| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 128/2024/0788/З |
| Дугаар | 221/МА2025/0355 |
| Огноо | 2025-05-28 |
| Маргааны төрөл | Төрийн болон орон нутгийн өмч, Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 221/МА2025/0355
| 2025 оны 05 сарын 28 өдөр | Дугаар 221/МА2025/0355 | Улаанбаатар хот |
“А***” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч С.Мөнхжаргал,
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн,
Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
нэхэмжлэгчийн төлөөлөгч Р.Э***,
Хэргийн оролцогчид:
нэхэмжлэгч: “А***” ХХК,
хариуцагч: Сонгуулийн ерөнхий хороо,
Нэхэмжлэлийн шаардлага: “Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” 205 дугаар тогтоолыг хууль бус байсан болохыг тогтоолгох”,
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШШ2025/0264 дүгээр шийдвэр,
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т***,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Е***.
Хэргийн индекс: 128/2024/0788/З.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “А***” ХХК-иас Сонгуулийн ерөнхий хороонд холбогдуулан “Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” 205 дугаар тогтоолыг хууль бус байсан болохыг тогтоолгох”-оор маргасан.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШШ2025/0264 дүгээр шийдвэрээр Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.3, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дах хэсэгт заасныг баримтлан “А***” ХХК-ийн нэхэмжлэлтэй Сонгуулийн ерөнхий хороонд холбогдуулан гаргасан “Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Гэрээ байгуулах эрх олгох тухай 205 дугаар тогтоолыг хууль бус байсан болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Үүнд:
3.1 Сонгуулийн ерөнхий хорооноос саналын хуудас хэвлэхийн тулд Үнэт цаас хэвлэх тусгай зөвшөөрөлтэй байх, “Оюуны өмчийн гэрчилгээ бүхий баталгаажсан гэрчилгээ”-тэй байх, Тагнуулын ерөнхий газрын Аюулгүй байдлын гэрчилгээ тус тус шаарддаг бөгөөд эдгээр гэрчилгээ байхгүй гэх үндэслэлээр саналын хуудас хэвлэх сонгох шалгаруулалтад оролцох боломжийг хязгаарласан
3.2 Шүүх “нэхэмжлэгчийг сонгон шалгаруулалтад оролцоогүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Маргааны эрх зүйн харилцааг буруу тодорхойлсон. Нэхэмжлэгчийн саналын хуудас хэвлэх үйл ажиллагаанд оролцох эрхийг хязгаарласан хариуцагчийн үйлдэл нь хуулиар хүлээсэн бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй болохыг шийдвэрт тодорхой заасан атлаа нэхэмжлэгчид сэргээгдэх эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй
3.3 Захиргааны шийдвэр гаргах ажиллагаа хуульд зөрчсөн болохыг шүүх дүгнэсэн атлаа маргаан бүхий актыг хууль бус байсан болохыг тогтоовол 2024 оны сонгуулийн үйл ажиллагаа бүхэлдээ хууль бус болно гэх хариуцагчийн тайлбарт хөтлөгдөн, шийдвэртэй холбоотой үр дагаварыг сонгууль явуулсан үйл явц бүхэлдээ хууль бус болж, маргаан үүсгэн гэх айдас, агуулгаар шийдвэрлэсэн гэж үзэж байна
3.4 Маргаан бүхий акт хууль бус хэм хэмжээний акт, шийдвэрт үндэслэн гарсан нөхцөл байдал тогтоогдож байхад нэхэмжлэгчид сэргэх эрх ашиг байхгүй мэтээр асуудлыг хүлээн авах боломжгүй. Шийдвэрт “...Сонгуулийн ерөнхий хороо, Д*** компани хоёрын хоорондох гэрээний харилцаа болон оюуны өмчтэй холбогдох харилцааг дүгнэх эрхгүй” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй. Сонгуулийн саналын хуудас хэвлүүлэх ажлыг хувийн компаниас хараат байдлаар хэрэгжүүлж ирсэн, ингэхдээ хүчин төгөлдөр бус захиргааны хэм хэмжээний актыг дагаж, мөрдүүлснээс Сонгуулийн ерөнхий хороо хамтын шийдвэр гаргаж хэрэгжүүлэх зохицуулалтыг хэрэгжүүлээгүйгээс нэхэмжлэгчийн эрх зөрчигдөх нэг үндэслэл болсон
3.5 Нэхэмжлэгч саналын хуудас хэвлэх ажилд оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн хувьд сонгон шалгаруулалтад оролцох, ажил гүйцэтгэх нь гол хүсэл зориг бөгөөд маргаан бүхий акттай холбогдуулан маргах эрхтэй
Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.
2. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
3. Нэхэмжлэгч шүүхэд хандан анх “Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн саналын хуудас хэвлэх зөвшөөрөл олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, саналын хуудас хэвлэх зөвшөөрөл олгохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гарган маргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар “Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” 205 дугаар тогтоолыг хууль бус байсан болохыг тогтоолгох” хэмээн тодорхойлж, түүний үндэслэлээ “...тоног төхөөрөмжид таарсан цаасыг өмнө нь шалгуулсан, мөн тус тоног төхөөрөмж нь өөрчлөгдөөгүй буюу Улсын Их хурлын 2024 оны 20 дугаар тогтоолоор өмнөх сонгуульд ашигласан New Image Cast санал тоолох төхөөрөмжийг дахин ашиглахаар болсон бөгөөд Сонгуулийн ерөнхий хороо өөрсдөө шалган туршилт хийх хууль зүйн бүрэн эрх, боломжтой байхад гадаадын компанийн цаг зав, нөөц бололцооноос болж үүргээ биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүй гаргаж байна...” гэж,
Хариуцагчаас өөрийн татгалзлын үндэслэлээ “...саналын хуудаст тавигдах техникийн шаардлагыг санал тоолох төхөөрөмжийг үйлдвэрлэсэн компани болох Д*** компани тодорхойлж, ...шаардлага хангасан тохиолдолд саналын хуудсыг хэвлэх оюуны өмчийн баталгаа бүхий гэрээ байгуулдаг ... тус компаниас ирүүлсэн лавлагаанд “А***” ХХК нь санал тоолох төхөөрөмжид уншигдах саналын хуудаст тавигдах тусгай шаардлагыг хангаагүй буюу хэвлэх оюуны өмчийн баталгаа бүхий гэрээ байгуулаагүй...” гэж тус тус тайлбарлан маргасан.
4. Анхан шатны шүүх “...нэхэмжлэгч “А***” ХХК нь Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны Саналын хуудсыг хэвлэх аж ахуй нэгжийг сонгон шалгаруулах баримт бичиг болон 2022 оны А/06 дугаар захирамжаар баталсан Сонгууль зохион байгуулж, явуулах батлагдсан төсвийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагаа зохион байгуулах журам, 2020 оны 16 дугаар тогтоолтой маргаагүй, ... тухайн сонгон шалгаруулалтад оролцоогүй ... тул маргаан бүхий тогтоолыг хууль бус байсан болохыг тогтоосноор нэхэмжлэгчид сэргээгдэх эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй...” хэмээн дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
5. Тодруулбал, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д “захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох” гэж заасан.
Хуульд заасан энэхүү төрлийн нэхэмжлэлийг шийдвэрлэхэд шүүх тухайн нэхэмжлэлийн төрөлд тавигдах урьдчилсан нөхцөл болох “нэхэмжлэгчид онцгой ашиг сонирхол үүссэн” эсэх асуудлыг шалган тогтоох замаар нэхэмжлэлийг хангах эсэхийг шийдвэрлэнэ.
6. Тухайн тохиолдолд “А***” ХХК-иас сонгуулийн үйл ажиллагаа болоод дууссан тул маргаан бүхий тогтоолыг хууль бус байсан болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Улмаар ашиг сонирхол байгаа болохоо “дараагийн удаа нэхэмжлэгчид хууль бус шаардлага тавих нөхцөлийг хязгаарлах”-д чиглэсэн гэх агуулгаар тайлбарлаж байх боловч хэрэгт авагдсан нотлох баримтаар, Сонгуулийн ерөнхий хорооноос “Саналын хуудсыг хэвлэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах баримт бичиг”-г боловсруулан нэр бүхий компаниудад хандан 2024 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн дотор саналын хуудас хэвлэх үнийн санал ирүүлэхийг урьж, үнийн саналдаа Д*** компаниас авсан саналын хуудас хэвлэх гэрчилгээ, өөрийн аж ахуйн нэгжийн үнэт цаас хэвлэх зөвшөөрөл болон холбогдох баримт бичгийг хавсарган ирүүлэхийг мэдэгдсэн.
Нэхэмжлэгч “А***” ХХК-ийн хувьд тухайн шалгаруулалтад холбогдох баримт бичгийг бүрдүүлэн оролцох эрх нь нээлттэй байсан ч холбогдох баримтаа бүрдүүлэн хүргүүлээгүй, шалгаруулалтад оролцоогүй болох нь тогтоогдож байх тул өөрийн оролцоогүй сонгон шалгаруулалтын дүнд шалгарсан этгээдэд хандсан, гэрээ байгуулах эрх олгосон агуулга бүхий хариуцагч Сонгуулийн ерөнхий хорооны тогтоолтой маргах онцгой ашиг сонирхол тогтоогдохгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчээс гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШШ2025/0264 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА