| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сосорбурамын Соёмбо-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 220/2019/1021/Э |
| Дугаар | 1200 |
| Огноо | 2019-11-28 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ж.Энх-Амгалан |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 1200
Б.Ш-т холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Н.Батсайхан, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ж.Энх-Амгалан,
хохирогч Д.Солонгын өмгөөлөгч Б.Эрдэнэбат,
нарийн бичгийн дарга Г.Жамбалдорж нарыг оролцуулан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 2019/ШЦТ/794 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Д.Солонгын гаргасан гомдлоор шүүгдэгч Б.Ш-т холбогдох эрүүгийн 1909007610300 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б.Ш- нь 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 17 цагийн үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Спортын төв ордонд иргэн Д.Солонготой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан нүүрэн тус газар нь цохиж түүний биед тархи доргилт, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, духны зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Драгон төвийн авто зогсоол дээр иргэн Ч.Цогбаярыг зодож, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Б.Ш-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Алтан овгийн Баатаржавын Ш-ыг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Б.Ш-ыг 2000 /хоёр мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Ш-т оногдуулсан 2000 /хоёр мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ялыг 6 /зургаан/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Б.Ш- нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг тайлбарлаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Б.Ш-оос 1.257.370 /нэг сая хоёр зуун тавин долоон мянга гурван зуун далан/ төгрөг гаргуулж хохирогч Д.Солонгод олгож, хохирогч Д.Солонго нь сэтгэл санааны хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.Ш-оос жич нэхэмжлэх эрхтэйг, шүүгдэгч нь хохирогч Ч.Цогбаярт төлөх төлбөргүй, шүүгдэгч Б.Ш- нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Хохирогч Д.Солонго тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Ялтан Б.Ш- нь миний нөхөр, гурван охины эцэг Ч.Цогбаярыг салгаж авч суухыг санаархаж гэр оронд нь ирүүлдэггүй, гэртээ аваачаад цуг амьдраад байдаг. Санаатайгаар гэр бүл үймүүлж MHU382004993 арлын дугаартай, 2006 онд Япон улсад үйлдвэрлэгдсэн, 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Монголд орж ирсэн, улаан хүрэн өнгийн “Тоёота харрьер” маркийн автомашиныг маань урьд нь 02-01 УБЧ улсын дугаартай байсныг одоо 06-15 УБЛ дугаартай болгоод унаж байгаа, надад өгөхгүй байна, үр хүүхдэд нь өгөхгүй байна. Энэ тухай шүүх хурал дээр ярьсан байгаа. Мөн Б.Ш- нь олон нийтийн сүлжээгээр намайг болон миний охидыг, ээж, аавыг, дүү нарыг сүрдүүлж элдэв янзаар доромжилж бичиж, тарааж одоо 3 дахь жилдээ сэтгэл санааны гүн хямралд оруулж байгаа. Өчигдөр хүртэл бичсэн байна. Эдгээр мессеж баримтуудыг хэрэгт өгсөн байгаа. Эдийн бус сэтгэл санааны хохиролд 5.672.000 /таван сая зургаан зуун далан хоёр мянга/ төгрөгийг Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт зааснаар гаргаж өгөөч гэж анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч авч хэлэлцсэнгүй. Шийтгэх тогтоолд хохиролд 250.000 төгрөг төлсөн гэж худал зүйл бичсэн байгааг хасаж өгнө үү. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд сэтгэл санааны хохиролд 5.672.000 төгрөг, автомашины үнэ 32.000.000 /гучин хоёр сая/ төгрөг тус тус гаргуулахаар нэмэлт өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэжээ.
Хохирогчийн өмгөөлөгч Б.Эрдэнэбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Б.Ш- нь хохирогч Д.Солонгын гэр бүлийн дундын хөрөнгө “Тоёота харрьер” маркийн 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр орж ирсэн авто машиныг 02-01 УБЧ улсын дугаартай байсныг одоо 06-15 УБЛ дугаартай болгоод унаж байгаа. Залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгаагүй. Мөн сэтгэл санааны хохирлыг барагдуулаагүй. Шийтгэх тогтоолд төлсөн гэсэн байна. Иймд хэргийг дахин шалгуулахаар мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. ...” гэв.
Прокурор Ж.Энх-Амгалан шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс баримт бүрдүүлж ирсний дагуу 1.257.370 төгрөг гэм хорын хохиролд гаргуулж шийдвэрлэсэн. Харин сэтгэл санааны хохирлыг баримтаа бүрдүүлээд иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Гомдол гаргах шатанд “Тоёота харрьер” маркийн машины талаар яригдсан, мөрдөн байцаалтын шатанд энэ тухай хэлээгүй. Энэ асуудлын талаар тусад нь шалгах боломжтой гэж үзэж байна. Иймд хэргийг мөрдөн байцаалтад буцааж, шалгах зүйл байхгүй. Хийх ёстой бүх ажиллагааг хийсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Б.Ш- нь 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 17 цагийн үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Спортын төв ордонд иргэн Д.Солонготой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан нүүрэн тус газар нь цохиж түүний биед тархи доргилт, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, духны зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Драгон төвийн авто зогсоол дээр иргэн Ч.Цогбаярыг зодож, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч Д.Солонгын “...2017 оны 5 дугаар сарын 20-ны өдөр манай нөхөр бөхийн бэлтгэлд гарсан. Би бэлтгэл дээр нь очихоор 5 дугаар сарын 31-ний өдөр 2 охинтойгоо таксинд суугаад явж байтал урдаас Ч.Цогбаярын машин гараад ирсэн. Би таксигаа зогсооход Ч.Цогбаярын машиныг Б.Ш- гэх хүүхэн жолоодоод явж байсан ба ...надаас зугтаагаад нэг шатахуун түгээх станц дээр Ч.Цогбаярын машиныг орхиод яваад өгсөн. ...Би 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдөр бэлтгэл хийдэг зааланд нь очиж уулзахад Б.Ш- миний нүүр рүү 3 удаа цохисон. ...Б.Ш-т зодуулахаасаа өмнө хэнд ч зодуулж цохиулаагүй. ...Би Б.Ш-т “манай нөхөртэй явалдлаа, манай нөхөр 3 хүүхэдтэй хүн” гэж хэлээд маргалдсан. Б.Ш- “чаддаг юм бол нөхрөө салгаад ав” гэж хэлээд миний дух, нүүр хэсэг рүү гараараа цохисон. Би Б.Ш-т цохиулаад газар унасан. ...” /1хх 5-6/,
гэрч П.Сумъяагийн “ ...Ч.Цогбаярын эхнэр зааланд орж ирэнгүүтээ Б.Ш-ыг “янхан, банзал” гэж хэлээд хашгирсан. Ууганаа багш Ч.Цогбаярын эхнэртэй уулзаад гаргасан. Б.Ш- Ч.Цогбаярын эхнэрийн араас гарсан. Би учир зүйгээ олог гэж бодоод 2-3 минут хүлээхэд араас нь коридор руу харахад Ч.Цогбаярын эхнэр Б.Ш-ын нүүрэнд баруун гараараа хоёр удаа цохиход Б.Ш- баруун гараараа нэг удаа цохисон. Ч.Цогбаярын эхнэр Б.Ш-т цохиулаад дөрвөн хөллөөд унасан. ... “/1хх 15/,
хохирогч Ч.Цогбаярын “...2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр ...Б.Ш- миний машины арын суудал дээр сууж яваад “Драгон” төв орох замын уулзвар дээр миний араас шилэн хүзүү рүү цохиод авсан. Би Б.Ш-т хандаж “чи яаж байгаа юм бэ” гэж хэлэхэд үгийн зөрүүгүй миний дээд уруул руу гараа атгаж байгаад нэг удаа цохисон. Би яаж байгаа юм бэ гэж Б.Ш-оос асуухад юм дуугарахгүй, машинд суугаад байсан. ...Би гэртээ ирэхэд эхнэр Д.Солонго намайг харчихаад “чиний уруул ам яасан юм бэ” гэж асуухаар нь “Б.Ш- намайг цохичихлоо” гэж хэлэхэд эхнэр “тэр хүүхэнд дээрэлхүүлэхгүй, цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж өгнө” гээд намайг дагуулж цагдаагийн хэлтэст өргөдөл гаргасан. ...надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй. ...” /1хх 63-64/,
шүүгдэгч Б.Ш-ын “...Д.Солонго болон Ч.Цогбаяр нарын биед хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна. ...учирсан бодит хохирлыг нөхөн төлөх болно” /1хх 167/ гэх мэдүүлгүүд,
Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Д.Солонгын биед тархи доргилт, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, духны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” /1хх 9/,
Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Ч.Цогбаярын биед уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулын дотор салстын язрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /1хх 74/ гэх дүгнэлтүүд зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад тулгуурлаж, зөв хууль зүйн дүгнэлтийг хийж, шүүгдэгч Б.Ш-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хэмээн дүгнэсэн нь үндэслэлтэй байна.
Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, түүнийг зөв тайлбарлан тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ.
Хохирогч Д.Солонгоос “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд сэтгэл санааны хохиролд 5.672.000 төгрөг, автомашины үнэ 32.000.000 төгрөг тус тус гаргуулахаар нэмэлт өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэсэн утга агуулга бүхий гомдлыг,
хохирогч Д.Солонгын өмгөөлөгч Б.Эрдэнэбатаас “...Шүүгдэгч Б.Ш- нь хохирогч Д.Солонгын гэр бүлийн дундын хөрөнгө “Тоёота харрьер” маркийн 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр орж ирсэн авто машиныг 02-01 УБЧ улсын дугаартай байсныг одоо 06-15 УБЛ дугаартай болгоод унаж байгаа. Залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгаагүй. Мөн сэтгэл санааны хохирлыг барагдуулаагүй. Хэргийг дахин мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. ...” гэсэн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасныг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “мөрдөн шалгах тодорхой ажиллагаа явуулах, нотлох баримт шалгуулах хүсэлт гаргах”, мөн зүйлийн 1.8 дахь заалтад “...нэмэлт ажиллагаа хийлгэх хүсэлт гаргах”, 1.9 дэх заалтад “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах” гэж хохирогчийн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдлэх эрхийг хуульчилсан байна.
Хохирогчоос анх Цагдаагийн байгууллагад “хүнд зодуулсан” гэсэн гомдлыг амаар гаргасан байх бөгөөд 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн мэдүүлэгт “...Цогбаярын машиныг Ш- гэх хүүхэн уначихсан явж байсан. Тухайн үед Цогбаярын машинтай надаас зугтаагаад нэг шатахуун түгээгүүрийн станц дээр Цогбаярын машиныг орхиод яваад өгсөн. ...” /1хх 5/, 2019 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн шүүх хуралдаанд “...миний нөхрийн харрьер маркийн машиныг унаж зугтааж байсан. ...”, /1хх 155/ гэх мэдүүлгийг өгч байсан ба тэрээр мөрдөн шалгах ажиллагааны явцад автомашин хууль бусаар шилжүүлэн авсан нь гэмт хэргийн шинжтэй талаар огт мэдүүлж байгаагүй, дээрх асуудлыг шалгуулах хүсэлт гаргаагүй, энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.
Нотлох баримтыг шүүгч өөрийн дотоод итгэлээр үнэлэх нь сэтгэхүйн ажиллагаа төдийгүй тодорхой шийдвэр гаргах ажиллагаа болдог.
Иймээс шүүх хийсвэр бус, харин шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор нэгэнт шалгагдсан буюу бэхжүүлж, хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан шинжлэн нягталж үзсэний үндсэн дээр хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үйл баримтыг өөрийн дотоод итгэлээрээ үнэлдэг.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгохгүй” гэж давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээг хуульчилжээ.
Давж заалдах шатны шүүхээс хохирогч Д.Солонгын давж заалдах гомдол, түүний өмгөөлөгчийн тайлбарт дурдсан “...автомашины үнийг гаргуулна, залилах үйлдлийг шалгуулах...” гэснийг үндэслэлтэй гэж үзсэн тохиолдолд шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээнээс хальсан, тогтоогдоогүй нөхцөл байдалд дүгнэлт хийх, шүүх хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ хөндлөнгийн байх байр сууринаас хандах зарчим алдагдах юм.
Иймээс давж заалдах шатны шүүхээс бодит бус, үндэслэлгүй таамаг, төсөөлөлд үндэслэж хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзнэ.
Хохирогч Д.Солонго нь гэмт хэргийн улмаас учирсан сэтгэл санааны хохиролд 5.672.000 төгрөг нэхэмжилсэн ба уг хохирлын баримт хэрэгт авагдаагүй байна.
Иймд хохирогч Д.Солонго, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэбат нарын давж заалдах гомдол, тайлбарыг хүлээн авах боломжгүй.
Харин анхан шатны шүүх хохирогч Д.Солонгод учирсан хохирлыг тооцож гарахдаа ерөнхий байдлаар хэрэгт авагдсан ямар нотлох баримтад тулгуурлаж, тэдгээр баримт хуульд нийцэж байгаа эсэхэд огт дүгнэлт хийгээгүй нь буруу болжээ.
Хохирогч Д.Солонгын “Амбулаториор эмчлүүлэгчдийн карт” хэрэгт авагдсан байх бөгөөд түүнд хохирогчид учирсан гэмтэл, хийлгэх шинжилгээ, эмчилгээ, хэрэглэх эм зэрэг бичигджээ. /1хх 237-254/
Дээрх карт бичигдсэн эмчийн эмчилгээ, шинжилгээ, эм тариаг авсан нь 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдөр толгойн ТКГ 120.000, 2019 оны 3 дугаар сарын 7-ны өдөр эм 19.600, 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр эм 20.000, 2019 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр эмчилгээний төлбөр 250.000, 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр уламжлалын зүү, кальци, магни, витамин ДЗ 40.000, 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр витамин В12, новокайн 1.250, мөн эм тарианы 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 3.910, 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 6.035, 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 16.210, 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 880, 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 2.275, 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 16.210,15.630, 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр эмчилгээний төлбөр 350.000 буюу нийт 862.000 төгрөгийн баримтуудаар нотлогдож байна. /1хх 38-41, 43-50/
Харин бусад нотлох баримтууд Эрүүл мэндийн сайдын 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн А/262 дугаар тушаалаар батлагдсан Эмийн жорын маягт, жор бичилт MNS 5376:2014 Монгол Улсын стандартын 6.1, 6.17-д заасан эмчийн тэмдэг, он, сар, өдөргүй, хэн гэдэг эмч ямар онош, өвчний улмаас шинжилгээ хийлгэсэн, эм тариа авсан болох нь тодорхойгүй байх тул түүнд бичигдсэн төлбөрийг хохиролд тооцож гаргуулах үндэслэлгүй болно.
Өөрөөр хэлбэл хохирогч Д.Солонго нь уг гэмт хэргийн улмаас “тархи доргилт, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, духны зөөлөн эдийн няцрал” гэмтэл авсан ба уг гэмтэлд хамааралтай шинжилгээ хийлгэж, эм тариа авч эмчлүүлсэн гэж үзэх боломжгүй тул эдгээр зардлыг шүүгдэгчээс гаргуулах хууль зүйн үндэслэлгүй юм.
Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай
нийцээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг бүрэн гүйцэт үнэлж чадаагүй, ерөнхий байдлаар хийсвэр дүгнэлт хийсэн гэж үзнэ.
Иймд хохирогч Д.Солонгын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүгдэгчээс гаргуулсан хохирлыг зөвтгөн, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5 дахь заалтуудад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 2019/ШЦТ/794 дугаартай шийтгэх тогтоолын:
тогтоох хэсгийн 5 дахь заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Ш-оос 862.000 /найман зуун жаран хоёр мянга/ төгрөг гаргуулж, хохирогч Д.Солонгод олгож, хохирогч Д.Солонго нь сэтгэл санааны болон бусад учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.Ш-оос жич нэхэмжлэх эрхтэйг, шүүгдэгч нь хохирогч Ч.Цогбаярт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай” гэж өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээж, хохирогч Д.Солонгын гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ