээр дурдсан үнийн дүнгээс илүү мөнгө төлөхгүй гэсэн байр суурьтай байгаа. Хариуцагч нь нэхэмжлэгчид “...би 10,000,000 төгрөгийг хүүнд нь төлнө” гэж хэзээ ч хэлээгүй, энэ талаар ямар нэг тохиролцоо хийгээгүй. Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээлийн үлдэгдэл 4,000,000 төгрөг, түүний алдангийг л төлөх хүсэлтэй байгаа. Үлдэх хэсгийг төлөх боломжгүй гэжээ.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2020/00034 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Н.Б-гээс 10,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.А-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6,070,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238,300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Б-гээс 174,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.А-д олгохоор шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 567 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2020/00034 дугаар шийдвэрийн удиртгал хэсгийн огноо болох “2020” гэснийг “2019” гэж, тогтоох хэсгийн 1 дэх заалтын “232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дахь хэсгүүдэд” гэснийг “186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт” гэж, “10 000 000 төгрөг” гэснийг “6 000 000 төгрөг” гэж, “6 070 000 төгрөг” гэснийг “10 070 000 төгрөг” гэж, 2 дахь заалтын “174 950 төгрөг” гэснийг “110 950 төгрөг” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэсэн байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэбат хяналтын журмаар гаргасан гомдолдоо: С.А-ийн нэхэмжлэлтэй Н.Б-д холбогдох хэргийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.12.25-ны өдрийн 102/ШШ2020/00034 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.03.16-ны өдрийн 567 дугаартай магадлал зэргийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр энэхүү гомдлыг гаргаж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт дараах нэмэлт, өөрчлөлтийг оруулж өгнө үү. Үүнд: 1. Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсгийг ноцтой зөрчсөн, уг хуулийн заалтыг хэрэглэсэнгүй. Учир нь зохигч нар садан төрлийн холбоотой ахан дүүс хүмүүс. Тэд “төлөөгүй үндсэн зээлийн үлдэгдэл 4,000,000 төгрөг, 4 сая төгрөгийн алданги 500,000 төгрөг бүгд 4,500,000 төгрөг оны сүүлчээр өгч, авахаар эвлэрэн тохиролцсон байсныг баталсангүй. Давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан 6,000,000 төгрөг гэснийг 4,500,000 төгрөг гэж өөрчилж өгнө үү. Зохигч нар эвлэрсэн байхад итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Өлзийбаяр дур мэдэн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Давж заалдах шатны шүүхийн шийдвэрт заасан 6 сая төгрөгнөөс 1,5 сая төгрөгийг нь зөвшөөрөхгүй байна. Зөвшөөрөхгүй байгаа 1,500,000 төгрөгөнд улсын тэмдэгтийн хураамж 38,950 төгрөг төлөв гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч С.А- нь Н.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 5,000,000 төгрөг, гэрээний хугацаа дууссан 2018.6.21-ний өдрөөс 2018.10.05-ны өдрийг хүртэл хугацааны алдангид 6,300,000 төгрөг, 2018.6.21-ний өдрөөс 2019.10.11-ний өдрийг хүртэл хугацааны алдангид 4,770,000 төгрөг, нийт 16,070,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагчаас нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “...үлдэгдэл 4,000,000 төгрөгийг, алдангийн хамт төлөх хүсэлтэй боловч нэхэмжлэгч зөвшөөрөөгүй, 10,000,000 төгрөгийг хүүнд төлнө гэсэн ямар нэгэн тохиролцоо хийгээгүй...” гэж маргасан байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж буюу хариуцагч Н.Б-гээс зээлийн гэрээний төлбөрт 10,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.А-д олгож, үлдэх 6,070,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрт, ...хариуцагчаас 6,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, үлдэх 10,070,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...магадлалд заасан 6,000,000 төгрөгөөс 1,500,000 төгрөгийг зөвшөөрөхгүй...” гэсэн хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.
Талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж шүүх үзсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасанд нийцжээ. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээхийг, мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцохыг хуульчилсан байна.
Нэхэмжлэгч С.А- нь хариуцагч Н.Б-тэй 2018.3.21-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 30,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 2.7 хувийн хүүтэй зээлдүүлсэн байх ба талууд гэрээнд зээл төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд алданги тооцохоор харилцан тохиролцсон байна. Зээлдэгч нь гэрээний хугацаанд 3 сарын хүүгийн 2,430,000 төгрөгийг төлсөн, гэрээний хугацаа 2018.6.21-ний өдөр дууссаны дараа 2018.07.06-ны өдөр 1,000,000 төгрөг, 2018.10.04-ний өдөр 25,000,000 төгрөгийг тус тус төлжээ.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийх ёстой ба энэ шаардлагыг хангаагүй бол зээлдүүлэгч хүү авах эрхээ алдана. Хоёр шатны шүүхийн, талууд зээлийн гэрээний хугацааг сунгаж бичгээр гэрээ байгуулаагүй тул зээлдэгч Н.Б-гээс 2018.07.06-ны өдөр төлсөн 1,000,000 төгрөгийг үндсэн зээлийн 30,000,000 төгрөгөөс хасч тооцох үндэслэлтэй гэсэн дүгнэлт хуульд нийцсэн бөгөөд улмаар зээлдэгчийн 2018.10.04-ний өдөр төлсөн 25,000,000 төгрөгийг үндсэн зээлээс хасч тооцоход зээлийн үлдэгдэл 4,000,000 төгрөг болно.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.7-д “Анз: Зээлдүүлэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд ...гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.2 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлнэ” гэж заасан тул зээлдүүлэгч нь 2018.06.21-ний өдрөөс 2018.07.06-ны өдөр хүртэл 15 хоногийн алдангид 900,000 төгрөг, 2018.07.06-ны өдрөөс 2018.10.04-ний өдөр хүртэл 90 хоногийн алдангид 5,220,000 төгрөгийг шаардах эрхтэй боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д заасан “...Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэсэн зохицуулалт үйлчилнэ.
Иймд давж заалдах шатны шүүх хариуцагч Н.Б-гээс үндсэн зээл 4,000,000 төгрөг, алдангийн 2,000,000 төгрөг, нийт 6,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.А-д олгохоор шийдвэрлэсэн нь зөв байна. Харин анхан шатны шүүх тухайн маргаанд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д заасан зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэж, алдангийг буруу тооцсон байна гэж үзлээ.
Дээрх үндэслэлээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 567 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020.04.17-ны өдөр төлсөн 38,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ
ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА
Б.МӨНХТУЯА
Х.СОНИНБАЯР
Х.ЭРДЭНЭСУВД